COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дэлгэцийн ДОНД НАСНЫ ЗААГ байдаггүй

2018 оны 1 сарын 09

“Би хоногт ганц л цаг Facebook хэрэглэдэг. Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор нэг группт элсээд дөрвөн жил болж байна. Оройдоо группдээ англиар бичих зүйлээ бичээд, ажил, гэрийн хооронд бол чихэвчээр хичээлээ сонсоод явдаг. Үүний ачаар одоо хүмүүстэй ярихдаа энэ үгийг өнгөрсөн цаг дээр хэлэх байсан уу, миний дуудлага ямар байгаа бол гэх зэрэг айдасгүй харилцдаг болсон” хэмээн нэгэн эмнэлгийн удирдах албан тушаалтнаар томилогдоод удаагүй шинэхэн танил маань сонирхууллаа.

Жилд олон зүйл зэрэг амжуулах гэж оролдохын оронд нэг л зүйлд анхаарлаа хандуулж, бага багаар урагшлуулах нь хүнд өөрийгөө хөгжүүлэх асар их боломж олгодог гэдэг зарчим баримталдаг тэрбээр ажлаасаа гэртээ 19.00 цагт ирээд, унтах хүртлээ нэг л цагийн хугацаанд өнөөх группдээ завсарлагагүй ганц л цаг суудаг аж. Харин үлдсэн хугацаанд нь хүүхэд, гэр бүлдээ анхаарал, халамжаа зориулж, дуртай киногоо үзэж цагийг өнгөрүүлдэг байна. Харин хэдхэн хоногийн өмнө өөр нэгэн танил бүсгүй маань нөхрийнхөө компьютер тоглоомд хамаг цагаа зарцуулж байгааг тэвчих аргагүй болсон учраас тусдаа амьдрахаар шийдсэнээ хуваалцсан юм.

Интернетийн хэрэглээ нойргүйдлийн шалтгаан болж эхэллээ

“Монголд анх компьютер тоглоом орж ирсэн үе нөхрийн минь хүүхэд настай давхацдаг юм. Тиймээс ч компьютер тоглоомоор хүүхэд насныхаа зугааг гаргаж өнгөрүүлсэн. Надтай суухаасаа өмнө тоглоомын газар ажиллуулдаг байсан. Гэвч одоо хүртэл тоглодог. Хэдийгээр найзуудтайгаа шөнөжин тоглоод явдаггүй боловч ажлаасаа ирээд гэртээ шөнө дунд өнгөртөл тоглож, үүр цайхаас өмнөхөн орондоо ордог. Анхаарал халамж хүсэж байгаагаа аашилж, аргадаж аль алинаар нь л хэлдэг. Хариуд нь “Ойлгож байна. Ажлын стресс их байна” гэдгээс өөр тайлбар хэлдэггүй юм. Хүүхдүүд маань хүртэл тоглохоос өөр ажил мэдэхгүй өсөх нь шиг байна” гэв.

Түүний ярихыг сонсож суухад Facebook-ийн ээжүүдийн групп дээр үе үе давалгаалдаг бухимдал санаанд орж ирэв. Тэнд голдуу бямба гарагийн өглөө үүр цайтал компьютер тоглодог нөхөртэй эхнэрүүдийн PC тоглоомыг харааж зүхсэн сэтгэгдэл хахдаг юм. Дэлгэцийн донд зөвхөн хүүхдүүд, өсвөр үеийнхэн автдаггүй. Насанд хүрэгчид ч ухамсаргүйгээр хэрэглэж байгаа нь аюултай гэдгийг мэргэжилтнүүд анхааруулдаг. Гагцхүү архи, хар тамхи шиг ганц хоёр сар, жилийн дотор эрүүл мэнд, амь насанд заналхийлдэггүй учраас хүмүүст дэндүү хол санагдаж байж мэдэх юм гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн их эмч Ж.Гантулга анхаарууллаа.

Тэрбээр “Одоохондоо дэлгэцийн зохистой ба зохисгүй хэрэглээний заагийг нарийн тогтоогоогүй. Гэхдээ хүний амьдралыг бүхлээр нь харвал ажил, гэр бүл, хүүхэд, амралт, боловсролдоо зарцуулах цаг хугацаа тэнцвэртэй байвал тухайн хүн харьцангуй эрүүл амьдралтай гэж ойлгож болно. Хүүхдэдээ цаг зав гаргаж чадахгүй удаан явснаас нэг л өдөр хүүхэд нь хар тамхи, архи, компьютер тоглоомоос хамааралтай болж, сэтгэц нь өөрчлөгдсөнийг мэддэг. Энэ бүхэн тухайн хүний амьдрал тэнцвэргүй болжээ гэсэн үг. Үүнтэй адилаар олон нийтийн сүлжээ, компьютер тоглоомд ихэнх цагаа өнгөрүүлснээс ажлаа алдаж байгаа бол дэлгэцийн хэрэглээ таны амьдралын тэнцвэрийг алдагдуулж байна гэж ойлгох хэрэгтэй” гэв. Саяхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлгэцийн донг албан ёсоор сэтгэцийн эмгэгт тооцдог болсон. Apple Inc-ээс хийсэн судалгаагаар ухаалаг утас хэрэглэгчид өдөрт дунджаар 80 удаа гар утсаа шалгадаг аж.

