COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Цолмон: АШУҮИС судалгааны их сургууль болно

2019 оны 4 сарын 24

АШУҮИС-ийн захирал Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонг өнөөдрийнхөө ярилцлагад урьж оролцуулж байна.

 -АШУҮИС сүүлийн үед олон үйл явдлаар дүү­рэн байх шиг. “Агаарын бо­хирдол ба Эрүүл мэнд”  эрдэм шинжилгээний үндэс­ний чуулганыг Мон­гол Улсын Ерөнхий сайдын ивээл   дор   зо­хион байгуулж, Нобелийн шагналтныг урьж орол­цуул­сан. Хам­­­­гийн гол нь га­рах гарцуу­дыг шинжлэх ухааны но­толгоотой гаргаж тавь­сан байсан нь их ач холбог­долтой санагд­сан. Ирэх до­лоо хоногт та­най “Эрдмийн чуулган-61” болох гэж байна. Чуул­­га­ныхаа та­лаар ярьж со­нирхуулна уу?

-Тиймээ,  манай сургууль сүүлийн сар эрдмээр амьс­галж байна.  Олон сайхан үйл явдлууд болж өнгөрлөө.  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  ивээл дор “Агаарын бохирдол ба Эрүүл мэнд” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, Нобелийн шагналтан К.Смит тэргүүтэй эрдэмтэд хүрэлцэн ирсэн, Эрдмийн сургуулиа нээлээ, АШУҮИС-ийн эмнэлгийнхээ ба­рилга, тоног тө­хөөрөмжөө хү­лээж авлаа, их сургуулийнхаа дүрмийг Эрүүл мэндийн сайдаараа батлууллаа, өнөөдөр эмнэлгийнхээ улсын бүрт­гэлийн гэрчилгээгээ гардан ав­лаа гээд дурдаад байвал өч­нөөн сайхан үйл явдлууд болж байна. Дөрөвдүгээр сарын 23-нд “МОНГОЛЫН АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ЭРДМИЙН ЧУУЛГАН-61” эрдмийн нэгдсэн чуулган маань болох гэж байна. Энэ чуулганаараа АШУҮИС-ийн эрдэмтэн, багш судлаачид маань эрдэм шинжилгээ, судалгааны аж­лаа дүгнэн хэлэлцдэг уламжлалтай бөгөөд түүхэн хөгжлийнхөө 77 жилд 61 дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Бид уламжлал ёсоор эмнэлзүй, био-анагаах, монгол анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, нүүр ам судлал, эм зүй, сувилахуй, анагаах ухааны боловсрол судлалын салбар ху­ралдаануудыг гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 9-ний хооронд зохион байгуулж, нийт 559 эрдэм шинжил­гээний бүтээлээс 90 аман илтгэл, 140 ханын илтгэлийг сонгон хэлэлцүүлсэн. Сал­бар ху­­ралдааны нээлтийн үйл ажил­ла­гаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүрэлцэн ирж мэнд­чилгээ дэвшүүлсэн нь судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэхээр зорин ажиллаж буй АШУҮИС-ийн эрдмийн хамт олонд маш том урам, дэмжлэг болсон. Энэ нь зөвхөн биднийг биш Монголын дээд боловсролыг дэмжиж байгаагийн тод илэрхийлэл гэж бодож байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд шилдэг аман, ханын илтгэл, эмнэл зүйн тохиолдол, инновацийн бүтээгдэхүүн,  судлаач оюутан, шилдэг судлаачийн гээд нийтдээ 40 гаруй бүтээлийг тус тус танилцуулахаар байгаа. 2018 онд манай эрдэмтэн, багш судлаачид олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд 50 орчим өгүүлэл хэвлүүлж, ном сурах бичиг, оюуны өмч, стандарт, техникийн заавар, зөвлөмж зэрэг нийт хоёр мянга орчим бүтээл туурвиж, 2019 онд өнөөдрийн байд­лаар дотоодын болон олон улсын санхүүжилттэй нийт 75 төсөл, хө­төлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. 

-Их сургуулиуд судалгааны сургууль болно гээд л байх юм. Их сургуулийн гол ажил нь судалгаа хийх юм биш үү. Огт судалгаа хийдэггүй байгаад л гэ­нэт судалгаа хийж эхлэх гэж байгаа  юм  шиг л яриад байх байх юм. Ер нь судалгааны сургууль юугаараа ялгаатай юм бэ?

