COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 9 сарын 02

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Хотын дарга хууль бусаар газар олгосон захирамжуудыг хүчингүй болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж гаргасан билээ. Мөн цаашид Улаанбаатар хотын суурьшлын бүсэд шинээр газар олгохгүй байх захирамжийг гаргасан. 

Нийслэлд хоёр болон түүнээс дээш жилээр эзэмшиж буй газраа ашиглаагүй иргэд олон байдгийн дээр эзэмших эрхийн зөрчилтэй иргэд, аж ахуйн нэгжүүд байсаар байна. Эзэмшлийн газраа хуулийн хугацаанд ашиглаагүй, газар эзэмших эрхийг олгохдоо зарим нэг хууль тогтоомжийг зөрчин олгосон байдал нь иргэдийн дунд газрын наймаа дэлгэрэх, авилга, хээл хахуулийн үндэс болж байгааг хотын дарга анхааралдаа авч, хууль бус олгогдсон газруудыг цэгцлэх ажлыг эхлүүлээд байна.

НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү Сүхбаатар дүүргийн таван цэцэрлэгт иж бүрэн тоглоом бэлэглэлээ 

Монгол орны өнцөг булан бүрт хичээлийн шинэ жилийн анхны хонх цангинаж, эрдмийн өргөө болсон  сургууль, цэцэрлэгт бүр  хүүхэд сурагчдын хөл хөдөлгөөнд дарагдаж, эрдмийн их аянаа эхлүүлж байна.

Тэгвэл үүнтэй холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч  П.Баярхүү Сүхбаатар дүүргийн 166, 205, 159, 217, 175 дугаар цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцож, үйл ажиллагаатай нь танилцан цэцэрлэгүүдэд иж бүрэн тоглоом бэлэглэлээ.

Энэ жилийн хувьд улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхэд өмнөх оныхоос  9321 хүүхдээр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Төрийн өмчийн 877, хувийн өмчийн 545, нийт 1,422 цэцэрлэгт 252 мянга 753 хүүхэд суралцана гэсэн тооцоо гарчээ.

Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 4.2 хувиар буурчээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 8 дугаар сарын 28-ны өдөр боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлыг танилцуулав.

Нийслэлийн цагдаагийн газраас өгсөн мэдээллээр 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 3769 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 470 нэгж буюу 12.4 хувиар буурч, гэмт хэргийн шинжтэй 1845 үйлдэл бүртгэгдсэн нь 80 нэгж буюу 4.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 551 гэмт хэрэг бүртгэгдэж, Багахангай дүүрэгт хамгийн бага буюу 2 гэмт хэрэг бүртгэгджээ. Хүний эрүүл мэнд, амьд явах эрхийн эсрэг болон залилангийн хэрэг өссөн бол дээрэм, хүчин, хулгайн гэмт хэрэг буурсан байна.

“Өгөөж чихэр боов“ ХХК болон "Авто плаза"-ийн уулзварыг нээлээ

Сүхбаатар дүүргийн  5 дугаар хороонд байрлах  “Өгөөж чихэр боов“ ХХК-ийн баруун урд уулзвар,  10 дугаар хороонд байрлах "Авто плаза"-ийн уулзварын нээлт 8дугаар сарын 28-ны өдөр боллоо.

Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон бусад албаныхан оролцов.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гол гудамж, замын уулзварын өргөтгөл шинэчлэлтийг барьж байгуулан нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэхээр тусгасан. Үүний  дагуу нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр энэ онд Сүхбаатар дүүргийн  5 дугаар хороонд байрлах  “Өгөөж чихэр боов “ХХК-ийн баруун урд уулзвар,  10 дугаар хороо, "Авто плаза"-ийн уулзвар,  Хан-Уул дүүргийн  15 дугаар хороо,   Богд Жавзандамбын уулзвар, 11 дүгээр хороо,  ХААИС-ийн уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгээд байгаа билээ. 

Хотын дарга хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 10 дугаар цэцэрлэгийг ирэх онд ашиглалтад оруулахаар боллоо

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн сувилал, яслийн  10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Буянжаргалыг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэрээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 10 дугаар цэцэрлэгийг ирэх онд ашиглалтад оруулахад анхаарч ажиллахаа хэлсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах учиртай. Нийслэлийн засаг даргын хувьд миний бие нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч нартай ярилцаж 2018 оны нийслэлийн эсвэл улсын төсөвт энэ асуудлыг тусгуулж, ирэх онд цэцэрлэгийн барилгыг бүрэн ашиглалтад оруулах болно гэдгээ амалж байна.” гэлээ.  Мөн цаашдаа энэ төрлийн үйлчилгээ явуулаг сувилал, яслийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа хотын дарга илэрхийллээ.

Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг 9 дүгээр  сарын 15-ны дотор хангаж дуусгах үүрэг өглөө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцууллаа.

