COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Л.Амарсайхан: Ээжийнхээ төрсөн өдрөөр төрийн сайдын “Хүндэт өргөмжлөл“ хүртсэндээ баяртай байна

2019 оны 7 сарын 11
Цагдаагийн ахлах ахлагч Л.Амарсайхан: Ээжийнхээ төрсөн өдрөөр төрийн сайдаасаа хүндэт өргөмжлөл хүртсэндээ баяртай байна.

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн 10 дугаар хорооны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Л.Амарсайхан Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөл хүртлээ.

Баяр наадмын босгон дээр Монгол улсын Засгийн газрын  бодлого, шийдвэрийг тууштай хэрэгжүүлэхийн төлөө олон жил идэвхи  зүтгэл үр бүтээлтэй ажиллан мэдлэг, чадвар, авьяас билэг, хүч хөдөлмөрөө  төр,  ард түмэндээ зориулж,  эрхэлсэн ажилдаа  өндөр амжилт гаргаж,  байгааг нь үнэлж, Монгол улсын Засгийн газраас ийнхүү“ Хүндэт өргөмжлөл” хүртээжээ.

Цагдаагийн ахлах ахлагч Л.Амарсайхан нь 2001 онд эргүүлийн цагдаагаас ажлын гараагаа эхлэж, тус албанд 18 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж, мөрдэс нэгт нөхдөө манлайлан ийнхүү нэр хүндтэй эрхэм шагналыг хүртсэн юм. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.  

Таныг энэхүү сайхан нэр хүндтэй шагнал авсанд баяр хүргэж байна. Сэтгэгдэлээ хуваалцана уу?

Өнөөдөр ээжийнхээ төрсөн өдрөөр ийм сайхан  нэр хүндтэй шагнал авсандаа баяртай байна. Төв аймгийн Бор нууртаа  насаараа ажиллаж амьдарч байгаа хоёр буурал маань тэтгэвэртээ суусан. Аав маань жолооч, ээж  маань Худалдаа бэлтгэлийн анги гэж байх үеийн тоо бүртгэгч хийдэг эгэл жирийн ажилтан хүмүүс. Монгол улсын Ерөнхий сайдынхаа гарын үсэгтэй өргөмжлөлийг, салбарын сайдаасаа гардан авч, Цагдаагийн ерөнхий газрын дарга удирдлагууд маань баяр хүргэж хамт байлцсан. Үе үеийн  үлгэр дууриал болсон сайн удирдлагууд, хамт олондоо маш их баярлалаа. Сэтгэгдэл үнэхээр өндөр байна.

Анх хэрхэн цагдаагийн байгууллагатай амьдралаа  холбосон бэ?

Би цэргийн алба хааж ирээд л анх цагдаад орсон. Багаасаа цагдаа болно гэсэн мөрөөдөлтэй байсан. Харин тэгтэл ахлагчийн сургуульд сурах зарлал гарсан байсан. Цэргийн албанд яваад ирсэн бол  давуу тал гэхээр нь очоод шалгалт өгөөд тэнцээд гурван сар суралцаж байгаад төгссөн дөө. Тэгээд  төгсөөд л цагдаадаа ажиллаж жижүүрийн цагдаа, хэв журмын цагдаа гээд л ажиллаж байгаад хороон цагдаа болсон. Яг одоо хороон цагдаагаараа таван жил ажиллаж байна даа.

Гэр бүлийн хүн тань  ямар ажил мэргэжилтэй вэ?

Эхнэр маань Цагдаагийн ерөнхий газрын  Мэдээлэл шуурхай удирдлагын төвд мэдээлэл хүлээн авагч. Бид хоёр хоёулаа цагдаагийн алба хаагч нар. Өглөө гэрээсээ гараад явахад хадам аав, ээж маань хүүхдүүдийг маань хараад үлднэ. Ар талыг маань найдвартай харж, хамгаалж, туслаж байгаа учраас сэтгэл амар ажлаа хийдэг юм даа. Сайн удирдлагууд, сайхан хамт олон, халамжтай гэр бүлийнхээ буянаар өдий зэрэгтэй яваа гэж бодож билэгшээдэг юм.

Ажил албаараа хэрхэн бахархдаг вэ? Таны ажилдаа баримталдаг зарчим юу вэ?

Цагдаагийн алба хаагч бол янз бүрийн дуудлага мэдээлэл дээр очдог. Асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэж, зөв харьцаж, уур уцаартай байгаа хүмүүсийг аль болох тайван болгоод дараагийн ажилдаа шилжинэ. Айсан сандарсан хүмүүсийг дагаад айгаад, сандраад, уурлаад байвал асуудал улам л хэцүүднэ шүү дээ. Төрийн нэрийн өмнөөс ажиллаж байгаагаараа их бахархдаг. Би  чинь хоёр тангарагтай хүн. Цэргийн албанд анх тангараг өргөж байсан бол дараа нь цагдаагийн албанд ороод мөн тангараг өргөсөн. Үүгээрээ бас их бахархдаг.

Өмнө нь ямар шагнал урамшуулал авч байсан бэ?

Хэлтсийнхээ аврага, Нийтийн хэв журам  хамгаалах газрын хошой аврага гээд цагдаа маань намайг үргэлж, ажлыг маань үнэн зөв үнэлж дүгнэж ирсэн. Саяхан би 6 дугаар сард Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдоржоос шагнал хүртсэн. Өнөөдөр баяр наадмын өдөр, ээжийнхээ төрсөн өдрөөр ийм том шагнал авсандаа хязгааргүй баяртай байна. Хамт олондоо дахин баярлалаа гэж хэлмээр байна.

Таны цаашдын мөрөөдөл юу вэ?

Ахлагч бүрэлдэхүүний хувьд хүн болгон офицер болно гэж мөрөөддөг.  Харин бүх цагдаагийн алба хаагч офицер болчихвол хэн ахлагчийн ажлыг хийх билээ дээ. Гэхдээ тодорхой хугацаанд ажиллачихсан, 18 жил болсон болохоор офицер болно гэж боддог.  Өмнө нэг шалгалт өгөөд жаахан оноо дутсан. Ирээдүйд офицер болоод цагдаадаа тууштай, өргөсөн тангарагтаа үнэнч ажиллана гэж бодож байна. Надад ийм том итгэл үзүүлсэн төр түмэндээ баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605804
1 эможи

Зочин
2019-07-11 09:59
баяр хүргэе!
keyboard_arrow_up