COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хэт төвлөрлийн сүүдэр

2017 оны 10 сарын 20

-Хамгийн стресстэй орнуудын жагсаалтад Монгол Улс дөрөвдүгээрт бичигдэв-

Өвлийн уур амьсгал хэдийнэ орсон энэ цаг мөчид нийслэлийн 2000 гаруй иргэн халаалтгүй орон сууцанд даарч, бээрэн бөөн бухимдалтай сууна.

Улаанбаатарын авто замын голд машинд дайруулж үхсэн гөлгийг шиншлэн, хажуунаас нь алхам ч холдохгүй суух нохойг харсан хүмүүсийн сэтгэл тавгүйрхэн, өрөвдөж, халаглана.

Ажил үүргээ гүйцэтгэж байсан замын цагдааг нэг жолооч дайраад унагачихлаа гэсэн мэдээлэл цахим ертөнцөөр тархаж, хүмүүс мөн л гайхаж, балмагдан санаа зовж байна.

Өндөр настай аав нь гэртээ ухаан алдаж, үр хүүхэд нь түргэн тусламж дуудсан ч замын түгжрэлээс болж эмч ирэлгүй удлаа хэмээн уйлж, цухалдан, үгээ барна.

Энэ бүхэн өнөөгийн манай нийгмийн нэгээхэн дүр зураг. Ийм эмгэнэлтэй явдал өдөр бүр зөвхөн Монголд гэлтгүй олон оронд болдог. Үүний хажуугаар баярлан хөөрч, догдлох сайхан үйл явдлууд ч тохиодог. Тэр бүрт хүмүүс уурлаж, бухимдаж, гомдож, гутарч, орилж, хашхирч, инээж, баясна. Энэ бол хүмүүний бие, сэтгэлийн хариу үйлдэл буюу стрессийн илрэл юм байна.

Энэ бол хүмүүний бие, сэтгэлийн хариу үйлдэл буюу стрессийн илрэл юм байна.

Стресс гэдэг нь бие болон сэтгэлийн хариу үйлдэл хэмээн “Википедиа”-д тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, байх ёстой л “урвал” аж. Гэхдээ энэ үг хэрэглээний явцад бухимдал гэдгийг “орлох” болжээ. Судлаачдын тайлбарласнаар бухимдал ужиграхаараа стресс болдог аж.

Бид өнөөдөр “бугласан” бухимдал дунд амьдарч буй нь алхам тутамд илэрдэг. Та зөвхөн өнөөдөр хэдэн удаа уурлаж, бухимдаж, сэтгэл тавгүйрхсэнээ бодоод, шалтгаан нь юу байсныг нэг тунгаагаарай.

Автобус удаан хүлээснээс, хэн нэгний бүдүүлэг авираас, эмнэлэгт дугаарлан зогссоноос, гудамжинд хөглөрөх хог хаягдлаас, замын түгжрэлээс гэхчилэн бухимдах шалтгаан мундахгүй. Тэр ч бүү хэл, цалин буудаг өдөр хамгийн их айж, стресстдэг гэж ярьдаг хүн олон болжээ. Яагаад гэж үү. Авсан хэд нь өр, зээлийнх нь хаана ч хүрэхгүй учраас тэр. Цалингаас цалингийн хооронд хоолтой, хоолгүй явдаг түгээмэл үзэгдлийн сүүдэр монголчуудыг туйлдуулж, түүнээс болж сэтгэцийн эмгэгтэй болж байгаа жишээ олон. Яг энэ шалтгаанаар хорвоог орхисон хүн ч цөөнгүй. Монголчууд хэр их бухимдалтай байгааг ДЭМБ-ын судалгаа харуулна. Тодруулбал, Монгол Улс дэлхийн хамгийн стресстэй орнуудын жагсаалтад дээрээсээ дөрөвт бичигджээ.

