COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Н.Түвшинзаяа: Татварын хөнгөлөлт авах иргэдийн материалыг энэ сарын 15-наас авч эхэллээ

2018 оны 1 сарын 17

Arslan.mn

Хэрэв та татвар төлөгч бол хүүхдийнхээ сургалтын төлбөрт төлсөн нийт мөнгөний 10 хувийг буцаан авах, мөн шинэ болон хуучин орон сууц худалдан авах, өөрөө орон сууц барьсан тохиолдолд түүнийхээ нийт мөнгөн дүнгийн 30 хувийн 10 хувийг чөлөөлүүлэх боломжтой байдаг. Энэ нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар хэрэгждэг юм. Тэгвэл иргэд энэ мэт хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахдаа ямар материал бүрдүүлэх юу анхаарах талаар Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Хувь хүний татварын тасгийн дарга Н. Түвшинзаяагаас тодрууллаа.

-Хувь хүний орлогын албан татвараас хөнгөлөлт үзүүлэх, орлого чөлөөлөхөд ямар орлогууд багтдаг вэ?

-Юун түрүүн татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх гэдэг нь өөр өөр ойлголт гэдгийг хэлмээр байна. Манай иргэд үүнийг нэг мэтээр ойлгож, ярьж, зарим тохиолдолд маргаан үүсдэг. Бидний яриад буй энэхүү хөнгөлөлт, чөлөөлөлтийг Хувь хүний орлогын албан татвар төлөгч иргэн эдлэх боломжтой. Үүнд ямар төрлийн орлого багтдаг вэ гэхээр цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого байна.

Харин Орлогын албан татвараас хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөх олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж, донорын олговор, албан томилолтын зардал, даатгалын нөхөн төлбөр, Монгол Улсын төрийн шагналууд малчин өрх, мал бүхий этгээдийн зөвхөн малын тоо толгойд ногдох зэрэг 15 төрлийн орлогыг татвараас чөлөөлдөг. Эдгээр чөлөөлөлтийг иргэдийн оролцоогүйгээр төрөөс зохицуулдаг.

Харин хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогынхоо 10 хувийг татвараас чөлөөлдөг. Үүнийг төрөөс биш иргэд өөрсдөө материал бүрдүүлж авдаг. Материалаа бүрдүүлээд харьяа дүүргийн татварын хэлтэст, эсвэл нэг цэгийн үйлчилгээнд егөх боломжтой. Энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл материал авна.

-Тухайлбал, ямар материал бүрдүүлэх талаар тодруулахгүй юу?

-Энэ төрлийн татвараас орлого чөлөөлөхөд дөрвөн төрөл бий. Өмнө нь хүн оршин сууж байгаагүй, шинээр баригдсан орон сууц, ашиглалтад байсан хуучин орон сууц, өөрийн хөрөнгөөр зуслан болон хашаандаа орон сууц барьсан тохиолдолд дараах есөн төрлийн бичиг баримт бүрдүүлнэ. Үүнд, иргэд татварын бүртгэлийн дэвтрээ хуулбарын хамт, Хувь хүний орлогын албан татварын тайлан, иргэний үнэмлэх, хуулбар, үүнд ТҮЦ машинаас авсан лавлагаа багтана.

Мөн нийгмийн даатгалын дэвтэр хуулбарын хамт, үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбарын хамт, орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ, хуулбарын хамт, орон сууц худалдан авсан төлбөрийн хамт. Гэхдээ уг баримт нь ebarimt.mn цахим хуудаст бүртгүүлсэн байх хэрэгтэй. Үүнээс гадна орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт, холбогдох баримт хуулбарын хамт байх юм.

-Дахин орон сууцны хөнгөлөлт эдэлж болох уу. Тэр тохиолдолд дээрх бичиг баримтыг дахин бүрдүүлэх ёстой юу?

-Дахин хөнгөлөлт эдэлж болно. Харин өмнөх эдэлсэн хөнгөлөлтөөсөө бага бичиг баримт бүрдүүлэх бөгөөд орон сууц худалдан авсан болон барьсан орлогын эх үүсвэрээ нотлох шаардлагагүй. Зөвхөн өөрийн орлого, татварын дэвтэр, тайлан, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбарын хамт байхад болно.

-Орлогын хөнгөлөлтөд харин юу байх вэ? 

