COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С. ДҮҮРЭНЖАРГАЛ: ТОМУУГИЙН ВАКЦИНЫГ ХИЙЛГЭХЭД ОРОЙТООГҮЙ

2019 оны 11 сарын 30

Томуугийн дэгдэлт түүнээс хэрхэн сэргийлэх талаар их эмч С.Дүүрэнжаргал эмчтэй ярилцлаа.

Arslan.mn

– Энэ жил Улаанбаатарчууд утаанаас салж ханиад томуу бага байна гэсэн таатай мэдээтэй байгаа. Гэвч хүйтний эрч чангарахтай зэрэгцээд томуугийн дэгдэлт нэмэгдэнэ гэсэн мэдээлэл байна?

– Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад утааны харагдах байдал багассан ч ханиад томууны дэгдэлт өндөр хэвээр байна.  Учир нь агаарт агуулагдах хорт бодисын хэмжээ хангалттай сайн буураагүй байна. Өмнөх онд өдөрт 50-60 хүүхэд дүүргийн эрүүл мэндийн төвүүд ханиад томуугийн зовиурын улмаас хандаж байсан бол өнөө жил энэ тоо ижил хэмжээнд байна.

– Томуугийн дэгдэлт ер нь цаашид нэмэгдэх хандлага байгаа юу? 

– Жил бүрийн 11 дүгээр сарын дундаас 2 дугаар сарын сүүл хүртэл томуугийн дэгдэлт хамгийн өндөр байдаг. Энэ жил ч мөн эдгээр саруудад дэгдэлт их байхаар харагдаж байна. Гол нь жил бүр томуугийн вирус хувьсан өөрчлөгддөгт асуудал бий.  ДЭМБ-ын судалгаагаар энэ жил Азийн бүс нутагт хамгийн хоруу чанар өндөртэй вирусээр томуугийн А хүрээний H1N1, H3N2,  Б хүрээний Викториа, Ямагата гэсэн 2 төрлийн вирус нэрлэгдсэн. Манайд ч энэ төрлийн вирусийн дэгдэлт их байх магадлалтай.

– Эдгээр вирусээс хамгаалах онцгой зөвлөмж бий юу?      

– Ер нь томуугаас хамгаалах хамгийн эхний бөгөөд үр дүнтэй арга бол дархлаажуулалт.  Томуугийн вирусийн хувьсан өөрчлөгдөх чанараас хамаарч ДЭМБ жил бүр тухайн жилд хэрэглэх вакцины төрлийг баталдаг. Энэ жилийн тухайд дээрх 4 төрлийн томуугийн вирүсээс хамгаалах 4-р үеийн вакциныг зөвлөж байгаа. Манай улсад ч 4-р үеийн вакцин ороод ирчихсэн.

Тиймээс аль болох дархлаажуулалтад хамрагдаж гэр бүл, үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах нь чухал. Мөн дулаан хувцаслаж, халуун бүлээн шингэн, шим тэжээлтэй хоол ундыг хэрэглэн шаардлагагүй бол олон нийтийг хамарсан арга хэмжээнээс зайлсхийх хэрэгтэй.  Түүнчлэн өрөөний агаарыг сэлгэж, чийгтэй цэвэрлэгээ хийх, гараа тогтмол угаах нь томуугийн вирус халдах эрсдлийг тодорхой хувиар бууруулдаг.

– 4-р үеийн вакциныг онцолж байгаа шалтгаан юу вэ, өмнөх жилүүдэд хийгдэж байсан вакцинаас ямар ялгаатай вэ? 

Манай улс өмнө нь 3-р үеийн вакцинаар иргэдээ дархлаажуулж, томуугийн дэгдэлтээс сэргийлж ирсэн. Энэ нь 3 төрлийн л вирусээс хамгаалдаг гэж ойлгож болно.  Харин шинжлэх ухааны ололтын үр дүнд дараагийн шатны буюу 4-р үеийн томуугийн вакцин нь 4 төрлийн вирусээс хамгаалах боломжийг олгож байгаа юм. Тиймээс илүү сайн дархлаа, хамгаалалт болно гэсэн үг.

Өмнөх жил хийлгэсэн вакцин энэ жил хамгаалах уу?

Дээр хэлсэнчлэн томуугийн вирус маш хувирамтгай учраас жил бүр тухайн жилийн дэгдэлтэд зориулан өндөр үр дүнтэй байх вакциныг үйлдвэрлэдэг.  Мөн томуугийн вакцин нь нэг жилийн хугацаанд л таныг томуугаас сэргийлэх боломжийг олгодог учраас жил бүр тогтмол томуугийн вакциндаа хамрагдаж байхыг зөвлөж байна.

