COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Мөнхболор: Хөрөнгө оруулагчдаасаа ичиж байна

2018 оны 10 сарын 16

Arslan.mn“Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхболортой ярилцлаа.

-“Улаанбаатар Смарт Карт” ХХК нийтийн тээвэрт ухаалаг систем нэвтрүүлсний гайгаар энэ салбарт зарцуулж байгаа мөнгөө хянаж чадахаа больчихлоо гэх шүүмжлэлийг зарим эх сурвалжийн зүгээс өгдөг бодлоо. Танай компани үнэхээр тийм болгочихсон хэрэг үү?

-Зарим эх сурвалж гэсэн үү. Нэг хүн л тийм зүйл яриад байгаа шүү дээ. Монголын томоохон компанид удирдах ажил хийж байсан бизнесмен гэж болохоор хүн тэгж ярьсан байна лээ. Одоо улс төрийн ажил хийдэг болсон юм байна. Манай компанийн зүгээс үүнийг улс төр хийж байна гэж ойлгож хүлээж авч байгаа.

Уг нь бизнес удирдаж байсны хувьд ярьж байгаа зүйлийнхээ цаад учрыг маш сайн мэдэж байгаа байх. Өөрөөр хэлбэл, тэр хүн бид бүхний энэ ажлыг яаж амжуулж хийсний зовлон бэрхшээлийг хамгийн сайн мэдэх ёстой юм л даа. Гэхдээ улс төр нь болдоггүй юм байлгүй дээ.

Нэгэнт тэр хүн хэвлэл мэдээлэл ашиглаж манай компанийн үйл ажиллагааны талаар сөрөг мэдээлэл түгээсэн учраас бид олон нийтэд зориулж тайлбар өгөх ёстой байх л даа.

Шуудхан хэлэхэд энэ бол гүтгэлэг. “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил буюу нийтийн тээвэрт төлбөрийн ухаалаг систем шилжсэнээр далд байгаа орлогыг ил болгож, хяналтын системийг сайжруулсан. Хяналт алдагдаагүй, харин хяналттай болсон байна. Бидний ажлын үр дүн энэ. Тэгэхээр тэр хүний гүтгээд яриад байгаа нь ор үндэсгүй болж байгаа биз?

-Чухам ямар хяналттай болсон гэж?

-Өмнө нь иргэдийн автобусанд төлсөн мөнгийг автобусны компани тоолоод, тоолсон дүнгээ амаар хэлж, тооцоогоо гаргадаг байлаа. Манай систем хэрэгжсэнээс хойш цахим системээр дамжуулаад автобусаар зорчигчдын төлбөрийг нэг бүрчлэн тоолох боломжтой болсон. Тодруулбал 2015 оны долоодугаар сарын 22-нд энэ төсөл хэрэгжиж эхэлснээс хойш энэ орлого жилд 4-8 тэрбум төгрөгөөр өссөн.

Бас Монгол Улсын нийт ахмадын тоогоор тооцож төрөөс мөнгө олгодог байсан. Харин ухаалаг системд шилжсэнээр ахмадын тоог яг бодитоор тоолдог болсон. 

Тухайлбал, өмнө нь буюу 2013 онд 53.2 тэрбум, 2014 онд 59.3 тэрбум, 2015 онд 53 тэрбум төгрөг тус тус олгосон байдаг. 2016 оноос эхлээд цахим картаар зорчилтыг нэг бүрчлэн тоолдог болж, энэ мөнгөнд хэмнэлт гарч 2016 онд 36.1 тэрбум, 2017 онд 30.5 тэрбум, 2018 онд 34 тэрбум төгрөг болсон байна.

Үүнээс гадна, манай төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө автобусны компаниуд шугаманд явсан орлого гэж дээр хэлсэнчлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд хөнгөлөлттэй зорчигчдын зардлаа аваад болдог байсан. Тийм болохоор автобусны компаниуд орлогын хойноос хөөцөлдөж хүн авахын тулд булаацалддаг байлаа. Автобусны буудал дээр уралддаг, шахцалддаг гэсэн асуудлууд их гардаг байсныг нийслэлийн иргэд мэднэ дээ.

