COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.Батзориг: “Зөв тусгал“ аяныг Монгол гэр бүлийн сайн сайхны төлөө өрнүүлж байна

2019 оны 5 сарын 24

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригоос “Зөв тусгал” аяны явцын талаар тодрууллаа.

-Зөв тусгал аян эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Үндсэн чиг үүргийн хүрээнд ямар томоохон ажлууд хийсэн бэ?

-Олон нийтэд чиглэсэн зургаа дахь хүүхэд хамгааллын аян, арга хэмжээг зохион байгуулж байна. Үүнийг дангаараа хийх нь далайц, үр дүн багатай учраас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Зөв тусгал” аяныг тавдугаар сард зохион байгуулж байна. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан нь архидалт, ядуурал гэхээсээ илүүтэй дараах хэд хэдэн зүйлтэй холбоотой байдаг. Нэгдүгээрт, хүүхэд, эмэгтэйчүүдийг дорд үзэх үзэл, хоёрдугаарт, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн уламжлалт ёс, зан үйл, хандлага, гуравдугаарт, хүчирхийллийг шийдэхэд саад болж буй бүтэц тогтолцоо, дөрөвдүгээрт, холбогдох хуулийн хэрэгжилт, тавдугаарт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу үзүүлэх чадамж муу зэрэг шалтгааныг дурдаж болно. Иймд тус аянаар олон жилийн буруу хандлага үзлийг өөрчлөх хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд иргэд, олон нийтийн үзэл бодол, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн контент, өдөрлөг, уулзалт, зөвлөгөөн, хяналт шалгалт зэрэг олон арга хэмжээг зохион байгуулна. Хамгийн сүүлд гэхэд дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч оролцсон Монгол мөрөөдөл бий болгох уриалга бүхий 500 гаруй эцэг эхчүүдийн хэлэлцүүлэг хийгдсэн.

-Энэхүү үйл ажиллагаанд иргэдийн болон эцэг, эхчүүдийн оролцоо ямар байна?

-Монгол гэр бүлийн сайн сайхны төлөө, хойч ирээдүй болсон үр хүүхдийнхээ төлөө явуулж байгаа учраас эцэг, эхчүүд, байгууллагууд маань дэмжиж байна. Эцэг, эхчүүдийн мэддэг мөртлөө анзаардаггүй, хэрэгжүүлдэггүй, анхаардаггүй эерэг хүмүүжлийн арга зэргийг есөн дүүрэг, 21 аймагт хийж байгаа ажил учраас бага болов ч үр дүн гарна гэдэгт найдаж байна.

-Нийслэлийн хэмжээнд “зөв тусгал” аяныг хэрхэн хэрэгжүүлж байна вэ?

-Монгол Улсыг бүрдүүлж байгаа 850 мянга гаруй айл өрх бүрт хүрч ажиллахад цаг хугацаа, хүн хүчний асуудалтай учраас иргэдийн мэдээлэл авдаг сувгийг ашиглаж олон нийтийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан хүүхдийн хүчирхийллийн эсрэг үзэл бодол, хандлагыг бүрдүүлэхэд чиглэсэн ажил хийгдэж байна. Нэг үеэ бодвол иргэд эрхээ хамгаалахын тулд хуулийн байгууллагад шууд ханддаг болсон, уулын мод урттай, богинотой гэдэг ч үүнийг шийдвэрлэх ажилтнуудын хуучинсаг хандлага өөрчлөгдөж байгаа. Хандлага өөрчлөх нь өргөс авсан юм шиг богино хугацаанд хийгдэхгүй үе шаттай олон ажлыг хийж байж л нийгмээрээ хүчирхийллийг үл тэвчих хандлагатай болно.

-“Зөв тусгал” аян тодорхой хугацаанд хэрэгжсэнээр ямар бодит үр дүнг эцэг эхчүүд хүлээж болох вэ?

-Нэг удаагийн ажил, арга хэмжээгээр гэр бүлийн боловсролыг, үр хүүхэддээ хандах хандлагыг шууд өөрчлөх нь хэцүү, төрийн болон төрийн бус байгууллагуудын байнгын хамтын ажиллагааны үр дүнд эерэг үр дүн гарах болно.

-Цагдаагийн байгууллагын зүгээс иргэддээ хандаж ямар уриалга гаргах вэ?

-Нийт эцэг, эхчүүддээ хандаж уриалахад та хүүхэд байж үзсэн, харин таны хүүхэд том хүн байж үзээгүй учир тэднийг та л ойлгож харьцах ёстой. Хэчнээн завгүй өдөр өнгөрсөн ч гэсэн завгүй өдрийнхөө төгсгөлд хүүхдэдээ зав гаргаж байгаарай, яагаад гэвэл та өнөөдөр ямар байна, ирээдүйд таны хүүхэд тийм л байх болно. Сүүлийн гурван жилд 4900 гаруй хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ. Энэ байдлаараа ойрын 10 жилд 16 мянган хүүхэд хохирох хар зураг байна. Энэ тоог бууруулах зорилгоор Зөв тусгал аяныг зохион байгуулж байна. Мөн эцэг эхчүүд та бидний хичээл зүтгэл шаардлагатай. Товчхондоо хүүхэдтэй хэрхэн харьцана, ирээдүйд хүүхэд чинь таньтай тэгж харьцана гэдгийг ойлгох хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

М.Тунгалаг

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603944
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up