Монголдоо нэр хүндтэй эдийн засагчдын тайлбарласнаар нийгмийг хамарсан бухимдал, стрессийн гол шалтгааныг ахуйгаас бус, улсын эдийн засаг, хөдөлмөр хуваарилалтын зохицуулалтаас хайх ёстой аж. Бүр тодруулбал, авто замын түгжрэлээс үүдэлтэй бүх асуудал, ажилгүй иргэд олширч байгаа нь, хөдөө нутаг эзгүйрч, хотыг чиглэсэн их нүүдэл улам нэмэгдэж буй нь хөдөлмөрийн хуваарилалтгүй байдлаас үүдэлтэй гэнэ.

Улаанбаатараас өөр газруудад бүсчилсэн дэд бүтэц бий болгож, бүтээн байгуулалт хийхгүй бол наад зах нь ганц машин авч унахын тулд, хоол хүнсээ базаахын төлөө нийслэлийг зорьж, хотын их “бужигнаанд” нэрмээс болдог явдал буурахгүй. Үүнээс гадна ихэнх их, дээд сургууль энд л байгаа учраас боловсрол эзэмшихээр, бас боломжийн ажил эрхлэхээр ирэгсдийг буруутгах аргагүй. Үүнийг л төр зохицуулан, хэт төвлөрлийг сааруулах бодлого боловсруулж, хөдөлмөрийн хуваарилалтыг хот, хөдөөд тэнцүүлэхгүй бол стресс хэмээх хар “сүүдэрт” бид даруулсаар байх болно.

Аз жаргалтай амьдралын гол үндэс нь ажилтай, орлоготой, сэтгэл хангалуун байдал гэдэг. Гэтэл бид суурин газартаа бүх зүйлээ төвлөрүүлсний гайгаар түгжрэлдээ “цоожлогдчихоод” хэрхэн бухимдахгүй, стресс хэмээх “мангасаас” хол амьдрах юм бэ. Ийм нөхцөл байдлыг засаж залруулахгүй бол хамгийн аймаар нь стресс ужиграхаараа хүнийг сэтгэн бодож, дүгнэн цэгнэх чадваргүй болгож, улмаар мулгуурдгийг олон улсын судлаачид тогтоосон. Тийм хүн аливаад үргэлж сөрөг хандлагатай болдог учраас нийгмийг цочроосон гэмт хэрэг, муу муухай зүйл гаардаг нь зүй тогтол юм байна.

Бид өдөр болгон шахуу “Монголчууд нэгнийгээ хүндлэхээ болилоо, уураар, биеийн хүчээр, мөнгөөр бүхнийг шийддэг болжээ, охид, бүсгүйчүүд балмад байна, аав, ах нь охиноо, дүүгээ хүчирхийлжээ” хэмээн ярьж, тийм бусармаг байдал жирийн үзэгдэл мэт уулга алдаад л өнгөрдөг болсныг та анзаарч байна уу?

Энэ бол манай нийгмийн стресс ямар “өндөрт” гарсны илрэл. Ийм байдалд хүрсний гол шалтгааныг олж, гаргалгааг нь хэлээд буй эдийн засагчдынхаа үгийг төр сонордох цаг нь болжээ. Уг нь тэдний яриа тун ойлгомжтой энгийн л дээ. Ердөө л зөв бодлого. Төвлөрлийг сааруулж, бүсчилсэн хөгжлийг бий болгох санаа.

Өөрийгөө хайрладаг хүн бусдыг хүндэлдэг.

