COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

”Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцаа эргэлтэнд ороход ойртож байна

2017 оны 11 сарын 16

Arslan.mn

-Та ардын нам сонгуульд ялсны дараа энэ албанд томилогдсон билүү?

-Тийм, өнгөрсөн оны есдүгээр сард томилогдож байлаа.

-Жил гаруйн хугацаа өнгөрчихжээ. Танай компанитай холбоотой сайн, саар мэдээллүүд олон байдаг. Та асуултанд хариулахад бэлэн үү?

-Худал мэдээллийн араас хөөцөлдөөд явдаггүй. Ийм мэдээллүүдэд уг нь нэг их ач холбогдол өгөхийг боддоггүй. Гэхдээ энэ удаа асуувал хариулахад бэлэн байна.

ГАДААД ӨР БҮРЭН ДАРАГДАЖ, ДОТООД ӨР НИМГЭРСЭН

-Эхлээд "Эрдэнэс Тавантолгой”-той хамаатай сайн мэдээллийг асууя. Танай компани Хөгжлийн банкинд тавьсан 200 сая долларын өрөө графикаас нь өмнө хагасыг нь төлж барагдууллаа гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарч байсан. Хөгжлийн банкны энэ зээл Я.Батсуурь захирлын үеийнх билүү?

- Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан 200 сая ам.долларын зээл нь Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны шийдвэрээр "Хүний Хөгжил сан”-гаар дамжуулж иргэн бүрт олгосон халамжийн мөнгөний тодорхой хэсгийг бүрдүүлэх, компанийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор "Эрдэнэс-Таван толгой” ХК-д олгосон зээл юм.

-2015 онд шиг санагдаж байна. М.Энхсайхан сайд мэдээлэл хийхдээ "Эрдэнэс-Таван толгой” энэ өрөө төлж барагдуулахад маш хүндрэлтэй, хүүгийн төлбөрөө ч хийж чадахгүй байгаа гэж байсан. Тэр үед М.Энхсайхан сайд том төслүүдийг хариуцсан Монгол Улсын сайд байлаа. Харин одоо бол графикаасаа өмнө төлчихлөө гэсэн мэдээлэл та өгч байна. Нөхцөл байдал хэзээнээс ингэж сайжирсан юм бэ?

-Өнгөрсөн оны есдүгээр сард ажлаа аваад танилцахад компанийн гадаад дотоод өр ч маш их байсан. "Чалко” компанийн 350 сая долларын өрийн үлдэгдэл 100 гаруй сая доллар, олборлогч компаниудын өр 70 гаруй сая доллар, тэгээд нэмэгдээд дотооддоо өртэй. Дотоод өрөөс бол хамгийн өндөр тоотой нь Хөгжлийн банкных байсан. Манай менежментийн багийн хамгийн түрүүнд хийх ажил "Чалко”-гийн өрөөс салах байлаа. Засгийн газрын зөв дэмжлэг, ТУЗ-ийн оновчтой шийдвэрүүд, зах зээлийн тааламжтай нөхцөл байдлын нөлөөгөөр энэ оны гуравдугаар сард багтаагаад гадаад өрөөсөө салсан. Гадаад өрнүүдээ ерөнхийдөө дараад дууссан ч Хөгжлийн банкны өр хүүтэйгээ нийлээд 230 сая доллар болчихсон байсан. Тэгээд л Хөгжлийн банкныхантай уулзаж, энэ өрөө даръя, графикаа гаргая гээд ажилласан.

-Энэ графикаар эхний өрийг дарах хугацаа хэзээ байсан юм бэ?

-2018 онд эхний хэсгийг нь дараад, дараа жил нь дуусгахаар төлөвлөсөн байсан. Борлуулалт сайн байсан болохоор нүүрсний үнэ өндөр байгааг зөв ашиглаж, өрнөөсөө салъя гээд зүтгэчихсэн. Баруун Цанхийн уурхайг ажиллуулаад, нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар нүүрсээ зарж байгаа учир нөхцөл нэлээд сайжирсан л даа. Өмнө нь бол ганцхан зүүн Цанхиас олборлолт явуулдаг, түүнийгээ ганцхан компанид өгдөг тийм л байсан. Анх ажил аваад алдагдалтай ажиллаж байгаа компанийн юу нь болохгүй байна гэдэгт дүгнэлт хийсэн. Алдаа нь ерөөсөө л тав зургаан жилийн өмнө хийсэн гэрээндээ баригдаад ганцхан компанид нүүрсээ хямд үнээр борлуулдаг, нүүрс борлуулах эрх нь ил тод биш байсан нь анзаарагдсан. Мэдээж ийм илэрхий алдаанууд байгааг засч байж цаашдаа компани ашигтай ажиллах үүд нээгдэнэ. Өмнө нь явж ирсэн менежментийг өөрчилсөн. Гадаад хүчин зүйлээс үл хамаарах, өөрсдийн засч болохуйц бүгдийг л засахын төлөө ажиллалаа. "Чалко”-гийн өрийг дарчихлаа, Хөгжлийн банкны өрөө хөнгөлчихлөө. Хөгжлийн банкны өрийг дарж дуусахгүйгээр бид ямар нэгэн IPO хийх бүх алхам хаалттай учир нэн тэргүүнд энэ өрийг дарах шийдвэрийг ТУЗ-өөс гаргасан.

-Хүүгийн төлбөр нь одоо хэд үлдсэн юм бэ?

-30 гаруй сая ам.доллар байснаас арав гаруй сая ам.долларыг нь барагдуулсан. Одоо хорь гаруй сая долларын хүүгийн төлбөр үлдсэнийг графикийн дагуу төлөөд дуусгана.

-Үлдсэн 100 сая долларыг хэзээ төлөхөөр төлөвлөж байгаа вэ?

-Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр энэ хэвээрээ, буурахгүй бол, бас биднээс үл хамаарах дэд бүтэц, хил гаалийн асуудал гайгүй байвал ирэх оны хурлаас өмнө ерөнхийдөө барагдуулчих болов уу.

