COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Санхүүгийн салбарын комплаенс форум 2018“ боллоо

2018 оны 12 сарын 11

Arslan.mn

Дэлхий дээр жилд 80 орчим их наяд ам.доллартай дүйх хэмжээний хар мөнгө эргэлддэг гэсэн тоо байна. Авлига, хээл хахууль, гэмт хэрэг даган бий болдог энэ их хэмжээний бохир мөнгийг угааж, санхүүгийн зах зээлд оруулан цэвэр мөнгө болгох үйл явцыг илрүүлэхээр дэлхийн улс орнууд дор бүртээ хууль, хяналтаа чангатган ажиллаж буй.

Харин Монгол Улсын хувьд 2006 онд энэ чиглэлээр хууль эрх зүйтэй болсон ч дорвитой зүйл хийлгүй явсаар 2013 онд Хар саарал жагсаалтад орж, сая нэг хөдөлж эхэлсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл, дэлхийн санхүүгийн зах зээл дээр эргэлдэж байгаа хар мөнгийг аль улсаас хааш шилжиж буйг хянах явцад Монгол Улсад орвол хаачсан нь мэдэгдэхгүй алга болох бүрэн боломжтой байсан тул ийнхүү манай орныг “өндөр эрсдэлтэй” хэмээн үнэлж, жагсаалтад оруулсан байдаг.

Өнөөдрийн байдлаар Монгол дахин Хар саарал жагсаалтад орох эрсдэлтэй хэвээр байгаа бөгөөд ирэх оны аравдугаар сар хүртэл ТЭНСЭН авчихсан байгаа. Гэвч Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа ирэх оны нэгдүгээр сард багтан FATF буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын төрлийн бүтэц болох APG (Ази, Номхон далайн бүсийн бүлэг)-д тайлагнах даалгавар авсан. Тус байгууллагаас улс орнуудад хэрэгжүүлдэг 40 зөвлөмж бүхий стандартыг хэрхэн хэрэгжүүлж байгаагаар манай оронд дүн тавьж, Хар саарал жагсаалтад оруулах эсэхээ шийднэ гэсэн үг. Тиймээс мөнгө угаах, терроризмтой тэмцэхэд санхүүгийн салбарынхны гол аргачлал болох комплеансын үйл ажиллагаа буюу хэрэглэгчээ таних нь манай улсад чухал ажилд тооцогдож байгааг Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдөр зохион байгуулсан “Санхүүгийн салбарын комплеанс 2018” форумаар онцоллоо.

Arslan.mn

Санхүүгийн салбарт комплеансын үйл ажиллагааг бүрэн нэвтрүүлж, хэрэгжүүлэхэд чадавхжуулах болон техникийн дэмжлэгийг Азийн хөгжлийн банк тэргүүтэй олон улсын байгууллагууд үзүүлж байна. Азийн хөгжлийн банкны эдийн засагч Л.Амар санхүүгийн зах зээл буюу банкнаас бусад салбарт мөнгө угаах эрсдэл олон улсын туршлагаас харахад өндөр байгааг тэмдэглэсэн. Тухайлбал, ББСБ, үл хөдлөх хөрөнгийн салбарыг онцолсон. Бохир аргаар их хэмжээний бэлэн мөнгөтэй болсон хүмүүс мөнгөө ББСБ-аар дамжуулан угаах, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, валют болгон солих зэрэг эрсдэлтэй байна. Даатгалын салбар, үнэт цаасны компаниуд ч энэ эрсдэл дунд байгаа тул хэрэглэгчээ таних нь маш чухал үйл явц гэдгийг санууллаа. 

