COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: 197 хуулийн этгээд, хувь хүнд 147.4 сая төгрөгийн шийтгэл ногдуулжээ

2019 оны 6 сарын 20

Arslan.mn

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас хоол үйлдвэрлэл, үйлчилгээ болон хүнсний худалдааны газруудад  явуулсан хяналт, шалгалтын дүнг өнөөдөр даргын зөвлөлийн хурлаараа хэлэлцлээ.

Хоол үйлдвэрлэл үйлчилгээний шалгалтыг хүнсний чанар, стандарт,  эрүүл ахуй, халдвар хамгаалал, нийгмийн хамгааллын хяналтын гурван чиглэлээр,  40 улсын ахлах байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр хоёрдугаар сарын 18-наас тавдугаар сарын 25-нд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.

Шалгалтад 316 хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын 309 буюу 98 хувь нь хамрагдсан байна. Үүнээс 3,549 зөрчил илрүүлж 2,568  буюу 76.8 хувийг нь газар дээр нь арилгуулжээ.

Шинжилгээний хүрээнд илэрсэн зөрчлүүд:

Хоол үйлдвэрлэлийн газруудын ажилчдын хувийн ариун цэвэр, хоол үйлдвэрлэлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ, бэлэн бүтээгдэхүүний хүрэлцэх гадаргуугийн угаалга цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн чанарыг шалгах, эрүүл ахуйн зохистой дадлын үр дүнд үнэлэлт өгөх зорилгоор 241 газраас 379 арчдас шинжилгээ авсны 125 буюу 32.9 хувьд энтербактер, Е.коли илэрсэн байна.
 
Үйлдвэрлэсэн хоолноос 25 дээж авч нян судлалын шинжилгээ  хийлгүүлэхэд  зургаа буюу 24 хувь нь “Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн  зөвшөөрөгдөх  хэмжээ” MNS 6308:2012 стандартын  шаардлага  хангахгүй  дүнтэй  гарсан байсан.
Нийтлэг гарч буй зөрчлүүдийг авч үзвэл,

  • хоолны газрын барилга байгууламжийг мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу барьж, өргөтгөл, шинэчлэл хийгээгүй,
  • хоол үйлдвэрлэлийн технологийн шат дамжлагыг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулаагүй,
  • технологийн картад илчлэг, шим тэжээллэг чанар тусгаагүй,
  • хүнсний түүхий эдийг хадгалах хөргөх, хөлдөөх төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй,
  • хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлгүй,
  • дотоодын хяналтын журамтай боловч мөрддөггүй, дотоод хяналтын үр дүнгээ тооцож ажилладаггүй, илэрсэн зөрчил дутагдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүй зэрэг байна.

Arslan.mn

Худалдаа үйлдвэрлэлийн чиглэлээр нийт 364 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтыг найман чиглэлээр хийж  нийт 1,986 зөрчил илэрснээс 1,307 буюу 65.8 хувийг нь газар дээр нь арилгуулжээ. Мөн 195 аж ахуйн нэгж, иргэнд 1,624 заалт бүхий хугацаатай албан шаардлага, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар 137-г хүргүүлж, 20 акт үйлдэж, 489,000 төгрөгийн нөхөн төлбөр  тогтоосон байна.

Гүйцэтгэлийн хяналтаар илэрсэн зөрчлийг арилгуулан, зөрчил гаргасан 197 хуулийн этгээд, хувь хүнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хялбаршуулсан журмаар 186 шийдвэрлэж, 11 зөрчлийн хэрэг нээн  нийт 147.4 сая төгрөгийн шийтгэл ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулан ажиллажээ.
Шалгалтын үеэр хадгалалтын хугацаа дууссан, чанар, аюулгүйн шаардлага хангаагүй, муудсан, 84 нэр төрлийн 2,454 ширхэг, 4.2 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 39 нэрийн 178 хайрцаг, 435,800 төгрөгийн тамхийг  улсын байцаагчийн актаар хураан авч, “Нийслэлийн зөвлөл”-д албан бичгээр шилжүүлсэн хэмээн НМХГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605020
0 эможи

keyboard_arrow_up