-Хил гаалиар гаргах машинуудад квот тогтоосон байдаг. Танайх хэдэн хувийн квоттой байгаа билээ?

- Манай компанид 45 хувийн квот тогтоосон ч одоо нэмэгдүүлж байгаа.

-Энэ нь сард олборлож байгаа нүүрсээ хилээр гаргахад хангалттай хүрэлцэх үү?

-Хүрэлцэхгүй. Манай компани сардаа бараг нэг сая тонн нүүрс өнгөрсөн зургаа дугаар сарын сүүлч хүртэл гаргаж байсан. Гэтэл долдугаар сараас БНХАУ-ын талаас янз бүрийн хорио тавьж эхэлсэн. Янз бүрийн хориотой бараа гарч байна гэсэн шалтгаанаар тээвэрлэлтэд хязгаарлалт хийсэн. БНХАУ-ын хилийн боомтны хязгаарлалтаас болоод өдөрт нийтдээ 500-600 машин л хилээр гарч байгаагийн 45 хувь нь "Эрдэнэс Таван толгой”-н нүүрстэй машин байгаа.

-Хэд болгож байгаа вэ?

-Хилээр гарч байгаа машинуудын 58-60 хувийг манайх машин экспортлохоор ярилцаж тохиролцсон нь өдөрт 300-400 машин нүүрс манайхаас гарна гэсэн үг юм.

-Өмнө нь хэдэн машин гаргаж байлаа?

-Бараг 1000 машин элбэг гаргачихаж байсан.

-Одоо хил дээр байдал ямархуу байгаа вэ. Нүүрс олборлолт буураагүй, гэтэл гаргах машин нь хязгаарлагдмал байдаг. Хураагаад л байгаа юу?

-Сая өнгөрсөн амралтын өдрүүдээр Уул уурхайн сайдаар ахлуулсан нэлээд том бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Өмнөговьд ажиллалаа. Би хамт яваад ирсэн. Гашуунсухайтын хилийн боомт болон Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг нүүрс экспортлогч компаниудын үйл ажиллагаатай танилцсан.

Асуудлын хүрээнд Энержи ресурс, Оюутолгой, "Эрдэнэс-таван толгой”, Орон нутгийн Таван толгой, гааль, боомтын үйл ажиллагаа, тээвэрлэлттэй танилцан, Гашуун сухайт- Ганц модны боомтын чиглэлд нүүрс тээвэрлэж буй жолооч нартай уулзаж санал бодлыг нь сонсож, холбогдох албаны удирдлагуудын хүрээнд шуурхай хуралдаан хийж үүрэг даалгаврыг өгсөн.

Сайд нарын хүрээнд юуны өмнө Монгол Улсын хууль тогтоомжийн хэмжээнд хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, жолооч нарынхаа эрүүл мэнд нийгмийн асуудалд анхаардаггүй, засвар, үйлчилгээний төвгүй тээврийн компаниудын үйл ажиллагааг цэгцлэх, тээврийн хэрэгслийг тоог цэгцлэх нь зөв гэсэн шийдэлд хүрсэн. Түүнчлэн экспортод гаргаж буй нүүрсний хэмжээтэй уялдуулж уян хатан журам гаргах, Засгийн газрын хурлаар зарим өөрчлөлтийн асуудлыг яаралтай оруулах нь зүйтэй. Хамгийн гол нь хүнийхээ эрүүл мэнд амь насыг хамгаалсан түр болон урт хугацааны шийдвэрүүдийг гаргана гэдгээ мэдэгдсэн.

-Олборлогч компанид 70 гаруй сая долларын өртэй байсан гэсэн. Энэ өр нь дарагдсан уу ?

-Энэ өрийг бүгдийг барагдуулж дууссан.

-Олборлогч компани гэхээрээ үндэсний компаниуд уу, эсвэл TTJVco юм уу?

- Ажил авахад ганцхан зүүн Цанхийн уурхай л ажиллаж, Баруун Цанхийн уурхайгаа тодорхойгүй хугацаагаар зогсоосон байсан. Тэгэхэд TTJVco гэдэг компани л олборлолт явуулж, тодорхой өр үүссэн байсныг бид зах зээлийн үнээр нүүрсээ өгөөд өргүй болсон.

-Арилжааны банкуудад өртэй гэсэн мэдээлэл гардаг байсан. Тэр нь юу болсон бэ?

Төлбөрийн гүйцэтгэл дараа сард хийгддэг болохоор заримдаа улирлын тайлан баланс дээр өртэй мэт харагддаг. Ердөө санхүүгийн бичилтийн л асуудал. Одоо бол Хөгжлийн банкны үлдэгдэл 100 сая доллар, хүү нь 10-аад сая долларын өр л бий.

ЗАСГИЙН ГАЗРЫН ДЭМЖЛЭГ, КОМПАНИЙН ЗӨВ МЕНЕЖМЕНТ

АМЖИЛТАНД НӨЛӨӨЛСӨН

-Миний харж байгаагаар энэ бол ажлын эерэг үзүүлэлт мөнөөсөө мөн. Гэхдээ энэ бүх эерэг үр дүнгүүд гарахад хамгийн нөлөөлсөн шийдвэр бол баруун Цанхийн уурхайг ашиглалтад оруулах тухай байсан байх. Яаж ашиглах нь тодорхойгүй байсан Баруун Цанхийг эргэлтэд оруулах шийдвэр ер нь яаж гарсан юм бэ?