Үүнээс гадна сүүлийн үед цахим мөнгө ашиглан мөнгө угаах эрсдэл үүссэн бөгөөд энэ нь мөнгөний эх сурвалжийг тодорхойлоход улам хүндрэлтэй болж байгааг дурдав. Иймд санхүүгийн зах зээлийн оролцогчид харилцагчаа тогоох, эрсдэлтэй гүйлгээ хийх, өмнөх харилцагч эргэлзээ төрүүлж байгаа үед зайлшгүй хянах шаардлагатай гэдгийг дахин санууллаа. Тэр тусмаа УЛС ТӨРД НӨЛӨӨТЭЙ харилцагчийг заавал хянаж байх ёстой гэв.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэхийн тулд санхүүгийн зах зээлийн оролцогчдын мэдлэг, мэдээлэл, хууль хэрэгжүүлэх үйл явц чухал байгааг оролцогчид сануулсан юм. Ядаж л Хар жагсаалтад орж, олон улсын хоригт багтсан Иран, Умард Солонгос улс руу гүйлгээ хийхгүй байх ёстойгоо мэдэж байх шаардлагатайг дурдлаа.

Arslan.mn

Хар саарал жагсаалт руу хэрэв Монгол Улс гулсаж орвол зөвхөн санхүүгийн салбараар зогсохгүй улс төр, нийгмийн байдал ч тогтворгүй болох эрсдэлтэйг энэ жагсаалтад орсон орнуудын жишээнээс харж болно. Тухайлбал, Шри Ланка улсыг өнгөрсөн аравдугаар сард FATF Хар саарал жагсаалтдаа оруулжээ. Ингэснээр тус улс Европын холбооны Хар жагсаалтад автоматаар орж, улмаар доллараас гадна еврогийн гүйлгээ хийх боломж хумигдаад байна.

АНУ 2008 оноос хуулиа чангалснаар сэжигтэй гүйлгээ хийсэн банкуудыг олон зуун сая төгрөгөөр торгох болсон. Тиймээс энэ мэт эрсдэл Монгол Улсад өндөр байгааг форумд оролцогчид хөндөв. Ялангуяа, манай улсын валютын гүйлгээг хийж буй олон улсын банкууд эрсдэлтэй байдлаас үүдэн өндөр хэмжээний торгууль хүлээж мэдэхээр байгаа нь валютын гүйлгээг хүндрэлтэй болгож эхэлсэн. 

Arslan.mn

Энэ мэтчилэн олон улсын хоригт орох нь зөвхөн гадаад гүйлгээг адармаатай болгоод зогсохгүй улсын нэр хүнд унах, хөрөнгө оруулалт татрах, зээлжих зэрэглэл буурах төдийгүй ханшид нөлөөлж, улс төр, нийгмийн нөхцөл байдал дагаад тогтворгүй олон аюул дагуулдгийг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг Монголын зөвлөлийн гишүүн, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн захирал Л.Сонор хэллээ. 

Монгол Улс FATF-ийн төрлийн байгууллага болох APG (Ази, Номхон далайн бүсийн бүлэг)-ийн шаардлагуудыг биелүүлэх хүрээнд сүүлийн хоёр жилд хичээн ажиллаж байна. Тэр дундаа комплеансын үйл ажиллагааг өргөжүүлснээр өнгөрсөн онд Санхүүгийн зохицуулах хороонд 20 сая ба түүнээс дээших гүйлгээний талаар 14,000 мэдээлэл ирсэн бол энэ тоо 2018 онд 26,000 болж нэмэгдсэн тухай Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзориг мэдээлсэн. Санхүүгийн зохицуулах хорооны эрхлэх ажлын хүрээнд 

  • Банк бус санхүүгийн байгууллага
  • Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч
  • Хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менемтентийн компани
  • Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага
  • Хадгаламж, зээлийн хоршоо 
  • Харилцагчийн нэрийн өмнөөс үл хөдлөх хөрөнгө худалдан авах, эсхүл худалдах аливаа ажиллагаа явуулсан бол үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага комплеансын үйл ажиллагааг сайтар хэрэгжүүлэх шаардлагатай байгааг оролцогчид хэлэлцсэн юм. 

Мөн Санхүүгийн зохицуулах хороо Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг ажилын хүрээнд хяналт шалгалтаа хоёр дахин нэмэгдүүлжээ. 

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598071
0 эможи

keyboard_arrow_up