COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Алтанбагана: Дээд боловсролтой иргэд хөдөлмөрийн гэрээгээр ажиллахыг илүүд үздэг болсон

2019 оны 3 сарын 12

Arslan.mn

БНСУ руу ажиллах хүч илгээх шалгалтын бүртгэл эхэлсэн. Үүнтэй холбогдуулан ХХҮЕГ-ын Гадаадад ажиллах хүч илгээх хэлтсийн дарга Ч.Алтанбаганатай ярилцлаа.

-БНСУ руу өнгөрөгч 2018 онд хэчнээн ажиллах хүч илгээсэн бэ?

-2018 онд Монгол Улсаас татан авах ажиллах хүчний тоо квотдоо хүрээгүй. Ерөнхийдөө 2,100 ажилчин авах квоттой байснаас 784 хүний нэр ирж илгээгдсэн. Эдгээр иргэнийг хүйсээр авч үзвэл 700 эрэгтэй, 84 эмэгтэй ажилчин бий. Харин 2019 он гарсаар 200 орчим хүний нэр ирсэн. Тэд эхнээсээ БНСУ руу явахаар бэлтгэгдэж байна.

-Гэрээгээр явж буй иргэд ямар шалгуур хангасан байх ёстой вэ?

-18-39 настай, ял шийтгэл авч байгаагүй, БНСУ-аас албадан гаргаагүй , Е-9, Е-10 визээр таван жилээс дээш хугацаагаар оршин суугаагүй байх зэрэг шаардлагыг БНСУ-ын талаас тавьсан.

-Гэрээгээр явж байгаа хүмүүсийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг аль тал нь хариуцах ёстой вэ?

-Гадаад улс орнуудад гадаад ажилчдыг хамгаалах хууль эрх зүйн зохицуулалт бий. Үүн дээр эрүүл мэнд, нийгмийн даатгалыг ажил олгогч тал хариуцна гээд заачихсан байдаг учраас шууд хамрагддаг.

-БНСУ руу илгээгдэх гэрээт ажилчнаар эмэгтэй хүн явах нь маш цөөн бололтой. Шалтгаан нь юу вэ?

-Эмэгтэй хүмүүс БНСУ руу ажиллахаар илгээгддэг. Гэхдээ маш цөөн. Учир нь тэд очоод ажил голох, ажлын байраа орхиж явах гэх зэрэг асуудал үүсгэдэг. Ажил олгогч байгууллага нь шаардлага өндөртэй байдаг тул түүнд тэнцдэггүй. Энэ байдлаас үүдэж Солонгосын талаас монгол эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах нь ховор. Мөн солонгосоос аж үйлдвэрийн салбарт ажилчид их авдаг тэр дундаа энэ салбарт эрэгтэй хүмүүсийн ажлын байр элбэг байдаг нь эмэгтэй ажилчдад бас нөлөөлдөг болов уу.

-Цахим бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан иргэдэд тулгамдаж буй асуудлын талаарх санал гомдол одоогоор хэр бүртгэгдэж байна вэ. Цахим системийн ачаалал ямар байна?

-БНСУ 16 улсаас ажиллах хүч авч байгаа. Тэр дундаа Монгол Улсаас татах ажиллах хүчний тоо харьцангуй бага байгаа. Харин Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй хүмүүсийн тоо жилээс жилд өсөж байна. Үүний хэрээр маш их чирэгдэл, ачаалал үүсэх болсон. Үүнийг хөнгөвчлөх зорилгоор цахим бүртгэлийг энэ сарын 11-ний 09.00 цагаас явуулж эхэлсэн.

Гуравдугаар сарын 12-ны 18.00 цагт цахим систем хаагдана. Цахимаар бүртгүүлсэн иргэд энэ сарын 13-15-нд харьяа дүүрэгтээ очиж бүртгүүлэх юм. Харин 21 аймагт уламжлалт аргаар буюу бүртгэл хийх газраа өөрийн биеэр очиж бүртгүүлэхээр зохицуулалт хийгдсэн. Бид Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний анхан шатны мэдэгдэхүүнтэй байхыг шаардаж байгаа.

Ийн бүртгэлийн системд Солонгосоор асуултууд байршуулсан эдгээр асуултын нэгийг нь буруу хариулбал таны мэдээлэл баталгаажих боломжгүй юм. Мөн мэдээллээ буруу бүртгүүлбэл засах боломжгүй. Ингэсэн тохиолдолд та дараа жилийн бүртгэлд хамрагдана.

