Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Т. Амарбаатар: Сүхбаатарыг үйлдвэрлэгч аймаг болгох том зорилт тавиад байна

2017 оны 1 сарын 25

Сүхбаатар аймагт найман жилийн дараа МАН төр барих эрхийг авсан. УИХ болон аймгийн ИТХ-ын сонгуулиар олонх болж ялалт байгуулсанаар тус аймгийн удирдлагууд шинэчлэгдсэн билээ. Ажлаа хүлээж аваад удаагүй шинэ баг хамт олны хувьд энэ хугацаанд ямар ажил хийсэн, цаашид хэрхэн ажиллах талаар аймгийн засаг даргын орлогч Т.Амарбаатартай ярилцлаа.

- Сайн байна уу? Юуны өмнө урилгыг минь хүлээн авч цаг зав гаргасан таньд талархал илэрхийлье? 2016 оны 7 сард Сүхбаатар аймгийн шинэ удирдлагууд ажлаа хүлээн авсан. Та бүхэн найман жилийн дараа засгийн эрхийг барьлаа. Анх ажил хүлээж авахад аймаг орон нутгийн нөхцөл байдал ямар байв. Одоо өөрчлөгдсөн зүйл байна уу?

-Сайн сайн байна уу. Чамд бас маш их баярлалаа. Нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Биднийг ажил хүлээж авахад аймаг орон нутгийн нөхцөл байдал, үүн дундаа төсөв санхүүгийн байдал ямар байсан талаар үнэн зөв мэдээллийг өгье. Нэг бүрчлэн ярьвал их хугацаа орно. Тиймээс эдийн засгийн хувьд ямар байсан талаар ярья. Биднийг долоон сард ажил хүлээж авахад салбарын өрийн хэмжээ ихэссэн байсан. Боловсролын салбарын 500 гаруй сая, бусад төрлийн 200-аад сая төгрөг гээд нийт 800 орчим сая төгрөгийн өр авлага байсан. Үүнээс гадна орон нутгийн хөгжлийн сангийн /ОНХС/ 2015, 2016 онд хийгдсэн ажлууд бүгд өр авлагын байдалтай байсан. Үндсэндээ 3,5 тэрбум төгрөгний өр авлагатай байсан гэж болно. ОНХС-аар хийгдсэн ажлууд гүйцэтгэл дутуу, 100 хувь хийгдсэн ч мөнгө нь орж ирээгүй ийм л байдалтай байсан. Жишээ нь: Баруун-Урт сумын гуравдугаар тойргийн зам гэхэд 4,8 тэрбум төгрөгийн өртөгтэй. Гэтэл төлбөр гүйцэт хийгдээгүй мөн л өрний асуудалтай байсан. Дээрээс нь засаг даргын нөөц хөрөнгөнд 280-аад сая төгрөг байдаг. Энэ мөнгөнөөс 11 сая төгрөг л үлдсэн байсан. Ийм л ажлыг бидэнд хүлээлгэж өгсөн. Тэрнээс биш бид ямар ч төлбөр тооцооны асуудалгүй, бүх зүйл нь тэгш газар хүлээж аваагүй. Хаа хаанаа эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед энэ ажлыг хүлээж авсан. Гэхдээ бид мөнгөгүй гээд зүгээр суугаагүй. Эхний удаад энэ өр авлагын асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэдэг зүйл байсан учир тодорхой төлөвлөгөө гаргаж ажилласан.

- Ажлаа хүлээн авсанаасаа хойш өнөөг хүртэл хугацаанд ямар ажлыг хийж гүйцэтгэв? Та бүхэн ажлаа хүлээж аваад шууд аймаг орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажилд орсон. Энэ ч бас тийм амар ажил байгаагүй байх. Учир нь аймгийн гал голомт болсон Дөрвөлж ОНӨҮГ нь мөн багагүй өртэй, дулааны станц нь ажиллах уу, яах бол гэдэг зүйл яригдаж байсан үе шүү дээ?