-Яг ажил авсны дараа санхүүгийн байдал үнэхээр хүнд байсан. Ганц манай компани гэлтгүй улсын төсөв ч хүнд байсан. Гэхдээ бас сайхан мэдээ байсан. Тэр нь дэлхийн зах зээлд нүүрсний үнэ сэргэж эхэлсэн. Сайн ажиллахын хамгийн гол тулгуур болсон энэ сайхан боломжийг алдахгүй ашиглах нь чухал байсан нь мэдээж. Нүүрсний үнэ өндөр байгааг ашиглан хуримтлалтай болохын тулд эхлээд бид борлуулах нүүрстэй байх ёстой биз дээ. Гэтэл Зүүн Цанхиас олборлож байгаа нүүрсээ "Чалко” руу өгчихдөг байсан нь бидэнд үнэндээ дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ хамаагүй болчихож байгаа юм. Тэгээд л Баруун Цанхийн уурхайгаа ашиглалтад оруулъя гээд боломжуудыг судалсан. Шууд уурхайгаа ажиллуулаад олборлолтоо явуулаад эхэлнэ гэхээр заавал тендер зарлах шаардлагатай байдаг. Тендер зарлахыг хүлээвэл хамгийн багадаа гурван сар алдах гээд байдаг. Өмнөх Засгийн газрын үед "SGS” гэдэг компанийн 20 тэрбум төгрөгийн өрийг төлүүлэхийн тулд Баруун Цанхи дээр ажилуулах шийдвэр гарчихсан байсан. Засгийн газар дээр ярилцаад, ТУЗ-өөрөө хэлэлцээд ийм шийдвэр гаргасан. Ингээд бид өнгөрсөн арван хоёрдугаар сард Баруун Цанхиа ажиллуулж чадсан.

-Борлуулах нэг сая тонн нүүрсээ ямар хугацаанд гаргасан бэ?

-SGS компани хоёр сар ажиллаад нэг сая орчим тонн нүүрс гаргасан. Ажлын хөлсний төлбөр болох 20 тэрбум төгрөгийг манайх төлсөн. Ингэж ажилласнаар бид үнийн өсөлтийн ид сайхан үед нь өөрсдөө зарах нүүрстэй болж байлаа. Ингээд нүүрстэй болчихсон чинь дахиад л асуудал. Нүүрсээ яаж борлуулах вэ гэдэгтэй нүүр тулсан.

-Тэгээд?

-Тэгээд л ярилцаж байгаад нээлттэй сонгон шалгаруулалт явуулъя гэж шийдсэн. Үүний үр дүнд Баруун Цанхийн 300 мянган тонн нүүрсийг анх удаагаа 71.5 ам доллараар борлуулсан. Ингэснээр "Чалко”-гийн өрийг хурдан хугацаанд төлж барагдуулж болох юм байна гэсэн итгэл төрсөн. Ер нь бол "Чалко”-гийн өрийг дарахгүйгээр ажил урагшлахад бэрх байсан л даа. Маш өндөр хүүтэй, жилийн арван хувийн хүүтэй зээл байсан юм. Хугацаанаас нь өмнө даръя, үүнийгээ улирлын төгсгөлөөр хийе гээд борлуултын менежмент дээр нэлээд ажилласан. Үүнийхээ үр дүнд "Чалко” компаниас үнээ чөлөөлж авах боломж бүрдүүлсэн. Зөвхөн "Чалко”-гийн өрийг ингэж хугацаанаас нь өмнө төлснөөрөө 12 сая доллар хэмнэсэн байдаг юм.

-"Чалко”-гийн өрийг төлснөөр бидэнд ямар боломжууд гарч ирсэн юм бэ?

-Боломж уу. Асар их боломж нээгдсэн. Зүүн Цанхийн нүүрснийхээ тодорхой хувийг өөрсдөө борлуулах эрхтэй болж байгаа юм. Дээр нь "Чалко”-той зөвхөн гэрээгээр хүлээсэн үнийн аргаар биш, бид өөрсдөө санал тавиад үнээ өөрчлөх нөхцөлүүд бүрдэж байгаа юм.

-Яг хэдэн жил, хэчнээн тонн нүүрсээ ямар үнээр "Чалко”-д өгсөн байдаг юм бэ?

-"Чалко”-гийн гэрээ 2012 онд хийгдсэн. Тухайн үед Зүүн Цанхиас олборлож байгаа нүүрсийнхээ 60 хувийг олборлож байгаа компанийн ажлын хөлсөнд, үлдсэнийг нь "Чалко”-гийн өрийг дарахад зориулаад явдаг байсан.Гэрээнд заасны дагуу индексийн аргаар үнэ тооцоод явдаг байсан. Ажил авах үед 2012 онд тавьсан 350 сая долларын зээлээс үлдэгдэл 100 сая долларын өр байсан. Таван жил олборлолт явуулчихаад байхад тэр шүү.

-"Чалко”-гийн өрийг тэглэсэн ч гэсэн гэрээ бол үргэлжлээд явж байгаа гэж би ойлгодог, зөв үү?

-Тийм ээ, үргэлжилж байгаа.

-Хэчнээн жилээр энэ гэрээг хийсэн юм бэ. Хэдийгээр энэ гэрээний нөхцөлүүд нууц гэгддэг ч гурван сая хувьцаа эзэмшигч бас мэдэх эрхтэй байх.

-Анхны зээл буюу өр төлбөрөө бүрэн барагдуулсны дараа таван жилээр сунгана, гэхдээ таван жилээр сунгахдаа Зүүн Цанхийн уурхайгаас олборлох нүүрсний 80 хувийг "Чалко”-д борлуулна гэсэн байдаг.

-Үнээ өмнөхийн л адил хямдаар тооцож байгаа юу. Баруун Цанхийн уурхайгаас олборлож байгаа нүүрсний үнэтэй жишвэл ямар байгаа вэ?