-Таны ойлголт нэг та­лаар зөв. Их сургуулийн өөрийнх нь үнд­сэн үүрэг нь судалгаа хийх. Гэ­тэл манай ихэнх их, дээд сургуу­лиуд сургалтад суурилсан  үйл  ажил­лагаатай, өөрөөр хэлбэл ахисан түвш­ний сургалтууд, судалгаа шинжил­гээний ажил нь төдийлөн хөгжөөгүй, бакалаврын сургалт зонхил­сон хэлбэрээр явж ирсэн. Үүнийг олон эрдэмтэд ярьж байна. Монгол Улсад су­далгааны их сургууль байгуулах талаар 1990-ээд оноос  эхлээд яригдаж байсан юм бил ээ. Би АШУҮИС дээр ярья л даа. Манай сургууль судалгааны сургууль болохын тулд зоригтой цогц шинэчлэлийг хийх шаард­лагатай байна. Бусад улс орнуудын судалгааны их сургуулийн жишгээс ха­рахад судалгааны их сургууль болоход дэлхий нийтийн шинжлэх ухааны чиг хандлага, судалгааны тэр­гүүлэх чиглэл, тухайн улсын өр­сөлдөх чадвар дээр үндэслэсэн төгсөлтийн сургалтын хөтөлбөрөө бо­ловсруулсан байдаг юм би­лээ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж судалгаа хийдэг дэлхийн шилдэг эрдэмтдээс бүрдсэн баг, судал­гаа­ны орчин, судалгаа явуулах хө­рөнгө мөнгө энэ гурвыг зөв ший­дэж чадсан харагддаг. Ингэж л чадах юм бол судалгаанд суурилсан их сургууль болж хөгжих боломж бүрддэг юм байна. Дээрээс нь шинжлэх  ухаанд дуртай, судалгаа шинжилгээ хийх сонирхолтой, оюуны өндөр чадвар, чадамжтай шилдэг залуучуудыг сонгож су­ралцуулж, бэлдэх хэрэгтэй. Өөрөөр хэл­бэл, суралцах, элсэх кри­тери, шаардлага  өндөр байх ёс­той байдаг. Зөвхөн мэдлэгтэй биш, ур чадвар, сэтгэлтэй байж л шинжлэх ухааныг  хөгжүүлдэг  байна. Түүнчлэн ахисан түвшний буюу төгсөлтийн  сургалт, эрдэм шинжилгээний ажил зөв явахын тулд эрдмийн зөвлөл, хөтөлбөрийн зөвлөл, гүйцэтгэх зөвлөлүүд чу­хал үүрэгтэй ажилладаг. Манайд гүй­цэтгэх зөвлөл байхгүй бай­гаа. Гүйцэтгэх зөвлөл бол  төг­сөлтийн сургалтын хөтөлбөрийг бо­­ловсруулж сургалтыг зохион бай­гуулдаг гол нэгж юм. Үүнд хөтөл­бөрийн удирдагч чухал үүрэг­тэй байдаг. Хөтөлбөрийн удир­дагчийг судалгааны баг, лабо­ра­тори, төв, хүрээлэнгүүдийн про­фес­сорууд,  эрдэмтэдтэй холбох үүргийг коор­динаторууд хариуцдаг. Ийм л тог­толцоо нийтлэг байдлаар  ажил­ладаг юм билээ. Энэ тогтолцоог бүрдүүлэхээр манай хамт олон ажиллаж байна. Үүнд дэмжлэг бо­лох бүтэц бол мэдээж  эрдмийн зэрэг хамгаалуулах процессийг олон улсын жишигт хүргэж, шат дамж­лагуудыг цөөлж, энгийн ойл­гомжтой, хүнд сурталгүй болгох асуу­дал байгаа. Профессоруудын ур чадвар, үр дүн, хариуцлагад суурилсан тогтолцоонд шилжиж, профессоруудад тавьдаг шаард­лагыг өндөрсгөх нь судалгаанд суурилсан их сургууль болоход нэ­лээн дэмжлэг үзүүлэх болно.МУИС их дээд сургуулиудын дунд “Дээд боловсролын хөгжлийн чиг хандлага” сэдвээр хэлэлцүүлэг явуулж, энэ асуудал дээр дуу хоо­­лойгоо нэгтгэх, туршлагаа со­лилцох боломж олгосон сайхан арга хэмжээ зохион байгуулсан.Дараагийн хэлэцүүлгийг манай сургууль хийхээр болсон.

