COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Зууны 100 эмэгтэйг шалгаруулна

2018 оны 5 сарын 23

“Даян дэлхийн монгол эмэгтэйчүүд хамтдаа” ТББ-аас “XXI зууны эмэгтэйчүүд” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Уг төслийн эхний шатанд “Зууны 100 эмэгтэй”-г олон нийтийн санал асуулгаар шалгаруулах гэж байгаагаа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж мэдэгдлээ. Хэвлэлийн бага хуралд “XXI зууны эмэгтэйчүүд” төслийг санаачлагч “Даян дэлхийн монгол эмэгтэйчүүд хамтдаа” ТББ-ын тэргүүн Д.Энхжаргал, www.gereg.mn сайтын үүсгэн байгуулагч, эрхлэгч Т.Бүдээхүү, төслийн зөвлөх, “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, төслийн Цахим хариуцсан менежэр Н.Алтантуул нар оролцлоо.

Төслийг Д.Энхжаргал, Т.Бүдээхүү болон ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нар санаачилжээ.

“Даян дэлхийн монгол эмэгтэйчүүд хамтдаа” ТББ-ын тэргүүн Д.Энхжаргал:

НҮБ-аас 2030 он хүртэл дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилтод  ядууралгүй, хүчирхийлэлгүй, тэгш шударга дэлхий ертөнцийг байгуулахад эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо чухлыг онцлон заасан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жендэрийн үндэсний хороог яамны бүтцээс статусыг нь дээшлүүлж, Ерөнхий сайдын дэргэд ажиллуулахаар саяхан шийдвэрлэсэн.НҮБ-ын болон Монголын Засгийн газрын эмэгтэйчүүдийг дэмжиж байгаа эдгээр бодлогуудтай энэ төсөл маань уялдаж байгаа.

Би өөрөө СоцИнтернийн эмэгтэйчүүдийн байгууллагын дэд Ерөнхийлөгчийн хувиар НҮБ-ээс 3-р сарын 18-нд зохион байгуулсан Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын хуралд УИХ-ын эмэгтэй гишүүдтэй оролцсон. Энэ хуралдааны үеэр дэлхий даяар ядуу байгаа хүмүүсийн олонх нь эмэгтэйчүүд, тэр эмэгтэйчүүд ихэвчлэн хөдөөгийн алслагдсан бүс нутгуудад байна гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс хөдөөгийн эмэгтэйчүүдийн үйлдвэрлэж байгаа органик бүтээгдэхүүнүүдийн үнэлгээг бодитой тогтоож, дэлхийн зах зээлд гаргах асуудлыг ярих хэрэгтэй гэж Монголын төлөөлөгчид санал тавьсан. Мөн хөдөөгийн эмэгтэйчүүддээ хүрч ажиллах асуудлыг ч ярьсан.

Өнгөрсөн 2 өдөр яригдсан Эдийн засгийн форумын үеэр ч эмэгтэйчүүдэд эдийн засгийн эрхийг хэрхэн хүргэх вэ гэдэг асуудал яригдлаа. Иймээс эмэгтэйчүүдийн асуудал, жендэрийн асуудлыг нэг шат ахиулахад энэ төсөл бодитой хувь нэмэр оруулна гэж бодож байна. Бид хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллана. Одоогийн байдлаар МҮОНТВ мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллахаар саналаа өгсөнд талархаж байгаа. 

www.gereg.mn вэб сайтын эрхлэгч Т.Бүдээхүү:

“Зууны 100 эмэгтэйчүүд” шалгаруулалт бол “XXI зууны эмэгтэйчүүд” төслийн анхдагч ажил.  Эмэгтэйчүүдийн оролцоо дэлхийн хөгжилд улам бүр  бодитой болж байгаа. Энэ хөгжлийн хандлагыг Монголын хөрсөнд авч ирэхэд хувь нэмэр оруулахаар бид энэ төслийг санаачилсан.

100 эмэгтэйн шалгаруулалтад нэр дэвшүүлэх, шалгаруулах үйл явцыг олон нийтийн санал асуулгаар, нээлттэй, шударга, ил тод явуулна.