Үүн дээр нэмээд иргэн бүр бухимдлаа “хөгжөөх” биш, дарж, өөртэйгөө ярьж, сэтгэлээ сайхан үгээр баясгах хэрэгтэй болов уу. Чинаагийн Галсан гуай “Өөрийгөө хааяа ч гэсэн магтаж, сэтгэлээ тайтгаруулж байх хэрэгтэй. Өөрийгөө хайрладаг хүн бусдыг хүндэлдэг. Харилцан хүндлэл байгаа цагт уурлаж, бухимдах хэрэггүй. Тиймээс би хааяа өөртөө “Хөөрхий дөө, муу Галсан чи овоо шүү дээ” гэж хэлдэг” хэмээсэн байдаг. Түүн шиг уурлаж бухимдахыг урьтал болголгүй харилцан хүндлэлтэй хандаж, хааяа өөрийгөө урамшуулж, магтаад, бухимдлаас үүдэлтэй мулгуурлаас хол явъя даа.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Хүн ам нь стресст их өртдөг 74 орны жагсаалтыг “Bloomberg” агентлаг гаргажээ. Байгалийн баялаг, нийгмийн институцүүдийн хөгжлийн хувьд ялгарах зүйл үгүй ч зэвсэгт мөргөлдөөнд нэрвэгдсэн орнууд толгойд эрэмбэлэгдсэн байна. Судлаачид 100 мянган хүнд ногдох хүн амины хэрэг, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ, нийгмийн тэгш бус байдал, авлигын цар хүрээ, ажилгүйдлийн түвшин, хотуудынх нь агаарын бохирдол, дундаж наслалт зэрэг үзүүлэлтийг харгалзан жагсаалт гаргасан аж. Үүний эхний тавд Нигери, Өмнөд Африк, Эль-Сальвадор, Монгол, Гватемал, Колумб, Пакистан, Ямайк, Македон, Боливи улс оржээ.

Стресс үүсгэдэг хүчин зүйл дэлхийн улсуудад харилцан адилгүй

Манай умард хөрш 25, өмнөд нь 29, Япон 60, АНУ 54 дүгээрт жагссан байна. Уг эрэмбийг гаргахдаа НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газар, Олон улсын валютын сан, АНУ-ын Тагнуулын төв газар, Олон улсын авлигатай тэмцэх “Transparency international”, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллийг ашиглажээ. Тэгвэл Германы төдийгүй дэлхийн зах зээлийн судалгааны хамгийн том байгууллага болох “Gesellschaft fur konsumforschung” 22 улсын 15-аас дээш насны 27 мянга гаруй хэрэглэгчээсээ цахимаар санал авч, хүнийг хамгийн их стресстүүлдэг таван шалтгааныг нэрлэжээ.

Тодруулбал, судалгаанд оролцсон хүмүүсийн 29 хувь нь мөнгөний хэрэгцээ, 27 хувь нь өөрөөсөө хэт ихийг шаардсаны улмаас үүссэн дотоод зөрчилдөөн, 23 хувь нь нойр дутуу байх, 22 хувь нь төлөвлөсөн ажилд нь цаг хүрэлцэхгүй болох, 19 хувь нь өдөрт гүйцэтгэх шаардлагатай ажлын хэмжээг стресс үүсгэх гол шалтгаан гэсэн байна.

Мөн тус байгууллагын мэдээлснээр стрессийн шалтгаан наснаас хамааран өөрчлөгддөг. 15-39 насныхан дээр дурдсан шалтгаануудыг ойролцоо үзүүлэлтээр нэрлэсэн бол 40-өөс дээш насныханд ажлын хэмжээний оронд эрүүл мэндийг, 50-иас дээших нь гэр бүлийн гишүүний хэн нэгэнд анхаарах шаардлагын улмаас өөртөө зарцуулах цаг зав хомс болсныг, 60-аас дээш насныхан байгалийн гамшиг, терроризм зэрэг гадаад хүчин зүйлээс улбаатай дотоод зөрчилдөөнийг онцолжээ. Тэрчлэн стресстэхэд хүргэдэг хүчин зүйлс улс бүрт харилцан адилгүй аж. Судалгаанд хамрагдсан орнуудын иргэдийн 14 хувь нь гэмт хэргийг стресстэх гол хүчин зүйл гэсэн байна. Өмнөд Америкийн орнуудад уг үзүүлэлт хамгийн өндөр гарчээ.