-Зүүн Цанхийн уурхайн нүүрсийг одоо 59.3 ам доллараар тооцож байгаа. Нөхцөлөө бид харьцангуй сайжруулж чадсан. Хэрвээ өр төлбөрөө барагдуулаагүй байсан бол индексээр үнээ тооцох ёстой байсан. Манай зүгээс үнэ тогтоодог аргачлалаа солих санал удаа дараа тавьсан бөгөөд Засгийн газар яг энэ асуудлаар ажлын хэсэг гаргаад маш олон уулзалт хийсэн. Тэгээд ч ойлголцож чадалгүй өнөөг хүртэл түр үнэ бариад л явж байна. Тэр түр үнээ нэгдүгээр улирлын үнээрээ тооцъё гэж манай тал хүсэлт тавьснаар 59.3 доллараар борлуулж байна. "Чалко”-гийн гэрээгээр бол энэ үнэ хоёрдугаар улиралд 56, гуравдугаар улиралд 53 руу орох байсан. "Чалко”-той байгуулсан гэрээнд засч янзлах юм зөндөө байдгийн нэг нь энэ. Индексээр тооцохгүйгээр нүүрсээ борлуулснаас нэлээд ашиг гарсан байдаг.

-Өр төлснөөс хойш таван жил "Чалкод” нүүрсээ өгөх ёстой юм байна. Дахиад сунгах заалт тэр гэрээнд байгаа юу?

-Дахиад таван жилээр сунгах нөхцөл байгаа. 60:40-өөр гэсэн тийм нөхцөл гэрээнд байдаг. Энэ гэрээн дээр хоёр талаасаа суух ёстой. Гэхдээ их нягт боловсруулсан, хөдөлгөхөд тун бэрх гэрээ л дээ.

-Миний ойлгосноор Зүүн Цанхийн уурхайн нүүрсийг бид 59.3 доллараар борлуулж байгаа юм байна. Харин Баруун Цанхийн нүүрсийг хэдээр борлуулж байгаа вэ?

- 68.1 ам.доллараар борлуулж байна.

-70 ам.доллар гарчихсан байсан. Юунаас болоод буурсан юм бэ?

-Австралид үер болж, өмнөд хөрш бас хэд хэдэн үйлдвэрээ хаасан тэр үед Баруун Цанхийн нүүрсээ 73.1 доллараар борлуулж байсан. Мэдээж зах зээл дандаа нааштай байдаггүй. Аажмаар нүүрсний үнэ буурч 67 ам.долларт хүрсэн. Одоо жаахан өсөлттэй л байна.

Бид зах зээлийн үнийг далайн боомтноос нь хөөгөөд тээвэрлэлтийн татвар хураамж, угаалтын зардал зэрэг бүх зардлыг хасаад аман дээрх үнээ гаргаж авдаг.

-Бид Тавантолгой 300 жил монголчуудыг тэжээх нөөцтэй гээд л омогшицгоодог. Гэтэл мэргэжлийнхний ярьж байгаагаар Тавантолгойн ордыг сорчилж олборлоод байгаа учир 30 жил ч ашиглахгүйгээр сэглэгдэх магадлал өндөр. Үлдсэн хэсгийг нь олборлох боломжгүй болно гэх мэтийн болгоомжлол их явах юм. Үнэн бол хэзээ ингэж сорчилж олборлохоо зогсоох юм бэ, хэзээ технологио өөрчлөх вэ?

-Хоёр талтай ойлголт л доо. Юу гэхээр бид өнөөдөр гурав, дөрөвдүгээр давхаргын коксжсон нүүрс болон исэлдсэн эрчим хүчний нүүрсээ олборлож байгаа. Олборлосон нүүрсээ бүгдийг нь экспортлодог. 0 давхаргын нүүрс буюу эрчим хүчний нүүрснээс муу чанарын нүүрсүүдээ одоохондоо гаргаж эхлээгүй байгаа. Техник эдийн засгийн үндэслэлээрээ манайх олборлолт явуулаад долоо дахь жилдээ орох гэж байна. Энэ үедээ 0 давхаргын нүүрс гаргаад угаагаад эхэлчихсэн байх ёстой. Гэхдээ энэ нь жилд 30 сая тонн нүүрс олборлох үед хийсэн тооцоолол. Харин бид жилд 4-7 сая тонн нүүрс л олборлож байсан учир ТЭЗҮ-ээрээ олборлолт эхлээд 4-5 дахь жилдээ явж байна гэсэн үг. Тэгэхээр 0 давхаргын нүүрсээ одоо л гаргах боломжтой болж байна гэж тооцож болно.

-Тэр одоо гэдэг цаг хугацаа нь яг хэзээ вэ, тодорхой хэлж болох уу?

-Төлөвлөгөөгөөр бол ирэх оны тавдугаар сарын үед 0 давхаргын нүүрсийг олборлохоор байгаа юм. Тэр гаргасан нүүрсээ эрчим хүч, коксжсон нүүрстэйгээ нийлүүлээд угаах асуудлыг ярих ёстой. Тэгэхээр одоо яг сорчлоод байна гэж шууд утгаар нь хэлэх нь учир дутагдалтай.

-0 давхаргын нүүрс гэдэг нь нэлээд чанар муутай нүүрс үү?

-Эрчим хүчний, коксжих нүүрсээсээ чанар муутай, гэхдээ сайн чанарын нүүрстэйгээ холиод угаагаад гаргах ёстой л доо.

-"Чалко”-гийн гэрээнд зөвхөн гурав, дөрөвдүгээр давхаргын сайн чанарын нүүрсийг л авна гэж заасан байдаг гэдэг нь үнэн юм уу?

-Олборлосон бүх нүүрсээс чанар харгалзахгүй ижил хувь авна гэж заасан байдаг юм. Тийм учраас дөрөвдүгээр давхаргын нүүрс буюу коксжсон нүүрс, гуравдугаар давхаргын нүүрс, бас исэлдсэн нүүрс буюу эрчим хүчний нүүрсээс Зүүн Цанхиас ямар хэмжээтэй гарна, тэр хувиар нь л Чалко авдаг.

-Исэлдсэн нүүрсээ "Чалко”-д хэдээр борлуулж байгаа вэ?

-15 ам доллараар зарж байгаа.

-Баруун, Зүүн Цанхи гэдэг бол Цанхийг дундуур нь хуваагаад л нэрлэчихсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, олборлолт явуулах нөхцөл энэ хоёр орд дээр бараг адилхан гэж ойлгодог. Энэ зөв үү?