– Өнгөрсөн жил хийлгэсэн вакцин зарим хүмүүст харшил өгсөн тухай мэдээлэл байсан. Тиймээс харшилдаг хүмүүс яах ёстой вэ?

Ер нь вакцинд харшилж байгаа ихэнх хүн өндөгний харшилтай байдаг. Учир нь вакциныг өндөгний уурганд өсгөвөрлөж гаргаж авдагаас улбаатай. Энэ жилийн хувьд манай улсад өндөгний уурганд биш эсийн өсгөвөрт тулгуурлаж гаргасан  4-р үеийн вакциныг нэвтрүүлээд байгаа. Энэ нь өндөг, тахианы мах болон бусад төрлийн харшлын суурьтай хүмүүст айх аюулгүй болсон гэсэн үг.

Мөн жирэмсний 3 сартайгаас болон 3-аас дээш насны хүн бүр хийлгэх боломжтой. Насанд хүрэгчид вакцин хийлгэх нь хүүхдээ хамгаалах хамгийн чухал зүйл. Манай зарим эхчүүд хүүхэд маань гэртээ байгаа хэрнээ ханиад хүрээд хатгаа болчихлоо гэдэг. Гэтэл том хүн вирүсийн халдвар авчихаад хүүхэддээ халдаагаад байгаагаа мэддэггүй. Хүүхдийн дархлаа 5 нас хүртэл сул байдгаас  халдварт амархан өртөж байна гэсэн үг.

Энэ төрлийн вакциныг хаана хийлгэж болох вэ?

Одоогоор Интермед, Халиун, Марал, Зууннаст, Баясгалан, Эрин зэрэг эмнэлгүүдэд хийгдэж байгаа.  Дархлаажуулалтад хамрагдахыг хүссэн иргэд эрүүл мэндийн лавлах 1800-1801 дугаарт холбогдож өөрт хамгийн ойр байгаа эмнэлгийн мэдээллийг авах боломж бий.

– Вакциныг ер нь хэдийд хийлгэх ёстой вэ? Одоо хийлгээгүй байгаа хүмүүс хийлгэж болох уу?

– Дархлаажуулалтад хамрагдах хамгийн тохиромжтой хугацаа нь 10 дугаар сарын дундаас 12 дугаар сарын хагас хүртэл байдаг боловч одоо хийлгэхэд огт оройтоогүй. Томуугийн дэгдэлт үүсч болох хугацааг олон улсын байгууллагууд 10  дугаар сараас 5 дугаар сар хүртлэх хугацааг онцолдог. Манай хоёр хөрш болох ОХУ, БНХАУ болон манай орны хувьд томуугийн вирусийн халдвар тархах, дгдэлт идэвхижих сарууд бол 11-2 дугаар сар тул та боломжтой үедээ хийлгэж болно.

– Вакцин хийлгэх гэж байгаа хүн юуг мэдэх ёстой вэ? 

– Вакциныг бусад төрлийн халдвар аваагүй, халуураагүй, уушигны үрэвсэлт өвчнөөр өвдөөгүй үедээ хийлгэх нь хамгийн тохиромжтой. Тиймээс та одоо ханиад томуугийн шинж тэмдэгтэй байгаа бол өвчнөө эдгэртэл түр хүлээгээд эмчтэй зөвлөн дархлаажуулалтад хамрагдаж болно.

Вакцин хийлгэхээр очихдоо дулаан хувцаслаж ороолт малгайгаа заавал өмсөөрэй. Вакцинаа хийлгэсний дараа 30 минут эмчийн хяналтад байх нь чухал. Мөн 3 хоног даарахгүй, халуун бүлээн хоол унд хэрэглэн сайн унтаж амрах нь дархлааг улам сайн тогтоодог юм шүү.

– Бидэнтэй ярилцсанд баярлалаа. 

Та бүгдэд мөн баярлалаа. Бас өөрийнхээ эрүүл мэндэд анхаарч энэ ярилцлагыг уншсан танай уншигчдад ч баярлалаа. Эрүүл мэндийн тусламж, мэдээлэл хэрэгтэй болвол 1800-1801 дугаарт хандаж зөвлөгөө авч байгаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611068
0 эможи

Зочин
2019-12-01 12:14
аль эрт цэцэрлэг сургууль эхлэхээс хэд хоногийн өмнө вакцинаа хийж болдоггүй юмуу 9 сараас эхлээдл ханиад томуу ихсээд намдахгүй хавартаа золгодог биздээ ханиад томуу ихэссэн үед оруулж ирээд ямарч гэмэргүй эрүүл үедээ хийлгэ гэдэг хүүхдүүдээс ханиад томуу салдгаггүй биздээ
Зочин
2019-11-30 17:50
keyboard_arrow_up