COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хайгуулын тусгай зөвшөөрөл жилд 400-гаар цөөрч байна гэв

2019 оны 3 сарын 29

“Монголын геологи, хайгуул 2019”чуулга уулзалт 11 дэх жилдээ болж байна. Чуулга уулзалтад 1,000 гаруй зочин төлөөлөгч, 100 гаруй гадаад, дотоодын хөрөнгө оруулагч оролцож буй юм. Тус чуулга уулзалтын үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд гүйцэтгэх геологийн судалгааны ажилд нийт 24.6 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 11.3 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна. Энэ сарын 26-ны өдөр Геологийн төв лабораторид “Чулуулгийн үнэмлэхүй насны лаборатори”-ийн үндсэн тоног төхөөрөмжийн иж бүрдлийг хүлээлгэн өглөө. 

Arslan.mn

Монгол орныхоо эрдэнэсийн санг нээж өгсөн геологичдоо Монголын төр эргэн харж “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман боть бүтээл, салбарын эрдэмтдэд Төрийн соёрхол хэмээх эрхэм дээд шагналаа хүртээлээ” гэв. Чуулга уулзалтаар Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв зэрэг илтгэлүүд тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Чуулга уулзалтын үеэр ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, доктор, профессор Ж.Лхамсүрэн “Манай геологичид шинжлэх ухааны чиглэлээр дэлхийн хэмжээнд хүрсэн. Манай газар нутаг 2,600 сая жилийн настай юм байна. Өнгөрсөн эрин галавуудад бүрэлдэж бий болж байсан ашигт малтмал дараа нь хэрхэн хувирч өөрчлөгдөөд өнөө-дөр хаана ямар, ямар орд байна вэ гэдгийг ерөнхий тойм хэлбэрээр судалж гаргаад байна.

Ер нь манай геологийн судалгаа газар дээрээс нь өнгөн талаас нь хийсэн байдаг шүү дээ. Хэрэв “Эрдэнэтийн овоо”, “Оюутолгой”, ганц нэг жоншны орд зэргийг тоолохгүй л юм бол өнгөн талаас 8,000 гаруй орд илрэлүүд байгаа. Гүн рүүгээ явахаар нэлээд олон илрэлүүд маш том орд болж хувирна. Үүний нэг жишээ бол “Оюутолгой”-н зэс, молибден, алтны орд байгаа юм шүү дээ.

Тэнд дээр үед геологичид зэс, алт байж болох юм гэсэн өнгөн талын судалгаа хийгээд 3-4 газар илрэл байна гэж тогтоосон байсан. Түүн дээр нь нарийвчилсан судалгаа хийснээр зөвхөн нэг дээр нь одоогийн “Оюутолгой”-н орд илрээд байгаа юм. “Оюутолгой”-н ордыг цааш нь гүн рүү нь судлахаар ил гарч ирээгүй гурван хэсэг газарт маш том орд байна гэж үзээд байгаа. Зарим нь 2,600 метрийн гүнд байна. Одоогийн ашиглах гэж байгаа Оюутолгойн уурхайд 30 сая зэс, 1,000 тонн алт байгаа шүү дээ. Өнгөрсөн намрын мэдээгээр гурван сая тонн хүдэр гаргачихлаа гэж зарлаад байгаа. Илүү ч гарсан байж болно” гэсэн юм.

Д.ХАШБАТ: МОНГОЛ ОРНЫ ГАЗАР НУТГИЙН 95 ХУВЬД ГЕОЛОГИЙН ХАЙГУУЛ ХИЙГДЭЭГҮЙ

Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны гүйцэтгэх захирал Д.Хашбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хайгуулын тусгай зөвшөөрөл цөөрсөнтэй холбоотой гаднын хөрөнгө оруулалт эрс багассан гэж байна. Яагаад хайгуулын тусгай зөвшөөрөл багасаад байгаа юм бэ?

-Хайгуулын төсөл асар их эрсдэлтэй. Хоёрдугаарт, асар их хэмжээний хөрөнгө хүч, цаг хугацаа ордог. Тэгэхээр ихэнх хувийг гадаадын хөрөнгө оруулагчид эзэлдэг. Сүүлийн үед хайгуулын тусгай зөвшөөрөл цөөрсөнтэй холбоотой гаднын хөрөнгө оруулалт эрс багассан нь үнэн. Жилд дунджаар хайгуулын тусгай зөвшөөрөл 400-гаар цөөрч байгаа.

Өнгөрсөн жилд гэхэд 40 гаруй хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгогдсон. Тэгэхээр 10 хувийн тусгай зөвшөөрөл олгогдож байгаа учраас гадаадын хөрөнгө оруулалт буурч байгаа юм.

-Монголд геологийн хайгуул хөгжөөгүй гэж ярьдаг. Газар нутгийн хэмжээгээр авч үзвэл тун цөөхөн хувьд хайгуул хийсэн гэж ярьдаг шүү дээ?

-Хайгуулын судалгаа бага. Геологийн зураглалаар бол орд илрэлүүд дээр хайгуул хийгээд нөөцийг нь тооцсон хэмжээ маш бага. Тав хүрэхгүй хувьд нь хайгуул хийсэн байдаг. Цаашид судлах шаардлагатай 95 хувь байна гэсэн үг. Монгол орны эдийн засгийг эрдэс баялгийн салбар үүрч явж байгаа.

Энэ салбар хөгжихийн тулд геологи хайгуулын салбар уул уурхайгаасаа өмнө явж байх ёстой.Өнөөдрийн байдлаар бид урд нь явж чадахгүй байна. Газрын хэвлийд ямар төрлийн хэр хэмжээний ашигт малтмал байна вэ гэдгийг тооцсон байх ёстой. Тэрийг хэрхэн ашиглах вэ гэдэг нь дараагийн асуудал.

-Монгол Улс одоог хүртэл үндэсний геологийн албагүй. Энэ албыг байгуулах ажил ямар шатандаа явж байгаа вэ. Энэ жилдээ багтаж байгуулах бололцоо нөхцөл бий юу?

-Ер нь энэ жилдээ багтаагаад байгуулах бүрэн боломжтой гэж салбарын яамнаас байр сууриа илэрхийлж байгаа.

Чуулга уулзалтын үеэр геологи, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнгээс гадна “Монгоп орны байгаль-хайгуулчдын дуранд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг нийтэд толилуулж, “Ховор агшин”, “Байгалийн тогтоц”, “Ур чадвар” төрлүүдээр шилдгүүдийг шалгаруулах юм байна. Түүнчлэн “Хэрэглээний структур геологийг ашигт малтмалын ордын хайгуулд ашиглах нь”, “Гео өгөгдлийн боловсруулалт, ордын загварчлал, нөөцийн тооцоо” сэдвүүдээр МУИС, ШУТИС дээр мэргэшсэн зөвлөх инженерүүд сургалт явуулах гэнэ.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин, У.Сарангэрэл 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601653
1 эможи

keyboard_arrow_up