COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Remdesivir эмийг COVID-19 халдвартай, биеийн байдал хүнд хүмүүс хэрэглэхэд зохимжтой

2020 оны 6 сарын 05

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөс COVID-19 халдварын талаар дэлхий дахины судалгаа шинжилгээний тоймыг хүргэлээ.

ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн:

Дэлхий дахинаа шинэ коронавирусийн халдвартай холбоотой судалгаа, шинжилгээний ажил эрчимтэй хийгдсээр байна. ДЭМБ-ын зургаадугаар сарын 4-ний өдрийн байдлаар коронавирусийн халдвартай холбоотой нийт 26,572 эрдэм шинжилгээ, судалгаа өгүүлэл хэвлэгдсэн.

Одоогийн байдлаар дэлхийд нийт вакцин бүтээх 133 туршилт, судалгааны ажил, 1,915 эмнэл зүйн туршилт судалгаа явагдсанаас 101 эмнэл зүйн туршилт судалгааны үр дүн гарсан байна.

Зарим судалгааны үр дүнгээс дурдахад:

Их Британи улсад хийгдсэн судалгаагаар тус улсад коронавирусийн халдвар авсан иргэдийн 34 хувийг өнгөт арьстай иргэд эзэлж байна. Өнгөт арьстай иргэд цагаан арьстай иргэдтэй харьцуулахад нас барах магадлал 4 дахин өндөр байна гэсэн дүн гарчээ. 

АНУ-ын Харвардын их сургуулийн судлаачид дэлхий дахинд хийгдэж буй коронавирусийн халдварын эсрэг эмчилгээнд 

  • вирусийн эсрэг эмийн эмчилгээ
  • зорилтот бүлгийн дархлаа дэмжих эмчилгээ
  • плазма эмчилгээ гэсэн ерөнхий гурван төрөлд хуваагдаж байна.  

Одоогийн байдлаар эмчилгээний аргуудын эмнэл зүйн туршилтын судалгааны эхний үр дүнгүүд гарсан байна гэж үзжээ. 
 
Вирусийн эсрэг эмийн хувьд вирусийн эсрэг тохиромжтой эм бүтээх нь судалгааны тэргүүлэх чиглэл байсаар байна. 

Зорилтот бүлгийн дархлаа дэмжих эмчилгээний  хүрээнд Франц, Хятадын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар дархлаа дэмжих биологийн эмчилгээ коронавируст халдварын үед үр дүнтэй байна гэж үзжээ. Хятадын эрдэмтэд эмнэл зүйн туршилт судалгаагаар иммуноглобулины эмчилгээний аргыг судалж байна.  

Плазма эмчилгээний хувьд Хятад улсын эрдэмтдийн эмнэл зүйн туршилт судалгаагаар энэ эмчилгээ нь коронавируст халдварын эсрэг үр дүнтэй байгааг тогтоосон байна.  

Харвардын их сургуулийн эрдэмтэд дээрх судалгаануудаас гадна олон судалгааг цаашид хийх нь зөв гэж үзсэн.

АНУ-ын Үндэсний Эрүүл мэндийн хүрээлэнгээс шинжлэх ухааны үндэслэл болон судлаачдын саналыг үндэслэн коронавирусийн халдварын эмчилгээнд зориулсан эмчилгээний удирдамж гаргасан. Коронавируст халдварын үр дүнтэй эмчилгээ бүрэн нотлогдоогүй, одоогоор судлагдсаар байгаа тул энэхүү удирдамж нь ерөнхий чиглэл өгөх зорилготой гэдгийг тодорхойлсон байна. 

Тус зөвлөмжид Remdesivir эм нь халдвар авсан, биеийн байдал хүнд хүмүүс хэрэглэхэд зохимжтой. Тус эмийг хөнгөн болон хүндэвтэр өвчтөнд зөвлөхгүй гэсэн байна. Мөн Хлорохин буюу хайдрохлорохин, Ritonavir, Lapinovir зэрэг эмүүд нь коронавирусийн халдварын эсрэг үр дүнтэй эсэх нь судлагдаж байна. Эмнэл зүйн туршилт судалгаанаас бусад үед хэрэглэхийг хориглосон зөвлөмж өгсөн байна. 

Коронавируст халдвар нь анх сарьсан багваахайнаас хүнд халдварласан гэдгийг эрдэмтэд тогтоосон. БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эрдэмтэд Зоонозын халдварын тархалтыг цааш нь дэлгэрүүлэн судалсан байна. COVID-19 халдвар нь гэрийн тэжээвэр амьтдад эздээс нь халдсан тохиолдол Хятад, Хонг Конг, Голланд, АНУ, Бельги зэрэг оронд бүртгэгдсэн хэдий ч тэжээвэр амьтдаас хүнд халдах нь боломжтой эсэхийг эрдэмтэд нотлоогүй бөгөөд ийм тохиолдол бүртгэгдээгүй байна. Судлаачид гэрийн тэжээвэр муур нохойтой харьцуулахад илүү хүнд өвдөж байна гэж тогтоосон. Амьтны эмч нарт өвчтэй гэрийн тэжээвэр амьтанд үзлэг хийхдээ бүрэн хамгаалах хэрэгслийг сайтар хэрэглэхийг зөвлөж байна. 

Япон улсын судалгаагаар гадаадаас эх нутагтаа ирж, тусгаарлагдсан иргэдийн ойролцоогоор 30 хувьд нь эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй боловч коронавируст халдвар авсыг тогтоосон байна. 

БНСУ-д бүртгэгдсэн халдвартай хүмүүсийн 33 хувьд нь мөн эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй байна.

Эмнэл зүйн шинж тэмдэггүй өвчтөнүүд хоёр дахь удаагийн давтан шинжилгээгээр халдвартай болох нь тогтоогдсон хүмүүсийн дийлэнх хувийг эзэлж байгааг судлаачид тогтоосон байна гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617588
1 эможи
keyboard_arrow_up