-Тийм. Бид Дөрвөлж ОНӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцахад 2,1 тэрбум төгрөгийн өртэй байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар өр нь 3,1 тэрбум болж нэмэгдчихээд байна. Урьд урьдны өрний асуудлууд нэмж сөхөгдөөд байна гэсэн үг. За, бид өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахын тулд 200 сая төгрөгийг засаг даргын захирамжаар төсвөөс гаргаж өвөлжилтийн бэлтгэл ажил болоод Дөрвөлж ОНӨҮГ-ын дулааны станцын засвар үйлчилгээ, нүүрс таталт болон шаардлагатай өр авлагыг төлж барагдуулах ажилд зарцуулсан. Зарим хүмүүс ярьдаг юм. Ажил аваад зургаан сар болоход тал тоосго хөдөлгөсөнгүй гэж. Уг нь хөрөнгө оруулалтын тал дээр хэд хэдэн ажлыг хийсэн гэж бодож байна. Бид хөдөө орон нутаг руугаа нэлээн ажил хийсэн. Жишээлбэл: Онгон сумын төвлөрсөн халаалтын ажлыг 1,8 тэрбум төгрөгийн өртөгөөр хийсэн. Энэ нь Одкон холдинг ХХК-ын хөрөнгө оруулалтаар, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хийгдсэн бөгөөд маш богино хугацаанд чанартай хийж дуусган бүхэл бүтэн нэг сумын халаалтын асуудлыг шийдлээ. Мөн Түвшинширээ, Уулбаян, Халзан сумдын  цахилгаан дамжуулах агаарын шугаманд бүрэн засвар хийсэн. Дараагийн том ажил бол Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтын цахилгаан дамжуулах агаарын шугамыг дотооддоо холбох ажлыг 100 хувь хийж дуусгалаа. Энэ бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил. Биднийг ажил авах үед энэ ажил зогссон байсан. Тиймээс бид үүнийг даруйхан дуусгах үүднээс УИХ-ын гишүүн Ч.Улаанд хүсэлт тавьж, эрчим хүчний яамаар тодорхой санхүүжилтийн асуудлыг шийдүүлж өгсөнөөр 12 сард Сүхбаатар аймгийн бүх сумд төвийн эрчим хүчинд холбогдох ажлыг дуусгаж чадлаа. / Эрдэнэцагаан сум өмнө нь БНХАУ-аас цахилгаанаа авдаг байсан юм./ Энэ мэт дэд бүтцийн чиглэлээр хэд хэдэн томоохон ажлыг хийсэн байна. Ер нь аливаа төрийн ажил гэдэг уламжлалтай, залгамж халаатай байх ёстой. Үүний дагуу ч ажиллаж байна. Цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүх ажлыг хийж дуусгана. Мөн дээр хэлсэн зарим өр авлагын асуудлыг төсвийн тодотголоор оруулж барагдуулсан. Аймгийн төсөвд тодотгол хийснээр салбарын өр авлага 100 хувь байхгүй болсон. Бүх сургууль цэцэрлэгүүд ямар ч өргүйгээр шинэ оноо угтсан. ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ихэнх ажлын хөрөнгийг Сангийн яамруу хүсэлт тавьж, бичиг явуулсаны дүнд шийдвэрлүүлж чадсан. Үндсэндээ бид энэ зургаан сарын хугацаанд ажлаа эхлүүлэхийн тулд яаж өргүй болох вэ, шинэ ажлын гараагаа хэрхэн эхлүүлэх вэ гэдэг тал дээр анхаарч ажиллалаа.

