УНТЭ: ТҮНХНИЙ ҮЕ СОЛИХ МЭС ЗАСАЛ ГЭЖ ЮУ ВЭ? УНТЭ: ТҮНХНИЙ ҮЕ СОЛИХ МЭС ЗАСАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

УНТЭ: ТҮНХНИЙ ҮЕ СОЛИХ МЭС ЗАСАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

2021 оны 8 сарын 24

Arslan.mn

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь түнхний үений өвдөлт, гэмтлийн бүхий л өвчнийг эмчилдэг бөгөөд энэ талаар бэлтгэсэн мэдээллийг хүргэж байна. 

Тодорхой шалтгааны улмаас ТҮНХНИЙ ҮЕ хэвийн бүтцээ эргэшгүйгээр алдаж,үений хөдөлгөөн хязгаарлагдаж, байнгын өвдөлт зовиуртай болсон тохиолдолд ТҮНХНИЙ ҮЕ-ийг ХИЙМЭЛ ҮЕ-ээр солих мэс заслын арга юм.

Түнхний үе дараах шалтгааны улмаас бүтцээ алддаг:

  • Түнхний үений остеоартроз
  • Дунд чөмөгний толгойн үхжилт
  • Ревматойд артрит
  • Дунд чөмөгний төрөлхийн дутуу хөгжил
  • Түнхний үений хуучин болон шинэ хугарал
  • Түнхний үе, дунд чөмөгт ясны дээд хэсгийг хамарсан хавдар
  • Халдварын гаралтай үе, ясны үрэвсэл

Мэс засалд хийхгүй байх харьцангуй эсрэг заалт:

  • Биеийн жингийн илүүдэл БЖИ > 35 kг/мг
  • Цусан дахь сахар өндөр байх
  • Цусны шижилгээнд үрэвсэл өндөр гарах /HBA1c-7.0%/
  • Элэг бөөрний дутагдал
ӨВЧНИЙ АЛЬ ҮЕ ШАТАНД ТАНЬД МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭГ САНАЛ БОЛГОХ ВЭ?
  • Эмийн эмчилгээ болон хөдөлгөөн засал эмчилгээнд үр дүнгүй
  • Түнхний өвдөлт таны өдөр тутмын амьдралын үйл ажиллагаанд нөлөөлж,хөдөлгөөн хязгаарлагдаж, алхах, гишгэх, сууж, босох, шатаар дээш, доош явах үед байнга зовиуртай байх.
  • Өдөр болон шөнийн цагаар хөдөлгөөнгүй тайван амарч байх үед өвдөлт хэвээр байх.
ОСТЕОАРТРИТ

Ихэвчлэн 50 болон түүнээс дээш насныханд үе хоорондын мөгөөрсөн эдийн тэжээл, уян чанар, алдагдсантай холбоотой үүсдэг өвчин. Мөгөөрсөн эдийн гөлгөр гулсамтгай шинж чанар үгүй болж, өвчин даамжирсаар үе үүсгэж буй яснууд хоорондоо үрэлцэх ба энэ тохиолдолд хүчтэй өвдөлт үүсгэдэг. Зарим судлаачид энэхүү өвчнийг удамшилтай холбоотой ч гэж үздэг. Мөн биеийн жингийн илүүдэл, гэмтэл бэртэл, төрөлхийн үений эмгэг, тэнхлэгийн гажигийн улмаас остеоартрит үүсэж болдог

РЕВМАТОЙД АРТРИТ

Хүний биеийн дархлалын систем өөрийн үений эд эсийн эсрэг хариу урвал үзүүлсэнээр, эхлээд үений бүрхүүл үрэвсэж, зузаарч эхэлдэг. Ихэнхи тохиолдолд үеүүд хоёр талд ижил гэмтэнэ. Удаан хугацааны турш үений бүрхүүл дээр явагдсан үрэвсэл үений мөгөөрсөн хэсгийг мөн гэмтээж өвдөлт зовиур үүсгэдэг. Цаашдаа үе үүсгэж буй яснууд гэмтэж, бүтцийн өөрчлөлтөнд ордог. Үрэвслийн артритийн хамгийн түгээмэл төлөөлөгч бол РЕВМАТОЙД АРТРИТ юм.

ДУНД ЧӨМӨГНИЙ ТОЛГОЙН ҮХЖИЛ

Тодорхой шалтгааны улмаас дунд чөмөгний толгойд очих цусан хангамж алдагдаж, толгой хэсэг тэжээлгүй болж үхжилт өөрчлөлтөнд ордог түгээмэл эмгэг юм.

Шалтгаан:

  • Цусны эмгэг, цус бүлэгнэлтийн алдагдал
  • Гэмтэл
  • Архи
  • Тамхи
  • Дархлалын эмгэг
  • Удаан хугацаагаар дааврын бэлдмэл хэрэглэх
  • Чихрийн шижин
  • Аутоиммуны өвчин болон дархлалын олдмол хомсдол
  • Архаг бөөрний дутагдал
ДУНД ЧӨМӨГНИЙ ДЭЭД ХЭСГИЙН /ПРОКСИМАЛЬ/ ХАВДАР

Дунд чөмөгний проксималь буюу дээд хэсгийг хамарсан яс, зөөлөн эдийн гаралтай хавдрын улмаас түнхний үе, дунд чөмөгний дээд хэсгийг бүхлээр нь солих (мөч хадгалах мэс засал) мэс заслын эмчилгээ.