-Зөв.

-Гэтэл ийм байхад Баруун Цанхи дээр олборлот явуулдаг үндэсний компаниуд хямд өртгөөр, Зүүн Цанхи дээр олборлолт явуулдаг TTJVco нарын олборлолтын зардал бараг хоёр дахин зөрүүтэй гэж сонссон. Яагаад ийм байдаг юм бэ?

-Бүр анх Макмахон гэдэг компанитай гэрээ байгуулаад Зүүн Цанхи дээр олборлолт явуулсан юм билээ. Тэдний гэрээг TTJVco үргэлжлүүлээд явсан. Анх гэрээ байгуулах үед нэг куб метр шороог 10 доллар гэсэн асар өндөр үнэтэйгээр байгуулж байсан байдаг юм. "Эрдэнэс-Таван толгой”-н удаа дараагийн удирдлагууд үнийг буулгах талаар олон арга хэмжээ авч энэ үнийг 3-4 доллар болгосон. Зүүн Цанхи дээр олборлолт явуулдаг компани Баруун Цанхийнхаас өндөр өртгөөр ажилладаг нь үнэн. Баруун Цанхийн нэг куб метр уулын ажлыг 6600 төгрөг хавьцаа тооцдог бол, Зүүн Цанхийнх 11000 орчим болдог байх. Тухайн үед ам.доллароор тооцоод гэрээ хийчихсэн байсан. Ханшийн өсөлт ч үүнд нөлөөлсөн.

-TTJVco-той бас тийм хатуу гэрээтэй юм уу?

Хатуу гэрээтэй. Биднийг ажил авахаас бараг дөрвөн жилийн өмнө хийгдсэн гэрээ л дээ.

-Хугацаа нь дуусах болоогүй юү?

-Хоёр жил орчим үлдсэн байх аа.

-TTVJсо гэхээр өнгөрсөн арванхоёрдугаар сарын үйл явдал санаанд орж байна. Манайхаас олборлолтын хөлсөндөө маш хямдаар тооцож нүүрс аваад түүнийгээ Хятадын "Винсвэй” зэрэг компанитай нийлж маш өндөр үнээр дамладаг гэсэн яриа гарч байсан.

-Манайх нүүрсээ уурхайн аман дээрээсээ борлуулдаг. Худалдаж авсан компани нүүрсээ ямар нэгэн тээврийн компаниар зуучлуулж хил гааль хүргүүлээд цаашаа угааж боловсруулж зардаг болов уу. "Винсвэй” бол манай нэлээд томоохон худалдан авагч. Өмнө нь хэр зэрэг ашиг олдог байсныг би мэдэхгүй. Одоо бол тэгж их ашиг олж чадахгүй байгаа болов уу гэж бодож байна.

-Яагаад?

-Тээвэрлэлт нэлээн хүнд байгаа. Тээврийн зардал өндөр байна. Хамгийн гол нь бид нэлээд боломжийн өндөр үнээр борлуултаа хийж байгаа. Тэднийх нь манайхаас түүхий нүүрс аваад, тээвэрлээд,угаагаад дахин далайн боомт хүргэж байгаа үнийг нь манайхтай харьцуулаад тийм өндөр ашиг олсон гэж зарим хүн харж байгаа байхаа.

-Бас л өнгөрсөн арванхоёрдугаар сард гарсан сенсаци. Таны ширээн дээрээс "Эрдэнэс-Таван толгой”-д таван тэрбумын санал тавьсан TTJVco-гийн захидал олдсон гэдэг.

-Манай компанид нуугаад байх юм нэг их байдаггүй. Компанид бүү хэл улсад ч нууц юм байхгүй боллоо. Тэр нэг их захиа гээд сүржигнээд байсан юм байхгүй. Тодорхой хэмжээгээр удирдлагуудын зүгээс ч тэр, хамтарч ажилладаг компаниудын зүгээс ч санал гаргадаг. Тэд нарыг оруулаад, нийлүүлээд базаад ийм том юм оллоо гээд л сенсацилааад явчихсан. Тэрнээс биш юу гэж л тийм хаа хамаагүй хүмүүсээр бид ажлаа заалгаад, зөвлөмж аваад яваад байхав.

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатай нийлэн "Эрдэнэс- Таван толгой”-н нүүрсийг хямдаар зарж ашиг олдог, түүнээсээ Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ардын намд хандивлажээ гээд л мэдээллүүд хөвөрсөн дөө.

-Тийм зүйл байх боломжтой гэж чи бодож байна уу.

-Мэдэхгүй. Гэхдээ л энэ бол олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн мэдээлэл байсан. Бүр нарийн тайлбарлавал орон нутгийн Тавантолгой, "Эрдэнэс-Таван толгой”-н хоорондын маргаантай лицензийг орон нутгийн Тавантолгойнхонд ашигтайгаар шийдвэрлэчихсэн юм биш үү?

