COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сул үг хэрэглэхгүйгээр ярьж сурах нь

2019 оны 4 сарын 22

Саяхан миний зочноор оролцсон “Номиотой ярилцъя” подкастын дугаар нийтлэгдэж, би найзтайгаа нэг цаг хагас ярьж сууснаа эргүүлэн сонссон юм.

 

Бид хоёр Skype-аар холбогдож яг л жирийн үед утсаар ярьж байгаа мэт чөлөөтэй ярилцаж, маш олон гоё гоё санаа солилцсон юм. Харин би яриагаа эргээд сонсоход анзаарагдсан хамгийн хэцүү зүйл нь миний сул үгний хэрэглээ байлаа. Номин маань яг л мэргэжлийн хөтлөгч шиг цэгцтэй ярьдаг бол би дэргэд нь хаа хамаагүй, энд тэндгүй л сул үг оруулаад ярьж байгаагаа сонсоод их хэцүү санагдаж ичлээ.

Тийм учраас энэ тал дээрээ даруйхан арга хэмжээ авъя гэж бодон судалж, сайжруулах дасгалыг ийнхүү хийж эхэлсэн юм.

Ер нь цэгцтэй ярьж бусдад төвөггүй санаа бодлоо илэрхийлэх шиг нийтлэг хэрэгтэй ур чадвар гэж байхгүй байх, тийм учраас сул үггүй ярьж сурах талаар олж авсан мэдээллээ хуваалцаж байна:

1. Сул үгний хэрэглээгээ мэдэж авах/ойлгох

Хамгийн эхний алхам бол өөрийнхөө сул үгний хэрэглээгээ ойлгох юм байна. Миний уншсан материалууд дээр дандаа өөрийнхөө ярьж байгаагаа бичиж, тэр бичлэгээ эргэж тоглуулан ямар ямар сул үгийг хэр давтамжтай хэрэглэдгээ мэдэж ав хэмээн тэмдэглэсэн байсан юм.

Тийм учраас би өөрийн орсон подкастаа дахин дахин сонсож, хэрэглэж байгаа сул үгсээ цаасан дээр бичээд, сонсох тоолондоо тоолоод явсан. Анхааралтай сонстол анх сонссоноос ч илүү хэцүү санагдаж байлаа. Тодруулбал, эхний 23 минут 38 секундийг сонсоод цаасан дээр тоолох зай ч байхгүй болсон ба үүнийг гаргаснаар хангалттай дүр зураг авч чадсан гэж бодсон. Тэрхүү тэмдэглэсэн цаасныхаа зургийг доор орууллаа.

24 минутад 277 сул үг… Үүнд, “аа”, “тэгээд л, ингээд л” гэж хамгийн их хэрэглэдэг юм байна гэдгийг олж мэдлээ. Мөн завсар зайгүй л “бас”, “ер нь”, “одоо” гэх мэт үгсийг хэрэггүй үед хэрэглэдэг юм байна. Мөн өөрийгөө маш хурдан ярьдгийг ойлгосон ба тэрнээсээ үүдээд нэг үгээ олон дахин давтдагаа анзаарсан.

Асуудлаа оношловол бодлоо бүрэн цэгцэлж гүйцээгүй хирнээ яриад эхэлчихдэг, хурдан ярьж байгаа болохоор хаа хамаагүй үг хэлж, хэлснээ дахин дахин давтаж өөртөө бодох хугацаа өгдөг.

2. Амьсгаа авч завсарлаж сурах

Сул үгний хэрэглээгээ ярианаасаа авч хаях хамгийн шилдэг арга бол ярьж байхдаа амьсгаа авч, завсарлаж байх юм байна.

Harvard Business Review сэтгүүл дээр энэ сэдвээр 4,000 гаруй ярианууд дээр үндэслэсэн судалгаа нийтлэгдэж байсан ба тэдний тогтоосноор ихэнх хүмүүс ярихдаа богино буюу 0.20 секунд, дунд буюу 0.60 секунд, мөн урт буюу нэг секундээс удаан завсарладаг бол шилдэг илтгэгчид ойр ойрхон 2-3 секунд болон түүнээс илүү удаан завсарладаг нь тогтоогдсон юм.

Бидэнд завсарлах эвгүй санагддаг боловч, завсарлах нь харин ч илтгэлийг олон талаар сайжруулдаг юм. Тодруулбал, бодлоо цэгцлэх боломж олгодог, тайвшрах хугацаа өгдөг, түгшүүр үүсгэж сонирхол татдаг гэх мэт олон давуу талтай. Ингэснээр бодлоо цэгцтэй, тайван, сул үггүй илэрхийлдэг байх нь. Харин би яг эсрэгээр нь хар хурдаараа ярьдгаа ойлгосон, ялангуяа энэ подкаст шиг "энгийн" наана нь хэлэх үгээ сүртэй бэлдээгүй нөхцөлд.

3. Дасгал хий

Аливаа буруу зуршлийг хаяхын тулд хамгийн түрүүнд ухаарах /би сул үгний хэрэглээгээ тоолоод сайн ухаарсан/, ухаарсан бол байнга хянаж эхлэх, хянах болгондоо засах, эцэст нь үүнийгээ хэрэгжүүлж давтах. Миний хувьд хамгийн түрүүнд яриагаа удаашруулж, хэлэх үгээ гүйцэд бодсон хойноо цөөн үгээр ярьж байх юм байна гэдгийг ойлгосон. Мөн миний зүгээс энэ алдаагаа засаж, зөв зуршил болгохын тулд яриагаа дотроо хянахаас гадна аливаа уулзалт хийж, илтгэл тавих болгондоо дуугаа утсан дээрээ хурааж хянаж байхаар шийдлээ.

Илүү дэлгэрэнгүйг:

https://virtualspeech.com/blog/how-to-stop-using-filler-words-3-steps

https://hbr.org/2018/08/how-to-stop-saying-um-ah-and-you-know

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602536
0 эможи

keyboard_arrow_up