COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны ерөнхийлөгчөөр Ц.Батбаатар сонгогдлоо

2019 оны 5 сарын 13

Arslan.mn

Өдгөөгөөс 85 жилийн өмнө Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч, хөгжжээ. Гэтэл энэ хугацаанд дуран авианы мастерууд маань Их хурлаа хоёрхон удаа зохион байгуулсан байдаг юм. 2007 онд I их хурал, 2015 онд II их хурлаа хийж, уг хурлаас шинэ бүтэц, зохион байгуулалттайгаар ажиллахын зэрэгцээ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгчөөр сонгосон юм. Тэгвэл энэ сарын 12-нд Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны III их хурал Улсын Филармоны байранд болж, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл бүхий 150 орчим гэрэл зурагчин оролцлоо.

Arslan.mn
Хурлыг МГЗНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаатар нээж, II их хурлаас III их хурал хүртэлх хугацаанд МГЗНХ ямар ажил хийсэн талаар товч танилцуулсан. Түүний илтгэлийг сонсож байхад гэрэл зурагчид  маань өнгөрсөн дөрвөн жилд цуцашгүй хөдөлмөрлөж, ургац арвин авчээ.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тус салбараас Соёлын гавьяат зүтгэлтэн гурав төрж, зөвхөн 2018 онд л гэхэд ахмад гэрэл зурагчин Л.Санжмятав гуайн “Хот, хотынхон”, Н.Цэрэннадмид гуайн “Гэрэл зураг-Гэгээн дурсамж", гэрэл зурагчин Э.Эрдэнэбаярын “Амьдрал миний дуранд”, спортын зурагчин Э.Харцага, Н.Ганбат нарын Азийн наадмаас хийсэн фото сурвалжлагаас бүтсэн  үнэ цэнэтэй олон үзэсгэлэнг гаргасан байна.

Мөн “П.Шагдарсүрэн 100 жил” түүхэн гэрэл зургийн ном хэвлүүлж, UBS телевизтэй хамтран гэрэл зурагчдын дунд “Асах гэрэл” шоу нэвтрүүлгийг зохион байгуулжээ. Түүнчлэн Олон улсын хэвлэлийн гэрэл зурагчдыг багтаасан  “Өнөөдрийн Монгол” төслийг Үндэсний брэндийн бодлогын зөвлөлтэй хамтран хэрэгжүүлсэн нь Монгол Улсыг дэлхийд сурталчилсан үр дүнтэй ажил болсон гэдгийг тодотгож байлаа. Ингээд зогсохгүй улиралын чанартай маш олон фото аяллыг зохион байгуулж, гадаад харилцаагаа өргөжүүлэхэд ихээхэн анхаарсан нь хийсэн ажлаас нь харагдсан юм. Мөн МГЗНХ-ны Удирдах зөвлөлийн дарга Л.Ганзориг “Монголын гэрэл зургийн өнөөгийн байдал, хөгжлийн асуудал” сэвдээр  илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ “Бид бүхэн гэрэл зургийг хальснаас дижитал хэлбэрт шилжих (2000 оноос хойш) явцыг харсан түүхэн үеийн гэрч болсондоо баяртай байна. 1997 онд П.Очирбат гуайн сонгуулийн зурагт хуудсыг хийх гэж хэдэн ч шөнө нойргүй хонож байв. гэтэл 20 гаруйхан жилийн дараа үзсэн юм бүхнээ хэвлэдэг болчихсон байна. Нийгэм хөгжихийн хэрээр бидний ажил, хэрэгцээ шаардлага, ажил ихээхэн гарч ирж байна. Залуу гэрэл зурагчид маань гадаад харилцааг маш сайн хөгжүүлж байна. Гэрэл зурагчин Б.Рэнцэндорж “Reuters” агентлагт, Б.Бямба-Очир AFP агентлагт фото зураг нийлүүлж байна. Мөн Японы “Киодо” агентлаг байна, цаашлаад ОХУ, БНХАУ, БНСУ-тай харилцаагаа өргөжүүлж байна. Техник технологийн хувьд дэлхий нийтээс хоцрохгүй явж байгаа” гэсэн юм.

Arslan.mn

Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны III их хурлын үеэр нэгэн онцгой үйл явдал болсон. Энэ нь гэрэл зургийн нэрт мастер,  Соёлын гавьяат зүтгэлтэн Магсарын Цэрэнжамц агсаны нэрэмжит анхдугаар уралдааны шилдэг бүтээлийн эздийг тодруулсан явдал байв. Уралдааны эцсийн шатанд тунасан 30 орчим бүтээлийг 150 төлөөлөгчийн өмнө дэлгэсэн бөгөөд гишүүд өөрт таалагдсан бүтээлд оноо өгөх зарчимаар явагдав. Гишүүдийн саналаар I байрт МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин Б.Чадраабалын “Эрх мэдлийн төлөөх тэмцэл” бүтээл, II байрт МОНЦАМЭ агентлагийн Өвөрхангай аймаг дахь сурвалжлагч С.Чинбатын бүтээл, III байрт “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Д.Даваанямын бүтээл шалгарч, шагналыг М.Цэрэнжам агсаны хүү Ц.Онон, шавь, “Үнэн” сонины гэрэл зургийн албаны дарга Н.Бөхдамбий, Ц.Батбаатар нар гардуулсан юм.
Энэхүү арга хэмжээний дараа МГЗНХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүн Н.Гансүх санхүүгийн тайлантай холбоотой мэдээлэл өгөв. Тэрбээр хэлэхдээ өнгөрсөн дөрвөн жилд МГЗНХ сайн ажилласан ч гишүүдийн татвар төлөлт тун хангалтгүй байсныг хэлсэн.

Arslan.mn

Ингээд өдрийн 15.00 цагт МГЗНХ-ны ерөнхийлөгч болон УЗ-ийн гишүүдийн сонгох ажлыг эхлүүлэв. МГЗНХ-ны ерөнхийлөгчид Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цацралт, МГЗНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаатар, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, гэрэл зурагчин Ч.Ганбат нар нэр дэвшсэн ч С.Цацралт өөрийн хүсэлтээр нэрээ татаж, улмаар үлдсэн хоёр нэр дэвшигч дээр мандатаар ил санал хураалт явуулсан юм. Ингээд төлөөлөгчдийн олонхийн саналаар Ц.Батбаатар МГЗНХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Үүний дараа УЗ-ийн 13 гишүүн, Хяналтын зөвлөлийн таван гишүүнийг мөн заалнаас нэр дэвшүүлж, мандатаар ил санал хураалт явуулсан.  УЗ-ийн 11 гишүүнд:

  1. С.Цацралт
  2. Ч.Ганбат
  3. Л.Ганзориг
  4. С.Бадамханд
  5.  Батцэрэн
  6. Л.Жаргалсайхан
  7. Батдорж
  8. Б.Чадраабал
  9. Н.Гансүх
  10. Д.Октябрь
  11. Г.Эрдэнэтуяа  нар сонгогдлоо.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603422
2 эможи

keyboard_arrow_up