-Одоо ч ер нь сошиалаар юу ч хамаагүй бичдэг боллоо. Санаанд нь нэг зүйл орохоор шууд л биччихдэг. Тэр болгоны араас энэ чинь худлаа, энэ нь үнэн гээд явах боломжгүй бөгөөд огт тоолгүй орхичихдог. Яг таны асуусан асуултанд хариулахад тийм зүйл гэж яаж байх вэ дээ. Энэ хоёр компани хоёулаа тусдаа лицензтэй. Лиценз дээр координатыг маш тодорхой биччихсэн байдаг. Энэ дагуу л хилээ тогтоодог. Тэр хилийн дотроо олборлолт явуулах эсэх нь Орон нутгийн Тавантолгойн эрх. Тэндээ олборлолт явуулах эсэхийг бид заах эрхгүй. Харин манай хил рүү орж байна уу гэдгийг бол байнга хянадаг. Орон нутгийн Тавантолгой үүсээд тавь гаруй жил үйл ажиллагаа явуулсан байгаа. Энэ оны хоёр, гуравдугаар сард шиг санагдаж байна. Орон нутгийн Тавантолгойнхонтой хоёр талаасаа уулзаад тодорхой хэмжээний гэрээ хийсэн. Тэр гэрээн дээр та нар манайхаас ийм ийм талбай руу ороод ийм хэмжээтэй нүүрс авсан байна. Үүнийгээ өгөх ёстой. Дээрээс нь манай ийм нүүрсний овоолго дээр ийм овоолго нэмж тавьсан байна. Үүнийгээ зөөх ёстой гээд протокол хөтлөөд гэрээ байгуулсан. Тэрний дагуу манайх орон нутгийн Тавантолгойгоос 250-иад мянган тн нүүрс авах эрхтэй. Гэхдээ түүнийгээ аваагүй байгаа. Манай талдаа бол овоолго бүтнээрээ байгаа, бид тэрнийг хөндөө ч үгүй. Орон нутгийн Тавантолгой талдаа бол мөргөцөг нь нэлээд огцом болсон. Яагаад гэхээр уулын ажил хийж байхад мөргөцгийн налуу 30-40 градус байх ёстой. Харин түүнийг орон нутгийн Тавантолгойнхон харин зөрчсөн. Ийм налуу байх ёстой юмыг доод талаас нь ухсаар байгаад 20 градус хүртэл болгосон байна лээ. Бид ингэж ухаад байхад нь Мэргэжлийн хяналтынханд ч, өөрсдөд нь ч бичгээр мэдэгдсэн.

-Юу гэсэн бичиг вэ?

-Уулын ажил явуулахад осол гарахаар болжээ, ингэж болохгүй гээд мэргэжлийн байгууллагад ч, олборлолт явуулж байгаа компанид ч хандаж байсан. Жижиг Тавантолгой өөрийн талаасаа мөргөцгөө ийм огцом ухсан. Харин манай талбай руу халдсан зүйл байхгүй. Хэрвээ хоёр компанийн захирал ярьж байгаад л хаанаас олборлохыг шийддэг байсан бол ямар ч лиценз гэж байгаад хэрэг алга, координат гэж байгаад ч хэрэг алга. Цэвэр гүтгэлэг.

-"Хуала Тянь жин” гэдэг компанийг та мэдэх үү. Энэ компанид л олборлолт явуулах эрхийг өгчихсөн юм биш үү?

-Ийм нэртэй компани манай дээр лав байхгүй. Орон нутгийн Тавантолгойгоос ямар компани нүүрс авч байгааг бол бид мэдэхгүй шүү дээ. Гэхдээ ямар ч байсан мөргөцөг худалдах, өөр газраар олборлуулах боломж байдаггүй юм.

СТРАТЕГИЙН ТОМООХОН ОРД ТӨРИЙН МЭДЭЛД БАЙСНААР

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ ХАНГАГДАНА

-Ардын нам засаг барьж байх үед Тавантолгойн хувьцаа эзэмшигчид монголчууд бүгдээрээ гээд зарласан. Бид бүгдээрээ 1072 хувьцаатай гээд л байдаг. Хувьцаагаа зарж борлуулах ч эрхгүй, ашиг ч хүртдэггүй нэг тийм хувьцаа эзэмшигчид л болсон. Энэ хувьцаа хэзээ амь орох вэ?

-Хувьцааны эргэлт үүсэхийн тулд хамгийн эхлээд компанид бүх хувьцаа эзэмшигчийн нэрсийг хувьцааны тоотой баталгаажуулж гаргах ёстой. Тэр ажлын хэсгийг Засгийн газраас байгуулсан. Энэ арван нэгдүгээр сардаа багтаагаад дүгнэлтээ гаргах учиртай. Тэр дүгнэлт гараад хувьцаа эзэмшигчдийнхээ тоог нарийвчлан гаргасны дараа хувьцаа эзэмшигчид манай баланс дээр бичигдэх ёстой. Манай компани өнөөдөр хувьцаат компани гэж байгаа боловч хэчнээн хувьцаа эзэмшигч, хэчнээн хувьцаа эзэмшдэг гэсэн нарийн тоо холбогдох байгууллагууд гаргаагүй байна. Тэр зүйлүүд яг нарийн гараад баталгаажсаны дараа хөрөнгийн бирж рүү оруулж хувьцаагаа худалдах эрхүүд үүсэх боломжтой. Эхлээд бүртгэлээ дуусгана, дараа нь Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо руу өгнө. Тэгж байж албан ёсны хувьцаат компани болно.ногдол ашиг өгөх асуудал дээр бол эхлээд компани өргүй болох ёстой. Ашигтай ажиллах ёстой. Тэр ашгаасаа хувьцаа эзэмшигчдийн хурал дээрээ ийм ашигтай байгаа учраас тэдэн хувийн ногдол ашиг өгье, тэдийг нь хөрөнгө оруулалтаар үлдээе гээд шийдвэр гаргадаг. Тэр журмаар л явах байх.

-Энэ жил ямархуу ашигтай ажиллаж байгаа вэ. Эхний арван сарын байдлаар гаргасан статистик байгаа юу?

