COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Цэнгэлмаа: Хүүхэд байнга утас ширтэх нь дотогшоо хялар үүсгэдэг

2018 оны 10 сарын 10

Arslan.mn

ЭХЭМҮТ-ийн нүдний мэс заслын тасгийн эрхлэгч Ч.Цэнгэлмаа зөвлөж байна.

Манай оронд сохорлын тархалт 1000 хүүхэд тутамд 0.9 хувь байна. Мөн 100 мянган хүүхэд тутамд 5-6 болрын эмгэг тохиолдож байна. Судалгаагаар сургуулийн насны хүүхдийн 15-20 хувийнх нь хараа муудсан байсан.

Хараа муудаж буй учир шалтгаан нь дэлгэц их харснаас болсон уу үгүй юу гэдгийг судалсан тийм судалгаа Монгол Улсад байхгүй. Гэхдээ АНУ-ын хүүхдийн академи, бусад өндөр хөгжилтэй орнуудад хийгдсэн судалгаанууд байдаг. Судалгаагаар дэлгэц харснаар мохос хараа үүсэх, хараа муудах нөлөөлөл үзүүлдгийг тогтоосон байдаг.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд, БНСУ-д 8 хүртэлх цагаар гар утас тоглож, ухаалаг төхөөрөмж ашигладаг хүүхдийн хараа дотогшоо хялар үүсч байна гэдэг судалгаа гарсан. Монголын хувьд компьютер, ухаалаг гар утас хэрэглээд удаагүй болохоор шууд үр дүнг хэлэх боломжгүй. Магадгүй 15, 20 жилийн дараа ямар үр дүн биднийг хүлээж байгааг мэдэхгүй шүү дээ.

Харааны эмч улсын хэмжээнд 150 байдаг бол эдгээр дунд хүүхдийн хараагаар мэргэшсэн 10-аад эмч бий. Эндээс хүүхдийн харааны эмч нарын хүртээмж манайд муу байгааг харж болно. Хүүхдэд харааны тусламж маш их байгаа. Тухайлбал, харааны мэс засал хийлгэх хүүхэд арваннэгдүгээр сар хүртэл дараалласан байна. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ хараанд анхаарал хандуулах нь чухал.

Сургуулийн өмнөх, сургуулийн насны хүүхдийн хараа муудах гол шалтгаан нь хугарлын гажиг буюу харааны шил зүүх зайлшгүй шаардлагатай байхад шилээ зүүдэггүйгээс үүссэн байдаг. 2005 онд гарсан судалгаагаар харааны шил зүүх шаардлагатай нийт хүүхдийн 88 хувь нь шилээ зүүдэггүй. Мөн компьютер, ухаалаг утас нөлөөлж байгаа. Түүнчлэн гадаа тоглохоо болиод тоглохдоо ч гэрт байдаг болсон нь хүүхдийн хараанд сөргөөр нөлөөлж байна. Хүүхэд аливаа зүйлийг тод харж чадахгүйн улмаас хичээлдээ сонирхолгүй болох улмаар сурлага нь муудах хандлагатай байдаг.

Хүүхэд төрөхдөө гэрэл мэдрэх хараатай төрдөг. 2-4 сартайгаас эхлэн тогтоож харах, нийлүүлж харах процесс аажимдаа хөгжиж эхэлдэг. Ингээд 5-6 настайд нийт харааны 70-80 хувь тогтдог. Гэтэл яг харааны чадвар хөгжиж байх энэ насанд нь ухаалаг утас таблет хэрэглүүлэх, нэн ялангуяа удаан хугацаанд харуулах нь маш их хор хөнөөлтэй.
Ойрын зайнаас эсвэл хурц тод юм харах зэргээр нүдний булчин ажиллах үед нүд өрийгөө хамгаалах рефлексээрээ анивчих үйлдэл хийдэг. Гэвч тасралтгүй нэг зүйлийг хараад анхаарлаа төвлөрүүлээд ирэхээр анивчих үйлдэл багасаад ирдэг. Ингээд анивчих багасахаар нүдэнд чийг өгөх, тэжээл өгөх, амраах процесс алдагдаад нүд хуурайшиж, аргаад эхэлдэг. Нүдээ аргахаар хүүхдүүд бохир гараараа нухчихдаг. Ингээд л нүд улайх, зовхины үрэвсэл үүсэх гэх мэтээр гадны биетүүд нүд рүү орж гэмтээж эхэлдэг.

