COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ХЭН, ЮУ ХЭЛЭВ: “Тогтвортой хөгжлийн эрин үeд сүрьeэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа“ үндэсний чуулган

2018 оны 11 сарын 01

Arslan.mn

Сүрьеэ өвчин дэлхий дахинаа нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна. ДЭМБ-аас сүрьеэгийн тархалтыг таслан зогсоож, 2035 он гэхэд энэ өвчнөөс үүдэлтэй нас баралтын тоог 95, шинэ тохиолдлыг 90 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. 

Тэгвэл өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор "Тогтвортой хөгжлийн эрин үeд сүрьeэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа“ үндэсний чуулганыг зохион байгууллаа. Энэ үеэр Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: 

Arslan.mn

Сүрьеэ өвчний асуудал бол зөвхөн Монгол улсын төдийгүй дэлхий нийтийн асуудал болсон. 

Сүрьеэ өвчинтэй тэмцэх асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор ДЭМБ ОХУ-ын Засгийн газартай хамтран 2017 оны 11 дүгээр сард Дэлхийн улс орнуудын Эрүүл мэндийн сайд нарын анхдугаар зөвөлгөөнийг Мосвка хотноо зохион байгуулж, “Мосвкагийн тунхаглал”-ыг баталсан. Мөн энэ оны 9 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд  Ерөнхий  ассамблейн 73 дугаар чуулганаар Сүрьеэгийн асуудлыг тусгайлан  авч хэлэлцэж, “Сүрьеэтэй тэмцэх улс төрийн тунхаглал”-ыг баталсан.  Дэлхийн хүн амын гуравны нэг нь сүрьеэгийн халдвар авсан байгаа учраас дэлхий нийт онцгойлон анхааралдаа авах шаардлагатай. Манай улсын хувьд жилд 12 мянган шинэ тохиолдол илэрч байгаа бөгөөд түүний 10 хувь нь хүүхэд өвдөж байна. Монгол улсын Засгийн газар энэ жил онцгой арга хэмжээ аван ажиллаж байна. Сүрьеэтэй хүмүүст эмчилгээнээс гадна халамж маш чухал. Хөдөлмөрийн чадвараа алддаг учраас халамжийн сангаас жил бүр 1 тэрбум төгрөгийг гаргаж байна. Түүнээс гадна сүрьеэ өвчин өртөг өндөртэй, удаан хугацааны эмчилгээ шаарддаг учраас эмчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Сүрьеэгийн тархалтыг бууруулах чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргаж, УИХ-ын түвшинд “Сүрьеэгүй Монгол” лобби бүлэг байгуулагдан, Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх талаар цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

МУ-н Ерөнхий сайдын зөвлөх, Анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатар: 

Arslan.mn

2017 онд дэлхийн 10 сая хүн шинээр сүрьеэгийн халдвар авч өдөрт 5000 хүн сүрьеэгийн халдвар авч нас барж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээд байна. Манай улсад ч энэ төрлийн халдвар өндөр байгаа. Хүн амын дунд сүрьеэгийн тархалтыг тогтоох үндэсний судалгаанаас харахад 100 мянган хүн амд 428 хүнд нь тохиолдож дэлхийд арав дугаарт жагсаад байна. Сүрьеэ өвчин нийт халдварт өвчний дотор 3 дугаарт, нас баралтаар 1 дүгээрт орж байгаа. Ид хөдөлмөрийн насны залуучууд энэ өвчнөөр өвчлөх нь их байгаа нь харамсмаар хэрэг. "Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030", Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт сүрьеэ өвчинтэй тэмцэх олон ажиллагааг тодорхой төсөвлөсөн. Засгийн газар сүрьеэ өвчнийг бууруулахад анхаарч санхүүжилтийг өмнөх оныхоос 25 хувиар, Сүрьеэгийн эмч мэргэжилтнүүдийн цалинг 30 хувиар тус тус нэмэгдүүлсэн. Түүнчлэн манай улс 1994 оноос 2007 онд сүрьеэгийн эмийг зөвхөн олон улсын байгууллагуудын төсөв хөтөлбөрөөр нийлүүлж байсан бол өнөөдөр хүүхдийн эм, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмийн зардлыг Засгийн газраас 100 хувь хөнгөлж, үүнд 1,5 тэрбум төгрөг жилд зарцуулж байна. Цаашид энэ оношилгооны төсвийг нэмэгдүүлэхэд Засгийн газар анхаарч, шинэ арга технологийг нэвтрүүлэхээр ажиллана. Мөн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 120 ортой эмнэлгийг барьж байгуулах санхүүжилтийг ирэх онд тусгасан. Энэ онд ерөнхий сайдын захирамжаар Говь, хангай, зүүн, баруун бүсээс 5 аймгийг сонгон авч сүрьеэгийн эрт илрүүлэгийн үзлэг зохион байгууллаа. Үзлэгт 14769 хүн хамруулахаар төлөвлөснөөс 87 хувь үзлэгт хамрагдаж, сүрьеэгийн 37 тохиолдол илрүүлсэн байна.  