- Би таны ярианаас энэ зургаан сарын хугацаанд хүний нүдэнд харагдах гэхээсээ илүү аймаг орон нутагт хэрэгтэй хөрөнгө оруулалтьн ажлууд хийгдсэн, олонд харагдахгүй ч цаагуураа үр дүнтэй ажлууд хийгджээ гэж ойлголоо. Гэхдээ хүмүүсийн төрийн ажлыг үнэлэх үнэлэмж, харах хандлага нь өөр болчихсон юм шиг санагддаг. Нүдэнд харагдахуйц байшин барьж, зам тавьж, будаж өнгөлж л байвал ажил сайн хийгдэж байна гэж ойлгодог. Та бүхнийг ажлаа аваад удаагүй байхад дөрвөн жил шилдэг болсон аймгийн дөрвөн сарын дотор шившиг болголоо гэж ч шүүмжилж байсан ?

-Аливаа сонгуулийн дараа улс төрийн эерэг сөрөг олон PR явдаг. Энэ бол аль ч нийгэмд байдаг үзэгдэл. Гэхдээ энэ манай Сүхбаатар аймгийн хувьд арай хэтрээд байгаа юм боловч уу гэж би бодоод байгаа юм. Бид амжилттай хийж шийдвэрлэж чадсан ажлаасаа ганцхан жишээ хэлэхэд, дулааны станц анх биднийг очиход бараг үүдээ барих дээрээ тулсан байсан. Ямар ч засвар үйлчилгээ хийгдээгүй, нүүрсний татан авалт байхгүй маш хүнд нөхцөлд байсан. Харин тус компанийн чадварлаг инженер хамт олны хүчинд бид хоёр сарын хугацаанд бүгдийг амжилттай хийсэн. Энэ бол маш том ажил. Учир нь Баруун-Урт хот хөлдөх үү үгүй юу гэдэг үүнтэй шууд холбоотой. Одоогоор аймаг маань халаалтын ямар ч доголдолгүй явж байна. Яахав харагдах байдал гял цал талаасаа бол манай аймаг хөгжсөн, харин дотоод мөн чанар, ач холбогдол жирийн нэгэн иргэнд наалдахуйц юм өнгөрсөн жилүүдэд юу хийсэн бэ гэвэл бас л хэлэхэд хэцүү. Хамгийн наад зах нь хэдэн ажлын байр нэмэгдсэн бэ гэдгийг л тооцоод үзэхэд энэ бүхэн мэдэгдэнэ. Бид өмнөх засаг төрийг муулж байгаа зүйл энд байхгүй. Зам барьж, байшин будах бол аль ч засаг төрийн үед хаана ч хийгддэг, хийгдэх ёстой ажил. Гагцхүү нэг ч гэсэн хүнийг ажлын байраар хангаж ажилтай орлоготой болгох нь чухал. Тиймээс бид нар цаашдаа ажлын байрыг бий болгохыг гол зорилго болгон ажиллана. Хамгийн наад захын юмыг ойлгохгүй байж бусдыг шүүмжилнэ гэдэг бол тухайн хүний хэн бэ гэдгийг л харуулж байгаа хэрэг байх. Бидэнд шүүмжилсэн, муулж гүтгэсэн болгонд хариу няцаалт өгөөд байх цаг зав ч яг үнэндээ алга. Эцсийн эцэст энэ бол хийх ажилгүй хүний л хийж байгаа үйлдэл юмуу даа.Яахав шүүмжилж л байг. Бид ажлаа хийдгээрээ л хийгээд явна.

-Тэгвэл та бүхэн хэрхэн ажлын байрыг нэмэгдүүлэх вэ? Сүхбаатар аймагт сүүлийн найман жилд 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байдаг. Гэтэл ганц өлгөөд авах үйлдвэрлэл үнэндээ алга байна. Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөр батлагдаагүй байна. Гэхдээ мэдээж ирэх жилүүдэд хийгдэх ажлын төлөвлөгөө гарчихсан байх.

