COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

1072 хувьцаатай иргэдийн 72 хувь нь үнэт цаасны дансгүй

2018 оны 10 сарын 12

“1072 хувьцааг худалдаж авч байгаа нь үнэн үү?” гэсэн асуулт “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн дэргэдэх “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн утсанд зогсоо зайгүй ирж байна. Тус төвөөр өдөрт 70 гаруй иргэн үйлчлүүлж, мэдээлэл авдаг. Харин “Эрдэнэс тавантолгой”-н нэгж хувьцааг 5000-8000 төгрөгөөр худалдаж авна гэсэн хуурамч мэдээлэл тарсны дараа төвийн ачаалал эрс нэмэгджээ. Ойрын өдрүүдэд үйлчлүүлэгчдийн тоо 100 давсан байна. Мөн утасны дуудлага ч огцом өссөн аж. Өчигдөр “Эрдэнэс тавантолгой” компаниас иргэдэд дээрх мэдээлэлд хууртахгүй байхыг сэрэмжлүүлж, мэдэгдэл гаргасан. Тус компанийн хувьцааг хөрөнгийн зах зээл дээр албан ёсоор гаргаагүй учраас хувьцааг нь арилжих эрх нээгдээгүй байгаа юм. Харин 1072 хувьцааг худалдаж авна гэсэн зар сошиал орчинд олон нийтээс хандалт авах гэсэн зорилготой, зохион байгуулалттай үйлдэл гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлалаа. УИХ болон Засгийн газар шийдвэр гаргаж “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааны 10 хувийг аж ахуйн нэгжид, мөн ийм хэмжээтэйг 2014 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн Монгол улсын иргэн бүрт олгосон.

1072 хувьцаа нь нэг сая төгрөгтэй дүйцэх бөгөөд нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоосон. Засгийн газрын шийдвэрт мөн тус компанийн хувьцааг хөрөнгийн зах зээл дээр гаргах хүртэл иргэдийн эзэмшиж буй хувьцаа нь саналын эрхгүй, аливаа хэлбэрээр захиран зарцуулах боломжгүй байхаар заасан юм. Харин тус компанийн төрийн мэдэл дэх 30 хувийг хонконгийн хөрөнгийн бирж дээр гаргах эрхийг УИХ-аас Засгийн газарт олгоод буй. Энэ дагуу уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон бусад холбогдох байгууллагууд энэ онд багтаан шаардлагатай бэлтгэлийг хангахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс тавантолгой”-н хувьцааны 30 хувийг хөрөнгийн бирж дээр гаргасан өдрөөс иргэд 1072 ширхэг хувьцаагаа арилжих эрхтэй болно гэсэн үг. Өнөөдрийн байдлаар үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-д сая гаруй иргэн, аж ахуй нэгж үнэт цаасны данс нээлгээд байна. Эдгээрийн 700 гаруй мянга нь Монгол улсын иргэдийнх бол үлдсэн 500 гаруй мянга нь компаниуд болон гаднын иргэдийнх. тодруулбал, “Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 хувьцааг эзэмшдэг 2.5 сая иргэний дөрөвний нэг нь буюу 28 хувь нь л үнэт цаасны данстай.

 

• 1072 хувьцааг худалдаж авна гэсэн зар сошиал орчинд олон нийтээс хандалт авах гэсэн зорилготой, зохион байгуулалттай үйлдэл гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлалаа.

• Төр иргэддээ хувьцаа олгож, хөрөнгийн зах зээлийн нэг оролцогч болгосон юм бол энэ зах зээлийн талаарх мэдлэгийг нь дээшлүүлэхийг бодлогын хэмжээнд авч үзэх ёстой.

• “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эзэмшдэг 2.5 сая иргэний бараг дөрөвний нэг нь буюу 28 хувь нь л үнэт цаасны данстай.

Харин 1072 хувьцаатай иргэдийн үлдсэн 72 хувь нь дансаа нээлгээгүй байна. Гэхдээ “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргах шийдвэр гарснаас хойш үнэт цаасны данс нээлгэх иргэдийн тоо харьцангуй өссөн байна. Өнөөдрийн байдлаар гэхэд шинээр данс нээлгэх гэсэн 10 мянган иргэний хүсэлт ирсэн, хүлээгдэж байгаа аж. Гэхдээ зарим иргэд үнэт цаасны нэгээс олон данс бүртгүүлсэн байдаг. Тухайлбал, 1990 онд өмч хувьчлах үеэр 500 гаруй мянган иргэн үнэт цаасны данс нээлгэсэн ч ихэнх нь хаалгүй мартсан байдаг аж. Зарим нь үүнийгээ шалгалгүйгээр дахин данс нээх тохиолдол цөөнгүй гардаг юм байна. Гэтэл зарим брокерийн пүүс данс нээх хураамж авахын тулд өмнө нь данс нээсэн эсэхийг нь шалгаж өгдөггүй,иргэд ч шалгуулах ёстойгоо мэддэггүй аж. Хэрэв 1990-ээд онд данс нээсэн бол түүнийг өнөөдөр ч ашиглах боломжтой байдаг. Түүнчлэн, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа амь орно, ногдол ашиг тараана гэсэн мэдээллийг ашиглан орон нутгийн иргэдийг хуурах тохиолдол цөөнгүй гарч байгаа аж. Орон нутагт брокерийн компанийн нэр ашиглаж, үнэт цаасны данс нээх нэрээр иргэдээс мөнгө авах тохиолдол мэр сэр гарч байгаа аж. Тиймээс орон нутгийн иргэдийг данс нээлгэх гэж буй бол ажилтных нь бичиг баримт, компанийнх нь зөвшөөрлийг шалгаж байхыг мэргэжилтэн анхааруулсан юм. 1072 хувьцааны сошиал сүлжээнээс эхтэй дуулиан нэг талаас иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг тааруу байгааг харууллаа. Хэдийгээр Монголын хөрөнгийн бирж, “1072 хувьцаа мэдээллийн төв” тогтмол хугацаанд хөрөнгийн зах зээлийн талаарх анхан шатны сургалт явуулж буй ч иргэдийн идэвх сул байдаг аж. 

Давхардсан тоогоор 700 мянга гаруй иргэн үнэт цаасны данс нээсэн

ҮЦТХТ-ийн захирал Ш.Лхагва “Иргэдийн санхүүгийн, тэр дундаа хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг тун тааруу байна. Төр иргэддээ хувьцаа олгож, хөрөнгийн зах зээлийн нэг оролцогч болгосон юм бол энэ зах зээлийн талаарх мэдлэгийг нь дээшлүүлэхийг бодлогын хэмжээнд авч үзэх ёстой. Ялангуяа, Монголбанкнаас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдийн ойлголт, мэдлэгийг сайжруулах шаардлагатай байна” гэв. “Эрдэнэс тавантолгой” компани өнгөрсөн онд 8.5 сая тонн нүүрс экспортолж, Монголын нүүрсний нийт экспортын 25 хувийг дангаараа бүрдүүлсэн. Энэ оны эхний хагас жилд 953 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан тус компани энэ онд улсын төсөвт 285 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстойгоос 216.5 тэрбум төгрөгийг нь шилжүүлээд буй. Үүнд энэ онд Зүүн Цанхийн уурхайн нэг тонн нүүрсний үнэ 59.33 ам.доллараас 61 ам.доллар болж нэмэгдсэн, баруун Цанхийн нүүрсний үнэ 69-70 ам.доллараас дээш тогтоосон нь нөлөөлсөн юм. 

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595916
0 эможи

keyboard_arrow_up