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица

Arslan.mn

Өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайдын ивээл доор үндэсний чуулгыг зохион байгуулж байгаа нь сүрьеэ өвчнийг таслан зогсооход  маш том ач холбогдолтой үйл явдал юм. ДЭМБ-ын тусламжтайгаар Монгол улсад хийсэн судалгааг харахад жилд 4000 орчим сүрьеэ өвчинтэй иргэдийг илрүүлж, эмчилгээнд хамруулж байна. Дэлхий нийтээр сүрьеэ өвчнийг таслан зогсоох  зорилгыг эн тэргүүнд тавьсан байдаг. Энэ зорилгод хүрэхийн тулд Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас  авч хэрэгжүүлж байгаа ажлууд маш чухал юм. Үүний зэрэгцээ зөвхөн программын , хөтөлбөрийн хандлага гэлтгүй эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн хандлагыг нэвтрүүлж цогцоор нь энэ асуудлын шийдэх хэрэгтэй гэж үзэж байна. Үүнээс гадна сүрьеэгээр өвчилсөн хүнийг эмчлүүлэх, оношлуулах хүртэмжийг сайжруулах, ялангуа анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Мөн оношилгоо эмчилгээг анхан шат буюу өрхийн эрүүл мэндийн төвөөсөө л эхлүүлэх нь маш чухал юм.

Батлан хамгаалах яамны дэд сайд Т.Дуламдорж: 

Arslan.mn

Батлан хамгаалах яамны зүгээс сүрьеэ өвчний эсрэг үйл ажиллагаанд идэвхитэй хамрагдаж байна. Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн асуудал бол Батлан хамгаалах яамны аюулгүй байдлын  хувьд нэг  том асуудал. Цэрэг татлагын үйл ажиллагаанд оролцож байгаа залуучуудын 39 хувь нь л эрүүл мэндийн байдлаараа тэнцэж байна. Тэгэхээр бид цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх, эрүүл мэндийн мэдлэг олгох нь хамгийн чухал юм. Бид ЭМЯ-тай  хамтарч Засгийн газрын  144 дүгээр тогтоол гаргаж, батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа, хууль эрх зүйн хувьд ч тэр маш олон талт арга хэмжээ авч байгаа. Ялангуяа байнгын бие бүрэлдэхүүний хувьд сүрьеэ өвчний эрт илрүүлгийн ажлыг зохион байгуулж байна. Цэргийн насны залуучуудын хувьд цэрэг татлагын үеэр эрүүл мэндийн олон оношилгоо, үйлчилгээг хийж цэрэг татлагын ажлыг зохион байгуулж байгаа боловч далд үедээ оношлогдсон сүрьеэ өвчинтэй алба хаагч цэрэгт татагдаж бусад эрүүл цэргүүдэд халдвар тараах тохиолдолд гарсан. Энэ тал дээр бид сургалт сурталчилгаа, үзлэг оношилгооны маш олон ажлуудыг зохион байгуулах шаардлагатай байна. Бүх аймаг, нийслэлийн цэргийн штабаар дамжуулж бүх цэргийн насны залуучуудын судалгаатай болсон. Энэ судалгаагаар эрчүүд яг ямар шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдөж байна вэ гэдэг дээр дүн шинжилгээ хийж, ЭМЯ-тай хамтран ажиллана.

