COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХЭН, ЮУ ХЭЛЭВ: Сүрьеэ өвчнийг эмчлэхэд голомтод ажиллаж байгаа СУВИЛАГЧ, эмнэлгийн ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН үүрэг хамгийн чухал

2017 оны 12 сарын 08

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албанаас Сүрьеэгийн тусламж үйлчилгээний заавар болон үйл ажиллагааны стандарт удирдамжийн хүрээнд сүрьеэгийн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд зэрэг нийт 100 гаруй хүмүүсийн дунд хоёр өдрийн сургалт зохион  байгуулж байна. Үүнтэй холбогдуулан зохион байгуулагч талаас болон сүрьеэ өвчин өндөр байгаа орон нутгийн мэргэжилтнүүдийн БАЙР СУУРИЙГ танд хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандах:

Arslan.mn

Энэ жил шинээр батлагдсан Эрүүл мэндийн сайдын тушаал, удирдамж, стандартыг танилцуулах , сүрьеэгийн талаар сүүлийн үеийн  мэдээлэл өгөхөөр  сүрьеэгийн эмчилгээ үйлчилгээний голомтыг хариуцан ажиллаж  байгаа  сувилагч, туслах мэргэжилтнүүдийн мэдлэг, мэдэллийг нэмэгдүүлэх зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байна.  Манай Сүрьеэгийн тандалт судалгааны албанаас тандалтын чиглэлээр оношилгоо эмчилгээний стандарт, сүрьеэгийн тусламж үйлчилгээний заавар, үйл ажиллагааны стандарт, удирдамжийг боловсруулсан. Энэ онд бүртгэл мэдээллийн чанарын байдалд үнэлгээ хийгдэж аймаг, дүүргийн бүртгэл мэдээллийн чанар 86 хувьтай, бүртгэл мэдээллийн үнэн зөв найдвартай байдал 89 хувьтай байна. ДЭМБ сүрьеэгийн бүртгэл мэдээллийн тогтолцоо, тохиолдлын тодорхойлолтыг шинэчилж боловсруулсан. Энэ өөрчлөлтийг өөрийн орны онцлогт тохируулан шинээр боловсруулан ашиглаж байна. "Эмч сувилагч нарын дундах сүрьеэгийн халдварлалт, өвчлөл эрсдэлт хүчин зүйлийн судалгаа"-ны үр дүнгээр хоёрдагч шатанд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтнгүүд халдвар авах магадлал өндөр байна. Сүрьеэгийн эмчилгээ удаан хугацаагаар үргэлжилдэг учир  эмчилгээг амжилттай дуусгахын тулд гэр бүлд нь сэтгэл зүйн зөвөлгөө өгч,  хамтарч ажиллах шаардлагатай. Үүнийг эмчлэгч эмчээс илүү хамгийн ойр ажилладаг тасгийн, эмийн сувилагч нар хийж гүйцэтгэдэг. Тиймээс сувилагч болон туслах мэргэжилтнүүд маань хамгийн том үүргийг гүйцэтгэж байна.

ХӨСҮТ-ийн Сүрьеэ тандалт судалгааны албаны тасгийн эрхлэгч Д.Ганцэцэг:

Arslan.mn

"Сүрьеэгийн халдварын хяналт гэдэг" нь нийт хүн амд сүрьеэ өвчин тархахаас сэргийлэх цогц арга хэмжээг хэлнэ. Эрүүл мэндийн байгууллага, хүн ам олноор цугларсан газрууд, мөн сүрьеэтэй өвчтөний гэр ахуйн  орчинд сүрьеэ өвчин тархах эрсдэл өндөр байдаг. Сүрьеэгийн халдвар хяналтаар эрүүл мэндийн байгууллага болон орон нутгийн үндэсний түвшинд  тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх юм. Үндэсний түвшинд  халдвар хяналтын том бодлого баримталдаг.  Мөн Эрүүл мэндийн сайдын 2014 оны 186,187 тоот тушаалуудад  сүрьеэгийн халдварт хяналт бодлого тусгагдаад одоо хэрэгжиж байгаа.
Мөн орон нутгийн түвшинд сүрьеэгийн халдвар хяналтын арга хэмжээг төлөвлөхдөө удирдлага, орчны сэргийлэлт, хувийн хамгаалал гэсэн үндсэн гурван арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх нь чухал. Тухайн эрүүл мэндийн байгууллагыг сүрьеэд өртөх эрсдлээр нь  бага, дунд, өндөр гэж  ангилдаг. Энэ эрсдлийн үнэлгээг үндэслээд  тухайн байгууллагад ямар арга хэмжээг нь түлхүү авч хэрэгжүүлэх ёстой вэ гэдгийг тогтооно. Жишээ нь: Тухайн эрүүл мэндийн ажилтан сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд тэр эрүүл мэндийн байгууллага нилээн өндөр эрсдэлд ордог. Өөрөөр хэлбэл сүрьеэгийн эсрэг хяналтын арга хэмжээ  хангалттай түвшинд  хэрэгжиж чадахгүй байна гэж үздэг.
Сүрьеэтэй өвчтөнг оношилсон даруйдаа  эмчлэх нь хамгийн чухал арга хэмжээ. Эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчтөнг бүрэн төгс эмчлэх  нь  халдварын тархалтыг хязгаарлаж чадна гэсэн үг юм. Сүрьеэтэй өвчтөн хамгийн багадаа 6-8 сар эмчилгээ хийлгэнэ. Харин эмэнд тэсвэртэй сүрьеэ бол 2-3 жил  эмчилгээ хийлгэнэ. Сүрьеэтэй байх магадлал өндөртэй хүн оношилуулж, эмчилгээ хийлгэхгүй бол жилд 10-20 хүнд халдвар тараах магадлалтай.

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тэргүүлэх зэргийн их эмч П.Янжиндулам:

Arslan.mn
1993 оноос хойш манай орон шууд хяналттай богино хугацааны эмчилгээг буюу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа бодлогыг баримталдаг болсон. Энэ бодлогын хүрээнд сүрьеэгийн шинж тэмдэг, зовиур илэрсэн, 14 хоногоос дээш хугацаанд ханиалгаж байгаа хүмүүст хяналттайгаар 6-8 сар эмчилгээ хийдэг. Тэгэхээр манай орон энэ хөтөлбөрийг бараг 20 жил баримталж байна. Харин 2010 оны найман сарын 3-нд сүрьеэгийн тусламжийг хэн хаана явуулах вэ , хаана оношилох, эмчлэх вэ, удирдлага зохион байгуулалтын хувьд ямар зохион байгуулалттай байх вэ гэдгийг тодорхой тусгасан шинэчлэгдсэн Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Өнөөдрийн сургалтанд хамрагдаж буй сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг сүрьеэ өвчний тухай илүү өргөн хүрээг хамарсан  ойлголт, мэдлэгтэй болгохыг зорьж байна.
Нөгөө талаас 20 жил сүрьеэтэй тэмцэж байгаа хэрнээ одоо болтол сүрьеэгийн өвчлөл буурахгүй байна гэдэг тусламж үйлчилгээнд ямар нэгэн дутагдал байна гэсэн үг. Нэгдүгээрт, оношилгооны хожимдолтой холбоотой. Сүрьеэгээр өвдсөн хүн 14-өөс дээш хоногоор ханиалгасан ч өөрийгөө хайхрахгүй байх тохиолдол их байна. Өнөөдрийн байдлаар сүрьеэг 21 аймаг, есөн дүүрэгт цэрний түрхэцийн шинжилгээгээр оношилдог.  Гэтэл  богино  хугацаанд илүү үр дүнтэйгээр оношилох  молекул биологийн аргууд дэлхийн нийтэд нэвтэрчихсэн. Харин тэр төхөөрөмж нь өнөөдөр манай цөөхөн эмнэлгүүдэд   хэрэглэгдэж байна. Манай улсын хувьд онош оройтох, халдварын тархалт нэмэгдэх тохиолдлууд байдаг. Онош, илрүүлэг оройтсноор эмчилгээ төдийлөн үр дүнтэй болохгүй байх нөхцөл нь бүрдэнэ гэсэн үг. Нөгөө талаас олон хүнд халдвар тараах эрсдэл дагуулж байдаг. 

