7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 20, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

админ
2018 оны 12 сарын 09

Arslan.mnЭнэ долоо хоногт /2018.12.03- 2018.12.09/  Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлын тоймыг хүргэж байна.

ТЦА-ны эрэгтэй тамирчид гар бөмбөгийн тэмцээнд түрүүллээ

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд “Аврагч” спорт хорооны зааланд боллоо. Гар бөмбөгийн тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Тээврийн цагдаагийн албаны баг тэргүүлж,  Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын баг дэд, Эргүүл хамгаалалтын газрын баг гутгаар байр эзэлсэн юм. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын баг түрүүлж, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын баг дэд,  Тээврийн цагдаагийн албаны баг тамирчид гутгаар байрт шалгарав. Орон нутаг дахь анги, байгууллагуудыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар хошуучилж, Төв аймаг дахь Цагдаагийн газар дэд байр, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар гутгаар байрт шалгарав. 

Замын цагдаагийн алба хаагчдад утаа шүүгчтэй маск, автомат шүгэл өглөө

Arslan.mn

Цагдаагийн Ерөнхий Газраас замын цагдаагийн алба хаагчдынхаа эрүүл мэндийг хамгаалах зорилгоор утаа шүүгчтэй амны хаалтыг өнөөдөр Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайханд гардуулж өглөө. Энэхүү амны хаалтыг гудамж, замд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад олгох ажлыг тус албанаас зохион байгуулах юм. Мөн замын цагдаагийн алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах дохиур, автомат шүглийг хүлээлгэн өглөө.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд хууль зүйн салбарын уялдаа холбоог бэхжүүлнэ

Arslan.mn

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд хууль зүйн салбарын уялдаа холбоог бэхжүүлэх сургалт”-ыг зохион байгуулж Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн цагдаа, прокурор, шүүгч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нийгмийн ажилтан, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, өмгөөлөгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч зэрэг нийт 90 хүнийг хамруулан сургаж байна. 

ЦЕГ-ын төв байрны алба хаагчдын дунд зохиосон VOICE тэмцээн амжилттай боллоо

Arslan.mn

ЦЕГ-ын Төв байрны алба хаагчдын дунд VOICE тэмцээнийг Урьдчилан сэргийлэх хэлтсээс 2018.12.05-ны өдөр "Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө"-ний дагуу амжилттай зохион явууллаа. Тэмцээнд 1 дүгээр байрыг цагдаагийн дэслэгч Д.Нэмэхбаяр /ЗУГ/ эзэлж Өргөмжлөл-300.000, 2 дугаар байрыг цагдаагийн дэд хурандаа Г.Нансал /МДШШУА/ эзэлж, Өргөмжлөл- 200.000, 3 дугаар байрыг цагдаагийн ахмад Ч.Болд /АБХ/ эзэлж Өргөмжлөл-100.000 төгрөгөөр шагнууллаа. Тэмцээний шүүгчээр МУГЖ С.Цэрэндорж, СГАСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, МУСТА, цагдаагийн ахлах дэслэгч С.Дуламсүрэн нар ажиллаж, төв байрны алба хаагчид үзэж сонирхсон юм. 

“Хүүхэд хамгаалагчид“ өвлийн хүйтэнд ч ажилласаар байна

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай” албан даалгавар, “Хүүхэд хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”, Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор Цагдаагийн байгууллагаас “Хүүхэд хамгаалагч” төслийг туршилтын хугацаатай хэрэгжүүлж байгаа. Хэдий гадаа хүйтний эрч чангарч -30 градус хүрсэн ч Баянзүрх дүүргийн 5, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны иргэд хүүхдийн төлөө эргүүлд ажилласаар байна. Тэгвэл Нийслэлийн Цагдаагийн газраас эргүүлд ажиллаж буй иргэдэд халуун аарцаар үйлчилж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