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар: 

Arslan.mn

Сүрьеэ өвчин өмнө нь ядуу иргэдийн өвчин гэсэн явцуу, хязгаарлагдмал ойлголт байсан бол өнөөдөр хэн ч энэ өвчнөөр өвдөх эрсдэлтэй болсон. 2016 онд хийгдсэн “Сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд учирч буй зардлын судалгаа”-аар сүрьеэ өвчний улмаас нийт өвчтөний 39% нь зээл авч, 45.5% нь ажилгүй болж, өвчтөн түүний гэр бүлийн 70% нь санхүүгийн дарамтанд өртөж байна гэсэн дүн гарсан. Ямар хэлбэрийн сүрьеэгээр өвчилснөөс шалтгаалаад 6 сараас 2 жил хүртэлх хугацаанд эмчлэгддэг учраас энэ хугацаанд шууд болон шууд бус зардлаа тооцоход маш том эрсдэлийг дагуулж байгаа. Тэгэхээр энэ санхүүгийн эрсдлийг 2030 он гэхэд дэлхийн хэмжээнд тэглэнэ гэсэн зорилт тавьсан. Манай улс мөн ялгаагүй энэ зорилтод хөл нийлүүлэн алхах шаардлагатай. Чуулганы зорилт бол сүрьеэ өвчнийг устгахад улс төрийн тогтвортой дэмжлэгийг авах, эрүүл мэндийн бус салбарын үр дүнтэй оролцооны талаар хэлэлцэх, дэмжлэгийг хангах, Монгол улсад сүрьеэ өвчнийг устгахад чиглэсэн олон талт хамтын үйл ажиллагааг тодорхойлох, хэвлэл мэдээллийн байгууллага, шийдвэр гаргагчид, сүрьеэтэй өвчтөний төлөөллөөр дамжуулан нийт хүн амын дунд сүрьеэгийн талаарх мэдээлэл, мэдлэгийг нэмэгдүүлэхэд оршиж байна.

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албаны дарга Д.Энхмандах:

Arslan.mn

Манай улсад жилд дунджаар 4000 орчим тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Үүний 10 хувийг хүүхдийн сүрьеэ эзэлж байгаа бол ихэнх хувийг нь 15-34 насны залуучууд эзэлж байна. Үүнтэй холбогдуулан бид тархалтын судалгааг хийсэн. Энэ судалгаагаар Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 12 мянган хүн сүрьеэ өвчнөөр өвчилсөн байна гэсэн тооцоолол гарсан байгаа. Сүрьеэ өвчний тархалт Улаанбаатар хотод 60 орчим хувьтай байна. Сүрьеэтэй өвчтөний ядуурлын байдал нь сүрьеэгийн эмчилгээний өмнө 8%, харин эмчилгээний дараа 36%-д хүрсэн байна. ДЭМБ-ын Сүрьеэ өвчнийг устгах стратегийн зорилтын дагуу 2030 он гэхэд сүрьеэтэй өвчтөн тэдний гэр бүлд учирч буй санхүүгийн дарамтыг Тэглэх зорилтонд хүрэхийн тул нийгмийн бүхий л халамж дэмжлэг, туслалцааг тэдэнд чиглүүлж ажиллах шаардлагатай байна. Эм тариа, үзлэг оношилгоо нь бүгд үнэ төлбөргүй байдаг ч яагаад энэ хүн санхүүгийн дарамтад ороод байна вэ гэхээр сүрьеэ өвчин нь маш удаан хугацаагаар эмчлэгддэг. Эмэнд мэдрэг сүрьеэ нь зургаан сар үргэлжилдэг бол олон эмэнд мэдрэг сүрьеэ нь хоёр жил хүртэлх хугацаанд үргэлжилдэг. Дээрээс нь энэ эмнүүд нь гаж нөлөө ихтэй байдаг учраас тухайн хүн ажил хийх ямар ч боломжгүй болж, ялгаварлан гадуурхагдах, гэр бүл салах гэх мэт олон төрлийн сөрөг зүйл бий болдог. Иргэд ямар ч тохиолдолд ханиаж, найтаахдаа амаа таглаж, халдвар тараахаас сэргийлэх дадал маш чухал. Ялангуяа сүрьеэ өвчин амьсгалын замаар халдварладаг тул гэр бүл болоод ойр орчинд байгаа хүмүүст халдвар тараах өндөр эрсдэлтэй. Мөн анги танхим, өрөө тасалгааныхнаа агааржуулалтыг сайжруулах хэрэгтэй. Хэрэв 14 хоногоос дээш хугацаанд шалтгаангүйгээр ханиаж, халуурвал өрхийн эмнэлэгтээ хандаж үзлэг оношилгоонд хамрагдах нэн шаардлагатай.  Гэтэл манайхан ханиад хүрчихлээ гэж эм ууж явсаар байгаад бүр хүндэрсэн хойно нь мэдэж хугацаа алдаж ирдэг. 