Нэр дэвшүүлэлт, шалгаруулалтыг ирэх зургадугаар сарын 1  буюу Эх үрсийн баяраар эхлүүлж, энэ ондоо багтаан дуусгахаар төлөвлөж байна. 100 эмэгтэйг шалгаруулах шалгаруулалтыг 2 үе шаттай явуулна. Зуун жилийн турш Монголын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан 100 мундаг эмэгтэйг шалгаруулахдаа ерөнхийдөө 1 жилээс 1 эмэгтэй гэсэн зарчмыг баримталж байна. Нэр дэвшүүлэлт, шалгаруулалт эхлэх үед тухай бүр хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээгээр олон нийтэд мэдээлж, санал авах журмыг танилцуулна.

Нэр дэвшүүлэлт болон санал асуулгыг цахим сүлжээ ашиглан явуулна. Шалгарсан 100 эмэгтэйн талаар телевизийн цуврал нэвтрүүлэг, нийтлэлүүд, ном гарч олон нийтэд хүрнэ. Хэвлэл мэдээллийн энэ ажлаар дамжуулаад эмэгтэйчүүдийн манлайлал, хөгжилд оруулах хувь нэмрийн талаарх олон чухал мэдээлэл олон нийтэд хүрнэ гэж ойлгож болно.

Төслийн зөвлөх, “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө:

Цоо шинэ хэлбэрийн төсөл санаачилж эхлүүлж байгаа төсөл санаачлагчдад би чин сэтгэлээсээ талархаж байгаа. Жендерийн үндэсний хорооны гишүүний хувьд надад энэ төслийн агуулга сонирхолтой, өгөөжтэй байна. Монголын эмэгтэйчүүд бол нүүдэлчдийн соёлыг тээж ирсэн гол хүмүүсийн нэг бөгөөд дэлхийд гайхуулах түүхэн уламжлалтай хүмүүс. Нүүдэлчдийн соёлд хаан ухаан,хатан ухаан хоёуланг төрийн хэрэгт хэрэглэж байсан. Гэрт нөхрийн нэрээр ороод гэргийн нэрээр гардаг гэсэн гүн ухаантай ард түмний үр сад юм, бид.

Эмэгтэйчүүдэд эрх чөлөө олгосон утгаараа ч Ази тивдээ бахархах түүхтэй хүмүүс. Дэлхийд 1915 онд  Дани улс эмэгтэйчүүдийг санал өгүүлж байсан дэлхийн анхны орон. Тэгэхэд Монгол Улс 1924 онд сонгуульд санал өгөх улстөрийн эрхээ баталгаажуулж, өвлөх эрхээ баталгаажуулж, богтлох ёсыг халж байсан түүхэн уламжлалтай. Төрийн хэрэгт оролцож, төр тэргүүлж  байсан хатдаараа ч бахархаж явах учиртай. 1924 онд анх эмэгтэйчүүдийн байгууллага байгуулж, бүсгүйчүүдийн тасаг гэдгийг анх байгуулж байсан түүх бидэнд бий.

1931 онд Монголын эмэгтэйчүүдийн анхдугаар их хурал хийхэд, 300 эмэгтэйчүүд орж, түүний 98 хувь нь бичиг мэдэхгүй, 8 зарц эмэгтэй орж байсан.

Тэгвэл өнөөдөр Монголын эмэгтэйчүүд ямар түвшинд хүрснийг бид бүгд мэднэ.  Энэ төсөл 100 жилийн 100 эмэгтэйг шалгаруулж, алдрыг нь мөнхжүүлж, цаашдаа ч олон зүйл хийх гэж байгаа нь үнэхээр талархууштай.

Төслийн цахим сүлжээ хариуцсан менежэр Н.Алтантуул:

“Зууны 100 эмэгтэй” шалгаруулалт цахим сүлжээнд өөрийн сувгуудаар олон нийтэд хүрэх болно. Нэр дэвшүүлэхийг хүссэн хүн гар утасны дугаар, фэйсбүүк, твийтэрээрээ дамжуулан нэр дэвшүүлж, санал асуулгад оролцоно. Нэр дэвшүүлэлтийн тухайд хүмүүсийн дэвшүүлсэн нэрийг зохион байгуулагчид  худал баримттай, нэр дэвшүүлэх үйл ажиллагааг санаатай мушгин гуйвуулсан, садар самууныг сурталчилсан зэргийг хянаж үзээд, www.100woman.mn вэб сайтад байршуулна. Нэр дэвшүүлэлтээ хаасны дараа санал асуулгаа эхлүүлнэ.

Цахим  орчин дахь мэдээлэл, сурталчилгааг бид өөрийн фэйсбүүк, твийтэр зэрэг сошиал хаягуудаар дамжуулан хүргэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
57653
1 эможи

keyboard_arrow_up