-Энэ тогтолцоог тэгээд яаж бүрдүүлэх юм. Нэлээн хугацаа шаар­дагдах бололтой, танай сур­гуулийн  шинэчлэлийн байдал хэр явцтай байна?

-Нэгэнт Монгол Улсын Засгийн газрын  2018  оны 282 тоот тог­тоолоор батлагдсан “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” гарчихсан, мөн бид сургуулийнхаа хөгжлийн бодлогыг тодорхойлчихсон, маш том зорилго тавьчихсан хойно ух­рах зам байхгүй. Алдаа оноотой ч өнөөдрийн түвшнээ ахиулж, хүрсэн амжилтаа бататгаж шинжлэх ухааны ололтод тулгуурлан, мэд­лэгийн эдийн засаг, дэвшилтэд болон өндөр технологийг нэвт­рүүлэх, тэргүүлэх шинжлэх ухааныг хөгжүүлэх замаар орчин үеийн судалгааны их сургууль болох эрх зүйн орчин, бүтэц зохион бай­­­­гуулалт, үйл ажиллагааны ши­­­нэч­­­лэлийг цогцоор нь хийх шаард­­лага зайлшгүй гарч байна. Эрдэм шинжилгээний ажлын гол цөм болсон магистр, докторын судалгааны ажлыг чанарын ши­нэ шатанд гаргах, олон улсад өрсөл­дөхүйц мэдлэг, ур чадвартай суд­лаач бэлтгэх зорилгоор 2018 оны 10 сард Эрдмийн сургуулийг үүсгэн байгуулсан нь бидний шинэч­лэ­лийн эхлэл болсон. Судалгаа шинжилгээний ажил хийх, акаде­мик эрх чөлөөг дэмжсэн, багш суд­лаачдад ээлтэй эрх зүйн ор­чинг зохих хэмжээнд бүрдүүлэх үүднээс АШУҮИС-ийн судалгааны хүрээлэн, төв, лаборатори, эрдэм шинжилгээний төсөл, хөтөлбөр, тех­нологи, инновацийг дэмжих ху­римтлал бүрдүүлэх, шинжлэх ухаан технологийг дэмжих сан, оюуны өмч, технологи дамжуулах гээд до­лоон журмыг шинэчлэн болон шинээр боловсрууллаа. Мөн су­далгааны төсөл боловсруулах, баг бүрдүүлэх, санхүүжилт олох, олон улсын сэтгүүлд бүтээл хэвлүүлэхэд хэлний болон боловсруулалтын зөвлөгөө өгөх, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг бүрэн эхээр ашиглах таатай орчин нөхцлөөр хангах үүд­нээс Судлаачийг дэмжих төв, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж, зах зээлийн эрэлт хэ­рэг­цээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлд­вэрлэх, гарааны компанийг бой­жуулах, оюуны өмчийг бүртгэх, зөвлөгөө өгөх зорилгоор Инноваци, технологи дамжуулах төвийг ажил­луулахад бэлэн болгоод байна. Түүнчлэн, тэргүүлэх чиглэлийн тө­рөлжсөн судалгааг хөгжүүлэх зорил­гоор Монгол Улсад анх удаа Тархи судлалын хүрээлэнг үүсгэн байгуулж байгаа нь салбар дундын ахисан түвшний судалгааны плат­формыг дэмжих, эрдэм шинжил­гээний ажлын чанарыг өндөр түв­шинд хүргэх цаашлаад  Монгол Улсын шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулах эхлэл тавигдах юм. Миний бие хоёрдугаар сард БНХАУ-ын тархи судлалын хам­гийн анхны бөгөөд хамгийн шил­дэг эрдэм шинжилгээний хүрээ­лэн болох Шанхай хотын Тархи суд­лалын хүрээлэнд очиж хамтын ажиллагааны талаар санал тавь­саны дагуу БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн харьяа Тархи суд­лалын хүрээлэнгийн захирал Мүмин Пүү, Шанхайн Жиаотоны их сургуулийн захирал Гуочиан Чен нарын эрдэмтэд  бидний урил­гыг хүлээн авч манай эрдмийн чуул­ганд хүрэлцэн ирж байгаа нь бидний үйл ажиллагааг дэмжихээс гадна бидэнд итгэл үзүүлж, нөгөө талаар тоож байгаагийн илрэл. Энэ удаагийн чуулган шинэлэг бө­гөөд олон улсын шинж чанартай болж байгаагаараа түрүүчийн чуул­­гануудаас онцлог болж байна.Олон улсын жишигт нийцсэн про­фес­сорын тогтолцоог хөхиүлэн дэм­жиж, үр дүн, судалгааны болон инновацийн бүтээлд суурилсан сан­хүүжилт, хяналт үнэлгээг бий бол­гохыг зорьж байна.Бид бусад улс орны судалгааны сургуулиудын туршлагыг сайн судалж, тэдний алдааг давтахгүй байвал богино ху­га­­цаанд амжилтад хүрэх бо­ломж­той.

