COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Оюутолгойг тойрсон хоёр ЭРГЭЛЗЭЭ

2018 оны 8 сарын 16

Arslan.mn

УИХ-ын түвшинд Оюутолгой компанийн үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулж, төслийн үр өгөөжийн нэмэгдүүлэх лобби бүлэг хүртэл үүсээд багагүй хугацааг өнгөрүүлэв. Бүр Засгийн газрын гурван яам, долоон агентлагаас шалгалт оруулаад ч шийдэгддэггүй, Оюутолгой төслийн талаарх нийгэмд хүлээлт үүсгэсэн хоёр асуудал бий.

Эхнийх нь дэлхийд нэр хүнд бүхий олон улсын стандартыг нэвтрүүлсэн төслийн менежментийг хариуцагч компани Монгол Улсын хууль тогтоомжид заасан татвараа төлөлгүй бултуулсан гэх асуудал. Татварын ерөнхий газраас энэ оны эхэнд Оюутолгой компанид 155 сая ам.долларын татварын акт тавьсан ч өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулагч талууд нэгдсэн ойлголцолд хүрч чадаагүй байна.

Төслийн 66 хувьд хөрөнгө оруулагч “Туркойз хилл ресурс” компанийн зүгээс татварын асуудлыг шийдвэрлэх хүсэлтээ өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн. Тус компанийн зүгээс 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд татварын акттай холбоотой маргааныг шийдвэрлэх хүсэлтэй байгаа юм. Ингэхдээ 2009 оны гэрээний 14 дүгээр бүлгийг үндэслэн зөвшилцөх санал хүргүүлснээс хойш хоёр тал 60 хоногийн дотор ойлголцож чадахгүй бол Лондоны олон улсын Арбитр шүүхээр маргаанаа таслуулах асуудлыг тавьсан байдаг.

Өнгөрсөн тавдугаар сард зөвшилцөх 60 хоног дууссан бөгөөд хоёр  тал ойлголцож чадаагүй учраас Олон улсын арбитрын шүүх дээр уулзах нөхцөл байдал үүсээд хоёр cap гаруй хугацаа өнгөрөв. Энэ хугацаанд Оюутолгой компани татварын актыг нягталж үзээд таван сая ам.доллар төлж барагдуулсан бол үлдсэн 150 сая ам.доллар нь анх байгуулсан суурь гэрээнүүдтэй зөрчилдөж байгаа тул санал нийлэхгүй гэдэг байг сууриа илэрхийлээд байгаа аж.

Анх байгуулсан суурь гэрээ гэдэг нь 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ. Тухай үед Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг таван хувиар тогтворжуулсан байдаг. Ийм таатай татварын орчин бүрдүүлснээр Оюутолгой компани 2017 онд 132.5 тэрбум төгрөгийг тогтворжуулсан рояалти хэлбэрээр төлсөн байдаг. Тэгвэл Оюутолгойтой дүйх уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр мөн онд энгийн болон өсөн нэмэгдэх рояалти хэлбэрээр нийтдээ 346 тэрбум төгрөгийн татвар төлжээ.

Үүнээс гадна 2009 оны гэрээгээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, газрын тосны бүтээгдэхүүнээс бусад онцгой албан татвар, тусгай зөвшөөрлийн төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татварыг тогтворжуулсан байдаг. Татварын маргаан дөрвөн жилийн өмнө ч үүссэн түүхтэй. Тус компанийг 2010-2012 онд татвар дутуу төлсөн, санхүүгийн бусад зөрчил гаргасан хэмээн Татварын ерөнхий газраас 130 сая ам.долларын торгууль ногдуулсан. Үүний 30 саяыг Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан 2015 онд “Рио тинто” компанийн зүгээс төлөхөөр зөвшөөрч, тэр дор нь барагдуулж байлаа.
Энэ мэтээр удаа дараа татвараас бултсан асуудал гарсан тул УИХ-аас Оюутолгойн үйл ажиллагаа болон Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт, Дубайн гэрээг шалгах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва татварын маргааны талаар “Шалгалтаар татварын зөрчилтэй гарсан. 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Энэ байтугай дүн байгаа учраас нийт дүнгээ гаргаж байгаад эцсийн дүгнэлтээ хэлэх нь зөв байх. Ямар ч байсан Оюутолгой татвараа төлөх ёстой” гэсэн.

Оюутолгойн аварга төсөл хэрэгжиж ирсэн цагаас л хөрөнгө оруулагчдын зүгээс нийгэмд бий болгосон өөр нэг асуудал нь өмнийн говьд сүндэрлэх том чадлын цахилгаан станцын төсөл. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр яригдаж буй цахилгаан станцын төслүүдээс хамгийн төгс төгөлдөр хэрэгжих боломжтойгоор нь Таван-толгой цахилгаан станцыг нэрлэдэг. Уг станцыг коксжих нүүрснээс гадна асар их эрчим хүчний нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордыг түшиглэн байгуулахаар төсөөлсөн.

