COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Баян-Өлгийн Засаг дарга А.Гылымхан хугацаанаасаа өмнө огцрох уу

2017 оны 10 сарын 18

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан тухай асуудал хэвлэлүүдээр гарах болсон. Учир нь тэрбээр тус аймагт намын харьяаллын халаа сэлгээ хийж, олон зуун хүнийг ажилгүй болгосон ба төсөл, тендертэй холбоотой бүхий л шийдвэрийг дур зоргоороо хийх болсныг иргэд баримттайгаар мэдээлэх болсон билээ.

Тэгвэл А.Гылымханы энэ байдал хэрээс хэтэрсэн тул Баян-Өлгийн ИТХ дахь АН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын даргад даваа гаригт нэгэн шаардлага хүргүүлсэн байна. Уг шаардлагад:

2016 оны УИХ, орон нутгийн сонгуулиар МАН олонхи болж, аймгийн Засаг даргад нэр дэвшигч А.Гылымханыг АН-ын бүлгийн гишүүд 100 хувь дэмжсэн билээ. Гэтэл өнгөрсөн 1 жил 3 сарын хугацаанд А.Гылымхан нь удаа дараа хууль зөрчиж, зарим чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй. Үүнд:

  1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1.2-т зааснаар аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, Нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн хурлын тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх гэж заасан байхад аймгийн Засаг дарга нэг орлогчийг илүү томилон ажиллуулж, хууль зөрчиж байна.
  2. Нийтийн албанд нийтийн болон хувийг ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-т зааснаар Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байхад Дэлүүн сумын Засаг даргаар өөрийн төрсөн дүү болох А.Ахылбекийг томилох шийдвэр гарган хууль зөрсөн. Аймгийн засаг даргын тамгын газрын даргын сул орон тоонд Төрийн албаны удирдах албан тушаалд тавих ерөнхий шаардлага болох мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, мэргэшсэн байх шаардлагыг үл харгалзан дураараа томилгоо хийж, хууль зөрчсөний улмаас аймгийн ЗДТГ-ын даргын сул орон тоо одоо болтол жинхлэгдээгүй, маргаан дагуулсан хэвээр байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1.10-т зааснаар Хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх гэснийг зөрчсөн болно. Энэ нь аймгийн хэмжээнд төрийн албанд хууль бусаар удаан хугацаанд түр орлон гүйцэтгэгч олширч, 2 жилийн хугацаанд төрийн албаны сул орон тооны сонгон шалгаруулалт нэг ч удаа явагдаагүй нь орон нутгийн төрийн албаны зарчим, шударга ёс алдагсаны тод жишээ юм. Энэхүү аймгийн ЗДТГ-ын дарга жинхлэгдээгүйн улмаас аймаг дахь төрийн албаны салбар зөвлөл ажиллах нөхцөлгүй болсон нь А.Гылымхан Засаг даргынхаа гол чиг үүргийг хэрэгжүүлж чадаагүйтэй шууд холбоотой. Засаг дарга А.Гылымхан нь Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга, Өлгий сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар бүрэн дунд сургуулийн захирал, Улаанхус сумын Хөххөтөл багийн бага сургуулийн захирал, Ногооннуур болон Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарыг хууль зөрчин ажлаас нь халсан нь бүх шатны шүүхийн шийдвэрээр нотлогдоо. Дээрхи үйлдлүүд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн32-ын 2-т зааснаар Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дэдэ шатны засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ гэсэн заалтын дагуу засаг дарга А.Гылымханыг хугацаанаас нь өмнө огцруулах хангалттай үндэслэл гэж үзэж байна.

Иймд уг асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 6-д заасны дагуу 15 хоногийн дотор ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү.

ЖИЧ: Засаг дарга А.Гылымханы ашиг сонирхлын зөрчил болон хууль зөрчсөн бусад үйлдлүүдийн талаар хуралдаанд дэлгэрэнгүй танилцуулах болно” гэжээ.

Эндээс харахад, албан бичигт А.Гылымханы хууль зөрчсөн үйлдлүүдээс зөвхөн цухас дурдсан ч эдгээр нь түүнийг огцруулах үндэслэл гэдэг нь ойлгомжтой ажээ. Баян-Өлгийн ИТХ дахь АН-ын бүлгийнхний мэдээлснээр, Засаг дарга А.Гылымханыг дан ганц сөрөг хүчнийхэн баалсангүй. МАН-ын гишүүд ч түүний хууль бус үйлдлээс болж олон хүн хохирч, намын нэр хүнд уналаа гэж үзээд уг шаардлагад нэгдэж буй бололтой.

Эх сурвалжийн хэлж буйгаар 2016 оноос хойш аймгийн төв, сумдууд дахь төрийн албаны 300 гаруй хүн намын харьяалал өөр, үзэл бодол таарахгүй, эсвэл А.Гылымханы талынхантай сөргөөцөлдсөн зэрэг асуудлаар ажлаасаа халагджээ. Гэхдээ тэдгээр иргэн өөрийгөө хамгаалах эрхзүйн мэдлэг дутуу, шүүх цагдаад ч Засаг даргын талын хүмүүс ажилладаг гэх шалтгаанаар эрхээ хамгаалж чадаагүй аж. Харин 40 гаруй хүн хуулийн байгууллагад хандсан ч дөнгөж дөрөв нь л ажилдаа буцаж орсон байх юм. Гэвч энэ дөрвөн хүнийг байнга дарамталж, ажлаа хэвийн хийх ямар ч нөхцөлгүй болгож байгаа гэсэн сураг дуулдлаа. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий дэх төрийн албыг хэвийн хийж байсан 300 гаруй хүн ажилгүй болж яг тэр тоогоор А.Гылымханы ах дүүс, хамаатан садан, танил тал нь ажлын туршлага, мэдлэг, боловсрол үл харгалзан төрийн албанд орсон гэсэн үг.

А.Гылымханы тухай асуудал үүгээр дуусахгүй. Түүнийг Ховдоос Баян-Өлгийн чиглэлийн хатуу хучилттай замын туслан гүйцэтгэгч шалгаруулах тендерийг төрсөн ахдаа ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр авч өгсөн гэж ярьцгаадаг. Ер нь энэ аймагт зарлагдсан тендер, төрийн том төслүүд бүгд А.Гылымхан болон түүний талынхны гараар орсон гэж эх сурвалж мэдээлж байгаа.

Тэр ч бүү хэл, ховор ан агнуур, байгалийн цогцолбор газар ихтэй Баян-Өлгийд агнуурын тусгай зөвшөөрөл хүссэн бүхэн мөн л энэ нөхрийн амыг хардаг гэсэн. Мөн хэд хэдэн удаа ангийн тусгай зөвшөөрөл, төлбөрийг зувчуулсан гэсэн ба бид дараагийн нийтлэлдээ А.Гылымханы эдгээр үйлдлийг баримттайгаар гарган ирэх болно.

Хамгийн гол нь, өдгөө Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдох гэж байгаа Х.Баделхантай энэ нөхөр яг яаж холбогдов гэдгийг сонирхсон юм. Учир нь энэ хоёр хүний ямагт цуг сонсогддог. Тэгэхэд Х.Баделхан, А.Гылымхан хоёр Молхы омгийн хүмүүс бөгөөд ойрын садангийн хүмүүс аж. Ямартай ч энэ бүхнээс харахад баруун хязгаарт хяналт, шалгалт, хууль ёсны зохицуулалт үнэхээр хэрэгтэй байгаа нь үнэн бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48262
0 эможи
keyboard_arrow_up