-Их, дээд сургуулиудаа эрэм­бэлнэ гэж яриад байгаа.Их сур­гууль судлаачдаас бүрддэг, тэ­­гэ­­хээр судлаачдаа хэрхэн эрэм­­­­бэлдэг юм бэ.Танайх суд­лаач­даа эрэмбэлэх үү?

-Дэлхийн их, дээд сургуулиудыг эрэмбэлдэг хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын гурван байгууллага байдгаас манай улс QS бай­гуул­лагыг сонгосон.Энэ байгуул­лага нь манай нөхцөлд илүү нийц­сэн, шалгуурууд нь арай уян хатан юм билээ.Би энэ талаар нэг ярилцлагадаа нэлээн дэлгэрэнгүй ярьсан шиг санагдаж байна.Сургуулиа эрэмбэлүүлэхийн тулд эхлээд сургууль дотроо судлаачдаа эрэмбэлж, чансааг нь тогтоох нь зөв. Бид үүний эхлэл болгож энэ жилээс профессорууддаа тавих шаардлагыг нэмэгдүүлж эхэлсэн. Ма­най сургуулийн профессор жилд дор хаяж нэг эрдэм шинжилгээний өгүүллийг “Скопус” платформд бүрт­­гэлтэй  сэтгүүлд нийтлүүлсэн байх шаардлагатай. Эрдэм шинжил­­гээ, судалгааны оноог да­раахь үзүүлэлтүүдээр тооцдог бол­го­сон. Үүнд “Скопус”платформд бүрт­гэлтэй  олон улсын болон до­тоодын сэтгүүлд хариуцлагатай зохиогч, нэгдүгээр зохиогч, хамтран зохиогчоор өгүүлэл хэвлүүлэх, патент, бүтээгдэхүүний загвар гадаад ба дотоодод бүртгүүлэх, олон улсын ба дотоодын санхүү­жилттэй төсөл хөтөлбөр удирдах. Ингэснээр эрдэмтдийн судалгааны ажлын чанар өсөхийн хажуугаар өрсөлдөөнд суурилсан зарчим үйлчилж, эрэмбэлэгдэнэ. Урд нь үйлчилж байсан журмаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх­­гүйгээр  эрдмийн зөвлөлд суух, ажлын хэсэгт орох гэх мэт үзүүлэлтүүдээр оноогоо бүрдүүлж эрдэм шинжилгээний ажлыг үнэ­лүүлж байсан нь Монгол Улсад эрдэм шинжилгээ хөгжихгүй, эрдэмт­дийн нэр хүндийг унагаасан, хөгжлийг удаашруулсан өнөөгийн байдалд хүргэсэн. Тэгэхээр энэ гаргаж байгаа шийдвэр цаг үеээ олсон, угаасаа дэлхийн их дээд сургуулиудын чиг хандлага, тэдний өмнө тавигдаж байгаа шаардлага юм.Бид үүнийг дагах л учиртай, хэрэв олон улсад өрсөлдөе гэвэл, эрдэмтдийн нотолгоонд суурилсан үр дүнг улс орны бодлого, төр зас­гийн шийдвэрт тусгаж улс орны хөгжлийг урагшлуулая гэвэл ин­гэх нь зайлшгүй.Түүнээс гадна профес­сор цолыг олгох шалгуур үзүүлэлтэд хэрэв судлаач тухайн эрдэм шинжилгээ, судалгааны мэр­гэжлийн импакт фактор өндөртэй сэтгүүлд өгүүллээ хэвлүүлсэн то­хиолдолд шууд профессор цолыг авах боломжтой болгож байна.Энэ нь магистр, докторын зэрэг хам­гаа­луулах тооны хойноос хөө­цөлд­сөн хэлбэрийг халж байгаа юм.