450 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай энэ станц ашиглалтад орсноор Оюутолгойгоос БНХАУ-д төлдөг цахилгааны төлбөр Монголд шингэж, төдий чинээгээр Тавантолгойн нүүрс үнэд орох эдийн засаг, нийгмийн ач холбогдолтой. Зөвхөн Оюутолгой компани жилд 120-140 сая ам.долларыг Өвөрмонголын цахилгаан эрчим хүчний сүлжээнд төлдөг гэх тоон мэдээлэл бий.

Гэвч Засгийн газар Оюутолгой компанитай байгуулсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-ний хэрэгжилт удааширсны улмаас гэрээг цуцалсан. Гэрээний хэрэгжилт хангалтгүй үзсэн нь ч үнэнд ойртдог. Өнөөдрийг хүртэл барих газраа эцэслэн тогтоогоогүй бөгөөд хэрэгжүүлэгч хэн нь байх бас тодроогүй байгаа юм. “Рио тинто”-ийн удирдлагын өгсөн мэдээллээр анхнаасаа л яригдаж байсан Оюутолгойн орд уу, эсвэл Тавантолгой орд уу гэсэн хоёр хувилбарыг дахин дурджээ.

Хэрэв Засгийн газар дөрвөн жилийн дотор дотоодоос эрчим хүчээ ав гэдэг шаардлага тавивал Оюутолгойд барих хувилбар л боломжтой гэнэ. Засгийн газраас танилцуулаад буй Тавантолгойг цогцоор нь хөгжүүлэх төслийн хүрээнд, Тавантолгойд цахилгаан станц барья гэдэг шийдэл гаргавал “Рио тинто” группийнхэн дөрвөн жилээс арай илүү цаг хугацаа шаардаж байгаа аж. Харин эрчим хүчний инженерүүдийн зүгээс станцыг нүүрсний уурхайн амыг түшиглэн барих нь ашигт ажиллагааг нэмэгдүүлдэг болохыг тодотгодог.

Мөн Засгийн газар Тавантолгойн нүүрсний бүлэг ордод түшиглэн цахилгаан станц байгуулснаар Оюутолгой компани станцын эзэмшигч бус эрчим хүчний худалдан авагч байхаар “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-нд заасан талаар тус компанийн зүгээс тайлбарлажээ.

Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Өмнөд бүсийн эрчим хүчний гэрээг бид яагаад цуцалсан гэхээр 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т “Монгол Улсын нутаг дэвсгэрээс дөрвөн жилд багтаад эрчим хүчээ авна" гэсэн заалттай. Өөрөөр хэлбэл, УИХ-аар баталгаажуулсан гэрээг УИХ-тай зөвшилцөлгүйгээр Засгийн газар дангаараа байгуулж болохгүй байсан. Ойлголцолд хүрэх биш, тэд гэрээгээ биелүүлэх л асуудал. Шалтаг тоочоод цаг хожоод л яваад байна.

“Эдийн засаг чинь муудна”, “Арбитрт өгнө” гэхчлэн яриад байж болохгүй” гэсэн. Ямартай ч хоёр тал өөр өөрийнхөөрөө тайлбар өгсөн байна. Тиймээс 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-ыг бүрэн эхээр нь хүргэе.

7.3. Хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш дөрвөн жилийн дотор Оюутолгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх дор дурдсан нэг буюу түүнээс дээш эх үүсвэрээс сонгон хангана.

7.3.1. Хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц.

7.3.2. Гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц.

7.3.3. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээ.

Ийнхүү Оюутолгой төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас л татварын маргаан болон дотоодоос эрчим хүч нийлүүлэх асуудал шийдэгдэлгүй өнөөдөртэй золгоод байна. Хоёр талд үл ойлголцол гарах бүр 2009 оны суурь гэрээнээс эш татдаг ч Монголын нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой дээрх хоёр асуудлыг шийдэж чадаагүй. Тиймээс л иргэдийн зүгээс шүүмжлэл дагуулах болж, УИХ, Засгийн газрын төвшинд Оюутолгой компанийг Монгол Улсын хууль тогтоомж болон Хөрөнгө оруулалтын гэрээний заалтуудаа мөрдөн хэрэгжүүлэхийг шахаж шаардах болсон юм.

Энэ удаад ч УИХ-ын төвшинд ажлын хэсэг болон лобби бүлэг үүсэж Оюутолгойг дагасан эргэлзээг тайлах хүлээлт үүссэн. Өмнө нь Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор УИХ, Засгийн газраас тус тус нэг удаа ажлын хэсэг байгуулан шалгаж байсан. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үед Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч шалгасан байдаг. Шалгалтын дүнд “Гэрээний хэрэгжилт хангалтгүй. Монгол Улсын 22 хуулийн заалтыг зөрчсөн үйл ажиллагаа явуулжээ” гэх дүгнэлт гаргасан. Өнгөрсөн парламентын үед сөрөг хүчин МАН-ын бүлгээс ажлын хэсэг гарч Дубайн гэрээг шалгаад “Монгол Улсад үр ашиг, өгөөжгүй гэрээ болжээ” гэж хатуу мэдэгдэж байлаа.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593878
0 эможи

keyboard_arrow_up