Энэ сарын 28-ны байдлаар өвөлжилтийн бэлтгэл 72 хувьтай байна. Дүүргүүдээр авч үзвэл өвөлжилтийн бэлтгэл ажлын явцаараа Хан-Уул дүүрэг тэргүүлж байгаа бол Багахангай дүүрэгт 52 хувь буюу хамгийн бага үзүүлэлттэй байгааг танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дүүргийн дарга нарыг ажлаа хурдасгаж, 9 дүгээр сарын 15 гэхэд нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг 100 хувь хангаж дуусгах үүрэг өглөө.

Авто замын хөдөлгөөний ачааллыг харгалзан Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэдэг болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Зүүн эргэхийг хориглох ажлын хэсгийнхэнтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцан замын хөдөлгөөний ачааллыг харгалзан Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэдэг болгох шийдвэр гаргалаа.

Энэ талаарх  мэдээллийг өнөөдөр Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, Замын цагдаагийн албаны Теле камерын хяналтын тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Н.Хангарьд нар мэдээлэв.  

Э.Болорчулуун: Баянзүрх дүүргийн газрын алба хэвийн ажиллаж байна

Баянзүрх дүүргийн Газрын албанд үүссэн болоод одоогийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун тайлбар өглөө.

Тэрбээр хэлэхдээ “Баянзүрх дүүргийн Газрын албаны үйл ажиллагаа хүндрэл чирэгдэлгүй, хэвийн үргэлжилж байсан. Гэтэл 2017 оны 6 дугаар сард Засаг дарга Д.Пүрэвдаваа хууль зөрчиж, хүнсний технологийн инженер мэргэжилтэй шинэ хүнийг Газрын албаны даргаар давхардуулан томилж, ажиллуулсан. Бид тухайн томилогдсон иргэнд хууль зөрчиж ажиллаж болохгүй, үнэт цаас болсон газар эзэмших эрхийн гэрчилгээ, өмчлөх эрхийн гэрчилгээн дээр гарын үсэг зурах боломжгүй гэдгийг нь хэлээд тамга тэмдгийг нь хурааж авчирсан. Үүнийг тамга тэмдгээ авч зугтаасан мэтээр иргэдэд буруу ташаа ойлгуулж байна. Д.Пүрэвдаваа дарга өмнө нь 2013 онд мөн Газрын албаны даргыг хууль бусаар тавьж байсан.” гэлээ.

Есдүгээр сарын нэгнээс Энхтайваны өргөн чөлөөгөөр зүүн эргэх хөдөлгөөн хэвийн үргэлжлэхээр боллоо

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөөний 3.6 км автозам дахь 7 уулзвараар зүүн эргэх хөдөлгөөнийг хориглосон. Тэгвэл 8 дугаар сарын 31-ий өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй уулзах үеэрээ замын хөдөлгөөний чигийг өөрчилсөнийг эргэн хэвийн үргэлжлүүлэх чиглэл өглөө.

Энэ дагуу 9 дүгээр сарын 1-ний өдрийн 06 цагаас эхлэн Энх тайваны өргөн чөлөөгөөр зүүн эргэх хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм.

Нийтийн тээврийн 9 чиглэл хуучин замналаар зорчихоор боллоо

“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл, саатлыг багасгах талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн 2017 оны наймдугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэрээр Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 замын хоорондох 7 уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвшөөрсөнтэй холбогдуулан Нийтийн тээврийн үйлчилгээний 9 чиглэлийн замналд 2017 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өөрчлөлт орууллаа.

Тодруулбал, Нийтийн тээврийн 9 чиглэл хуучин замналаар буюу 2017 оны наймдугаар сарын 15-наас өмнө явж байсан чиглэлийн дагуу явуулахаар болов.

Нийслэлийн онцгой комисс шүлхий өвчний нөхцөл байдлын талаар хуралдав

Нийслэлийн онцгой комисс 8 дугаар сарын 28-ны өдөр шүлхий өвчний гаралт, тархалт, урьдчилан сэргийлэх болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдлаа.

2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд, 8 дугаар сарын 26-нд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан. Өнөөдрийн байдлаар Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шүлхий өвчний 3 голомтод хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.

НЗД-ын орлогч П.Баярхүү ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган, дахин барилгажуулах ажлын явцтай танилцлаа 

Нийслэлийн  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах, хот байгуулалт, төлөвлөлтийн тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхээр “Аз жаргалтай хот” хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг буулган дахин төлөвлөн барилгажуулах ажлыг нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Тэгвэл 8 дугаар сарын 31-ий өдөр НЗД-ын даргын орлогч П.Баярхүү болон бусад албаны хүмүүс ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган, шинээр барьж буй ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.

Одоогийн байдлаар төсөл хэрэгжүүлэгч зургаан компани Баянзүрх, Хан-Уул, Баянгол гэсэн гурван дүүргийн 23 байршилд нийт ашиглалтын шаардлага хангахгүй 14 барилгыг буулган шинээр барих ажил хийгдэж байна.

