COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Өвсний үндэс” төсөл ХӨСҮТ, 129 дүгээр цэцэрлэгт хэрэгжив

2019 оны 10 сарын 02

Arslan.mn

Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” төсөл нь манай улсын эрүүл мэнд, боловсролын салбарын тулгамдаж буй асуудлыг шийдэхэд чиглэдэг. Тэгвэл уг төсөл энэ удаа ХӨСҮТ болон129 дүгээр цэцэрлэгт хэрэгжлээ. Эмнэлгийн дээврийн засвар болон цэцэрлэгийн сантехникийн ажлыг төслийн буцалтгүй тусламжаар хийсэн байна. Тухайлбал, ХӨСҮТ-ийн Б, В, Г блокын дээврийн 1860 ам.метр талбайд 200 сая төгрөгийн засварын ажлыг хийжээ. Үлдсэн 70 хувийн засварыг ЭМЯ-ны санхүүжилтээр хийж дуусгасан байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Чанарын албаны дарга Г.Баасанжав “ Манай эмнэлэг энэ барилгад 37 жил үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн 10 гаруй жилд их засварын ажил хийгээгүй. Зун борооны ус их дусдаг байсан. Энэ нь үйлчлүүлэгч, эмч ажилчдын аюулгүй байдал, халдвар, хамгаалал зэрэгт сөрөг нөлөөтэй байсан. Харин Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” төсөл болон ЭМЯ-ны санхүүжилтээр дээврээ засч дуусгалаа” гэв.

Мөн тус эмнэлэгт засварын ажил хийгдээд зогсохгүй орчин үеийн дэвшилтэт технологи, загвар бүхий элэгний хорт хавдрыг эрт үед нь оношилдог эхо аппарат, түргэн тусламжийн машиныг уг хөтөлбөрийн хүрээнд хүлээлгэн өгчээ.Үүнээс гадна БЗД-ийн 129 дүгээр цэцэрлэгийн шугам сүлжээний ажлыг 192 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж дуусгасан байна. Тус цэцэрлэгийн суултууртай холбогддог бохир усны хоолой зэвэрч муудаад бөглөрч ус алдаж, радиатор болон ус дамжуулах хоолой нь зэвэрсэнээс гадна хуучны загварын суултуурыг солих шаардлагатай болсон байжээ.

Энэ талаар бэлтгэл Г бүлгийн багш С.Отгонцэцэг “Манай цэцэрлэгийн барилга 30 гаруй жил болж байна. Энэ хугацаанд засварын ажил хийгдээгүй. Эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд сантехникчид гар аргаар янзалдаг байсан. Мөн засвар хийгдэхээс өмнө ариун цэврийн өрөөний үзэгдэх орчин муухай, үнэр гардаг, ус нь татагдахгүй, эсвэл байнга гоожих зэрэг хүндрэлтэй асуудлууд байсан.

Энэ ажлын үр дүнд хүүхдүүдийн эрүүл ахуйн орчин болон ариун цэврийн өрөөний тохижилт сайжирсан. Зориулалтын тосгуур, суултуурыг тавьж өгснөөр хүүхдүүд бие засахад хүндрэлгүй болсон” гэв. Мөн гурван настай хүүхдүүдийн хувьд суултуур дээр суухаар хөл дор нь заавал юм тавих шаардлагатай байдаг байсан бол одоо зориулалтын суултуур тавьснаар энэ асуудал шийдэгджээ.

Бэлтгэл Г бүлгийн сурагч Б.Намуун “Өдөрт дөрвөн удаа гараа угаадаг болсон. Өмнөх угаалгын өрөө муухай үнэртэй байсан. Одоо харин гоё болсон” гэж байв. Мөн “Энэ жил шинээр элссэн хоёр настнууд живхнээсээ салаагүй, хөтөвч дээр суудаг байсан. Цэцэрлэгтээ хоёр долоо хоног яваад одоо бүгд боловсон ариун цэврийн байгууламж дээрээ сууж сурлаа. Өөрөөр хэлбэл, живх, хөтөвчний хэрэглээ байхгүй болсон. Ийм тохилог орчинд тэд биеэ дааж, хөгжиж чадаж буйд багш нарын хувьд урамтай, сайхан байна” гэж багш нь ярьсан юм. Засварын ажлын талаар төслийн эдийн засаг хариуцсан хоёрдугаар дарга Ямашита Акихито “1990 оноос хойш 400 гаруй ажлыг “Өвсний үндэс” төслийн хүрээнд хийсэн байна. Мөн ирэх онд “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэнд, боловсролын 20 гаруй байгууллагын засварын ажлыг хийхээр төлөвлөөд байгаа” гэсэн юм.

Б.Баяржавхлан

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608741
0 эможи

Зочин
2019-10-02 12:56
keyboard_arrow_up