Хамгийн чухал нь хараа тогтож буй бага насны хүүхэд гар утас, таблет зэргийн дэлгэцийг олон цагаар харж, нүдэндээ өндөр ачаалал үүсгэх нь хараа муудах, мохос хараа үүсэх шалтгаан болдог. Сургуулийн өмнөх насны хүүхдэд тохиолддог харааны гол эмгэг бол хугарлын гажиг буюу мохос хараа. Нүдний бүтэц хэвийн боловч үйл ажиллагааны хувьд доголдолтой, харааны хөгжил муу гэсэн үг.

Энэ эмгэг өөрчлөлтийг цаг алдалгүй илрүүлж чадвал нүдний шил, бусад гажиг заслын аргаар мохос харааг 100 хувь эмчилж болдог. Харин оношилж ололгүйгээр эмчилгээ оройтвол, дараа нь эмчлэгдэггүй зүйл.

Хүүхэд өөрөө хараа муутай гэдгээ мэддэггүй. Тиймээс эцэг эхчүүд л анхаарал хандуулж, эмнэлэгт урдчилан сэргийлэх үзлэг хийлгэхгүй бол хараа муудах, мохос хараа үүсэх зэргийг хэлж мэдэхгүй.

Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрдөг. Ээж эрүүл байхад ийм төрлийн асуудал үүсэхгүй. Тиймээс гэр бүл өөрсдийн эрүүл мэндийг нэгдүгээрт тавих хэрэгтэй. Эдгээр зүйлийг анхаараагүйгээс хүүхэд төрөлхийн харааны бэрхшээлтэй мэндлэх магадлал бий.

Хүүхдийн харааг хамгаалах нь зөвхөн нүдний эмч нарын ажил биш. Нийтийг хамарсан, нийгмийн асуудал. Үүнд эцэг, эхийн оролцоо чухал. Аливаа нүдний өвчин хараа муудах байдлаар илэрдэг. Гэтэл бага насын хүүхэд хараагаа муудаж байгааг мэддэггүй. Тиймээс багад нь, сургуульд орохоос нь өмнө хүүхдээ нүдний эмчид үзүүлэхгүй бол энэ нь цаашлаад хараа сулрах, улмаар сохролд хүргэх, эмчлэхэд хүндрэл учруулдаг. Хөгжилтэй оронд хүүхдийг 3-6 сар тутамд харааны урьдчилан сэргийлэх үзлэгт оруулдаг. Манай орны нөхцөлд сургуульд орохоос нь өмнө хүүхдийн харааг шалгуулах хэрэгтэй. Хүүхэд мэдээллийн 80 хувийг нүдээр харж тогтоодог.

Хүүхдийн харааны эрүүл ахуйн дэглэм гэж бий. Ойрын зайнаас, олон цагаар хүүхдийг дэлгэц харуулахыг хязгаарлаж, хориглох хэрэгтэй. Гар утас үзэх, тоглох зэргээр хэтэрхий ойрын зайд олон цагаар харах, ажиллах, юм бичих зэрэг нь нүдний булчин цуцах, харааны ядаргаа зэрэг үр дүнд хүргэдэг. Хүүхдийн хараа нь тогтож амжаагүй, хөгжиж байгаа насан дээр ойрын зайд олон цагаар дэлгэцийн нягтаршилтай тод гэрэл харуулснаар нүдний булчин нь том хүнийхээс илүү хурдан ядарч цуцдаг.

Хэрэгтэй мэдээллийг олж авах, сонирхолтой видео үзэх явдал байлгүй яахав. Гэхдээ нэг удаад 30-40 минут хэрэглээд нүдээ амрааж, завсарлаж байх хэрэгтэй. Энэ бол зүгээр ч нэг гаргаад ирсэн тоо биш, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргаж ирсэн тоо байдаг. Бага, дунд ангийн хүүхдийг 40 минутаар хичээллүүлж, 10 минут завсарлуулж, амраадаг шүү дээ. Энэ чинь хичээлээ хийж ойрыг хараад, нүд тархиа амрааж завсарлаж байгаа хэрэг юм.

АНУ-д 20*20-ийн дүрэм гэж бий. 20 минут тутамд 20 feet зайнд байгаа зүйлийг 20 секунт харах. 20 feet гэдэг маань 6 метрийн зай гэсэн үг. Өөрөөр хэлбэл хол ойрын хараагаа зохицуулж хослуулах хэрэгтэй.

Мөн 40 минутаас илүү хугацаанд компьютер, ухаалаг утас хэрэглүүлэхгүй байх хэрэгтэй. Манайд 4-8 цаг ухаалаг утас хэрэглүүлэх тохиолдол байна.

Байнга утас ширтэх нь дотогшоо хялар үүсгэдэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595797
2 эможи

keyboard_arrow_up