COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Бид жилд 522 тэрбум төгрөгөөр “таргалалт”-ыг худалдаж авдаг

2018 оны 6 сарын 18

Зуны халуун өдрүүдэд хүн бүр сэрүүцэхийн тулд ойр орчмоосоо хөргөгчний хүйтэн ундааг худалдан авч уудаг. Тэр тусмаа чихэрлэг, хийжүүлсэн ус, ундааг гэр бүлийнхэндээ зориулан төрөл бүрийн сонголтоор хэрэглэдэг. Гэхдээ түүнээс гарах хор хөнөөлийг тэр бүр сайн мэддэггүй. Мэдсэн ч тоодоггүй. Ихэвчлэн хүүхдийнхээ ятгалганд орон тэднийгээ чимээгүй “хорлосоор” байдаг. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт “Чихэрлэг ундааны онцгой татварын эрүүл мэнд, эдийн засгийн ач холбогдол” хэмээх хэлэл­цүүлэг “БлюйСкай”-д боллоо.

Чихэрлэг ундаанд татвар ногдуулснаар эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн ач холбогдлыг бодлого боловсруулагчдад танилцуулах зорилгоор Эрүүл мэндийн яам, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон ДЭМБ хамтран зохион байгуулсан юм.

Чихэрлэг ундааны хэт их хэрэглээ бол зөвхөн Монгол Улс биш дэлхий нийтийг хамарч байгаа томоохон асуудлуудын нэг. Тиймээс ч Зүүн Ази, Номхон далайн бүсийн 50 гаруй улс орон чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулан арга хэмжээ авч байна.

Манай улс ч гэсэн эдгээр улс орнуудын жишгээр асуудлыг шийдэх боломжтой бөгөөд чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулснаар үүсэх эрүүл мэнд, эдийн засгийн ач холбогдлыг АШУҮИС-ийн харьяа Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш нар судалж тогтоожээ.

Улс орнууд эдийн засгийн байдалдаа үндэслэн татварыг тодорхой хувь хэмжээгээр тогтоодог аж.  Манай улсын хувьд 20 хувиар нэмэгдүүлнэ гэж төлөвлөснөөр бол татварын орлого зөвхөн жилд 98.4 тэрбум болох бөгөөд улсын төсвийг 91.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой юм. Мөн жилд нэг хүнд ногдох ундааны хэрэглээг 22.8 литрээр бууруулах боломжтой байгааг судлаачид тооцож гаргасан байна.

Чихэрлэг ундааны борлуулалтанд үндэсний үйлдвэрүүд давамгайлдаг. Сүүлийн таван жилд тус бүтээгдэхүүний үйлдвэрлэл 30 хувиар нэмэгдсэн. Бизнес эрхлэгчид нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүний эрүүл мэндэд аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх аргаа арай өөрөөр өргөтгөх, ундааныхаа сахарыг багасгаж, эрүүл  хүнс үйлдвэрлэх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байв.

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг чихэрлэг ундаа нь шимт чанаргүй бөгөөд энгийн нүүрс-ус ихээр агуулсан сөрөг нөлөөтэй. Илүүдэл жин, чихрийн шижин, цусны даралт ихсэх, зүрхний шигдээс, цусан дахь холестирины хэмжээ ихсэх зэрэг халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Халдварт бус өвчний тархалтаар манай улс Номхон далайн бүсийн орнуудаас VII байрт байна.

Зүрх судасны өвчнөөр,  нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 55 хувь нь нас барж эмчилгээнд нь жил бүр дунджаар 57 тэрбум төгрөгийг  зарцуулж байна. Түүнчлэн судалгаагаар хүн амын ихэнх хувь нь таргалалттай байгааг тогтоожээ. Иймээс өндөр илчлэгтэй, шимт бодис багатай хүнс болох чихэрлэг ундаанд татвар ногдуулах шаардлагатай гэж тусгасан байна.

Гэтэл бид өдөр бүр гэр бүлээрээ хоолны дараа уух гэж хийжүүлсэн ундааг том савлагаагаар авч хөргөгчиндөө хадгалдаг. Мөн баяр наадам, шинэ жил, цагаан сар, төрсөн өдөр гээд тэмдэглэлт өдрүүдээр бүр ихээр нь авч уудаг нь харамсалтай. Тиймээс чихэрлэг ундаанаас татгалзах цаг ирсэн хэмээн хэлэлцүүлэгт оролцогчид анхааруулж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58600
0 эможи

keyboard_arrow_up