А.Мөнхсувд: Хүчирхийллийг таслан зогсооход иргэн бүрийн оролцоо хамгийн чухал

Arslan.mn

ЖҮХ, ЦЕГ-аас санаачлан төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-ыг орон даяар зохион байгуулж байгаа билээ. Аяны хүрээнд салбар, салбарын төлөөллүүд иргэд олон нийт рүү чиглэсэн мэдээлэл, сурталчилгаа, нөлөөллийн ажлууд, хор уршигийг таниулахад чиглэн олон талын ажлуудыг зохион байгуулж байна. Аянтай холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас хийгдэж буй ажлуудын талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч А.Мөнхсувдтай ярилцлаа. Тэрээр "Цагдаагийн байгууллагад 2016 онд 621 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэний 15, 2017 онд 621 бүртгэгдсэний 31, 2018 оны эхний 11 сарын байдлаар 558 бүртгэгдсэний 39 нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна. НҮБ-ын Хүн амын сантай байгуулсан 2017-2021 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд “Жендертсуурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг хэрэгжүүлж, “Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн цахим сан”-г шинээр бүрдүүлэн, үйл ажиллагаандаа ашигласнаар гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн дагуу ажиллаж буй цагдаагийн алба хаагч хүчирхийлэл үйлдэгчийн талаарх мэдээллийг урьдчилан мэдэх боломжийг бүрдүүлсэн юм. Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн  эргүүлийн 62 чиглэлд хөдөлгөөнт төхөөрөмж байршуулж, дуудлага, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэлтийг газар дээрээс нь оруулдаг болсноор тухайн дуудлага өгсөн утаснаас өмнө өгч байсан дуудлага мэдээллийн түүх, авсан арга хэмжээний мэдээллийг алба хаагч шууд харах боломжтой болсон." хэмээн онцоллоо. 

Төмөр замын гарам дээр гарч буй зам тээврийн ослын гол буруутан нь ЖОЛООЧ

Arslan.mn

2018 оны эхний есөн сарын сарын байдлаар автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн 11 осол гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 28 хувь өссөн үзүүлэлт юм. Харин өнөөдрийн байдлаар 18 осол гараад байна. Эдгээр ослоор нийт есөн хүн хүнд болон хөнгөн байдлаар гэмтсэн тухай Төмөр замын цагдаагийн газрын Замын цагдаагийн хэсгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад А.Мөрөн төмөр замын гарам дээр гарч буй ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл өгөх үеэрээ хэллээ. Мөн автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол нь 100 хувь автомашины жолоочийн буруутай үйлдлээс болдог. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн ослын буруутан нь жолооч гэв. Мөн дээрх мөргөлдсөн 18 тохиолдлоос гадна автомашин төмөр зам дээр зогссон үед нь машинч яаралтай тоормосолж, аварсан тохиолдол 44 буюу нийт 62 удаа тээврийн хэрэгслийн жолооч нар дүрмээ зөрчжээ. Ингэж машинч галт тэргийг зогсоохоор тоормослоход өгсүүр, уруугаас хамааран 800-1,200 метр газар явж байж бүрэн зогсдог юм байна. Төмөр зам дээр гарч буй осол, зөрчил нь жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэхгүй, төмөр замын дохио, тэмдэг тэмдэглэгээг анхаарахгүйгээс гадна “амжина” гэсэн бодлоор хурдаа нэмж, гарам нэвтрэх гэж оролдсоноос гардаг байна. Тиймээс жолооч нарыг Замын хөдөлгөөний дүрмээ сахин биелүүлэх, анхаарал болгоомжтой байхыг албаныхан анхаарууллаа. 

Биткойноор төлбөр хийж интернэтээс ХАР ТАМХИ ХУДАЛДАЖ авсан этгээдүүдийг баривчиллаа

Arslan.mn

Сүүлийн жилүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэгчдийн тоо өсөж байгаагаас гадна насны хувьд эрс залуужиж байгааг албаны хүмүүс хэлж байна. Тухайлбал, энэ төрлийн гэмт хэрэгт Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газарт бүртгэгдсэн мэдээллийг авч үзэхэд 2018 оны есөн сарын байдлаар 131 хэрэгт 258 хүн шалгагдсан байна. Уг гэмт хэрэгт холбогдогчийн тоонд насанд хүрээгүй хүүхдүүдэд ч багтаж байгаа ба хамгийн бага нь 13 настай хүүхэд байна. Хамгийн сүүлийн нэгэн жишээг дурьдвал, өнгөрөгч арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хамтран шуудангаар хар тамхи оруулж ирдэг бүлэглэлийг илрүүлж, үйлдэл дээр нь баривчилсан байна.  Тодруулбал, 18-21 насны гурван этгээд БНХАУ-аас олон улсын шуудангаар ирсэн шахмал хэлбэртэй метафетаминыг хүлээн авсан байна. Сэжигтэй этгээдүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулан шалгаж байна. Шалгалтын явцад дээрх хар тамхийг онлайнаар захиалан авсан байдаг ба сэжигтнүүд тооцоогоо биткойн буюу цахим мөнгөөр хийсэн байжээ. Иймд иргэд, олон нийтийг энэ төрлийн гэмт хэрэгт санамсаргүй тохиолдлоор холбогдох, хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг холбогдох албаныхан анхааруулж байна. 

Дундговь аймагт "Зөрчил болон тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" нь хамтарсан зөвлөгөөн боллоо

Arslan.mn
Дундговь аймгийн ГХУСАЗЗөвлөл, Прокурорын газартай хамтран "Зөрчил болон тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" нь зөвлөгөөнийг 2018.12.06-ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн Хууль эрх зүйн хэлтэс, МХГ, ОБГ, БСУГ, ЭМГ, ХГБХГ, цагдаагийн газар, ЕБС-иуд, Шүүхийн шинжилгээний алба, Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд байгууллагуудын оролцоо болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлж, зөвлөгөөнөөс зөвлөмж гаргалаа. 