Авто худалдааны захуудыг нүүлгэх ажил үргэлжилж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт автомашины худалдаа эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж буюу авто худалдааны захуудыг Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Авто худалдааны цогцолбор” руу нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байгаа талаар нийслэлийн Газрын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн Сүхбаатар дүүрэг хариуцсан мэргэжилтэн Б.Батчимэг мэдээлэл өглөө.

Тэрбээр “2016 оны А 980 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй газарт автомашины худалдаа эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийн судалгааг гаргасан. Мөн техникийн захууд болон авто худалдааны захуудыг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах  “Авто худалдааны цогцолбор”-т төвлөрүүлэх, судалгааны ажил хийж шийдэл гаргах зорилгоор ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн судалгаагаар нийт таван дүүргийн хэмжээнд өөрийн болон нийтийн эзэмшлийн зам талбай дээр авто худалдаа үйлчилгээний ажил хийж байгаа 105 иргэн, аж ахуйн нэгж байна гэсэн урьдчилсан дүн гарсан. Зөвшөөрөлгүй 34 иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд үүнээс 14 нэгж нь үйл ажиллагаагаа зогсоосон" гэлээ.

Хотын дарга замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр үүрэг даалгавар өгөв

Нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаан 8 дугаар сарын 31-ийн өдөр боллоо. 

Хотын даргын зүгээс хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хэд хэдэн үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.

  • Улаанбаатар дахь хүргэлт, түгээлтийн цагийн хуваарийг хөдөлгөөнд ачаалал үүсгэхгүй байхаар өөрчлөх,

  • Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр хувийн автомашин унахгүй, нийтийн тээврээр зорчдог байх,

  • Хувийн дунд сургуулиудын сурагчдын автобусыг үйлчилгээнд гаргаж, албаны машинаар хүүхдээ зөөдөг байдлыг халах,

  • Нийслэлийн агентлагуудыг хотын дэд төвүүд, захын дүүргүүдэд шилжүүлэх,

  • Их, дээд сургуулиудыг нийслэлээс гаргах, цаашид Улаанбаатар хотод хувийн их, дээд сургууль нэмж байгуулахгүй,

  • Нийтийн тээврийн маршрут, буудлыг боловсронгуй болгоход анхаарах зэргийг холбогдох албаныханд үүрэг болголоо

Монголын анхны цахим сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ

Монголын анхны цахим сургууль болох Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Энэ хичээлийн жилд тус сургуулийн 640 хүүхдийн суудалтай хичээлийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж, 21 анги нэмэгдсэн нь сургалтын үр дүн сайжрах боломжийг бий болгожээ.

84 дүгээр сургуулийн нээлтэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцож, сурагчид, багш нар, эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр нийт хүүхэд багачууддаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлээд “Энэ хичээлийн жилийн өнгө төрхийг боловсролын чанарын шинэчлэл, сургалтын шинэчилсэн хөтөлбөр хэрэгжүүлэх үйл явц тодорхойлж байгаа билээ. 2017 онд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 10 сургууль, төрийн бус өмчийн 11 сургууль ашиглалтад орж, хүчин чадал 10 мянга 680 суудлаарх нэмэгдэж байна. Тэдгээрийн нэг нь 84 дүгээр сургуулийн өргөтгөл юм. Энэ хичээлийн жилд 3 сургуулийг 3 ээлжээс гаргаж чадлаа. Улсын төсвөөр 19, нийслэлийн төсвөөр 15, нийслэлийн төсвийн тодотголоор 17 сургууль, цэцэрлэгт их засвар хийж гүйцэтгэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх хөтөлбөрт боловсролын чиглэлээр тусгасан 22 зорилтын хүрээнд “Нийслэлийн боловсрол 2020” хөтөлбөр батлагдлаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд олон улсын хөтөлбөрт болон гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн тоог нэмэгдүүлнэ.” гэлээ.

СБД-ийн 58 дугаар сургуулийн нэгдүгээр ангид 458 хүүхэд элсэн оржээ

Улсын тэргүүний эрдмийн хөтөч-58 дугаар сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, шавь нараа угтан авлаа. Нээлтэнд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар оролцлоо. Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургууль өнгөрсөн хичээлийн жилд 2900 сурагчтай хичээллэсэн бол энэ хичээлийн жилд 3200 хүүхэд суралцах юм.  Нэгдүгээр ангид 458 сурагч элсэн орсон байна.  

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү сурагчид болон багш нарт сурлагын болон ажлын амжилт хүсээд бяцхан хүүхдүүдийг хүн чанартай, хүсэл зорилготой, зөв хүн болон төлөвшихийг ерөөлөө.

Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуульд 1200 гаруй хүүхэд суралцана

Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46613
0 эможи
keyboard_arrow_up