COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ТББ гэх дүрэмгүй “тоглогч”-дыг цэгцэлнэ

2018 оны 8 сарын 10

ТББ гэх дүрэмгүй “тоглогч”-дыг цэгцэлнэ

“ТББ-ын нэрээр ашгийн төлөө ажиллаж байгаа хуулийн этгээд цөөнгүй байгааг мэдсэн ч шалгаж тогтоох нь хүндрэлтэй байна. ТББ болон Сан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хамаарахгүй тул хяналт тавих боломж нь алга. Татварын алба нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж байхдаа ашиг орлого олж байгаа байгууллагад заавал татвар ногдуулж байх үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. Тиймээс ТББ олсон ашгаа хуваарилах, дүрэмдээ заасан зорилгод зарцуулахгүй Удирдах зөвлөл, үүсгэн байгуулагч зэрэг нь аливаа хэлбэрээр шилжүүлэн авах тохиолдолд татвар ногдуулдаг болох нь илүү зохистой болов уу” гэсэн татварын байцаагчийн яриа Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас захиалан хийлгэсэн судалгааны эмхтгэлд байна. 

 

Монголын 18325 ТББ-ын 5437 огт үйл ажиллагаа эрхлээгүй, 3340 үйл ажиллагаагаа түр зогсоосон, 267 үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон, 63 нь хаяг тодорхойгүй болон бусад шалтгааны улмаас ямар нэгэн мэдээлэл байхгүйг тус тайланд мөн дурджээ. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Монголын ТББ уу, гадаад улсаас санхүүждэг байгууллагуудын төлөөлөгчийн газрууд уу гэх хэмжээнд хүрсэн. ТББ нэрийн доор үндэсний аюулгүй байдалд заналхийлж, үндэстнийг хагалан бутаргах далд зорилготой хэлбэр цагаандаа гарч эхэллээ” хэмээн жиргэжээ.

Энэ бол ноцтой баримт. Хариуцлагатай албан тушаалтан хэлсэн тул баттай ч гэж хэлж болно. 10 гаруй жилийн өмнө нийт төрийн бус байгууллагын 50 хүрэхгүй хувь нь гаднын санхүүжилттэй байсан бол одоо 80 хувь нь гаднын санхүүжилтээр ажилладаг болжээ.

Үнэндээ ТББ нэрээр хуульгүй, дүрэмгүй тоглогчид олширсон. Тэднийг байгуулж, хөгжүүлж, ашиглаж буй зорилго нь цэвэр бус. Энэ олон ТББ-ын цаана юу байна вэ гэдэг нь өөрөө асуудал. Компани хэлбэрээр явахаар татвар төлөх гээд байдаг учраас татвараас зайлсхийж ТББ болдог аж. Саяхны нэгэн мэдээллийн сайт дээр “Төрийн ордноор дүүрэн ТББ-ын тэргүүд” нэртэй нийтлэл гарсан байлаа. УИХ-ын гишүүд бүгд 1-3 ТББ-ыг тэргүүлдэг нь уг нийтлэлээс харагдана.

Гэтэл ТББ-тай байгаа нь зөвхөн гишүүд бус. Сүүлийн үед төрийн зарим үүргийг ТББ-д шилжүүлэхтэй холбоотойгоор сайд, дарга нар, тэр ч байтугай тэдний туслах, зөвлөх, тойрон хүрээлэгчид ТББ байгуулах явдал газар авчээ. Төрөөс эрхийг нь олгож, тусдаа төсөв хүртэл суулгадаг учраас сайд, дарга нарын дэргэд байгаа, мэдээлэлд ойр хэсэг нь энэ боломжийг ашигладаг нь нууц биш болсон. Гэвч төрөөс өөр тоглогчгүй байсан нийгмийг халж гарч ирж буй тэдгээр ТББ ямар үүрэг гүйцэтгэж байна.

Шашны чиглэлээр гэхэд 500 гаруй ТББ Монголд үйл ажиллагаа явуулдаг байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, эмэгтэйчүүдийн эрхийг хангах, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах гээд ТББ-уудын анхлан байгуулагдаж байсан чиглэл бий. Энэ талын ТББ-ууд гишүүдийн болон бусад гадаад дотоод хандивлагчдын мөнгөөр санхүүжиж үйл ажиллагаа явуулдаг. Олон жилийн өмнөөс хүн төрөлхтний хувьд асуудал болгон дэвшүүлж ирсэн энэ мэт чиглэлийг гадаад, дотоодгүй, төрийн, төрийн бус гэлтгүй бүхий л талаар дэмждэг учраас тэр. Гэхдээ сүүлийн үеийн төрийн бусчуудын овоорч буй сэдэв нь уул уурхай, газар болчихож.

Тэд аль нэг уул уурхайн төслийг гацаах, шантаажлах, жагсаал цуглаан, өлсгөлөн, суулт зохион байгуулах ажлыг хийнэ. Харин мэдээлэлд, шийдвэр гаргагчид ойр хэсэг нь бөөн манлайлал ярьж, энд тэнд лекц унших, сургалт зохион байгуулах нэрээр төсвөөс мөнгө гаргуулж авдаг болсон байна.

Төрийн бус байгууллагыг мөнгө босгох суваг болгон ашиглах байдал Монголоосоо хальж олон улсын тусламжийн байгууллага, хандивлагчид хандан шууд гуйлга гуйдаг хэсэг ч бий аж. Тэгэхдээ ТББ-ын зорилго, үйлдэл, санхүүжилт, үр дүнг хянахгүй бол төрийн мөнгийг зувчуулах нэг хэрэгсэл, улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээндээ хүрч томорсныг салбарын яам хүлээн зөвшөөрч байна.

ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр “..Шашны байгууллагын асуудлыг оруулж ирнэ. ТББ-ын халхавчин доор шашны байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа. Сүүлдээ ТББ-ууд нь төрийнхөө дээр гараад сандайлах нь. Тиймээс хуульчилж журамлах цаг нь болсон. Үе үеийн Засгийн газар энэ асуудлыг шийдье гэхээр халгаад байдаг байсан...” хэмээн ярьжээ.

Дэд сайдын хэлсэнчлэн шашны чиглэлээр гэхэд 500 гаруй ТББ Монголд үйл ажиллагаа явуулдаг статистик байна. Тэр дунд христийн 277, буддын 206, ислам 21, бөө мөргөл 17, шинто хоёр, хиндү болон бахай урсгалын тус бүр нэг ТББ байдгийг “Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ, шаардлагын тандан судалгаа”-ны эмхтгэлд бичсэн байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593691
0 эможи

keyboard_arrow_up