COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд зуучлах “Career Expo” арга хэмжээ боллоо

2018 оны 11 сарын 30

Arslan.mn

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар(ХБХХЕГ) төр, төрийн бус болон олон улсын байгууллагуудтай хамтран “Career Expo-2018” хөдөлмөр зуучлалын арга хэмжээг “Hollyday Inn” зочид буудалд зохион байгуулж байна.

Тус арга хэмжээнд идэвхтэй ажил хайж байгаа хөгжлийн бэрхшээлтэй 21 иргэн болон ажил олгогч 50 гаруй ААН-ийн хүний нөөцийн менежерүүд болон удирдлагууд оролцож байгаа юм.

Идэвхтэй ажил хайж байгаа хөгжлийн бэрхшээлтэй 21 иргэн өөрийгөө илэрхийлэх ур чадварт суралцах гурав хоногийн сургалтад хамрагджээ. Тэд “Career Expo-2018” арга хэмжээний үеэр ажил олгогчдод өөрийн танилцуулга мэдээллийг хүргэх бол ажил олгогчид тэднийг нээлттэй сонгон шалгаруулалтад оруулан, ганцаарчилсан ярилцлага хийж, хэрэгцээт ажилтнаа ажлын байраар хангах юм байна.

"ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД МААНЬ ЯМАР БЭРХШЭЭЛТЭЙГЭЭСЭЭ ХАМААРААД ӨӨР ӨӨР ТӨРЛИЙН АЖЛЫГ ЧАДВАРЛАГААР ХИЙДЭГ.

Arslan.mn

Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 106,000 гаруй иргэн байгаагаас 19,000 орчим нь хөдөлмөр эрхэлж байгаа ажээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дийлэнх тохиолдолд ямар ажил хийж байгаа талаар ХБХХЕГ-ын Ц.Ганчимэг "Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань ямар бэрхшээлтэйгээсээ хамаараад өөр өөр төрлийн ажлыг чадварлагаар хийж байна. Жишээлбэл, талх, нарийн боовны үйлдвэрүүдэд сонсголын бэрхшээлтэй иргэд маш сайн ажилладаг. Мөн сав баглаа боодол, оёдлын үйлдвэрүүдэд амжилттай ажиллаж байгаа. Энэ чиглэлээр ажиллаж буй сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн ажлын бүтээмж өндөр байдаг нь бусадтай ярьж, цаг алддаггүйтэй холбоотой. Тиймээс дээр дурдсан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд сонсголын бэрхшээлтэй залуусыг ажилд авах сонирхол өндөртэй болсон.

Харин харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд бариа заслаас гадна сүүлийн үед бариста хийн, амжилттай ажиллаж байна. Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүсийн хувьд компьютер дээр график дизайн хийх, бичээч, эх бэлтгэх зэргээр ажиллаж байгаа.

ХБХХЕГ дэргэдээ МСҮТ-тэй. Энэ төв маань тогооч, нарийн боовны, оёдлын гэх мэт ангиудтай. Өнөөдрийн арга хэмжээнд "Говь" компанийг урьж оролцуулан, оёдлын мэргэжлээр суралцаж буй хүүхдүүдээ үйлдвэрт нь дадлагажуулах, цаашид ажлын байраар хангах боломж байгаа эсэх асуудлаар зөвлөлдөх гэж байна.

Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургадаг зургаан тусгай сургууль байдаг. Орон нутагт бол насан туршийн боловсрол олгох хөтөлбөрт хамрагдан, жирийн сургуульд, эрүүл хүүхдүүдтэй зэрэгцэн суралцаад явж байна" гэлээ.

ХБХХЕГ, АХБ-ны дэмжлэгтэйгээр 2019 онд зургаан аймагт Хүүхэд хөгжлийн төвийг байгуулахаар бэлтгэл ажил хангагдаж байгаа. Тус төвд хүүхдүүдийг сургах, мэргэжилтэй болгох, дадлагажуулах, нөхөн сэргээх ажиллагаа явагдах юм байна.