ЗӨВЛӨГӨӨ

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн сэтгэл зүйч, хүний их эмч Б.Мөнхнасан
-Стресс бол тухайн хүнд мэдрэгдэх гадаад болон дотоод сөрөг мэдрэмж юм. Өөрөөр хэлбэл, хүн өөртэйгөө зөрчилдөх сэтгэлийн дотоод будлианыг хэлж буй хэрэг. Өөрийгөө бүрэн таниагүй, дуртай, дургүй зүйлсийнхээ талаар хангалттай мэддэггүй хүмүүс стресст амархан өртдөг. Тэгэхээр бусад хүн таныг уурлуулж бухимдуулаад байвал дотоод зөрчил тань их байна гэсэн үг. Дотоод сэтгэлээ сонс, судал, мэдэр. Сэтгэл гутрах нь бидний амьдралд өдөр бүр л тохиолддог. Энэ нь хүмүүсийн ажиллаж, суралцах, амьдрах, нийгмийн болон гэр бүлийн харилцаанд таагүй сэтгэгдэл төрүүлдэг.

Сэтгэл гутрах нь бидний амьдралд өдөр бүр л тохиолддог.

Сэтгэл гутрал таны ажлын бүтээм жийг алдагдуулан, удаан хугацаагаар буюу нэг сараас илүү үргэлжилбэл мэргэжлийн эмчид хандаарай. Стресс зүгээр л нэг таагүй мэдрэмж биш. Ужигравал хүнийг өвчлөмтгий болгодог. Тухайлбал, өдөр тутамд тохиолддог стрессээс болж зүрх, судасны өвчинд нэрвэгдэн, даралт ихэсдэг. Эм уугаад ч нэмэргүй. Тиймээс даралт ихэсдэг бол дасгал хөдөлгөөн тогтмол хийж, бусадтай тааламжгүй харилцаагаа цэгцлэх, ажил, амралтынхаа хуваарийг тохируулах нь хамгийн зөв арга юм. Стрессээ тайлъя гэвэл уг сурвалжийг нь олж, муу зуршил, хандлагаа өөрчлөөд үзээрэй. Мөн та хийж буй ажлаасаа таашаал авч байх нь хамгийн чухал.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Хотын төвөөс зайдуухан оршдог, бидний мэддэгээр Шар хадны эмнэлэгт галзуу, солиотой хүн л очдог гэсэн ойлголт ард хоцорсон. Өнгө төрхөө шинэчилж, үйлчилгээ, эмчилгээгээ сайжруулсан тус эмнэлэгт иргэд алжаалаа тайлах гэж хошуурдаг болсон гэхэд хилсдэхгүй. Учир нь СЭМҮТ-ийн Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн клиникийн 30 ор өдөр бүр эзэнтэй байдаг бөгөөд тэнд хэвтэх гэсэн хүмүүс 2-3 сар дугаарладаг болжээ. Энэ нь манай улсад стрессээс үүдсэн эмгэг ямар их байгааг харуулна.

Манай улсад хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийн 15 хувь нь сэтгэцийн эмгэгтэй байжээ. Өнгөрсөн онд тус клиникт 1120 хүн хэвтэн эмчлүүлсний 203 нь орон нутгийн харьяат аж. Тэдгээр өвчтөний 922 нь сэтгэл заслын эмчилгээнд хамрагдсан байна. Эмийн болон сэтгэл засал, физик эмчилгээг хослуулан хийдгээрээ бусад эмнэлгээс онцлогтой уг клиникт 25-39 насны залуус олноор хандах болжээ. Энэ талаар Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн клиникийн эрхлэгч С.Туяа “Манай эмнэлэгт стрессээс шалтгаалан нойргүйдсэн, сульдаж, ядарсан, сэтгэцийн өөрчлөлтөд орсон хүн давамгайлан хэвтэж байна.

