Оюутнуудыг хичээлдээ машинтай явахыг хориглоё
Олон улсын том хурлуудын концепц,стандарт аль болох байгаль дэлхийд ээлтэй болоход чиглэгдэж байгаа талаар тэнд оролцогчид мэдээлж байна. Тухайлбал, хуралд оролцогчыг нийтийн тээврээр, эсвэл алхаж ирэх шаардлага тавьдаг болжээ.
Энэ нь хүн бүр машин, такси унаж агаар бохируулахгүй гэсэн эко шаардлага юм.
Хотын түгжрэлд хамаг цаг зав, уур ууцаараа барж байгаа улаанбаатарчуудад энэ шаардлага хамгийн чухал санагддаг юм. Юуны түрүүнд оюутнуудыг хичээлдээ машинтай явахыг хориглох хэрэгтэй. Хотын төвдөө бүх л их, дээд сургууль нь байрладаг манай улсад оюутнууд машинтай ирж, сургуулийн орчинд маш их түгжрэл үүсгэдэг. Тэр орчмын машины зогсоол энэ тэрийг бол ярихын ч хэрэггүй, оюутнуудын машинаар дүүрсэн байдаг. Өглөө хичээлдээ ирээд буцаад явахын хооронд оюутнууд нийтийн тээврээр зорчих хэрэгтэй.
Тэдэнд зориулаад автобусанд үнэгүй зорчих карт хүртэл гаргасан. Нийтийн тээврээр зорчихгүй гэвэл дугуй унаж, алхаж болно. Оюутны амралт эхлэхээр түгжрэл багасдаг нь их олон оюутан машинтай хичээлдээ явдгийн илрэл юм. Ингэж машины тоо, хөдөлгөөнийг хязгаарлахгүй бол хотын хөдөлгөөн таг зогссоор л байх болно. Нөгөө талаар агаарын бохирдолд ч эерэг нөлөөтэй эко шийдэл байх болно.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
|