"ТОГТВОРТОЙ САЙН АЖИЛЛАЖ БУЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХЭД ХЭДЭН АЖИЛТАН МАНАЙД БИЙ"

Ажил олгогчдын төлөөлөл И-март сүлжээ дэлгүүрийн Хүний нөөц, сургалтын хэлтсийн гүйцэтгэлийн менежер П.Энхтуул "Манай байгууллагын зүгээс хуульд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулахыг хичээдэг. Тиймээс өнөөдөр дутуу байгаа ажлын орон тоондоо ажилтан шалгаруулж авахаар “Career Expo-2018” арга хэмжээнд оролцож байна. Манайд үйлчилгээний зааланд тэрэг, сагс хураах, бараа өрөх, зогсоолд зохицуулагч хийх болон агуулахын ажилтан хэрэгтэй байгаа.

Тогтвортой сайн ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй хэд хэдэн ажилтан манайд бий. Сонсголын, хэл ярианы бэрхшээлтэй нэг залуу ажилтан маань савлагаа хийх, бараа өрөх ажлыг маш өндөр бүтээмжтэй гүйцэтгэдэг. Нямбай, хичээнгүй ажилтан байдаг учраас тийм л хүн хайж ирээд байна" хэмээн ярилаа.

"ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН СУРАХ ЭРХ ЗӨРЧИГДСӨӨР БАЙНА" 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Б.Уламбаяр "Би сэтгүүлч мэргэжилтэй. 25 насандаа барилгаас унаж, нуруундаа гэмтэл авч, хөгжлийн бэрхшээлтэй болсон. Хөгжлийн бэрхшээлтэй болсноосоо хойш хэвлэлийн компани, төрийн албанд ажиллаж байсан. Ингээд эрүүл мэндийн шалтгаанаар тэдгээр ажлаасаа гарч, одоо хувиараа оёдлын цех ажиллуулж, бас наймаа хийж байна.

Бас тогооч, мужааны мэргэжлээр суралцсан. Өөр дээрээ жишээ аваад тайлбарлахад, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй хамт ажиллаж буй эрүүл хүмүүс биднийг ойлгодоггүй. Эрүүл хүмүүсийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг зүгээр л төрөөс халамж авч, гэртээ суугаад, эрүүл хүмүүсийг ажлын байртай болох боломжоор хангах ёстой гэсэн хандлагаа ил, далдаар илэрхийлдэг.

Албан байгууллагад тогтвортой ажиллахад саад болдог бас нэг зүйл бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн улирал тутам заавал эмчид үзүүлэх ёстой байдаг. Эмчдээ үзүүлэхгүй бол группээс хасна гэж сүрдүүлдэг. Ингээд арай гэж ажилтай болчихоод эмнэлэг явна, эмчид үзүүлнэ гээд чөлөө авах болдог. Үүнийг хуулиар зохицуулж өгөх хэрэгтэй байгаа. Ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэнэт гар хөл ургаж, хараа орж, ид шидийн юм тохиолдохгүй нь тодорхой.

Хамгийн хэцүү нь 10 жилийн өмнө байсан нэг хандлага одоо ч байсаар байгаа. Тэр нь төрөлхийн, эсвэл бага насандаа олдмолоор бий болсон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрх зөрчигдсөөр байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургуулийн тоо цөөн учраас жирийн хүүхдүүдтэй хамт суралцах болдог. Энэ үед жирийн хүүхдүүдийн аав, ээжүүд хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хамт сургахгүй гэж гомдол гаргадаг. Энэ бол нэг удаагийн тохиолдол биш. Арван жилийн өмнө байсан, одоо ч байгаа хандлага. Ерөнхий боловсрол эзэмшээгүй хүүхэд яаж мэргэжилтэй болж, тогтвортой ажлын байр, амьдралын баталгаатай болох юм бэ" гэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр арванхоёрдугаар сарын 3-нд тохионо. Энэ өдрийг угтан ХБХХЕГ-аас нэг сарын аян зарлан "Нийгэм- олон нийтийн хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандалагыг эергээр өөрчлөх" нөлөөллийн ажлуудаг арваннэгдүгээр сарын 3-наас хойш тасралтгүй зохион байгуулж байгаа ажээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ МPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597712
0 эможи

keyboard_arrow_up