Сэтгэцийн өөрчлөлтөөс болж айдас түгшүүр, нойргүйдэл эхэлдэг. Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн олонх нь 25-39 насныхан. Тэд гэр бүлийн маргаан, ажилгүйдэл, өр зээл зэргээс болж стресст өртөж байна. Өнгөрсөн онд 20-39 насны 374 хүн хэвтэн эмчлүүлсэн” гэлээ.

Айдас түгшүүр, сэтгэл гутралд автагсдын олонх нь залуус

Гадаадад олон жил амьдарч, Монголдоо ирээд цалингийн хэмжээ, орчин нөхцөлд нь дасахгүйгээс сэтгэл нь хямарсан нэгнээс эхлээд оюутан залуус, үйлчлэгч, дарга, сэхээтэн, ажилгүй иргэд гээд нийгмийн бүх л давхаргынхан энд байна. “Өвчин эмгэгийг шинжилгээгээр баталгаажуулдаг бол бид тухайн хүний сэтгэлийн гүн рүү орж, асуудлыг олж гаргадаг. Шаардлагатай үед ар гэрийнхэнтэй нь уулзаж, асуумж авч, хэрхэн амьдардгийг газар дээр нь очиж хардаг юм.

Ингэж байж оношоо тодруулна шүү дээ. Эхийн хэвлийд бүрэлдсэн үеэс нь эхлэн асууж судлахад багад нь эцэг, эх нь архи уудаг, айлд өргүүлсэн, аав, ээж нь салсан, бутач хүүхэд байх нь түгээмэл. Хүүхэд хайрлуулж өсөх ёстой ч энэ хэрэгцээг нь орчин үеийн аав, ээжүүд хангаж чадахгүй байна. Хэдийгээр элэг бүтэн айл байлаа ч мөнгө гэсээр хүүхдэдээ таван минут ч зарцуулж чаддаггүй. “Би мөнгө олж байна, чи онц сур” гэсэн өндөр шаардлага тавьдаг. Элдэв дарамт шахалтаас болж хүүхэд сэтгэл зүйн гэмтэлтэй болдог.

Ийм гэмтэлтэй хүүхдийн зан төлөв нь доголдож, архи уух, ахуйн хий үнэрлэх, хулгай хийх зэргээр буруу зам руу орох нь элбэг” гэж тус клиникийн их эмч Ц.Мөнхтуул ярив. Тэнд эмчлүүлээд, гарч буй эгч, дүү хоёр “Эрч хүчээр дүүрэн сайхан байна. Стресс юунаас үүсдэг, хэрхэн даван туулах аргыг мэддэг боллоо. Сэтгэлээ удирдах нь хамгийн чухал юм байна. Ийм эмнэлэг олон болоосой” гэв. Харин Дундговь аймгаас ирж эмчлүүлж буй өндөр настан “Стресс тайлах амьсгалын дасгал сурлаа. Бүлгийн болон ганцаарчилсан сэтгэл зүйн эмчилгээ нь үнэхээр үр дүнтэй. Хэнд ч, хэзээ ч ярихгүй гэсэн сэтгэлийн мухар дахь үгсийг минь эндхийн сэтгэл засалчид хэлүүлчих юм” гээд инээмсэглэсэн нь сэтгэл ханамж өндөр буйг илтгэнэ.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Р.ЭНХТҮВШИН: Стрессээ ужигруулж, сэтгэцийн эмгэгтэй болох нь түгээмэл АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Сэтгэцийн тэнхимийн багш, Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эмч, докторант Р.Энхтүвшинтэй ярилцлаа.