-Компани үүсгэн байгуулагдсанаасаа хойш түүхэнд байгаагүй өндөр амжилт үзүүлж байна. Нийт 485 тэрбум төгрөгийг үүсэн байгуулагдсан цагаасаа хойш улсад татвар хураамжаар төлсөн байдаг. Түүнийхээ талыг нь буюу 260 тэрбумыг нь таван жил явж байж төлсөн байдаг. Гэтэл бид энэ оны эхний гурван улирлын байдлаар 230 тэрбум төгрөгийн татвар төллөө. Таван жилийн дотор төлсөн татварыг бид гурван улирлын дотор төлж байна. Дээр нь компанийн ашиг орлого нэлээд өндөр харагдаж байгаа. Улсад төвлөрүүлсэн татвар 230 тэрбум, компанийн өөрийн ашиг 340 тэрбум төгрөг. Үүнийхээ 250 тэрбум төгрөгийг /100.0 сая ам.доллар/ саяхан Монгол Улсын Хөгжлийн банк руу өгсөн. Энэ жил 11 сая тн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс 7.5 сая тонныг нь экспортлосон. Гол нь бид энэ жил экспортоо өндөр байлгая, нэлээд ашиг олно гэж төлөвлөж байсан. Улсад төвлөрүүлэхээр тооцож байсан татвараа бол төвлөрүүлсэн. Үүний гол утга нь бид өнөөдөр нүүрсээ төлөвлөж байснаасаа өндөр үнээр борлуулж чадсан. Дээр нь төлөвлөж байснаасаа хямд үнээр олборлолтоо хийж чадсан. Тийм учраас бид бага нүүрс гаргасан ч гэсэн төлөвлөж байсан орлого, ашгаа бол олчихож байгаа юм.

-Төрд байгаа учраас "Эрдэнэс-Таван толгой” ашигтай ажиллахгүй гэж ярьдаг хүмүүс байдаг. Эдгээр үл итгэгчдэд таны хэлсэн тоо баримтууд нэлээд хүнд тусах байх. Харин Та компанийхаа ирээдүйг нь хэр өөдрөгөөр төсөөлдөг юм бэ?

- Зах зээлийн эдийн засагт төр аль болох өөрөө оролцох ёсгүй, бүх зүйлийг хувийн хэвшил, эсвэл төр хувийн хэвшил хамтарч хийх ёстой гэсэн онол байдаг. Гэхдээ энэ нь 100 хувь үнэн байдаггүй. Жижиг буурай орнуудын хувьд, тэгээд хоёр том хөрштэй манайх шиг улсын хувьд тусгаар тогтнолоо хамгаалж, төр нь хүчтэй байхын тулд стратегийн томоохон орд, улсын эдийн засагт нөлөөлөх үйлдвэр аж ахуйд өөрсдөө оролцох нь зөв гэж би боддог. Яагаад төр муу менежмэнт хийгээд байдаг вэ гэхээр тухайн үеийн удирдлагатай холбоотой байдаг. Тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээс л хамаарч байдаг. Өнөөдөр жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Засгийн газраас нь ямар нэгэн буруу зөрүү чиглэл өгөөгүй, буруу зөрүү шахалт үзүүлээгүй учраас л "Эрдэнэс-Таван толгой” ийм сайн үзүүлэлттэй байна. Шууд төрөөс хамааралтай, дээрээс нь гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа хүмүүүсийн менежментээс хамааралтай.

-Яагаад өнгөрсөн жилүүдэд ийм ашигтай ажиллаж болоогүй юм бэ?

- Олон хүчин зүйлс нөлөөлсөн болов уу.

-Гэхдээ 2012 онд ийм өндөр үнэтэй л байсан шүү дээ.

-Ер нь бол Засгийн газар, менежмент, удирдлагын багаас хамаарч байгаа байх. Гол нь бид өнөөдөр өөрсдөө баруун Цанхиа ажиллуулаад, өөрсдөө үнийн нээлттэй сонгон шалгаруулалт явуулсны л үр дүн гарч байгаа юм. Дотооддоо засч залруулсан нарийн ширийн зүйл ч зөндөө бий. Энэ нь ажилд үр нөлөөгөө өгч өнөөдөр ийм сайн үзүүлэлт яриад сууж байна. Хамгийн гол үзүүлэлт санхүүгийн байдлаар харагдах байх. Өр ширээ нэлээд дундаллаа. Овоо л тоо хасагдсан даа. Ийм тоо "Эрдэнэс –Таван толгой” компанийн түүхэнд лав байхгүй.

-350 тэрбумын ашигтай ажиллаад 250 тэрбумыгаа өрөндөө өгчихсөн гэхээр сайхан сонсогдож байна. Таныг анх ажлаа авч байхад ийм хүлээлт лав байгаагүй байх аа. Найман жил МОНЦАМЭ-гийн захирлаар ажиллачихсан таныг хүмүүс сэтгүүлч гэж л харж байсан. Хэвлэлийн хүн "Эрдэнэс-Таван толгой”-г удирдаж чадахгүй л гэж байсан. Та ингэхэд ямар мэргэжилтэй хүн бэ?

-Би Мэдээлэл холбооны инженер мэргэжилтэй. Инженерүүдийн давуу тал нь ямар ч салбар руу хөрвөх чадвар сайн байдагт оршдог юм. Сэтгэлгээ нь задарчихсан байдаг. Дээрээс нь би төрийн агентлагыг найман жил толгойллоо. Төрийн байгууллагыг ямар хэмжээнд удирдаж явж болох вэ гэдгийг мэднэ. Хувийнхаа бизнесийг ч бас нэлээд сайн авч явж байсан. Ер нь хувийн компани ажиллуулаад, хүмүүс цалинжуулаад үзчихсэн, тодорхой эрсдэл үүрээд үзсэн аливаа аж ахуйн нэгжийг удирдах арга барилтай, тодорхой зуршилтай болчихдог юм шиг санагддаг. Төрд ирсэн ч энэ төрийн юм, миний юм биш гэсэн хөндий сэтгэлээр ханддаггүй тул хэмнэх гээд л, харамлаад л сууж байдаг.Төрд ч, хувийн хэвшилд ч амжилттай ажиллаад үзчихсэн дунд эргэм насныхан ер нь хор нь арилчихсан байдаг юм даа.

Харин ихэнх хүн таныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байсан Ж.Мөнхбат гишүүний дотнын найз учраас энэ албанд томилогдсон гэж харж байсан?

Би МАН-ын гишүүн. МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны гишүүнээр 12 жил ажилласан. Гурван УИХ дарааллан сонгогдсон. Нам сонгуульд ялсны дараа хяналтын байгууллагад олон жил ажиллаж байсан, төрийн байгууллагыг удирдаж байсан, хувийн хэвшилд ч ажиллаж байсныг маань харгалзаад энэ байгууллагыг гайгүй ажиллуулчих байх гэж найдаад энэ ажлыг өгсөн болов уу гэж бодож байна.

