COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 18, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Л.Энхсайхан: Дельта эсийн дотор хурдан нэвтэрч, гэмтээх чадвар өндөртэй

админ
2021 оны 7 сарын 22

Arslan.mn

Манай улсад дельта хувилбар бүртгэгдээд байгаатай холбогдуулан ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхантай ярилцлаа.

-Монгол Улсад дельта вирусын гурван тохиолдол бүртгэгдсэнийг зарлалаа. Халдварын эх уурхай хаанаас гэж үзэж байгаа вэ?

-Коронавирусын халдварын тохиолдлын тоог гуравдугаар сарын давалгаатай харьцуулахад аажмаар буурч байна. PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь 30-19.6 болсон нь сайн үзүүлэлт. Гэхдээ энэ үзүүлэлт таваас бага болж байж буурсан гэж ярих боломжтой. Тиймээс халдварын тархалтын буурсан үзүүлэлтийг хадгалахын тулд хүн бүрийн оролцоо, хичээл зүтгэл чухал байна.

Дельта вирусын бүртгэгдсэн гурван тохиолдлыг бусад шинжилгээгээр баталгаажуулж байгаа. Тэдгээр хүмүүсийн ар гэр болон хавьтал болсон хүмүүс дээр тандалтын судалгаа эхлүүлсэн.

Дельта вирусын үед дэлхийн орнуудын авч байгаа арга хэмжээ бол маскаа зүүх, хүн хоорондын зай барих, вакцинаа хийлгэхийг зөвлөж байна. Мэдээж олон хүн цугларсан газар очихгүй байж аль болох олуулаа уулзахгүй байх хэрэгтэй.

-Гурван тохиолдлын цаана хэд байна вэ гэсэн үг вэ. Ер нь нийтийн дунд тархсан байх магадлалтай юу?

-Вирусын халдвартай нэг хүн 3-4 хүнд тараах магадлалтай гэж үздэг. Тэр тусмаа дельта вирусын халдвар тараах магадлал өндөр учраас тандалтын судалгааг Халдварт өвчин судлалын үндэсний төв хийж байна. Мөн гадаадаас ирсэн хүмүүсийг PCR шинжилгээнд хамруулж байна. Гадаадаас ирсэн хүмүүсийн 51 хувь нь вакцины хоёр тунтай гэж гэрийн тусгаарлалт руу шилжиж байгаа. Ерөнхийдөө эерэг гарсан хүмүүст тандалтын нарийвчилсан шинжилгээг хийж байна.

-Дельта вирус зөрөөд өнгөрөхөд халдварлана. Туссан хүмүүсийн 95 хувь нь эмнэлгийн тусламж авна гэсэн мэдээлэл байна. Дельта вирус ямар онцлогтой вэ?

-Альфа, дельта, гамма гээд коронавирусын халдварын хувилбарууд байна. Сүүлд  дельта плас гэж гарч байна. Дельта вирус эсэд холбогдож эсийн дотор орж эмгэгшүүлж гэмтээдэг. Вирусын мутаци нь эсийн дотор амархан нэвтрэх хувилбар гэсэн үг. Иргэд айж сандрахаас илүүтэй аль болох халдвар хамгааллын дэглэмээ баримтлах ёстой.

Өмнө нь хүнтэй уулзаад 15 минут болоход халдвар авах эрсдэлтэй гэдэг байсан бол дельта вирус эсийн дотор маш хурдан нэвтэрч эмгэгшүүлж гэмтээх чадвар өндөртэй. Гэхдээ вакцинтай хүн өвчлөхөд хүндрэх эрсдэл харьцангуй бага буюу 85-100 хувь хамгаална гэж үзэж байгаа.

Агааржуулалт муутай орчинд байх нь халдвар тархах эрсдэлтэй учраас агаар сэлгэлт хийх нь маш чухал байгааг зөвлөж байна. Хүн ханиаж, найтаах, дуулах үед шүлсний дуслын эсийн жижиг хэсгүүд агаарт тогтдог. Харин доошлох үед нь шүрших биш чийгтэй даавуугаар арчиж цэвэрлэх хэрэгтэй. Энэ үед хүн хоорондын зайгаа баривал эсийн жижиг хэсгүүд хажуугийн хүнд хүрэхгүй буух бол ойр байвал нөгөө хүний амьсгалын зам руу орно гэсэн үг.