Харин манай компани цахим систем хэрэгжүүлж эхэлснээр зорчигчдыг нэг бүрчлэн тоолж, автобуснуудыг хэдэн цаг ажилласан гэдгийг бодитой хянадаг болсон юм. Тийм учраас дараа дараагийн шатны хөгжүүлэлт хийх боломжтой болсон.

-“Ухаантай’' систем маань энэ автобус тэдэн удаа рейс хийсэн шүү гэдэг тоог гаргаж ирдэг. Тэр тоонд нь үндэслээд нийслэлийн төсвөөс явсан цаг болгоноор мөнгө өгдөг. Энэ зардал 2014 он огт байгаагүй 0, 2015 овд 21 тэрбум байсан. Харин өнөөдөр 53,4 тэрбум төгрөг болсон. Нийслэлийн урсгал төсвийн 3-ны 1 хувь нь нийтийн тээврийн урсгал зардал болчихсон. Хэрэв энэ янзаараа зардал нь өсөж явсаар 130 тэрбумд хүрвэл Улаанбаатар хотын бүх иргэдийг тэр чигт нь үнэгүй явуулах хэмжээний зардал болно” гэж эх сурвалж хэвлэлээр яриад байгаа?

-2015 оны аравдугаар сарын 23-ны НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар нийслэлийн тээврийн цахим төлбөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн баталсан. Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглах журам, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам, нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф батлах тухай асуудал л даа.

Уг тогтоолын дагуу автобусны компаниуд хотын зах, хотын төв, олон хүнтэй газар нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаагаас үл хамааран ажилласан цагаараа санхүүжилт авч байхаар шийдсэн. Энэ зардлыг нь нийслэлийн төсвөөс санхүүжүүлж олгох шийдвэр гарсан.

Тэгэхээр энэ шийдвэр нь “Улаанбаатар Смарт Карт” ХХК-тай ямар ч хамааралгүй. Энэ тухай яриад байгаа хүн уг нь үүнийг мэдэх ёстой газарт нь ажиллаад байгаа юм шүүдээ.

Ер нь энд нэг зүйлийг хариуцлагатай хэлэхэд, “Улаанбаатар Смарт Карт” ХХК бол автобусны компаниудын ажилласан гүйцэтгэл, цагийг ухаалаг систем ашиглаж холбогдох газруудад гаргаж өгдөг. Ингэхээр бүх зүйл ил тод, шилэн болж байгаа юм. Энэ дагуу нийслэлийн зүгээс арга хэмжээ авч ажиллаад ихээхэн хэмнэлт гаргаж байгаа.

Тэгэхээр зардал өслөө гэдэг яриаг манай компани руу чиглүүлэх нь гүтгэлэг болчхоод байгаа юм. Тэр хүн ингэж үзэж байгаа бол өөрийнхөө эрх үүргийн дагуу холбогдох газарт нь асуудлаа оруулаад засаад, залруулаад явах хэрэгтэй. Цаашид ийм байдлаар манай компани руу гүтгэн дайрах явдлыг хүлээн зөвшөөрөхгүй

-Ер нь танай компанийн үйл ажиллагаанд хэн хяналт тавьдаг юм бэ. Эрх дураараа байж байдаг компани юм биш үү?

-Нуух зүйл бидэнд байхгүй. “Улаанбаатар Смарт Карт” компанийн 24 хувийг Улаанбаатар хот эзэмшдэг. Тийм болохоор хяналтаа тогтоодог. Компанийн ТУЗ-д ч төлөөлөлтэй.

Ганцхан жишээ хэлье. Нийтийн тээвэр 100 хувь картын системд шилжсэнээс хойш өдөр тутам картааР үйлчлүүлсэн хүмүүсийн төвлөрсөн орлогыг шилэн дансан дээр аж ахуйн нэгжээр нь, тухайн өдрийн явсан цагаар нь бодоод Нийслэлийн тээврийн газраар хянуулдаг шүү дээ. Тэндээс л автобусны компаниудад явсан цагаар нь хуваарилдаг юм.