Дундговь аймгийн цагдаагийн газраас ээлжит "Үдийн цайтай сургалт"-ыг зохион байгууллаа 

Arslan.mn

Дундговь аймгийн цагдаагийн газар долоо хоног бүрийн "Лхагва" гаригийг албаны сургалтын өдөр болгон алба хаагч нарт танхимын болон бие бялдарыг хөгжүүлэх сургалтуудыг ордог. Энэ төрлийн сургалтыг тогтмол зохион байгуулснаар алба хаагчдыг ажлын хажуугаар хөгжүүлэх, тэднийг идэвхжүүлэх, мэдээлэл солилцох зэрэг олон талын ач холбогдолтой юм. 

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас мөрч нохойтой сургалтыг сургуулийн сурагч нарт зохион байгууллаа  

Arslan.mn

Өмнөговь аймгийн Биеийн тамир спортын төрөлжсөн сургалттай долоодугаар сургуулийн 6-10 дугаар ангийн 90 гаруй сурагч 12 сургагч багш, нийгмийн ажилтан, сурган хүмүүжүүлэгч нар тус аймгийн цагдаагийн газраас сургуулийн орчимд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчил, хүүхэд залуучууд үйлддэг дээрэм, булаалт, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл хийв. Хүүхэд залуучуудад гэмт хэргийг хэрхэн илрүүлэх талаар мөрч нохой Жекийн үзүүлэх тоглолтыг сонирхуулсан байна. Мөрч нохой Жекийг 2016 онд ЦЕГ-ын Сургалт, дадлагын төвд албаны сургалтад хамрагдуулж сонгон олох, мөр хайх зэрэгт бэлтгэж мэргэшүүлсэн байна. Одоо тэрээр 3 настай, нохойн төлөөлөгч, цагдаагийн дэд ахлагч Б.Жавхлантөгсийн хамт 2017 онд Цагдаагийн байгууллагын албаны нохойн төлөөлөгчдийн мэргэжлийн ур чадвар, албанд ашиглагдаж буй нохдын албаны бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор “Шилдэг нохойн төлөөлөгч-2017” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 28 нохойн төлөөлөгч, албаны ноходтой 3.8 км замыг туулж, эрэн хайх, буудлага, саадыг даван туулах, хорт утааны цэгийг нэвтрэх, галт зэвсэгтэй этгээдийг дайчлан баривчлах зэрэг даалгаврыг гүйцэтгэх шалгууруудаар өрсөлдөж, тусгай байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн байна. 

Завхан аймгийн цагдаагийн газраас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ 

Arslan.mn

Завхан аймгийн цагдаагийн газраас цэргийн байнгын тэтгэвэрт гарч буй алба хаагчдадаа хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа. Цагдаагийн албатай ажил амьдарлаа холбон эх орон, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, олон жил үр бүтээлтэй ажиллаад гавъяаны амралтанд гарч байгаа алба хаагчдаа нийт бие бүрэлдэхүүн байлдааны тугийн дор жигдэрч, ёслолын жагсаалаар алхаж ёслол төгөлдөр хүндэтгэж жагслаа. Тус аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу алба хаагчдад дурсгалын зүйл гардуулан өгч, цаашдын амьдрал үйлсэд нь амжилт ерөөлөө. 

Увс аймгийн цагдаагийн газраас "Аливаа тѳрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх" талаар уулзалтыг зохион байгууллаа 

Arslan.mn

Увс аймгийн цагдаагийн газраас Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд улсын тэргүүний 1 дүгээр цогцолбор сургуулийн 1-12 дугаар ангийн багш, эцэг эхийн тѳлѳѳлѳлд "Аливаа тѳрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх", "Хүүхэд гэмт хэрэг, зѳрчилд холбогдож хохирч байгаа шалтгаан нѳхцѳл"-ийн талаар уулзалт зохион байгуулж, мэдээлэл хийлээ. Тус арга хэмжээнд анги удирдсан 77, хичээл заагч 41, 76 эцэг, эхийн төлөөлөл зэрэг нийт 194 хүн хамрагдсан байна. 

ЦЕГ-ын даргын тушаалаар Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын алба хаагчид цол нэмлээ 

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/810 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн Дарви сум хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Х.Жүгдэрнамжил “Цагдаагийн ахлах дэслэгч” цолоор, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/840 дугаар тушаалаар Замын цагдаагийн тасгийн цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхтөр “Цагдаагийн дэслэгч” цолоор шагнагдан Хөх морьт сум хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр томилогдлоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598004
7 эможи

keyboard_arrow_up