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны их эмч П.Насанжаргал:

Arslan.mn
ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албанаас сүрьеэгийн тусламж үйлчилгээний заавар болон үйл ажиллагааны стандарт удирдамжийн хүрээнд 21 аймаг,  9 дүүрэг  Энэрэл, Хорих гээд сүрьеэгийн нэгж 34 байгууллагын  сувилагч болон эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг сургалтанд хамруулж байна. Нэг нэгжээс хоёроос гурван хүн буюу нийт  100 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж байна. Эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд дотроо эмийн сувилагч, дүн бүртгэлийн сувилагч, тасгийн сувилагч нар багтаж байна. Сүрьеэгийн чиглэлээр  үе шат дараатайгаар зохицуулагч эмч нар болон хам орон нутаг, нийслэлийн шийдвэр гаргагч нарын дунд зөвлөгөөн зохион байгуулсан.
Энэ удаагийн сургалтын зорилго маань 2017 оны шинэ   стандартыг танилцуулах, хоёрдугаарт тайлангийн дүн бүртгэлийн тулгалтууд хийх, тайлангийн буруу зөрүүг арилгуулах, харилцан туршлага солилцох зорилготой. Мөн сувилагч дунд мэргэжилтнүүд маань өвчтөнүүдтэй ойр ажилладаг учир өвчтөнүүдэд хэрхэн зөвөлгөө өгөх вэ, халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, өвчтөний ар гэрийнхэнд ямар сургалт, сурталчилгаа өгөх вэ гэх мэтчилэн сэдвүүдээр мэдээлэл өгч байгаагаараа ихээхэн онцлогтой өргөн хүрээг хамарч байна. Мөн  оны эцэс болж байгаа учир эмийн сувилагч нар тайлан тулгалтаа хийдэг.

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны эм хариуцсан эмч Р.Дорждэрэм:

Arslan.mn
Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь  эмч,  мэргэжилтнүүдээс гадна хувь хүн, өвчтөнөөс хамаардаг. Тиймээс энэ удаагийн сургалтаар  эмнэлгийн мэргэжилтнээс хамаарах эмийн зохистой хэрэглээний талаар мэдлэг, мэдээлэл олгоно.
Эм нь бидний мэддэг шахмалаар хязгаарлагдахгүй, маш олон төрөлтэй. Жишээ нь, уудаг, наадаг, үнэрлэдэг, цацдаг, түрхдэг, тарьдаг гэх мэт.  Тиймээс эм  хэрэглэх техникүүдийг сувилагч, асрагч нар өөрсдөө сайн мэдэж байж   өвчтөнүүдэд  зааж тайлбарлах хэрэгтэй.  Эмч хэдий эмээ зөв сонгоод өгдөг боловч  өвчтбн эм уух заавраа   ойлгоогүйгээс эсвэл эмнэлэгийн ажилтан дутуу тайлбарласнаас болж эмийг буруу хэрэглэх, үр дүн гарахгүй байх тохиолдол гарч болзошгүй. Тиймээс эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд  өвчтөнд эмээ зөв тайлбарлаж өгөх нь чухал. Жишээ нь: Эм уухдаа бүхлээр нь залгих, араас нь шингэн юмаар даруулах, зарим нэг эмийг  тарагтай ч юмуу , жүүстэй хольж уудаг онцгой чанаруудыг ойлгуулах хэрэгтэй. Үүнийг өвчтөндөө тайлбарлаж  хүнд ойлгуулна гэдэг ур чадвар шаардсан ажил.
Сүрьеэгийн эмчилгээ нь их онцлогтой. Бусад эмчилгээ  хэдэн цагаас хэд хоног үргэлжилдэг бол сүрьеэгийн эмчилгээ хэдэн сараас хэдэн жил үргэлжилдэгээрээ ялгаатай. Сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд таваас дээш эмийг  олон сараар хэрэглэнэ. Тэгэхээр тухайн хүнд эмээс шалтгаалсан зовиурууд үүсч болно. Тиймээс энэ талаар  эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд нар онцгой анхаарах ёстой.