"Эрдэнэс-Таван толгой” ХК-нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяалалд байдаг бас намын Хяналтын Ерөнхий хороонд байхад маань Ж.Мөнхбат сайд намын генсек байсан бөгөөд ойр дотно байсан болохоор энэ бүхнийг холбоод Мөнхбатын хүн гээд байх шиг байгаа юм. Нэг намын хүмүүс ойр байлгүй яахав. Ойлголцдог.

-Хууль хяналтын байгууллагаас янз бүрийн зүйл ирээгүй юу?

-Тийм юм байхгүй.

-Таны түрийвч рүү өнгийх гээгүй юм шүү. Гэхдээ төрийн өмчит компаниудын захирлын цалин чамгүй сонсогддог. Таныхыг сонирхож болох уу?

- Өнгөрсөн оны 10 дугаар сард Засгийн газрын шийдвэрийн дагуу дэд захирлын цалинг 30 хувь, гүйцэтгэх, ерөнхий захирлын цалинг 50 хувь буулга гэсэн үүрэг өгсөн. Үүргийн дагуу өнгөрсөн оны аравдугаар сараас бууруулсан нь одоо хүртэл тэр чигээр л явж байгаа.

-Тийм үү, компани ашигтай ажиллавал менежментийн баг нь урамшуулал авдаг гэж бодсон юмсан.

-Тийм зүйл байхгүй ээ. Бүр гадагш дотогш явахаас хүртэл эмээдэг болсон. (инээв) Томилогдсоноосоо хойш хоёр удаа л Хятад руу Засгийн газрын гишүүдтэй явсан. Ганцхан удаа амралтаа авч байгаад хүүхдээ сургуульд хүргэж өгөх гээд явсан. Зав ч болдоггүй. Ганц удаа яваад ирсэн чинь намайг "Эрдэнэс-Таван толгой”-н мөнгийг хулгайлаад зугатаачихлаа гэх яриа гарсан шүү дээ. Миний ажил бол ийм л их хардлага дагуулсан ажил байдаг.

-Гэхдээ бас энэ албанд ирчих юмсан гэсэн хүсэл чамгүй олон хүнд байдаг бололтой. Таныг солино, өөр хүн томилно гэсэн яриа их байх юм. Уг нь компани ашигтай ажиллаж байвал менежмент сайн байна гэсэн үг биз дээ?

- Өнөөдөр МАН-ын байгуулсан Засгийн газар солигдсон болохоос өөр улс төрийн хүчин солигдоогүй. Намаас сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн төлөө сонгогдож, томилогдсон бүх хүмүүс зүтгэж байгаа. Иймд халаа сэлгээ нэг их хийхгүй болов уу гэж бодож байгаа. Ихэнхдээ албан тушаалын дон туссан хүмүүсийн явуулж байгаа их гүтгэлэг, явуулга болов уу. Ажлын үр дүнгээр нь дүгнэх ёстой.

-Одоо МАН доошоо халгаа сэлгээ явуулаад л эхлэх юм бол ирэх 2020 онтой золгоход бас л хэцүү болох байх даа?

- Ерөнхий сайд сая дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нартай хийсэн Засгийн газрын нээлттэй хурал дээр зарлаж байна лээ. Ямар ч хууль бус халгаа сэлгээ хийж болохгүй ээ. Халгаа сэлгээ хийхгүй. Харин ажлаа муу хийж байгаа, яах аргагүй асуудалтай байгаа хүмүүстэй бол хатуу үзнэ гэдгээ хэлчихлээ. Тэр зарчмыг бол би зөв гэж бодож байгаа.

-Төрийн өмчид компани дээр тэр шалгуур юу байх вэ гэхлээр санхүүг л харах байх. Төрийн өмчид компанийн санхүү нь хэр байна, ашигтай ажиллаж уу, үгүй гээд л?

-Ганц санхүүг харах биш л дээ. Санхүү өчнөөн сайн ажилласан ч юмыг яаж мэдэх вэ тэр хүмүүс буруу зөрүү юм хийгээд хүмүүсийн хардаад байдгаар хулгай хийсэн байвал солихоос өөр арга байхгүй. Манай компанийг маш их хий харддаг. Мэдээж хардах эрх бүх хувьцаа эзэмшигчдэд байгаа. Бас шалгуулах эрх ч нээлттэй. Бид ажил авсан өдрөөсөө хойш л холбогдох газруудад бичиг явуулсан. Өмнөх дарга нар ингэж, ингэж алдаа гаргасан учраас ийм асуудлуудад холбогдсон. Тиймээс та нар зөвлөмж өгөөч ээ. Өмнөх дарга нар юун дээр алдаж байсан юм. Би ямар алдаа гаргахгүй байх ёстой вэ гэж бүх газрууд руу зөвлөмж өгөөч гэж бичиг явуулсан.

-Та өөрөө хандсан юм байна ш дээ, тийм ээ?

- Би өөрөө хандсан. Юмыг яаж мэдэх вэ. Миний өмнөх бүх захирлууд л нөгөө хэцүү нэрт рүү явсан байдаг шдээ. Тэгэхээр би ажил хийснийхээ төлөө хэцүү нэрт рүү явах сонирхол алга. Тэгээд надад тэгж худлаа яриад хулгай хийгээд байх шаардлага ч байхгүй. Тийм учраас би ямарч байсан нэр цэвэр байх ёстой. Ажлаа сайн хийх ёстой. Тэгэхдээ өөрийгөө хэлмэгдүүлж болохгүй. Тийм зарчмын үүднээс бүх газар руу бичиг явуулсан. Хүнийг хардаад байх шиг муухай юм байдаггүй. Хэцүү байдаг. Гүтгүүлэх шиг муухай юм байдаггүй.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49753
0 эможи
keyboard_arrow_up