-Монголын нийгэмд асуудал олон, үүнээс үүдэлтэйгээр иргэд их стресстэж буй. Энэ талаар хийсэн судалгаа бий юү?
-Дэлхий дээрх хэдэн мянган өвчний 15 хувийг стресс дангаар эзэлж буй. 2020 он гэхэд энэ үзүүлэлт 20 хувьд хүрч өснө гэсэн таамаг бий. Манай улсын хувьд сүүлийн 10 жилийн дотор архинд донтох 25, сэтгэл түгших эмгэг найм дахин, сэтгэл гутрах эмгэг долоо дахин буюу нэлээд эрчимтэй өсөөд байна. ДЭМБ-ын судалгаагаар манайх хамгийн их стресстэй орнуудын жагсаалтад дөрөвдүгээрт бичигдсэн.

-Иргэдээ стрессгүй амьдруулахын тулд төр, засгаас ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудыг сэтгэлзүйчтэй болгох хэрэгтэй. Би Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөнтэй хамтран дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийг сэтгэлзүйчтэй болгох ажил санаачлан, хэрэгжүүлж байлаа. Түүнчлэн АШУҮИС-д Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв байгуулсан.

-Ямар шалтгаанаас болж монголчууд ингэж их бухимдаж, стресстээд байна вэ?
-Үүнд хотжилт нөлөөлж байгаа. Замын түгжрэл, цагаа зөв зохицуулж чадахгүй байх зэргээс болж иргэд их стресстэж байна. Хөгжингүй орнуудад сэтгэцийн эмгэгийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Хүмүүсийг сэтгэцийн хувьд эрүүл, сэтгэцийн эмгэгтэй, сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэж ангилдаг. Хөгжингүй улс оронд хүн амынх нь гурав орчим хувь нь сэтгэцийн эмгэгтэй, 37 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна. Хүмүүс стресстэж буйгаа найз, нөхдөдөө ярьж, тайвширч чадахгүй явсаар даамжруулж, сэтгэцийн эмгэгтэй болох нь түгээмэл.

-Стресстэж буй хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Ой тогтоолт муудах, бодол санаагаа төвлөрүүлж, шийдвэр гаргаж чадахгүй болох, бүх зүйл бүтэхгүй байгаа мэт санагдах, ямар нэгэн зүйлд байнга санаа зовниж, ганцаардах шинж тэмдэг илэрнэ. Мөн дарамт шахалтад орсон мэт сэтгэгдэл төрж, гутрангуй үзэлтэй болж, бусдаас өөрийгөө тусгаарлаж эхэлдэг.

-Стрессийг даван туулахын тулд яах ёстой вэ?
-Стресс үүсгэгчээс зайлс хийх, эсвэл дасан зохицох, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хувийн болон ажил хэрэгт тань ачаа нэмж, дарамт учруулж буй хүмүүсээс зайлсхийж сур. Стресстүүлдэг хүмүүсээс зайгаа барь. Хэрвээ хэн нэгэн таны амьдралд түвэг удаад байвал харилцаагаа тасал. Түүнчлэн хэн нэгнийг зан аашаа өөрчлөөсэй гэж хүсдэг шигээ өөрийнхийгөө бас засаж, илүү эрч хүчтэй, өөртөө итгэлтэй бай. Аливаа зүйлээс бүү хойш суу.

Стресстүүлдэг хүмүүсээс зайгаа барь.

-Энэ чиглэлээр иргэдэд зөвлөгөө өгөх газар манайд хэр олон байдаг бол?
-Техник технологи өндөр хөгжсөн энэ үед хүмүүс цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимаар өөрт шаардлагатай мэдээллээ олох боломж бүрдсэн. Хувиараа зөвлөгөө өгдөг сэтгэлзүйч олон бий. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Сэтгэцийн тэнхимийн багш нар иргэдэд зөвлөгөө, тусламж үзүүлдэг. Харамсалтай нь, сэтгэлзүйчийг зорьж очих хүн манайд маш ховор байна.