Дэлгэцийн хэрэглээ амьдралын тэнцвэрийг алдагдуулдаг

Гэхдээ энэ тоо заримдаа 150 ч хүрэх үе байдаг хэмээн АНУ-ын Цахиурын хөндийн вентур болох Kleiner Perkins байгууллага 2013 онд тооцоолж байжээ. Мөн америкчуудын 90-ээс дээш хувь нь гар утасны хэрэглээгээ хэтрүүлдэг гэж үздэг бол Британийн насанд хүрсэн гурван хүн тутмын хоёр нь гар утсаа шөнө шалгадаг байна. Харин манай улсад насанд хүрэгчдийн гар утас, интернет тоглоомд зарцуулдаг цагийн талаар хийсэн судалгаа байхгүй гэдгийг сэтгэцийн эмч нар хэлсэн.

Гэхдээ ийм судалгаа хийх цаг нь нэгэнт болсон гэдгийг тэрбээр тодотгосон юм. Мэдээж монголчуудын интернет хэрэглээ маш хурдтай нэмэгдэж, улам хувийн шинжтэй болж байгааг илтгэх тоон үзүүлэлт бий. Тухайлбал, өнгөрсөн оны хагас жилийн байдлаар нийт интернет хэрэглэгчийн 92 хувь нь өрх гэр байсан бол дата хэрэглээ 2016 оныхоос 50.2 хувиар өссөн гэх статистикийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан байна. Сэтгэц аливаа хэрэглээнээс хамааралтай болоход хэвийн, эрсдэлтэй, аюултай, донтолт гэсэн дөрвөн үе шатыг туулдаг аж.

Мэргэжлийн хүний нүдээр харахад манай улсад одоогоор гар утасны хэрэглээ эрсдэлтэй түвшинд байгаа гэж СЭМҮТ- ийн их эмч тайлбарлав. “Яагаад гэвэл, сошиал медиагаас болж хүмүүсийн унтах цаг нь хойшилж байна. Facebook-ийн чатад хүмүүс шөнө дунд өнгөртөл онлайн байх нь нэмэгдэж байна. Бас манай эмнэлгийн ядаргааны тасагт хэвтэж байгаа өвчтөнүүдийн дийлэнх нь нойргүйдлийн шинж тэмдэгтэй байдаг. Нойргүйдлийн гол шалтгаан нь интернет, компьютер тоглоом, цахим орчны хэт хэрэглээ гэдгийг баттай” хэлнэ хэмээн Ж.Гантулга ярилаа.

Харин Британийн Telegraph сонинд дэлгэц, ухаалаг утсыг хэт хэрэглэх нь насанд хүрэгчдийг яг л хүүхэд шиг донтуулдаг гэдгийг онцолсон байна. Мөн онлайн харилцаа нь хүнийг найз нөхөд, ойр дотнынхонтойгоо уулзаж, сэтгэлээ нээж, асуудлаа ярих боломжийг хаачихдаг. Амьд харилцааг цахим харилцаагаар орлуулах нь тухайн хүний эрүүл мэндэд асар их хор уршигтай аж. Сошиал орчинд 5000 найзтай ч сэтгэлээ чин сэтгэлээсээ уудалж, тайвширч чадахгүй хүн олон байгааг мэргэжилтнүүд анхааруулав. Бодит амьдрал дахь би, би-гийн гэр бүл, ажил төрөлд сошиал орчны нөлөө орж байвал энэ нь дэлгэцээс хамааралтай амьдралын хэв маяг болсны илрэл болдог байна. Гэхдээ мэдээллийн технологийн эриний гол зэвсэг болсон дэлгэцтэй ухаалаг төхөөрөмж, интернетийг амьдралдаа ашигтайгаар хэрэглэх сонголт хүн бүрт бий.

Цахим хэрэглээнд донтсон эсэхээ цэгнээрэй

Интернет тоглоом болон олон нийтийн сүлжээг байнгын давтамжтай хэрэглэх нь тухайн хүний амьдралд илэрхий сөрөг нөлөө үзүүлж, стрессийн шалтгаан болдог. Доорх шинжүүдээс 5-аас доошгүй нь сүүлийн 12 сарын хугацаанд илэрч байгаа тохиолдолд эмчид яаралтай хандаж сэтгэцээ оношлуулаарай.

  1. Интернет тоглоомд санаа зовних - Тухайн тоглоомынхоо талаар байнга бодох төдийгүй, дараагийн тоглолтоо төлөвлөх зуршилд автаж, өдөр тутмын амьдралынх нь давамгайлах нэг хэсэг болох.
  2. Тоглоом тоглохоо болих үед цочимтгой болох, сэтгэл түгшүүрлэх, уйтгарлаж гуниглах.
  3. Интернет тоглоом, олон нийтийн сүлжээнд зарцуулах цаг нь байнга нэмэгдэх.
  4. Интернетийн хэт хэрэглээгээ СЭМҮТ © хянах гэсэн бүтэлгүй оролдлогууд хийх.
  5. Өмнө нь сонирхлыг нь татдаг байсан хобби, зугаа цэнгэл, үзвэр үйлчилгээг таашаахаа болих.
  6. Нийгэм сэтгэлзүйн сөрөг нөлөөг нь мэдрсээр байж үргэлжлүүлэн интернетэд олон цагийг өнгөрүүлэх.
  7. Эл хэрэглээнийхээ талаар гэр бүлийн гишүүд, эмч, мэргэжилтнүүдэд худлаа ярих.
  8. Сэтгэлийн сөрөг хөдлөл, стрессээс зайлсхийхийн тулд, эсвэл түүнийг багасгах зорилгоор интернет тоглоом тоглох.
  9. Интернет тоглоомоос болж хичээл сургууль, гэр бүлийн харилцаанд нь асуудал гарах, ажил мэргэжил, боловсролын хувьд ахиж дэвших боломжоо алдах.

З.Цэлмэг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
52074
2 эможи
keyboard_arrow_up