-Тийм ээ. Засаг даргын хэрэгжүүлэх хөтөлбөр бол МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр байдаг. Удахгүй аймгийн ИТХ-аар 2017 оны төсөв төлөвлөгөө үндсэн чиглэл батлагдах байх. Саяхан Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Монгол улсын 2017 оны төсөв төлөвлөгөө батлагдчихлаа шүү дээ. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар аймагт ямар ямар хуваарилалт хийгдэв гэхээр нэгдүгээрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дулааны станцын өргөтгөлийн ажил хийгдэнэ. Одоо дулааны станц маань хамгийн дээд хүчин чадлаараа ажиллаж байгаа. Аваарын байдалтай ажиллаж байна гэж хэлж болно. Үүнийг 30кКал болгох ёстой. Хоёрдугаарт манай аймгийн цэвэрлэх байгууламжийг бүрэн шинэчлэх ажил тусгагдсан байгаа. Цэвэрлэх байгууламжийн тухайд 1974 онд анх баригдсан өөрөөр хэлбэл хуучны сиситемтэй байгаа гэсэн үг. Үүнийг бүрэн шинэчлэх болно. Энэ нь улсын төсөвт тусгагдсан хирнээ гадаадын зээл тусламжаар буюу Польш улсын хөрөнгө оруулалтаар хийгдэх юм. Ийм хоёр том ажил хийгдэхээр болсон байгаа. Эдгээрийн зураг төслийн ажлууд мөн өнгөрсөн хэдэн сарын хугацаанд хийгдсэн. Бусад ажил бол ОНХС-аар хийгдэх ёстой. Энэ жил Сүхбаатар аймгийн ОНХС-д 4,1 тэрбум төгрөг хуваарилагдсан байгаа. Үүний хоёр тэрбум төгрөг нь хөдөө сумдад хуваарилагдана. Үлдсэн 2,1 тэрбум төгрөг нь аймагт зарцуулагдах ёстой. Энэ бол их мөнгө биш. Гэхдээ бид бага гэж чамлалгүй үр дүнтэй зүйлд зарцуулах ёстой. Бид нэн тэргүүн хийх ажлаа эрэмбэлэж байна. Ингээд харахад бидний зайлшгүй хийх ёстой ажил бол ус цэвэршүүлэх байгууламжийн засвар байгаа юм. Ус гэдэг бол тухайн аймаг орон нутгийн ард иргэдийн эрүүл мэндийн баталгаа шүү дээ. Сүхбаатар аймгийн усыг хатуулаг ихтэй гэж хүмүүс ярьдаг. Гэтэл манай аймгийн хувьд ус цэвэршүүлэх байгууламж нь сүүлийн хоёр жил доголдсон. 2010 оноос хойш ямар нэгэн зсвар, шинэчлэл хийгдээгүй юм байна лээ. Үүнийг бид ажил хэрэг болгох ёстой. Одоогоор судалгааны ажил явагдаж байна. Засаг даргын мөрийн хөтөлбөрт дэд бүтэц, хөдөө аж ахуй, хот төлөвлөлтийн чиглэлээр гээд маш олон ажил тусгагдсан байгаа. Бидний гол зорилго бол хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье, гадны хөрөнгө оруулалтуудыг аймаг руугаа татъя гэдэг зүйл байгаа юм. Үүгээр бид ажлаа хийх ёстой. Тийм ч учраас одоогоор бид гадаадын олон байгууллагуудтай харьцаж байна. үйлдвэржилтийг хөгжүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг барьж байна. Сүхбаатар аймгийн мах бол манай брэнд бүтээгдэхүүн. Бид үүн дээр түшиглээд махны үйлдвэр байгуулъя гэдэг зүйл ярьж байгаа. Энэ үйлдвэрийг байгуулахын тулд эхлээд махаа хадгалах томоохон зоорийн асуудал яригдаж байна, олон улсын стандарт шаардлагад хийцсэн нядалгааны газар байгуулъя гэж байгаа. Үүний төсөл