-Судалгааны их сургууль бо­лоход өөр  ямар  хүчин зүйл, гарц, шийдэл байна вэ?

-Дэлхийн судалгаанд суурилсан их сургуулиудын жишгээс ха­рахад маш эрчимтэй олон улсын шинж чанартай дараахь үйл ажил­лагаануудыг явуулдаг байна: нэгт, олон улсын хэмжээний хамтарсан судалгаа явуулах өргөн боломжийг бүрдүүлэх, үүнд: англи хэл дээр сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх,  гадаад оюутнуудын тоог нэмэг­дүү­лэх, оюутан солилцооны хөтөл­бөрүүдийн тоог нэмэгдүүлэх, га­даа­дын нэрт эрдэмтдийг урьж багш­­луулах, лекц уншуулах, хосол­сон дипломын хөтөлбөр хэрэг­жүү­лэх, хоёрт, бенчмаркинг хийх, гуравт, мэргэшүүлэх сургалтыг олон улсын түвшинд хүргэх, дөрөвт, олон улсын сургууль болоход төрийн тус­гайлсан дэмжлэг шаардлагатай. Манай сургуулийн хувьд дээр дурд­сан интернациональчлагдсан арга хэмжээнүүдийг зохих хэм­жээнд авч хэрэгжүүлж байна. Үүнд бид ирэх хичээлийн жилээс Нүүр ам судлалын сургууль бо­лон анагаах ухааны сургуулийн зарим мэргэжлийн хичээлийн хөтөл­бөрүү­дийг англи хэл дээр заахаар бэлтгэл ажлаа хангаж байна, төг­сөлтийн өмнөх болон төгсөлтийн сургалтад суралцаж буй гадаад оюутнуудынхаа тоог нэмэгдүүлэх бодлого баримталж байна, хо­солсон дипломын сургалтын хөтөл­бөрийг хэрэгжүүлэхээр Тайванийн Чен Куны үндэсний их сургууль, Тай­пейгийн анагаах ухааны их сур­гууль, Эрхүүгийн анагаах ухааны их сургуулиудтай гэрээ байгуулсан, одоо  хөтөлбөр  боловсруулах аж­лаа  эхлэх гэж байна,  гадаадын  багш нарын тоог нэмэгдүүлэх чиг­лэлээр Энэтхэг  улстай хамтран ажил­лах гэж байна, Нобелийн шаг­налт­нуудыг   урьж  лекц   уншуулж бай­на. Бенчмаркийг   хэрэгжүүлж бай­­­сан  туршлага  бидэнд бий. Жишээ нь, Гронингенийн их сургуулийн блок сургалтын системийг авч хэрэгжүүлээд явж байгаа, багшийн сургалт, эрдэм шинжилгээ, мэр­гэж­лийн үйл ажиллагааг үнэлэх оноо­ны системийг Ёнсей их сур­гуулиас авч хэрэгжүүлсэн, одоо их сургуулийнхаа эмнэлэг дээр Току­шима, Эхимэ их сургуулиудын менежмэнтийн системийг авч хэ­рэг­жүүлэх гэж байна. Эрдмийн сургууль дээрээ тохирох бенч­маркийг судлаж байна. АШУҮИС эмнэлэгтэй болсноор нотолгоонд суурилсан анагаах ухаан буюу шинж­лэх ухааны  шинэ нээлт, ололт амжилтууд шууд Монгол Улсын эрүүл мэндийн практикт нэвтэрч нутагших боломж бүрдэж, судалгааны сургууль болох үзүү­лэлтийг нэмэгдүүлэх боломж бий болж байгаа юм. Манай сургуулийг олон улсын судалгааны сургууль болоход  төрийн тусгайлсан бод­лого, санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай.

-Оюутнуудын эрдмийн чуул­ган зохион байгуулагддаг уу. Та­най оюутнууд ч мөн эрдэм шинжилгээ,  судалгаанд  суралцах шаардлага тулгардаг байх.