Иргэн А.Золзаяа: 

Arslan.mn

2016 онд анх олон эмэнд тэсвэртэй Сүрьеэ өвчнөөр оношлогдсон. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд асар хүнд эмчилгээг хийлгэдэг. Эхний зургаагаас найман сард өдөр бүр тариа хийлгэхээс гадна 24 сарын турш буюу 2 жил тасралтгүй өдөр бүр 15-20 гаруй төрлийн эмийг ууж эмчлэгддэг.  Сүрьеэ өвчин нь эмчилгээгээ бүрэн төгс  хийж чадвал эдгэрдэг өвчин. Энэ өвчнийг үр дүнгүй эмчлэх, эмчилгээг таслан зогсоовол амь насанд хүрэх аюултай байдаг. Эмчилгээг  хийлгэж байх явцад асар их гаж нөлөө илэрдэг бөгөөд эмчилгээний явцад зарим хүмүүсийн сонсгол буурах, чих дүлийрэх, нүд эрээлжлэн толгой эргэх, даралт багасах, ихсэх нь өдөр болгон илэрдэг шинж тэмдгүүд. Үүнээс үүдээд сэтгэцэд хүртэл өөрчлөлт ордог. Энэ бүгд эмийн гаж нөлөө эмийг хэрэглэж дуусаад эдгэрэх явцдаа эдгээр шинж тэмдгүүд бүрэн арилж эхэлдэг. Манай улсад  Сүрьеэ өвчнөөр  өвчлөгсдийн  эрх зөрчигдөж байдаг. Жишээ нь Нийгэмд  ялгаварлан гадуурхах, ажлаас халах, гэр бүлийн гишүүд ойлгохгүй байх, гэр бүл салах, сэтгэл санаа болон бие махбодиороо хохирох зэрэг үзэгдлүүд гардаг. Иймд сүрьеэ өвчнөөр өвчлөгсдийн дуу хоолой болж, миний бие ХӨСҮТ-өөс хэрэгжүүлдэг сүрьеэ өвчтэй хүмүүст чиглэгдсэн Stream судалгааны олон нийтийг дэмжих зөвлөлийн зохицуулагчаар ажиллаж байна.

 Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил: 

Arslan.mn

Сүрьеэ өвчнийг хүн бүхэн эдгэрдэг, халдварладаг өвчин гэдгийг мэддэг боловч анхаарал хандуулах нь бага байна. Сэлэнгэ аймаг ард иргэдийнхээ эрүүл тайван амьдралын төлөө “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлуулан ажлыг эхлүүлээд явж байна. Саяхан бид бүсийн таван аймгийг оролцуулсан сургалтыг зохион байгууллаа. Энэ үеэрээ “Сүрьеэгүй бүс” болъё гэсэн уриалгыг гаргасан. Аймгийн Засаг даргын хувьд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө энэ мэт ажлыг түлхүү дэмжиж байна. Бид сүрьеэ өвчний зөвлөгөөн, уулзалтыг зохион байгуулах ажлыг санаачлага гаргаж,  ОХУ-ийн Иркутск, Буриадын Улаан-Үдэ хотын төлөөллүүдийг уриад аймагтаа зөвлөгөөн хийхээр болсон. Манай аймагт сүрьеэ өвчлөлийн тоо өндөр байгаа бөгөөд энэ нь хилийн бүс, хүн амын нягтаршил өндөр байдагтай холбоотой. Цаашид зөвхөн Сүрьеэгүй Сэлэнгэ гэх хөтөлбөрөөр зогсохгүй “Эрүүл хүүхэд Сэлэнгийн ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж энэ үеэрээ хүүхдийн сүрьеэгийн эрт илрүүлгийг зохион байгуулна. 