-Дельта вирус туссанаа яаж мэдэх вэ. Коронавирусаас ялгаатай шинж тэмдэг илрэх үү. Мөн тусаад эдгэлээ гэхэд хор уршиг нь хэр байх бол?

-Тусгайлан коронавирусээс огт өөр шинж тэмдэг илрэхгүй. Ерөнхийдөө коронавирусын халдварын үед илэрдэг шинж тэмдгүүд илэрнэ. Халуурах, бие сульдах, цээжээр өвдөх, хүндэрвэл уушгины хатгалгаа болно. Зарим үед амт, үнэр алдах, алдахгүй байх нь тухайн хүний онцлогоос шалтгаалж болно.

Альфа, гамма, дельта аль нь ч байсан PCR шинжилгээгээр эерэг гарна. Аль нь вэ гэдгийг дараагийн нарийвчилсан шинжилгээгээр баталгаажуулна. Дельта вирусыг генийн нарийн шинжилгээгээр тогтоож байгаа. Хэрэв энэ шинжилгээг хийх боломжгүй бол PCR-аар тогтоох арга бий. Одоогоор манай улс хувийн хэвшлийн оруулж ирсэн оношлуураар оношилж баталгаажуулж байна.

Дельта бол цоо шинэ вирус биш. Коронавирусын мутацилагдсан хувилбар учраас илрэх шинж тэмдэг, эмчилгээнд айхтар өөрчлөлт орохгүй. Урьдчилан сэргийлэлт ч мөн адил хэвээр. Аливаа нэг өвчнөөс сэргийлэхийн тулд өөрийгөө болон эрсдэлт бүлгээ сайн хамгаалах хэрэгтэй. Тийм боломж нь хүн бүрт бий.

Мэдээж эмчилгээний үр дүнг сайжруулахаар дэлхий даяар ажиллаж байна. Дэлхий дээр амьдарч байгаа долоон тэрбум хүний 26.5 хувь нь вакцины нэгдүгээр тунд хамрагдсан байна. Бүрэн тунгаа авч чадаагүй маш олон хүн байгаа. Вакцины нөөц, олдоцтой холбоотойгоор Африкийн орнуудын дөрвөн хувь нь вакцинд хамрагдсан байх жишээтэй. Тиймээс вакцинд хамрагдаагүй хүн байвал яаралтай хамрагдах, үнэхээр эсрэг заалттай бол эрсдлээс маш сайн хамгаалах шаардлагатай.

Коронавирус тусаад эдгэрсэн хүмүүс мутацид орсон хувилбараар дахиад өвчлөх эрсдэлтэйг олон улсын судалгаа харуулж байгаа. Энэтхэг улсын судалгаагаар 4.5 хувь нь дахин халдвар авсан тохиолдол гарсан.

-Дельта вирусын шинжилгээ өгье гэвэл оношлуур нь хангалттай байгаа юу. Хаана очиж өгч болох вэ?

-Ганц нэг хувийн эмнэлгүүд дельта вирусыг оношилж байна. Мөн ХӨСҮТ, НЭМҮТ, АШУҮИС дээр судалгааны зорилгоор сорьцонд шинжилгээ хийж байна. Түүнээс улсын эмнэлэгт шууд очоод шинжилгээ өгөх боломж хараахан алга.

Дельта вирусын шинжилгээ авах техник нь ковидтой ижил. Оношлуурын хувьд мутаци илрүүлэх нарийн шинжилгээ хийнэ.

 

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
628992
1 эможи

иргэн
2021-07-22 14:50
үнэн худлаа нь мэдэгдэхгүй юм яриад л өөрсдийнхөө алдааг янз бүрээр нууж далдлаад иргэн рүү юирус рүү чихээд суугаад байх юм. чадахгүй байж зайлцгаагаач
keyboard_arrow_up