ДУНД ЧӨМӨГНИЙ ХҮЗҮҮ БОЛОН ИХ БАГА ТӨВГӨР ХАМАРСАН ҮЕИЙН ХУГАРАЛ

Ясны сийрэгжилт өвчний гол хүндрэл хугарлаар илэрдэг. Наслалттай холбоотой ясны чанар муудаж, сийрэгжилт их болдог, мөн бусад олон өвчний үед ясны бүтэц өөрчлөгдөж багахан хүчний үйлчлэлээр амархан хугарал үүсэх нь элбэг. Сийрэгжилтийн улмаас дунд чөмөгний хүзүү хугарсан тохиолдолд, мэс заслын бусад аргаар хадаас болон шургаар бэхлэх нь үр дүнгүй тул түнхний үеийг хагас болон бүтэн солих мэс заслыг хийдэг.

ТҮНХНИЙ ҮЕНИЙ ТӨРӨЛХИЙН ДУТУУ ХӨГЖИЛ

Цөөн /1000 төрөлтөд – 1 / тохиолдолд хүүхэд төрөлхийн түнхний үений өөрчлөлттэй төрдөг. Сүүжний тогооны хөгжил дутуу, дунд чөмөгний хүзүү болон их биеийн өнцөг хэт их болон хэт хурц байх / coxa-vara, coxa-valga/ зэрэг тохиолдолдыг эрт илрүүлж эмчлэхгүй бол тодорхой хугацааны дараа, түнхний үеэнд бүтцийн эмгэг өөрчлөлт үүсгэж, хөдөлгөөний алдагдал, өвдөлт зовиурыг бий болгодог. Нэг талын түнхний төрөлхийн мултралын үед хоёр хөл урт богино болж, аарцаг ясны тэгш хэм алдагдаж, биеийн тэнхлэг өөрчлөгддөг. Зовиур ихтэй, эмийн болон сэргээн засах эмчилгээнд үр дүнгүй бол түнхний үе солих мэс заслыг хожүү үед хийдэг.

ТҮНХНИЙ ҮЕЭНД СУУЛГАСАН ХИЙМЭЛ ҮЕНИЙ ЭРТ БОЛОН ХОЖУУ ҮЕИЙН ХОВХРОЛ.

Тодорхой шалтгааны улмаас тодорхой хугацааны дараа яс, хиймэл үе хоёрын хооронд зай үүсдэг. Үүнийг хиймэл үений ховхрол гэдэг. Эрт үеийн ховхрол нь ихэнхдээ халдвар, хожуу ховхрол нь ясны сийрэгжилт, архаг өвчний шалтгаантай байдаг.

Байнгын дасгал хөдөлгөөн, биеийн жин , амьдралын зөв зуршилтай бол хиймэл үе нь олон жилийн /10-20/ туршид үүргээ гүйцэтгэх чадвартай байдаг.

МЭС ЗАСАЛ

Мэс засал ихэвчлэн нугасны хөндийн мэдээгүйжүүлэг , мэс заслын цар хүрээнээс шалтгаалан дунджаар 2-4 цагийн дотор явагддаг . Мэс заслын эмч эмгэг хэсгийг авч түнхний хиймэл үений суулгацыг суулган мэс заслын үйл явц дуусдаг. Мэс заслын дараа таныг сэрээх өрөөнд 1-2 цагын турш та мэдээгүйжүүлгийн эмчийн хяналтанд байлган биеийн бадал тогтворжисны дараа та тасагт шилжин ирдэг.

ТА МЭС ЗАСЛЫН ДАРАА ДООРХ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ ЭМЧИД ЯАРАЛТАЙ ҮЗҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
  • Биеийн халуун 38-с их байх
  • Бие зараах
  • Түнхний үе орчим хавдах уйлах халуу оргих зовиур нэмэгдэх
  • Мэс заслын шархнаас бохир шүүс гарах
  • Тайван болон хөдөлгөөнтэй байх үед түнхний үений өвдөлт их байх
  • Унаж гэмтэсний дараа түнхний үений хөдөлгөөн хязгаарлагдах

БУСАД АНХААРАХ ЗҮЙЛС

Мэс заслын дараа эхний 6-н долоо хоногын турш түнхний үеэр суух нугалах унтах үед анхааралтай байх хэрэгтэй. Доорхи хөдөлөгөөнийг болгоомжгүй хийвэл түнхний үе мултрах аюултай.Иймээс эмнэлгээс гарах үедээ хориглох хөдөлгөөний талаар та эмчээс асууж мэдээлэл авах шаардлагатай байдаг.

УНАЖ ГЭМТЭХЭЭС СЭРГИЙЛЭХ

Мэс заслын дараа эхний 7-10-н долоо хоногт унаж гэмтэх нь давтан мэс засалд орох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Түнхний үений хөдөлгөөн болон булчингын үйл ажиллагаа бүрэн сэргээгүй үед шатаар явах нь эрсдэлтэй байдаг. Суга таяг болон гар таяг мөн тусгай хөтөчийн туслалцаатай явах хэрэгтэй. Эмчээс мэс заслын дараа та ямар явах хэрэгсэлийг хэрэглэх талаар зөвөлгөө авах шаардлагатай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
630098
5 эможи

keyboard_arrow_up