COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Э.Хангал: Төсөв, мөнгө ярихаар барилга мэддэг гэдэг ч, хариуцлага ярихаар мэдэхээ байчихдаг

2018 оны 5 сарын 03

Arslan.mn

“Барилгын хөгжлийн төв”-ийн Барилга байгууламжийн зураг төсөл магадлалын хэлтсийн дарга Э.Хангалтай ярилцлаа.

-Зураг төсөл магадлалаар оруулахад хүнд суртал байна гэж ярьдаг. Зураг төсөл магадлалаар оруулах үйл ажиллагааны хуулийн хугацаа хэд хоног байдаг вэ?

Тийм яриа байдаг. Шуудхан хэлэхэд тэгж ярьж байгаа захиалагч болон зураг төсөл зохиогч аж ахуйн нэгжүүдийн өөрсдийн хариуцлагагүй байдал мөн чадамжтай холбоотой. Энэ хоёр субьектийн хоорондох амьд харилцаа байхгүйн нэг хэлбэр нь. Удаж байгаа гэж хэлэх шалтгаан гэвэл зургийн даалгавар тодорхойгүй, олгогдсон газрын хэмжээ хэтрүүлсэн, зориулалт өөрчилсөн, архитектур төлөвлөлтийн  даалгавар зөрчсөн, батлагдсан эскиз нь ажлын зургаасаа зөрсөн, техникийн нөхцөлүүд аваагүй, зураг төсөлгүй төсөв хийсэн мөн зураг төсөл шалгасан экспертүүдийн өгсөн зайлшгүй тусгагдах ёстой  үүрэг даалгаврыг засварлах гэж уддагаас л энэ яриа үүсэлтэй. 

Гэтэл энэ дундаас захиалагч гэж “дураараа нөхөр” гарч ирдэг.  Зарим нэг зураг төсөл зохиогчид захиалагчийн хууль, дүрэм зөрчсөн асуудлыг өөгшүүлж, “аманд нь” “халаасанд нь” явж байгаад маш их харамсаж явдаг. Энэ бол буруу юмаа гэдгийг хэлэх зоригтой, мэргэжлийн ёс зүйтэй байгаасай гэж боддог.  

 Барилгын зураг төслийг магадлалаар оруулахад хуанлийн 21 хоног буюу ажлын 15 хоног дотор гэдэг ч зураг төслийн баримт бичгийн бүрдэл нь бүрэн тохиолдолд хугацаанаас нь өмнө шийдвэрлэн магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргаж байгаа. 

-Зураг төсөл магадлалын ажлыг цахим хэлбэрт шилжүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Үр дүн хэрхэн харагдаж байна вэ

-Манай үйл ажиллагаа бүрэн цахимжсан гэж ойлгож болно. Цахимжуулж ил тод болгосноор экспертүүд, аж ахуйн нэгжүүд болон манай тухай асуудал хариуцсан мэргэжилтнүүд эдгээрийн хоорондын үл ойлголцлыг шийдвэрлэхээр  хэн нь ямар чанартай зураг төсөл боловсруулсныг, ямар хүн хувийн асуудлаар хандаж дахин дахин шалтгаангүйгээр буцааж байгааг, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй удааж байгаа нь хэний буруу, мөн хаана, хэн дээр ямар шалтгааны улмаас дүгнэлт бичигдэхгүй удаж, хугацаа алдаж байгааг хянах үүднээс “хяналтын хуудас”-ыг нэвтрүүлэн ажиллаж байна. Нэг ёсондоо талууд санал гомдлоо нээлтэй илэрхийлнэ гэсэн үг юм.

Бид нийт чиглэл тус бүрийн 207 орон тооны бус экспертүүдтэй гэрээ байгуулан ажилладаг. 2017 оноос нэг цэгийн үйлчилгээг байгууллагадаа нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ үйл ажиллагаа аж ахуйн нэгжүүдэд ч, экстертүүдэд ч тааламжтай байгаа. Гол зорилго маань зураг төсөлд магадлал хийх ажлыг нээлттэй,  ил тод түргэн шуурхай явуулах юм. Зураг төслийн аж ахуйн нэгж, байгууллагууд зургаа гадуур хянуулах, цаг хугацаа алддаг байдлыг зогсоосон.

Экспертүүд нэг цэгт төвлөрснөөр хуваарийн дагуу барилга байгууламжийн зураг төсөл зохиогч аж ахуйн нэгж, байгууллагын боловсруулсан техникийн төслийн буюу эх загвар зураг, ажлын зураг төсөл, төсвийн иж бүрдэл тухайн зургийн уялдаа холбоог үзэж, нягтлан техникийн шийдэл нь зөв эсэх, барилгын норм ба дүрэм, барилгын дүрэм болон стандартын шаардлага хангаж байгаа эсэх талаар өөрийн холбогдох хэсэгт /инженер геологи, БА, ББ, ХАС, ЦБУ, цахилгаан, автоматик, ХД, төсөв/ магадлалын дүгнэлтээ хариуцлагатайгаар гаргах  боломж нь бүрдэж байгаа юм. Ингэснээр зураг төслийн чанар сайжирна. Зураг төслийн чанар сайжирна гэдэг нь барилгын чанар сайжирна л гэсэн үг.

Монгол Улсын хэмжээнд улс болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгө, хувийн хөрөнгө оруулалтаар баригдах орон сууц, олон нийт, захиргаа, үйлчилгээ, үйлдвэрийн барилгууд гэх мэт бүхий л барилга байгууламжийн зураг төсөл магадлалаар орох ёстой. Барилгын тухай хуулиндаа ч заасан байгаа.

