COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Толгойтын замыг өргөтгөн шинэчлэх ажил эхэллээ

2016 оны 6 сарын 04

Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлт, 36.75 урт метр, 48.75 урт метр төмөрбетон гүүрийн барилга угсралтын ажлын нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гамтөмөр, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд болон бусад холбогдох албаны хүмүүс, дүүргийн иргэд оролцов.   

Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас-Толгойтын эцэс хүртэлх замыг анх 1978 онд, Толгойтын эцсээс-Орбитын уулзвар хүртэлх замыг 1985 онд ашиглалтад оруулж байжээ. Тус замыг 30 гаруй жилийн дараа өргөтгөн шинэлчилж байгаа бөгөөд өнөөг хүртэл их засвар хийж байгаагүй юм. Энэхүү замыг 4 эгнээ, зорчих хэсгийн өргөнг 14 метр болгож, 2 талдаа 2,85 метр явган хүний зам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэгтэй болгох юм. Гүйцэтгэгчээр “Тотал инж” ХХК ажиллаж байна. Замын нэгдүгээр хэсэг буюу Үйлдвэрчлэлийн эвлэлийн гудамжнаас-Толгойтын эцэс хүртэлх замыг 07 сарын 05-нд, харин хоёрдугаар хэсэг буюу Толгойтын эцсээс-Орбитын уулзвар хүртэлх замыг 10 сарын 30 гэхэд шинэчлэн дуусгаж, 2016 оны 12 сарын 01-нд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Сонгинохайрхан дүүргийн иргэд Толгойтын замыг шинэчилж өгөх хүсэлтийг олон удаа ирүүлсэн. Гэвч уг замын ажлыг гүйцэтгэх компани олдохгүй байсан. Өмнө нь  энэхүү замын ажлыг гүйцэтгэх компанийг хоёр удаа сонгон шалгаруулж байсан ч тэнцсэн компаниуд замын ажлыг эхлүүлж зүрхлээгүй. Харин “Тотал инж” ХХК богино хугацаанд замын ажлыг гүйцэтгэхээр болсонд маш их талархаж байна. Иргэдийн хүсэн хүлээсэн энэхүү замыг өргөтгөн шинэчлэх ажил биеллээ олж  байгаад баяртай байна” гэлээ.

Тус замыг улсын төсвийн хөрөнгөөр Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд барих бөгөөд 230 айлын газрыг чөлөөлөх юм. Одоогоор айлуудад мэдэгдэх хуудас хүргүүлээд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34314
0 эможи
keyboard_arrow_up