COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Явуул нөхөр, тавиул хүүхдийн тоог бүү нэмээч

2017 оны 11 сарын 14

Байгаль дэлхийн буян хишгийг эдэлж, уул уурхайг даган амьдрал ахуйгаа залгуулдаг 40 мянга гаруй хүн Монголд бий. Улсын эдийн засгийн ихэнх хувийг бүрдүүлж, өөд нь татаж яваа тэдний олонх нь “нисдэг уурхайчид”. Орон гэрээсээ олон хоногоор хол ажилладаг уурхайчдыг ийнхүү нэрлэдэг юм билээ.

Сарын хагаст нь ажиллаж, үлдсэн хагаст нь гэртээ ирдэг тэдний амьдралын хэв маяг бусдынхаас тэс ондоо. Шороо чулуутай хутгалдаж, бор хоног, шар өдрүүдийг хүнд хөдөлмөрт нухчуулан чадан ядан өнгөрөөсний эцэст цалингаа өвөртлөн харьдаг тэднийг аавыгаа бүлтийтлээ санасан үрс, амьдралдаа түүртсэн эхнэрүүд нь хүлээнэ. Нэг л их өндөр цалин, мөнгөтэй гэгддэг тэдний амьдралын гүн рүү өнгийж харвал манай нийгмийн хамгийн хөнөөлт дайсан тэнд аль хэдийнэ “соёолж”, бараан уршиг тарьж байна. Уйтай, гаслантай энэ үзэгдэл бол гэр бүл салалт, бяцхан үрсийн өнчрөл.

Уурхайчин болно гэдэг гэр бүлээ золиослох ёстой гэсэн үг биш

Сүүлийн арван жилийн тоон мэдээллийг сөхвөл манай улсад гэр бүл салалт бүр гурав дахин нэмэгджээ. 2006 онд 1448 гэр бүл салсан бол өнгөрсөн жил энэ тоо 4003-т хүрчээ. Хэдийгээр уул уурхайн салбарт ажиллаж буй иргэдийн салалт өссөн эсэх талаар тоон мэдээлэл байхгүй ч бодит амьдралд хэн бүхний мэддэг, ярьдаг үзэгдэл болчихлоо.

Гэр бүлийн харилцаа нь тартагтаа тулж, салаагүй юм гэхэд нэгнээ хардаж, сэрдсэн, хуурсан зэргээс харилцаа нь хэврэг болсон тухай уурхайн шороон дотор амьдралынхаа тэн хагасыг өнгөрүүлэхээр сэтгэл шулуудсан эрчүүд маань ярьдаг. Мэдээж үүнд цөөн тооны эмэгтэйчүүд ч бас багтана. Уурхайчдын “нууц” амьдрал руу өнгийсөн нэгэн судалгаа бий. 2012 онд Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр хийсэн уул уурхайн салбарт ажиллагсдын ХДХВ, ДОХ-ын талаарх судалгаанд эдгээр иргэнийг дээрх өвчин тусах эрсдэлтэй хэмээн дүгнэжээ.

Яагаад ийм дүгнэлтэд хүрснийг дэлгэрүүлж тайлбарлах нь илүүц биз гэж бодоход бүр балагтай тоог дээрх судалгаанаас олж уншлаа. Уул уурхайн олборлолт, бүтээн байгуулалт ид идэвхжсэн 2010-2012 онд Өмнөговь аймагт бэлгийн замын халдварт өвчин нэмэгдэж, аюулын харанга дэлдэж байсныг онцолжээ. Энэ бол уул уурхайн олборлолт идэвхжиж, мөнгө олох гэсэн залуус тус аймгийг олноороо зорьж байсан үе.

Яагаад уул уурхайг дагасан иргэдийн амьдрал гангар шаазан шиг хэврэг болов. Уг нь монголчууд үр хүүхэд, гэр бүлээ гэсээр насыг бардаг тун гэр бүлсэг хүмүүс. Хэрэв тэд нутаг орондоо цалингаараа хангалуун амьдарч чаддаг бол ийнхүү хүнд хүчир ажлын төлөө гэр бүлээ золиослохгүй байсан. Тэгдэг юм гэхэд авч буй цалин нь хангалттай байсан бол гэр бүлийнх нь харилцаанд ан цав бага суух байв. Оффист ажилладаг дээгүүр албан тушаалтнуудын ихэнх нь олон сая төгрөгийн цалинтай.

Гэтэл яг газрын гүнд өдөржин бөхөлздөг, эсвэл өдрийн ихэнхийг машин, техник дотор өнгөрүүлдэг уурхайчдын хувьд өөр. Тухайлбал, нэгэн алтны компанид жолооч хийдэг танил маань 1.2 сая төгрөгийн цалинтай. Хагас сар ажиллаад гэртээ ирэхэд авчирсан цалин нь өр, зээл, хоол унд гээд дуусдаг. Ар гэрийнхээ амьдралд түүртсэн эхнэр нь түмэн зовлон тоочсоор угтдаг аж. Эхнэр нь амьдралынхаа бүхий л асуудлыг нуруун дээрээ үүрч буй тул мань хүн өрхийн тэргүүн биш, явуулын хүн шиг болжээ.