Сэлэнгэ аймгийн сүрьеэгийн тасгийн эмийн сувилагч Д.Наранцэцэг

Arslan.mn
Сүрьеэ өвчний халдвар өндөртэй гурван аймгийн нэгэнд манай аймаг орж байна. Өвчлөлд нөлөөлж байгаа гол шалтгаан нь нэгдүгээрт ажилгүйдэл, архи тамхины хэрэглээ их, уул уурхайн аж ахуй нэгж болон зам тээвэр хөгжсөн учраас түр оршин суух хүмүүс ихтэй болохоор өвчин тараах магадлал өндөртэй. Сүүлийн үед оршин суух тодорхой хаяггүй хүмүүсийн өвчлөх нь нэмэгдэж байна. Тиймээс цаашид энэ тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Манай эмнэлгээс энэ чиглэлд нилээдгүй олон ажил зохион байгуулсан. Сүрьеэгийн эрт илрүүлгийн аппарат ирснээр сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх боломжтой болж, урьдчилан сэргийлэх үзлэгийг мөн тогтмол хийж байна. Илрүүлэг сайн байгаа учраас өвчтөнийг эрт оношилж, эмчилгээг хийж байна. Одоогоор аймагт сүрьеэгийн 25 ортой тасаг ажиллаж байна. Үүнээс 4 ор нь эмэнд тэсвэртэй сүрьеэ, бусад 21 ор нь мэдрэг сүрьеэтэй өвчтөнг эмчлэх зориулалттай. Яг одоогийн байдлаар олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилсөн гурван хүн хэвтэн эмчлүүлж байна.  Энэ жил Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газраас Засаг даргын санаачилгаар “Сүрьеэгүй Сэлэнгэ аймаг” гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ ажлын хүрээнд сум, эрсдэлт бүлгийн иргэдийн дунд урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж байна. Ингэснээр сүрьеэгийн илрүүлэг сайн байна. Удахгүй ахмадуудын дунд урьдчилан сэргийлэх үзлэгийг хийхээр төлөвлөж байна.

Дорнод аймгийн сүрьеэгийн тасгийн дүн бүртгэгч сувилагч М.Оюунтуяа

Arslan.mn
Манай Дорнод аймаг сүрьеэгийн өвчлөлөөр өндөртэй аймгуудын тоонд ордог. Сүрьеэгийн тасаг 24 ажилчинтай, 30 ортой, үүнээс 5 нь эмэнд тэсвэртэй сүрьеэгийн ор, 25 ор нь эмэнд мэдрэг сүрьеэ өвчтөнд үйлчилдэг. Хоёр өдрийн эмчилгээний цэгтэй өөрийн гэсэн амбулатори, лабораторитойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Өвчлөл өндөртэй учир манайх сүрьеэгийн эрт илрүүлгийн аппараттай болсон. Тэгснээр оношилгоо сайжирч богино хугацаанд илрүүлж эмчилгээ хийж байна. Сүрьеэ өвчнөөр амьдралын түвшин доогуур, архинд донтсон хүмүүс, мөн хавсарсан өвчинтэй хүмүүс их өвдөж байна. Одоогийн байдлаар 14 хүн эмэнд тэсвэртэй сүрьеэгээр оношилогдон эмчилгээ хийлгэж байна. Хотыг бодвол орон нутагт хүн ам багатай учир сүрьеэтэй өвчтөнийг хянах хяналт сайн, аймгийн төвд эмчлүүлж байгаа өвчтөнүүдийг бүрэн эдгээж чадаж байна. Харин сум, хөдөө байгаа иргэдийн хяналт алдагдах тал бий.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50865
1 эможи
keyboard_arrow_up