-Орлогын хөнгөлөлт үзүүлэх гэдэгт иргэн үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тэжээлийн ургамал тариалсан бол үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах татварыг 50 хувиар хөнгөлдөг. Мөн татвар төлөгчийн хүүхэд нь гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.

Үүнээс гадна суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хөнгөлөлтөд мөн хамааруулна. Энэ хөнгөлөлтөд мөн хэд хэдэн бичиг баримт бүрдүүлнэ.

Тухайлбал, хүүхдийнхээ сургалтын төлбөрийн татварын тодорхой хувийг авах бол мөн орлогын тайлан, иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтэр, хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, сургалтын төлбөр төлсөн баримт, суралцагчийн сургалтын төлбөрийн баримт, орлогын эх үүсвэр, нотлох баримтуудыг бүрдүүлэх ёстой байдаг.

-Ямар тохиолдолд татвар төлөгч эдгээр хөнгөлөлт, чөлөөлөлтийг авах эрхгүй болох вэ?

-Энэ жил авсан хэр нь дараа жил авах шаардлага хангаагүй иргэд байдаг. Хуулийн дагуу иргэн жилд нэг удаа татварын тайлангаа харьяа дүүргийн Татварын хэлтэстээ өгөх ёстой байдаг. Гэтэл гадаад руу явах, эсвэл мартсан гэх шалтгаанаар өгдөггүй. Ингээд нэг жил тайлангаа өгөлгүй өнжихөөр хариуцлага тооцох арга хэмжээ авдаг.

Хариуцлага тооцно гэхээр энэ төрлийн үйлчилгээнд хамрагдахгүй гэсэн үг. Орлого олоогүй байсан ч иргэд татварын тайлан өгөх ёстой. Ер нь татвар төлөгч иргэн жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны хооронд дүүргийнхээ татварын мэргэжилтэнтэй уулзаж зөвлөгөө авч байх ёстой.

-Хөнгөлөлт чөлөөлөлтийн үйлчилгээнд энэ жилээс “ХУР” систем ашиглаж байгаа гэсэн. Энэ талаар тайлбарлахгүй юу?

 -“ХУР” систем нь хурууны хээгээр нийгмийн даатгал, иргэний үнэмлэх, амьдран сууж буй газрын лавлагааг тодруулдаг. Ингэхээр иргэдийн бүрдүүлэх материал багасаж, татвар төлөгчид чирэгдэлгүй болоод зогсохгүй, бидний ажлыг ч хөнгөвчилж байгаа юм.

-Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг иргэд хэр их авдаг вэ. Танай дүүрэгт л гэхэд жилд хэчнээн иргэн авч байна вэ?

-Жил бүр энэ төрлийн үйлчилгээ авах иргэдийн тоо нэмэгддэг. Бид 2016 оны тайлан гаргахад дүүргийн хэмжээнд 2,861 иргэн хөнгөлөлт, чөлөөлөлтийн материал өгсөн байсан. 

-Хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахад анхаарах ёстой асуудал юу байдаг вэ. Иргэдийн бухимдлыг хамгийн их төрүүлдэг зүйл юу вэ? 

-Дийлэнх иргэд байр авахдаа үл хөдлөлийнхөө гэрчилгээг барьцаалаад банкнаас зээл авдаг. Гэтэл бид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувийг зайлшгүй үзэх шаардлагатай байдаг. Иргэд эх хувиа банканд барьцаалсан тул бидэнд авч ирэх боломжгүй байдаг. Ингээд зөрчил үүсэж, иргэд бухимддаг. Энэ тохиолдолд иргэн банкин дээр очоод гэрчилгээний хуулбар үнэн гэсэн тамга даруулаад ирэхэд л болно гэдгийг иргэддээ сануулмаар байна.

Дараагийн нэг сануулах асуудал нь иргэд дүүрэг хоорондоо шилжихдээ дүүрэгтээ хасалтаа хийлгэдэг. Үүнийгээ бүх бичиг баримт нь тухайн дүүрэг рүү шилжсэн гэж ойлгодог. Гэвч Оюуны өмч, улсын бүртгэлийн газар шилжилт нь хийгдсэн байсан ч дүүргийн Татварын хэлтэст хасалт нь хийгдээгүй байдаг гэдгийг нэмж хэлмээр байна, Ялангуяа сонгуулийн дараа энэ байдал бүр их ажиглагддаг.

Эх сурвалж: Үндэсний шуудан 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
2
52456
9 эможи
keyboard_arrow_up