бичигдээд дууссан. Саяхан шадар сайдын ажлын айлчлалын үеэр үүнтэй холбоотой гадаадын хөрөнгө оруулалтын талаас хүн ирээд бидэнтэй уулзаад, өөрийн санаа бодлоо хэлээд явсан. Нийт 10 гаруй сая долларын гадаадын хөрөнгө оруулалтаар махны үйлдвэр маань баригдах ажил яригдаж байна. Үүнийг бүрэн шийдэгдэх асуудал гэж ойлгож болно. Ингэснээр 40-60 хүний ажлын байр шинээр бий болох юм. Дараагийн асуудал бол Бичигтийн боомт- Баруун-Урт чиглэлийн төмөр замын асуудал байгаа юм. Энэ ажил бол холбогдох яамаараа ороод төсөв хөтөлбөр нь батлагдчихсан, хөрөнгө оруулалт нь шийдэгдчихсэн байгаа. Цаашлаад Хөөтийн чиглэлийн төмөр замын асуудал үргэлжилнэ. Мөн Цахиуртын уурхайг энэ гурван сараас ажлыг нь эхлүүлэх чиглэлтэй байгаа. Үүний зөвхөн тээвэр дээр нь гэхэд 250 машин явах төлөвлөгөөтэй байгаа. Ер нь зөвхөн Цахиуртын уурхайд гэхэд 300 орчим ажлын байр бий болох юм. үүний дараагаар бидний тавьж буй том зорилт бол хэрэглэгчээс салж үйлдвэрлэгч аймаг болох явдал байгаа юм. Үүний хүрээнд бид аймагтаа оёдлын томоохон үйлдвэр байгуулъя гэж төлөвлөж байгаа. Аймгийн хэмжээнд бүх сурагчдын дүрэмт хувцасыг аймагтаа үйлдвэрлэдэг болъё гэж байгаа юм. Үүнээс гадна аймагтаа үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр ажилладаг байгууллагуудын ажлын хувцасыг хүртэл хийх боломжтой. Тэгэхээр энд бас ажлын байр тодорхой хэмжээгээр шинээр бий болох учиртай. Мөн одоо ажиллаж байгаа Төмөртэйн уурхайн тээвэрлэлтийн ажлыг Дорнод аймгийн тээврийн компани хийж байна. Бид үүнийг ч гэсэн уурхайтайгаа ярилцаж, гэрээндээ тусган тээврийнх нь ажлыг аймаг орон нутгийнх нь компани хийдэг болгох тал дээр ярилцаж байна. Энэ мэтээр бүхий л арга замаар ажлын байрыг бий болгож нэг ч гэсэн хүнийг ажилтай болгож байвал тэр айлын орлого нэмэгдэн, орлого нэмэгдсэнээр сайхан амьдрах үндэс бий болно. Ерөнхийдөө ийм чиглэлтэй л ажиллаж байна даа.

- Маш том том ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Гэхдээ ярих өөр, хийх нэг өөр шүү дээ. Тиймээс ярьж байгаа зүйлээ ажил хэрэг болгох нь хамгийн чухал. Иргэд ч үүнийг хүсэж байгаа. Мэдээж иргэд эцэст нь та бүхний ажилд дүн тавих болно?

-Тэгэлгүй яахав. Бид нутаг орныхоо сайн сайхан, хөгжил цэцэглэлтийн төлөө ажиллана гэж сонгогдсон хүмүүс. Тиймээс ажиллах л ёстой. Сүхбаатар аймгийн төрийн ажил урагштай сайхан явж байна. Бид олон олон асуудал, хөрөнгө оруулалтыг шийдэж чадлаа. Энэ бол ажлын маань эхлэл. Цаашид бид хичээх болно. Харин иргэд маань биднийг дэмжиж хамтран ажиллаарай. Итгэлийг тань зүтгэлээр хариулах болно гэж хэлье дээ.

-За баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье

-Чиний ажилд бас амжилт хүсье. Ярилцлагын зочноор урин оролцуулсанд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40343
0 эможи
keyboard_arrow_up