Хүмүүс асуултдаа буруу хариулсан эсвэл хувийн мэдээллээ буруу бүртгүүлчихээд цахим систем болохгүй байна гээд гомдол мэдүүлж байна. Хэрэв хэлний мэдлэггүй бол бүртгүүлж цаг зав, мөнгө зарах хэрэггүй гэдгийг залуучууддаа хэлмээр байна. Хүмүүс бүртгүүлчихээд тэнцэхгүй байх шалтгаан нь хэлний мэдлэг. Одоогоор цахим систем ачаалсан зүйл алга.

-Өнгөрөгч 2018 оноос онооны тогтолцоонд шилжсэн ингэснээр ямар өөрчлөлт гарав?

-Онооны тогтолцоо нь солонгос хэлний мэдлэгээс гадна эрүүл мэндийн суурь нөхцөл (өнгө ялгах чадвар, нурууны диск, гар сарвууны бүрэн байдал зэрэг нь хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж үзэх буюу тэнцэхгүй), ур чадварын, ажил үүргийн чадвар гэх мэт хүн бүрийн чадварууд дээр нэгдсэн үнэлгээ хийгдэнэ. Энэ системд шилжсэнээр БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр явахаар бүртгүүлж буй иргэдэд илүү хариуцлагатай болж байгаа гэсэн үг.

-Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явж буй хүмүүсийг насны ангиллаар нь авч үзвэл. Хэд орчим насныхан олонх хувийг эзэлдэг юм?

-25-30 насны хүмүүс ихэвчлэн БНСУ-д хөдөлмөр эрхэлдэг. Сүүлийн жилүүдэд тогтвор суурьшилтай ажлын байртай хүмүүс солонгос руу ажиллах хүчээр бүртгүүлэх тохиолдол их байна. Өөрөөр хэлбэл, тэд Монгол дахь цалингаа голсон, цаашлаад Солонгос Улсын валютын ханшийн зөрүү, мөн тухайн улсын хөдөлмөрийн хөлсний хэмжээ жил жилээр нэмэгдэж байгаа зэрэгт ач холбогдол өгч байна. Тэр дундаа дээд боловсролтой хүмүүс хөдөлмөрийн гэрээгээр ажиллахыг илүүд үзэж байгаа хандлага ажиглагдах боллоо.

-Одоо ажилд зуучлагдан явж байгаа хүмүүсийг хэдэн төгрөгийн цалинтай ажлын байр хүлээж байна вэ?

-Нэг сая 745 вонны цалинтай ажилд зуучлагдан явж байна. Энэ бол дундаж цалин.

-Ихэвчлэн аль салбарт ажлын байр давамгайлдаг вэ?

-Аж үйлдвэрийн салбарт. Гэхдээ энэ салбарт эрэгтэй ажлын байр давамгайлдаг.

-Гэрээний ажилчдад тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийддэг вэ?

-БНСУ-д нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байна. Энэхүү төвийн мэргэжилтнээр дамжуулан монголчуудтай холбоотой асуудалд анхааран ажилладаг. Бүхий л талаас туслалцаа үзүүлдэг.

-Цаашид гэрээт ажилчдад тавигдах шалгуур улам чангарах хандлага ажиглагдаж байна Тиймээс гадаад руу чиглэх ажиллах хүчний урсгал татрах болов уу?

-Яамнаас Монголдоо залуусыг тогтвортой ажлын байраар хангах. Гадны орнууд руу явах, ажиллах хүчнийг бууруулна гэх бодлого баримталж байна. Тиймээс цаашдаа энэ явдал бодитоор хэрэгжих байх. Энэ жил БНСУ руу 1,900 ажиллах хүчин илгээхээр тусгагдсан.

-Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн эхнэр, хүүхдийг татах боломж бололцоог судалж үзсэн болов уу?

-БНСУ-ын зүгээс монгол ажилчдын гэр бүлийг нь богино хугацаагаар татах асуудлыг судалж байгаа гэсэн мэдээлэл бий. Чухам хэзээнээс хэрэгжихийг хэлж мэдэхгүй байна.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
601030
2 эможи

4g8avy5jvu
2020-02-08 05:22
keyboard_arrow_up