COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АТГ: Сургууль, цэцэрлэгийн элсэлтийг авлигаас ангид зохион байгуулах шаардлагатай

2019 оны 5 сарын 24

Arslan.mn

АТГ-ын үйл ажиллагааны мэдээллийн нээлттэй, ил тод байдлын илэрхийлэл болгож, сар бүрийн 25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлдэг уламжлалтай. Тэгвэл АТГ-ын сар бүрийн ээлжит хэвлэлийн хурлаа өнөөдөр хийлээ.

Сургууль, цэцэрлэгийн элсэлтийг авлигаас ангид зохион байгуулах шаардлагатай

Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Зөвлөмж хүргүүлсэн. 2018-2019 оны хичээлийн жилд нийслэлийн 1 дүгээр сургууль, мөн “Шинэ эхлэл” сургууль болон өөр бусад нэр бүхий сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар хүүхэд элсүүлэх үедээ 10 хүртэлх сая төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн. Эдгээр хэргүүд эхнээсээ шүүхээр шийдвэрлэгдсэн. Тэгэхээр 2019-2020 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгт шинээр хүүхэд элсүүлэхдээ авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, ил тод, нээлттэй байдлаар элсэлтийн ажиллагааг зохион байгуулах шаардлагатай тухай Зөвлөмжийг хүргүүлсэн. АТГ-аас өгсөн Зөвлөмжийг боловсролын салбарын байгууллагууд дор бүрнээ чанд мөрдөж ажиллах ёстой.

Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн захирал Д.Оюунгэрэл төгсөх ангийн сурагчдаас мөнгө татах, хандив авах, амралт зугаалгаар явах, хооллох зэргээр хууль дүрэм зөрчиж багшийн ёс зүйн алдаа гаргахгүй байхыг үүрэг болгосон тушаал гаргасныг АТГ сайшааж байгаа. Бусад ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтнууд нэгэн адил гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Хүүхдийн шударга байдал буурах хандлагатай байна

АТГ-аас жил бүр хийдэг “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-ны дүнгээр Монгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурсаар байгаа. Анх судалгааг авсан 2010 оноос хойш өнөөг хүртэл 9 дэх удаагаа зохион байгууллаа. Энэ жил хүүхдийн шударга байдлын судалгааны дүн 3.91 пункт гарсан. Судалгааг 21 аймаг, 9 дүүргийн 12-18 насны 6576 хүүхдийг хамруулж, асуумжийн аргаар онлайнаар зохион байгуулсан. Ерөнхийдөө энэ судалгааны дүнгээр Монгол Улсын өнөөгийн нийгэм дэх ёс зүйн хандлага хаашаа эргэж байгааг төсөөлөх боломжтой. Тиймээс АТГ судалгааны дүнд үндэслэн сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан соён гэгээрүүлэх ажил зохион байгуулахаар төлөвлөж байна.

Боловсролын салбар төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн дэмжлэгтэйгээр нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлж, өндөр ёс суртахууны төлөвшилтэй залуу хойч үеийг бэлтгэх, олон нийтийг авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажилд Авлигатай тэмцэх газартай хамтран манлайлж авлигагүй ирээдүйн төлөө аян хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Уг ажилд та бүхэн дэмжиж хамтран оролцоорой гэж уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603946
0 эможи

keyboard_arrow_up