7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 15, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Л.Бор: “Free miner” зарчмыг хуулиас авч хаях хэрэгтэй

админ
2019 оны 6 сарын 05

Arslan.mn

Монгол Улсын иргэн Л.Бор  Ашигт малтмалын тухай  хуулийн зарим зүйл заалт  Үндсэн хууль зөрчиж байгаа болон “Free miner” гэх зарчмыг хуульчилсан нь Оюутолгойн гэрээг луйвар болгосон талаар Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан юм. Түүнтэй ярилцлаа.

-Та Цэцэд хандсан өргөдөлдөө Ашигт малтмалын тухай хуулийн ямар зүйл заалтуудыг үндэслэл болгов?

-Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжууд, түүнчлэн  олон улсын гэрээ,түүнтэй адилтгах  бусад баримт бичиг Үндсэн хуульд нийцэж байх ёстой. Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 10.4-т хуульд харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй гэсэн байдаг. Гэтэл үүнийг зөрчиж гадаадын  хуулиас хуулбарласан Ашигт малтмалын тухай хуульд Монголын орд  баялгийг хөрөнгө оруулагчийн өмч болгож хуульчилсан ноцтой  заалтууд байна. Энэ  талаар Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргалаа.

Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.5 дахь  заалтын утга нь газрын доорх  баялгийг өөрийн хөрөнгөөр хайж олоод ухаж гаргасан  этгээдийн орд эзэмшигчийн өмч болох гэсэн далд  утгаар  хуульчилжээ.

Энэ нь  Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 6.1-т заасан   “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад нөөц гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг зөрчсөн  байна. Энэ ноцтой  заалтыг үндэслэж  газрын доорх орд баялагаа үнэлэлгүй  олборлогч этгээдийн өмч болгон  өгч,  Оюутолгойн гэрээ хийснээс  болж өнөөдөр баялгийн эзэн Монгол Улс 34 хувийг эзэмших мөнгө төрд байхгүй учраас 34 хувьд ногдох хувьцааны санхүүжилт нэг тэрбум ам.долларыг хөрөнгө оруулагч талаас  6.5 хувийн хүүтэй зээлж дааж давшгүй өрөнд орсон.

-Үүний нотолгоог та өргөдөлдөө дурдав уу?

-Энэ бол олон нийтэд нээлттэй байгаа мэдээлэл. Тухайлбал, Оюутолгойг шалгасан УИХ-ын ажлын хэсгийн тайлан байна. Энэ тайланд “…Одоогоор Монголын талд 1 тэрбум 79 долларын өр   бичигдэж, өнгөрсөн хугацааны хүү нь 541 сая ам.доллар болсон байна.

“Рио Тинто” Оюутолгойн ордыг барьцаалж  олон улсын санхүүгийн корпорацаас 2.2 тэрбум ам.долларын санхүүжилтийг 3.2 хувийн хүүтэй зээл аваад манайд найман  хувийн хүүтэй зээлж, хүүгийн зөрүүгээр Оюутолгойн төслөөс үр ашгаа хүртэж байна. Үндсэн зээлээс хүүгийн хүү тооцож байна.

-Орд ашиглах хувь хэмжээг нөөц ашигласны төлбөрөөр орлуулснаар  манай улс  бас л хохирч байгаа биз дээ? 

-Энэ бол  2015 оны хоёрдугаар сарын 18-нд буюу Цагаан сарын өнөхөн нэмэлтээр  оруулсан ноцтой заалт. Ашигт малтмалын баялгийг  төрийн өмчийн оролцоогүйгээр хувийн хөрөнгөөрөө хайж олсон орд эзэмшигч буюу өмчлөгч /яг өмчлөгч гэсэн заалт бол байхгүй/-ийн  стратегийн  ордыг ашиглах хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно гэсэн. Монголын тал өөрийн орд баялгийн хувийг эзэмшихгүй байж болно гэсэн утгатай. Эдийн засгийн хувьд манай улсад маш  хохиролтой.

-Та үүнийг  судлав уу, ямар учиртай юм бэ?

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачлагаар Ашигт малтмалын тухай хуулийн 2014 оны өөрчлөлтийн ажлын хэсгийг  ахалсан Д.Мөнхтуяа тайлбарлахдаа “Англо-Саксоны гаралтай  хуулиар Австралийн уул уурхай явагддаг.  Лорд Кэйрнсийн гаргасан “Free miner” гэж зарчим  байдаг. Энэ нь хөрөнгө оруулагч нарын оруулсан хөрөнгийн баталгаа болох эрх болдог. “Free miner” зарчмын утга нь: Байгалийн байдлаараа байгаа эрдэс баялаг, газрын тосыг төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу хайгаад олборлосон этгээдийн өмч болохыг хуульчилсан  нь хөрөнгө оруулагчид  баталгаа болдог эрх”  гэж  байсан.

“Англо-Саксоны хуулийн”Free miner” зарчим гэгчийг хуульдаа суулгаж, өөрийн  баялгаа хөрөнгө оруулагчийн өмч болгож хуульчилсан нь  Монгол Улсын  Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 10.4 дэх  заалтыг зөрчсөн. Монголын төр, УИХ   гадаадын заавар зөвлөмжөөр Ашигт малтмалын тухай хуульдаа жил бүр ийм хохиролтой  өөрчлөлт   оруулдаг. Хөрөнгө оруулагч нарт таатай орчин бүрдүүлж байна гэж   улс эх орон, ард түмний эрх ашгийг умартаж  эрдэс баялгийн салбарын бодлого, хуулиудыг гадны заавар төсөл  хөтөлбөрөөр  хийж баталж баялгаа сул алдсаар ирсэн нь   өнөөдрийн улс орны их өр, дампуурал, ядуурлын  эх үүсвэр болсон.

Ч.Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604364
0 эможи

keyboard_arrow_up