Энгийнээр тайлбарлавал таны барилга, байгуулажийн зураг төсөл магадлал хийгдэж баталгаажснаар та тухайн өөрийн эзэмшил, өмчилсөн газар дээр ийм хэлбэр хэмжээтэй, тэдэн давхар, тийм өртөгтэй барилга гэдгийг тодорхойлж өгч байгаа хэрэг юм.

-Зураг төслөө магадлалд оруулахаасаа өмнө улсын төсөвт мөнгө суулгаснаас асуудал үүсч төсөв зөрдөг гэдэг байдлыг яаж зохицуулах ёстой вэ?

-Мэргэжлийн хүмүүсийн ул суурьтай, үндэслэлтэй үгийг сонсох хэрэгтэй. Сүүлийн үед  төсөв, мөнгө ярихаар бүгд барилга мэддэг. Хариуцлага ярихаар мэргэжлийн байгууллагыг буруутгаад өөрсдөө барилга огт мэддэггүй хүмүүс болж хариуцлагаас зугтдаг тал байсаар байна. Барилгын өртгийг тооцоо судалгаагүй өөрсдийн баримжаа үнэ хэлж улсын болон орон нутгийн төсөвт суулгадаг. Болно гээд л явдаг. Гэтэл яг барилгын ажил эхлэхээр төсөвлөсөн мөнгө нь хүрдэггүй.

Ер нь  хамгийн түрүүнд барилга байгууламжийн зураг төсөл, төсвөө магадлалаар баталгаажуулж  улсын төсөвтөө суулгаж барилгаа барих ёстой гэсэн зарчим  үйлчилнэ.

Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр Барилга хот байгуулалтын яам нь салбарынхаа бодлогоо барьж, хэрэгжүүлэх арга хэмжээгээ авдаг, бусад салбарын яамд нь захиалгаа өгдөг, ашиглагч  л байх ёстой. Гэтэл өнөөдөр бүх л яам барилга ярьдаг “гажиг” тогтолцоотой болсон. Зураг төсөл нь мэргэжлийн байгууллагаар хянагдаагүй төсөл, арга хэмжээг төсвийн хөрөнгө оруулалтад оруулж, төлөвлөх явдал их байна. Зориулалтыг нь өөрчилсөн, зураг төсөлгүй, хэрэгжих боломжгүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ цөөнгүй байна. Барилга байгууламжийн төлөвлөлттэй холбоотой асуудлыг бүрэн шийдээгүй байхад хөрөнгө батлуулан барилгын ажлыг эхлүүлснээс хугацаандаа багтахгүй он дамжин сунжирч байна. Өөрөөр хэлбэл бидний ярьдгаар “царцсан” барилга байгууламж их болж байгаа нь хэнд ч тодорхой л байна шүү дээ. 

-Улс, болон орон нутгийн төсөвийн хөрөнгөөр баригдах барилгын зураг төсөв магадлалаар баталгаажиж тодорхой болдог гэж та дээр дурьдсан. Энэ төсөв юу юунаас бүрддэг вэ?

Бид 2016 оноос барилгын төсвийн задаргаан дээр нэлээд анхаарлаа хандуулж ажилласан.

Тухайн барилгын төсөвт өртөг гээд нэг том дүн харагддаг ч төсөвт задаргаа хийгээд ирэхээр:

  • үндсэн барилга,
  • дотор инженерийн шугам сүлжээний ажил
  • гадна инженерийн шугам сүлжээний ажил
  • Гадна тохижилтын ажил

Бусад ажил  гэх мэтчилэн мөнгөн дүнг тодорхой байдлаар дэлгэрэнгүйгээр гаргаж  тавьснаар тэр мөнгөн дүн дан ганц барилга биш юмаа гэдгийг харж болно. Цаашлаад энэ барилга газар дээрээ баригдах бодит өртөг нь энэ юм гэдгийг л харуулахыг зорьсон.

Улс, болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийгдэх ажлын төсвийг тооцоо судалгаагүйгээр баримжаагаар төсөвт суулгаж байгаа нь маш ноцтой үр нөлөөтэй.

Яагаад ноцтой вэ гэхээр улсын төсөвт бодит тоог тавиагүйгээс төсвийн зөрүү гарч аж ахуйн нэгж, байгууллагуудыг төр өөрөө  хууль зөрчих асуудал руу түлхэж байгаа нэг хэлбэр гэж үздэг.

-Улс, орон нутгийн төсөвт тухайн барилгын төсөвт өртөг бүрэн суугаагүйгээс хөрөнгө мөнгөний зөрүү гарч байгаа нь хууль зөрчиж байна гэсэн үг үү?

-Улсын төсвөөс санхүүжих хөрөнгө нь  дутуу батлагдсан төсвөөр тухайн барилга байгууламжийг барьж дуусгахын тулд гүйцэтгэгч компани хамгийн хямд материал ашиглаж эхэлдэг. Мэдээж хууль зөрчихгүйн тулд татвараа төлөх чадамжтай, ашигтай байх хэрэгтэй. Компани ашиггүй ажиллана гэдэг чинь өөрөө хууль зөрчсөн асуудал болж байгаа юм. Нэг аж ахуйн нэгж, байгууллагын ард хэдэн арван хүн хоолтойгоо залгаж байгааг бодох л ёстой.

Хэн нэгэн эрх мэдэлтэн амаараа “тоо” тавьж, тэр “тоондоо” багтааж энэ барилгыг барь гэж хэлж байгаа үйлдэл нь улсын төсвийг хэмнэх биш эсрэгээрээ хууль зөрчиж аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө санхүүгийн дарамт учруулж байгааг л зогсоох ёстой гэж үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56841
24 эможи

keyboard_arrow_up