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

Ц.БОЛДБАЯР (Жолооч)
-Та хэр их стресстдэг вэ? -Замын хөдөлгөөний ачааллыг төр, засаг зохицуулаасай гэж боддог. Бухимдсан ч бусдад аль болох хүндрэл учруулахгүйгээр асуудлаа шийдэхийг хичээдэг. Бусадтай ёс бус харилцдаг, замын хөдөлгөөнд соёлгүй оролцдог жолооч нар их түвэгтэй. Гарцаагүй тохиолдолд бухимдлаа илэрхийлж маргалдах үе бий. Мөн өвлийн улиралд агаарын бохирдол ихтэй. Арванхоёрдугаар сар гарангуут хүүхдээ хөдөө явуулахаас өөр аргагүй болж байна. Үр хүүхдээсээ хол байхаар гэр бүлийн байдал тогтворгүй болно. Үүнийгээ дагаад стресстдэг. Асуудлыг аль болох уурлахгүй, ярилцаж шийдэхийг хичээдэг.

С.БАЛДАН (Өндөр настан)
-Хамгийн их стресстүүлдэг зүйл гэвэл төр, засгийн бодлогогүй үйл ажиллагаа. Төрийн эрх барьж буй хүмүүс идэж уухаа багасгах цаг болсон. Төр, засаг элдэв хэрүүлгүй, гаргасан шийдвэр нь шударга байвал бидний сэтгэл санаа ч тайван болно. Монголчуудын дунд нам, УИХ-ын 76 гишүүнээс болж бухимдаж буй хүн олон байна. Саяхан эмч, багш нар ажил хаяж, жагсаал зохион байгууллаа. Ингээд л бухимдаж эхэлнэ. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдээс мөнгө их нэхдэг. Тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө амьжиргаагаа залгуулдаг болохоор сургуулиас нэхсэн мөнгийг олж өгөх гээд танил талаасаа асууж сурахаас өөр аргагүй болдог.

Найз нөхөдтэйгөө хөгжилдөх, ном унших үед сэтгэл сайхан болчихдог.

С.БАТДУЛАМ (Нягтлан бодогч)
-Хувийн амьдралын асуудлаа бухимдахгүйгээр шийдэхийг хичээдэг. Гэхдээ ажил ихтэй, амрах цаг хомс байдаг. Цалингаа амьжиргаандаа хүргэхийн тулд стресстэх үе бий. Ажлын онцлогоос шалтгалаад олон хүнтэй харилцдаг болохоор уурлах үе гарсан ч тэвчээд өнгөрдөг. Мөн нийгмийн үзэгдэл их бухимдуулж байна. Жишээ нь, фэйсбүүкээр цацагдаж буй мэдээллүүд сэтгэл зовоодог учир нийгмийн сүлжээнд зарцуулах цагаа багасгасан. Автобусны жолооч нар иргэдтэй бүдүүлэг харилцдаг.

Б.ЦЭДЭВДОЛГОР (Оюутан)
-Аль болох стресстэхгүй байхыг хичээдэг. Оюутан болохоор хичээл хийх цагаа зөв хуваарилж чадаагүйгээс бухимдах үе гардаг. Хэн нэгэнтэй үл ойлголцвол зүгээр л орхичихдог юм. Ногоон гэрэл ассан үед зам хөндлөн гарч байхад машинтай хүмүүс хажуунаас гэнэт орж ирдэг. Адилхан л яарч яваа шүү дээ. Замын түгжрэлээс болж хичээлээсээ хоцрох тохиолдол олон. Автобусанд шахцалдана гэх зэргээс болж байнга стресстдэг. Настай хүмүүс автобусанд суудал тавьж өгсөнгүй гэж загнадаг. Залуучууд шүлс, чихрийн цаасаа гудамжинд хаячихдаг.

Хүн анзаарахгүй энэ мэт жижиг зүйлс их бухимдуулдаг. Стресстсэн үедээ автобусаар явахаас илүүтэй алхахыг илүүд үздэг дээ. Найз нөхөдтэйгөө хөгжилдөх, ном унших үед сэтгэл сайхан болчихдог.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48349
0 эможи
keyboard_arrow_up