Түүнчлэн cap бүрийн 5-нд үнэгүй зорчигч, хөнгөлөлттэй зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан зэрэг хөнгөлөлттэй зорчигчдын нийт тоон мэдээг чиглэл тус бүрээр нь Нийслэлийн тээврийн газраар батлуулан Нийслэлийн төрийн санд өгдөг. Нийслэлийн төрийн сангаас ажлын гүйцэтгэлийг хянаж Нийслэлийн тээврийн газарт өгдөг. Харин тээврийн газар манайхаас өгсөн мэдээллийн дагуу аж ахуйн нэгжүүдэд хуваарилалт хийх зарчмаар явдаг. Ингэхээр манай компани яаж ажилладаг нь тодорхой биш байна гэж үү?

-Бүх зүйл хяналттай. Манайх ямар ч мөнгө төгрөг зарцуулах эрхгүй гэж та ярьж байна. Маргааш бас үүнийг чинь няцаасан мэдээллийг эх сурвалжуудын зүгээс өгөх л байх даа?

-Хэрвээ иймэрхүү зүйл дахин яривал тэр хүнийг хувийн ашиг сонирхлоор хандаад байна гэдэгт би итгэнэ. Ер нь гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирж, нутагшуулах, барьж тогтооно гэдэг амаргүй ажил. Бид БНСУ-аас хөрөнгө оруулалт татаж, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийг байгуулаад нийтийн тээвэрт ухаалаг систем нэвтрүүлэх ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Үүгээрээ бахархдаг.

Монгол Улсаас нэг ч төгрөг гаргуулалгүй энэ төсөл хэрэгжсэн. Манай улсад сүүлийн жилүүдэд амжилттай хэрэгжсэн томоохон төслүүдийн нэг бол яахын аргагүй энэ юм.

Би олон зүйлийг дээр тайлбарлалаа. Гэхдээ бид ганцхан зүйлээс л бүгдийг харж болно. Өнөөдөр хаанахын ч чиглэлийн, ямар ч хамаагүй автобусанд суугаад үз. Хамгийн наад зах нь зорчигчид ямар ч хүндрэлгүйгээр, хэний ч зааваргүйгээр урд хаалгаар орж суугаад, хүрэх газраа очоод хойд хаалгаар буудаг болсон. Бас автобусан дотор ямар нэг стресс, хэрүүлгүй. Бүх зүйл ном журмынхаа дагуу явдаг болсон. Үүнийг анзаарах хэрэгтэй. Энэ бол том соёл, бас том ажил.

Ер нь тэгээд гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэдэг Монгол Улсын бодлого шүү дээ. Нэг хэсэг нь оруулж ирэх гэж үйл тамаа үздэг. Биднийг зүв зүгээр сууж байхад “Алив энэ мөнгийг аваад нийтийн тээврээ ухаалаг системтэй болгоодох” гээд өгчхөөгүй шүү дээ.

Арайхийж гаднын хөрөнгө оруулалтыг нутагшуулж, үр дүн нь гарсаар байтал улс төрийн, эсвэл хувийн ашиг сонирхлоор хандаж, элдвээр гүтгэн доромжилж байгаа нь маш харамсалтай байна. Хөрөнгө оруулагчид маань үүргээ гүйцэтгэсэн. Манайд өөрсдийнхөө хөрөнгийг оруулж, нийтийн тээврийн ухаалаг системийг нэвтрүүлчихлээ.

Гэтэл яг энэ зовлонг маш сайн мэддэг хүн хүртэл ийм үйлдэл гаргаж байгаад гайхаад байгаа юм. Ажил амжилттай болсны дараа бизнесмен хүн хүртэл нийтийн албан тушаалтны нэрээр ингэж дайраад байгаа нь түвэгтэй л байна. Ер нь бол хөрөнгө оруулагчдаасаа л их ичиж байна даа. Нуугаад яах вэ, заримдаа ч хэлэх үггүй болдог юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596012
0 эможи

haha
2018-10-16 10:31
shaa shaa monhboloroo chi hulgai l hgd bnda itgel torohgui bna
keyboard_arrow_up