Ханбогдод хот босгох “амттай” амлалт утаа мэт замхрав

Сүүлдээ ийм амьдралаас залхаж, цалин багатай ч гэр бүлийнхээ дэргэд байхыг илүүд үзсэн. Харин түүнээс ондоо, гэр бүлээ цааш түлхэж, мөнгө төгрөг, хоёр дахь амьдралыг сонгосон хүн цөөнгүй биз. Уг нь хүүхдийн сургууль, цэцэрлэгээс эхлээд нийгмийн асуудал нь цэгцэрсэн хөгжилтэй оронд олон хоногоор явдаг ажил бэрхшээл биш болсон. Авдаг цалин нь өндөр, нийгэм нь төлөвшсөн учраас толгой өвтгөх зүйл бага. Жишээлбэл, канад нөхөр нь Оюутолгойн уурхайд ажилладаг байсан монгол эмэгтэй өөрийнхөө гэр бүлийг бат бөх хэмээн бардам хэлж байна.

Тэрбээр одоо Канадад амьдардаг бөгөөд нөхөр нь 14 хоног ажиллаад, 14 хоногт нь гэртээ байдаг. Нөхрийнх нь цалин амьдралд нь хангалттай хүрдэг, нийгэм нь төлөвшсөн, стресс багатай учраас ажлаас нь шалтгаалсан ан цав гэр бүлийнх нь харилцаанд огт гардаггүй аж. Хэрэв монголчуудын амьдралын “чанар” сайн, цалин хангалттай бол заавал салалттай нүүр тулах албагүйг энэ жишээ харуулна. Гаднынхан ийнхүү монголоос “саасан” мөнгөөрөө сайхан амьдарч байхад түүнтэй яг ижилхэн ажил хийдэг монгол хүн яагаад ийнхүү өөдлөхгүй байгаагийн шалтгааныг эрх мэдэлтнүүд хариулах ёстой.

Гэр бүлсэг монголчуудын хувьд явуулын хүн шиг амьдрал зохидоггүй. Орой ажлаасаа ирээд гэргийнхээ халуун хоолыг идэж, хүүхдийнхээ инээдэнд ядаргаагаа тайлахыг хүсдэггүй хүн гэж үгүй. Хос хоёрыг хагацааж буй энэ дутуу гацууг шийдэх гарц уг нь бий. Олон жилийн нөөцтэй том ордуудыг түшиглэн хот байгуулдаг жишиг аль ч улсад байдаг. Хамгийн ойрын жишээ гэвэл, Эрдэнэт хот. Анх Оюутолгойн ордын бүтээн байгуулалт эхэлж байхад Ханбогд сумыг хот болгохоор төлөвлөж байсан түүхтэй.

Гэтэл өдгөө энэ бүхэн цаасан дээрх зураг төдий шарлан үлдэж, сайхан амлалт нь утаа мэт замхарчээ. Уул уурхайг Эрдэнэтийн дайтай том хот босгох амлалтын оронд ажилчдын зөөврийн мэт хотхон л бий болгосон. Хэрэв дээрх “амттай” амлалт ажил хэрэг болсон бол Улаанбаатарын “бөөгнөрөл”- ийг бага ч гэсэн шингэлэх байсан биз. Зэвүүцмээр нь тэр мөнгийг манай хэдхэн улстөрч халаасалсан гэдэг. Улаанбаатарт шилжин ирэгсдийн олонх нь ажлын байр бараадан нийслэлийг зорьдог. Хэрэв Ханбогдод хот босговол түүнийг дагасан ажлын байр нэмэгдэх нь гарцаагүй. Манай орны уул уурхайн нөөц арвин, салбарын ирээдүй ч өөдрөг.

Тиймээс нэгэнт л эрдэс баялаг олборлож, хүн ажиллаж л байгаа учраас тэдний нийгмийн асуудалд ч гэсэн анхаарах нэн шаардлагатай байна. Гаднын томоохон уурхайнуудад ажилчдынхаа гэр бүл, нийгмийн асуудалд зөвлөгөө өгдөг сэтгэл зүйчид байдаг нь манайд өдрийн од шиг цөөн.

Уурхайчдын хөдөлмөрийг аль болох хөнгөвчилснөөр тэдний ажлын ачааллыг ч эрс багасгах боломжтой. Харин манайд уул уурхайн ашиг орлого, олон тэрбумаар хэмжигдэх мөнгө ярихаас биш тэр их баялгийг бүтээж буй хүнээ хөсөр хаячихаад байна. Уурхайчин болно гэдэг үнэт зүйл болсон гэр бүлээ заавал золиослох ёстой гэсэн үг биш байлтай. Монголчууд бие холдвол сэтгэл холдоно гэж ярьдаг. Сарын хагаст гэр бүлийнхнээ харалгүй хар ажилд нухлагдаж буй тэднийг буруутгах гэсэнгүй. Тэд бүгд л орон гэрээ тэжээх гэж, өрнөөс өрний хоорондох борог амьдралаа дээшлүүлэхийг хичээж буй манай залуу үе.

Харин тэнд “соёолж” буй гэр бүл салалтын үр, үндсийг тасдахын тулд хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа төр засаг үүнд яах аргагүй буруутай. Төр, засгийнхаа арчаагүй байдлын төлөөсөнд БНСУ руу явж, гэр бүл салалтын тоог үржүүлэхийн хүрдээр нэмж буй иргэдийн араас уурхайчид орчихоод байгааг нүдээ нээгээд анзаараач. Явуул нөхөр, тавиул хүүхдийн тоог бүү нэмээч.

Б.Баярмаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49562
0 эможи
keyboard_arrow_up