COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Халдварын тархалтад санаа зовох биш хамгаалах зөвлөмжөө хэрэгжүүлье

2020 оны 1 сарын 29

Arslan.mn

Дэлхий нийтэд коронавирусын халдвар хурдацтай тархаж байна. Өчигдөр оройн 18:00 цагийн байдлаар энэ вирусаар 4700 хүн өвчилж, 107 хүн нас барсныг олон улсын томоохон хэвлэлүүд мэдээлэв.

Коронавирусын халдвартай холбогдуулан манай улсын мэргэжлийн байгууллагууд ч бүх талын мэдээллийг шуурхай өгч байна. Хэдийгээр коронавирусын тархалт, тоо баримт, тохиолдол зэрэг цаг үеийн мэдээлэл чухал ч вирусээс сэргийлэх зөвлөмжөө хэрэгжүүлэхийг иргэдэд уриалж байна. Коронавирусээс сэргийлэх мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дор бүрнээ хариуцлагатай сахих нь чухал. Тиймээс халдварын тархалд санаа зовж бухимдах биш хамгаалах зөвлөмжөө л хэрэгжүүлэх хэрэгтэй.

ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ ЯПОНД БАТАЛГААЖУУЛНА

Манай улс коронавирусын 200 оношлуурыг Японоос хүлээж авсан. Тэгвэл нэг оношлуурыг нэг л удаа хэрэглэх заалттай талаар ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Оношлуурыг ХӨСҮТ-ийн лабораторид ашиглаж байна. Сорьцыг орон нутгаас хот руу татна. Шинжилгээний хариу   урьдчилсан байдлаар 24 цагийн дотор гарна. Хариуг Япон руу явуулж баталгаажуулна. Ямар ч өвчний үед оношийн баталгаажилтыг эцэслэхэд ганцхан лабораторийн шинжилгээгээр хийдэггүй. Олон улсын итгэмжлэгдсэн лабораторид өгч байж, эцсийн оношийг баталгаажуулдаг. Тэр дүрмээ дагана” гэлээ. Хэнтий аймагт 13 настай охин өндөр халуурч уушгины хатгалгаагаар нас барсан харамсалтай хэрэг даваа гаригт гарсан. Энэ нь коронавирусын сэжигтэй тохиолдол байж болзошгүй гэсэн хардлага байгаа эсэхийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Бүх эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүдийн биеийн байдлын талаарх мэдээллийг тогтмол авч байгаа. Мэргэжлийн эмч нараар зөвлөгөө, мэдээллийг түгээсээр байгаа. Эмийн хангамж, багаж хэрэгсэлтэй холбоотойгоор дутагдсан зүйл байхгүй. Хэнтий аймгийн эмнэлэгт хоёр талын уушгины хатгалгаатай, амьсгал болон зүрх судасны дутагдалтайгаар биеийн байдал хүнд хүүхэд ирсэн. Эрчимт эмчилгээний арга хэмжээ авсан ч биеийн байдал дээрдэлгүй нас барсан. Түүний ойрын хавьтал гурван хүүхдийг тусгаарлаж шинжилгээ хийсэн. Тэдний биеийн байдал хэвийн байгаа. Хэнтий аймгаас авсан сорьцууд шөнө ХӨСҮТ-д ирсэн. Урьдчилсан байдлаар шинжилгээний хариу гараагүй байна. 24-48 цагийн дотор шинжилгээний хариу гарна” гэсэн мэдээллийг өглөө.

Нэгдүгээр сарын 9-27-ны хооронд ХӨСҮТ-д 13 хүн тусгаарлаж шинжилгээ авчээ. Эдгээр хүмүүсийн долоо  нь хилийн боомтод бүртгэгджээ. Мөн Архангай, Ховд аймагт сэжигтэй тохиолдол гарсан гэх мэдээллийг үгүйсгэлээ.  Өмнөговь, Булган, Хэнтий аймагт халуурсан тохиолдол гарсныг шинжилж байна.

ХИЛИЙН БООМТУУДАД ТУСГААРЛАХ ӨРӨӨ БЭЛДСЭН 

БНХАУ-д уламжлалт сар шинийн баяр болсонтой холбоотойгоор хилийн хязгаарлалт хийсэн хугацаа өндөрлөж байгаагаас хилээр орж ирэх хүний тоо нэмэгджээ. Тиймээс хилийн боомтуудад өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, аюулгүй байдлыг хангаж, сэжигтэй тохиолдол илэрвэл яаралтай тусгаарлах өрөө бэлджээ. МХЕГ-ын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар “Хил дээр 450 байцаагч ажиллаж байгаагийн 100 гаруй нь эрүүл ахуйч байцаагч. Хил дээр иргэдийн халууныг үзэж, 14 асуулттай асуумж авч, 2-оос дээш шинж тэмдэг илэрвэл  тусгаарлаж шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандаж байна. Зорчигчдод голомттой бүс нутаг руу зорчихгүй байх гол зөвлөмжийг өгч байгаа. Хонг Конгоос ирсэн халуунтай зорчигчдыг онгоцонд явсан бусад 140 хүнээс тусгаарлаж арын суудалд амны хаалттай суулгаад ирсэн. ДЭМБ-ын хавьтлын тодорхойлолтоор бусад зорчигчдыг эрсдэлгүй гэж үзсэн бөгөөд урьдчилан сэргийлэх үүднээс эрүүл мэндийн асуумж, бусад холбогдох мэдээллийг авсан байгаа” гэлээ.

Мөн БНХАУ-д ажиллаж, амьдарч, арилжаа, аялал жуулчлалын шугамаар яваа Монгол Улсын иргэдийн хүсэлтийн дагуу галт тэрэг, автобусаар хилээр орж ирэхэд нь хоёр улсын Консулын газар болон холбогдох байгууллагууд дэмжлэг үзүүлж байна. Хилээр нэвтрэх иргэдийг нэг бүрчлэн үзлэг шинжилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтэд  хамруулж байна. Өчигдрийн байдлаар 400 гаруй иргэнийг хилээр нэвтрүүллээ.

АВСТРАЛИД ОЧСОН МОНГОЛ ИРГЭНЭЭС КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ ГЭВ

ЭМЯ өчигдөр 13:00 цагт Австралид очсон монгол иргэнээс коронавирусын халдвар илэрсэн гэх мэдээллийг өгөөд байв. Тэгвэл 16:00 цагт дахин энэхүү мэдээллээ үгүйсгэлээ. ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Өнөөдрийн /өчигдрийн/ 14:40 цагийн байдлаар Австралийн Эрүүл мэндийн газартай холбогдож мэдээллийг нягтлахад тухайн Монгол Улсын иргэн онгоцонд байсан халдвар авсан иргэнтэй хамт нисэж очсон бөгөөд Монгол Улсын иргэн коронавирусийн халдвар аваагүй байна гэсэн мэдээллийг өглөө” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.1.29  ЛХАГВА  № 19 (6244)

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613077
0 эможи

Зочин
2020-01-29 14:05
Ахмад
2020-01-29 11:43
Маск үнэгүй тараамаар бна. Зохиомол хомсдол үүсгээд өндөр үнээр зарж бна
keyboard_arrow_up