Ховд аймгийн Бойтын захирал Т.Баяртогтох: 

Arslan.mn

Манай аймгийн хувьд сүрьеэ өвчлөл харьцангуй бага байдаг. Гэхдээ сүүлийн үед олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчлөх тохиолдол их бүртгэгдэж байна. Олонд эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд өвчтөнд болон тэдний ар гэр, эдийн засгийн хувьд асар их хүндрэл үүсэх юм. Эмнэлгийн байгууллагын хувьд олон эмэнд дасалтай сүрьеэгээр өвчилсөн иргэнийг тусгай орчинд эмчлэх нөхцөл дутмаг байдаг. 2018 онд 10000 гаруй хүнд сүрьеэгийн үзлэг оношилгоог хийж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан. 2017 онд манай аймагт Глобал сангаас сүрьеэгийн эрт илрүүлгийн аппаратыг үнэ төлбөргүй нийлүүлсний үр дүнд бид хүмүүс цугларсан зун, намрын цагаар бүх сумдаараа явж эрт илрүүлгийн ажлыг хийж байна. Үүний үр дүнд сүрьеэ өвчнийг эрт илрүүлж, бага зардлаар богино хугацаанд эмчлэх боломж бүрдээд байна. Мөн эмч мэргэжилтнийг бэлтгэх, сургах үүднээс манай аймгийн нэг эмчийг жилийн хугацаанд сүрьеэгийн эмчээр бэлдэж өгч байгаа.

Мисс Э.Энхриймаа: 

Arslan.mn

Би “Дэлхий мисс-2018” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа бөгөөд “Сүрьеэгүй Монгол” хэмээх өөрийн төслийг эхлүүлээд явж байна. Энэ төслийн хүрээнд үндсэн гурван ажлыг хийхээр зорьсон байгаа. Үүний нэг бол ЕБС-ын сургуулиудын дунд “Сүрьеэгүй Монгол” гар зургийн уралдааныг сурагчидын дунд зохион байгуулж, Сүрьеэ өвчний талаар бага ч гэсэн мэдлэгийг олгохыг зорьсон. Хоёрдугаарт энэ өвчнөөс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ, энэ өвчнөөр өвчилсөн нэгнийгээ гомдоохгүй байх талаар хичээл, сургалтыг мэргэжлийн баг хамт олны хамтаар явуулсан. Гуравдугаарт “100 төгрөг нэмэх аян” энэ аяны хүрээнд манай улсын иргэн бүр 100 төгрөг хандивлаж чадвал 300 сая төгрөг цуглуулж чадна. Энэ мөнгийг сүрьеэгээр өвчилсөн хүмүүсд зориулах аяныг хэрэгжүүлж эхэлсэн. Бид мөн энэ өвчнөөр өвчилсөн гэр бүлийг сонгож тэднийг энэ өвчнөө даван туулахад нь туслах үүднээс эдгэрэх нөхцөл боломжийг нь хангахыг зорьж гэр дулаалах, түлээ нүүрс бэлтгэх, хоол ундны зохистой хэрэглээг нь хангахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн байгаа. Монголын ирээдүй болсон иргэн та хэрвээ шалтгаангүйгээр удаан хугацаагаар ханиалгаж байвал хамгийн ойр байрлах эмнэлэгтээ хандаж, өөрийгөө болон эгр бүлийнхнийгээ аюулт өвчнөөс хамгаалаарай гэж уриалмаар байна.

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596799
0 эможи

keyboard_arrow_up