-Оюутнуудыг судалгааны ажилд татан оруулах, судалгаа хийх арга барил эзэмшүүлэх, судалгааны арга зүйд суралцуулах зорилгоор манай сургууль дээр оюутны эрдэм шинжилгээний нийгэмлэг бо­лон суд­лаач оюутны 80 гаруй клуб идэвхитэй үйл ажиллагаа явуул­даг.Энэ жил “Оюутны Эрдмийн Чуулган-2019” маань тавдугаар сарын 6-12-ны өдрүүдэд таван сал­бар хуралдаанаар зохион бай­гуулагдаж, нэгдсэн чуулган нь 13-нд болно.Өөрөөр хэлбэл салбар бүрийн оюутны эрдэм шинжил­гээний шилдэг илтгэл, бүтээ­лүүд нэгд­сэн хуралдаанаар хэлэл­цүү­лэгдэнэ гэсэн үг. Манай оюут­нууд улсын болон олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад оролцож байнга амжилт үзүүлдэг.Судалгааны их сургуулийн бас нэг гол үзүүлэлт бакалаврын түвш­ний сургалт нь мэргэжлийн бус академик шинжтэй суралцагчдад бүтээлчээр сэтгэж, өөрийгөө хөг­жүүлэх чадвар олгодог бай­хад чиг­лэгддэг.Бакалаврын сур­гал­таар оюутны эзэмших цогц ча­дамжийг боловсруулан, төг­сөгчид судалгааны арга зүйн мэдлэг, ур чадварт суралцан судлаач болон бэлтгэгдэхээр тусган ажиллаж бай­на.Хэдийгээр манай оюутнууд су­далгаа, эрдэм шинжилгээний аж­­луудад суралцаж байгаа ч Дэлхийн шилдэг их сургууль болох зорилгод хүрэх болоогүй байна.Дээд боловсролын хөгжлийн чиг хандлага сургалтаас судалгаанд суурилсан үйлдвэрлэл, инновацийг хөгжүүлэхэд чиглэж их, дээд сур­гуулийн чанар, чансааг эрэмбэлэх шалгуурын дийлэнх нь эрдэм шинжилгээ, судалгаатай холбоотой үзүүлэлтүүд эзэлж байна. Иймд аль ч мэргэжлийн бакалаврын сур­­­­галтаар төгсөгчдийг судалгаа хийх ур чадварыг эзэмшүүлэхийн тулд бодлогын  түвшинд дэмжлэг үзүүлэх, одоогийн сургалтын хө­төл­бөр, судалгаа хийх орчныг сайж­руулах, салбарын тэргүүлэх чиг­лэл, их сургуулийн хөгжлийн бод­­лого, их сургуулийн эрдэм шинжилгээний тэргүүлэх  чиглэл зэрэгтэй уялдуулан оюутны эрдэм шинжилгээний  ажлыг дэм­жих, урам­­шуулах, судалгааны тэтгэл­гүүдийг нэмэгдүүлэх, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, судалгаан дахь оюут­ны оролцоог нэмэгдүүлэх шаард­лага тулгарсаар байгаа юм.

-Сүүлийн үед анагаах ухаанд дэлхий  нийтийг шуугиулсан ямар нээлтүүд хийгдсэн бэ?

