COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Даланзадгадын цахилгаан тарсаад дөрөв хонож байхад дарга нар нь Тайвань, Хайлар, Манжуурт аялж явна

2019 оны 4 сарын 23

Өмнөговь аймгийн төв, Даланзадгад сумын цахилгаан станц зогсож, айл өрх, албан газрууд нь лааны гэрэл дор сүүмэлзэн дөрөв дэх хоногтойгоо золгож байна. Хаа газар цахилгаангүй бол амьдрал үндсэндээ бараг зогсох шиг болдог хойно доо. Сумын төвийн бачимдсан иргэд нь яасан, юу болсон гээд асууж сураглахаар цахилгаан станцад гарсан гэмтэл согог, учир шалтгааныг бүдүүн тоймоор ч болов хэлээд өгчих дарга даамал олдохгүй байгаа юм байна. Яагаад гэхээр Даланзадгад сумын Засаг дарга Т.Алтансүх, ИТХ-ын дарга Т.Мэндээ нар нь Тамгын газрын ажилтнуудынхаа хамт нийтдээ 40-өөд хүний бүрэлдэхүүнтэйгээр бөөнөөрөө Хайлар, Манжуур, Тайвань руу аялж зугаацахаар мордоод эргэж ирээгүй байгаа ажээ.  Өөрөөр хэлбэл, сумын удирдлагууд нь дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хойш үе үе доголдсоор тийнхүү зогсоход хүрсэн цахилгаан станцынхаа засварт анхаарахын оронд хувийн зугаа цэнгэлд мансуураад яваа юмсанж.

Тэгвэл цахилгаан станцын зарим ажилтнууд нь сэтгэл зовсон иргэдийн асуултын хариуд зөвхөн “Бид засвар хийж байгаа” гэхээс өөр юм хэлэлгүй дөрөв хонож байна. Харин зарим эх сурвалжууд “Аянга буудаг улирал эхэлж байгаатай холбогдуулан станцдаа завсар хийж байгаа” хэмээн тодотгож буй ажээ. Гэхдээ энэ оны 3 дугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр цахилгаан станцын хэвийн байдал алдагдаж эхэлсэн нь яах аргагүй үнэний ортой юм байна. Нөхцөл байдал ийм хүнд үед аймгийн удирдлагууд нь хэрхэн анхаарч, юу хийж буй нь бас тодорхой бус байгаа нь тун сонин.

Өмнөговь аймагт сүүлийн жилүүдэд Оюутолгойн бүтээн байгуулалтын үр шимээр айл өрхүүдийнх нь амжиргаа эрс дээшилж байгаа билээ. Тус аймгийн Даланзадгад сумын цахилгаан станцыг 2000 онд Солонгосын хөрөнгө оруулалтаар ашиглалтанд оруулсан. Гэвч 2008 онд цахилгаан станцад нь их хэмжээний доголдол гарч тухайн үед С.Баярын тэргүүлсэн Засгийн газраас тогтоол гарган, завсарлах ажлыг дээрээс зохион байгуулан, дэмжлэг үзүүлж байлаа. Дараа нь бас 2011 онд дахиад уг станцад доголдол үүсээд Улсын Онцгой комисс нь хуралдан байж арай чамай арга хэмжээ авсан удаатай.

Харин энэ удаа Даланзадгадын цахилгаан станцад ямар доголдол гараад, айл өрхүүдийг цахилгаанаар хангаж чадахгүй, зөвхөн эмнэлэг, сургууль, албан газрууддаа 2-3 цаг цахилгаан түгээгээд тасалж байгааг одоогоор Хайлар, Манжуур, Тайваньд аялсан шигээ таваргаж яваа Т.Мэндээ, Т.Алтансүх тэргүүтэй дарга нар лав хэлж мэдэхгүй нь мэдээж юм. Эмнэлэгт хүнд өвчтэй хүмүүс нь цахилгаангүйгээс болоод мэс засал хийлгэж чадахгүй үхлийн ирмэг дээр тулж ирсэн тухай муу мэдээ ч тэндээс бас дуулдаж эхэлжээ. Цаашдаа Даланзадгадынхан хэдэн хоног лааны гэрэлд сүүмэлзэхийг бүү мэд.

О.Баяр

Шуурхай.мн 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602589
0 эможи

keyboard_arrow_up