-Бид шинжлэх ухааны эрс хөгж­лийн эрин үед амьдарч байна.есөн секунд бүрт нэг шинэ эрдэм шинжил­­гээний бүтээл хэвлэгдэж байна. 2017 онд  гэхэд  л 3.5 сая шинэ бүтээл хэвлэгдсэнээс Монгол Улс 96 судалгааны өгүүлэл хэв­лүүлж байж. Үүнээс анагаах ухаа­ны салбараас 33 өгүүлэл олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн байх жи­­шээтэй.2017 онд Анагаах ухаан, фи­зиологийн салбарын Но­белийн шаг­налыг био хэмнэлийн мо­ле­кул механизмыг нээсэн эрдэм­тэд хүртсэн бол 2018 оныхыг хорт хавдрыг эмчлэх шинэ арга нээ­­сэн эрдэмтэд хүртсэн байна.Ойрын үед КРИСПР-КАС сис­тем, оптогенетикийн салбар шинж­лэх ухааныг нээсэн эрдэмтэд дараа­гийн Нобелийн шагналыг хүртэнэ гэсэн хүлээлттэй байна.Бас сонир­хуулахад манай Эрдмийн чуул­ганд урилгаар оролцох гэж бай­гаа Хятадын Шинжлэх ухааны ака­демийн Тархи судлалын хүрээ­лэнгийн захирал Мүмин Пүү ноднин жил анх удаа хүн дүрст бич хувилж гарган дэлхий нийтийг шуугиулсан байгаа. Ер нь судалгааны лабо­раторийн ширээн дээрээс мар­гаа­­шийн шинэ технологи төрөн гарч бид  бүхний  өдөр  тутмын амьд­ралын нэгэн хэсэг болдог шүү дээ. Жишээ нь, 2012 онд Нобелийн шагналт Японы нэрт эрдэмтэн Ш.Яманака боловсорсон биеийн эсээс үүдэл эс гаргаж авах аргыг нээж байсан.Улмаар 2014 онд дэл­хийд анх удаа эсийн эмчилгээний аргыг амжилттай туршсан.Энэ эсийн эмчилгээний арга нь нүдний торлог бүрхүүлийн эмгэгтэй хүнээс өөрийнх нь эсийг аваад тэрийгээ үүдэл эс болгон хувиргаж байгаад дараа нь эргүүлээд гэрэл мэдэрдэг боловсорсон эс болгон хувиргаж, тэр эсүүдээ уг өвчтөнд амжилттай шилжүүлэн суулгадаг арга юм.Тэдний судалгааны баг 2017 онд 5 хүнд нүдний торлог бүрхүүл шил­жүүлэн суулгах эмчилгээний аргыг хэрэглээд үр дүн нь сайн байна гэдгийг хоёр жилийн дараа буюу өчигдөрхөн хэвлэлээр мэдэгдэж байна. Манай сургуулийн эрдэмлэг хамт олон 2018 онд олон улсын төвшний 43 бүтээл туурвисны 3 нь тус сургуулийн лабораторид хийгд­сэн ажлууд байсан бөгөөд нэг бүтээл нь олон улсын нэр хүнд бүхий PLOS ONE сэтгүүлд хэвлэгдсэн юм. Ж.Сарантуяа профессорын удирд­сан энэхүү судалгааны ажил нь Монгол Улсад сүүлийн таван жилд бүртгэгдсэн томуугийн Б вирусийн тархалт, төрөл, вакцинд тэсвэрт байдал, эмэнд тэсвэрт байдал зэр­гийг судалж зарим төрөл нь мутац­лагдсанаар вирусийн эсрэг эмэнд тэс­вэртэй болчихсон байгааг ил­рүүл­­сэн нь  амьсгалын замын өвч­лөл ихтэй, агаар  бохирдол  гамшгийн түвшинд хүрсэн байгаа манай улсын хүн амын эрүүл мэндийг хам­гаалах, бодлого боловсруулахад но­толгоонд суурилсан мэдээллээр хангасан чухал судалгаа болсон бөгөөд дэлхийн шинжлэх ухаанд шинэ мэдээлэл нэмж байгаагаараа манай сургуулийн хамт олны мэд­лэг чадварыг нотлон харуулж бай­гаа бахархалтай хэрэг юм.

-Монголын эмч нарыг бэлтгэн гаргадаг танай эрдмийн хамт олонд эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.

-Монгол Улсад орчин цагийн анагаах ухааны суурийг тавьж, ард түмнийхээ эрүүл энхийн ма­наанд хүчин зүтгэж буй эмч мэргэ­жилтнүүдийг бэлтгэсэн АШУҮИС-ийн үе үеийн эрдэмлэг хамт олон маань хүрсэн амжилтаа улам бататган, өрнийн анагаах ухааныг Монголын уламжлалт анагаах ухаан­тай хослуулан хөгжүүлэх Тө­рийн бодлогын хүрээнд эрүүл мэндийн салбарын өвөрмөц хөгж­лийн гарцыг шинжлэх ухааны үндэс­лэлтэйгээр тодорхойлоход хувь нэмрээ оруулах болно. Япон Улсын Засгийн газрын буцалт­гүй тусламжаар баригдсан их сур­гуулийн эмнэлэг маань дэв­шил­тэт технологи, инновацийн цогц шийдлийг хэрэгжүүлэх илүү бо­ломжийг бидэнд бий болгож байгаа.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602620
0 эможи

keyboard_arrow_up