COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АНУ, МОНГОЛ эмч нар хамтран бөөр, давсагны хорт хавдартай 11 хүнд МЭС ЗАСАЛ хийгээд байна

2017 оны 11 сарын 17

Arslan.mn

УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвд “Олон Улсын сайн дурын Урологийн байгууллага”-ын хоёр эмч ирж, бөөр давсагны хорт хавдрын мэс заслыг хийж байна. Тэд манай улсад тав хоног ажиллахаар ирсэн бөгөөд энэ хугацаанд Монгол эмч нартай хамтран бөөр, давсагны хавдартай 11 өвчтөнд мэс засал хийх юм. Энэ талаар Урологи-Андрологийн төвийн дарга, АУ-ны доктор Д.Баян-Өндөр болон АНУ-ын Урологийн хавдрын мэс заслын эмч нартай ярилцсанаа хүргэж байна.

Д.БАЯН-ӨНДӨР : АНУ, МОНГОЛ ЭМЧ НАР ХАМТРАН БӨӨР, ДАВСАГНЫ ХОРТ ХАВДАРТАЙ 11 ХҮНД МЭС ЗАСАЛ ХИЙГЭЭД БАЙНА

Arslan.mn

АНУ-ын Урологийн мэс заслын эмч нар ирээд үнэ төлбөргүй бөөр, давсагны хорт хавдарын эмчилгээг хийж байгаа юм байна. Олон улсын Урологийн сайн дурын байгууллагын эмч нар хэд дэх жилдээ ирж байна вэ?

Олон улсын Урологийн сайн дурын байгууллагын эмч нар манай улсад 9 дэх жилдээ ирээд байна. Тус байгууллага нь хөгжиж буй орнуудын Урологийн эмч нарыг бэлтгэх, өвчтнүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилготой юм.

Тус байгууллагыг үүсгэн байгуулагч Урологийн эмч Катрин Деврис 2006 онд манай улсад аялалаар ирээд Урологийн салбар хэр түвшинд байна гэж судлаад, эмнэлгийн байдалтай танилцаад явж байсан. Улмаар 2007 онд манай улсад 10 хоногийн сургалт явуулж, бөөрний дуран, шээлгүүрийн дуран, бөөрний чулуу буталдаг аппарат зэргийг авчирч өгч байлаа. Тухайн үед бид бөөрний чулууг харж чаддаг байсан боловч бутлах аппаратгүй байсан. Энэ чиглэлийн тоног төхөөрөмжтэй болсноор бөөрний гадна талаас нь хатгаж байгаад дурангаар бөөрний чулуу авах, шээлгүүр дундуур дурандаж байгаад чулууг бутлах, давсган доторх чулууг бутлах зэрэг эмчилгээнүүд манай улсад бүрэн нэвтэрсэн юм. Энэ нь манай урологийн эмч нарыг мэргэшүүлсэн төдийгүй, энэ салбарт маш том хөрөнгө оруулалт болсон юм.

Энэ удаад тус байгууллагаас манай улсад бөөр, давсаг, шээсний замын хавдрын мэс засал хийхээр Урологийн мэс заслын 2 эмчтэй баг ирсэн. Энд байх хугацаанд лекц уншиж, шинэ технологи нэвтрүүлэх талаар сургалт зохион байгуулна. Тус байгууллагын эмч нарын нэг онцлог нь нэг удаа ирсэн л бол дараа дахин заавал ирж, ахиц дэвшил гарсан эсэхийг үздэг.

Энэ жилийн хувьд нийтдээ 3 удаа ирсэн. Тухайлбал, өнгөрсөн 5 дугаар сард нөхөн сэргээх мэс засал буюу гаж хөгжилтэй хүмүүсийг эмчлэх зорилгоор, 9 дүгээр сард АНУ-ын Чикагогийн Урологийн эмч Сара хавдрын мэс засал хийж, 11 дүгээр сард Урологийн мэс заслын 2 эмч маань тус тус ирээд байна. Ирэх 5 дугаар сард энэ эмч нар маань дахин ирж, нөхөн сэргээх эмчилгээгээ үргэлжлүүлж, 2 дахь шатны эмчилгээ хийнэ.

Бидний хамтын ажиллагаа улам өргөжин манай улсад жилд ирэх тоо нь нэмэгдэж байна. Тэр хэмжээгээрээ бөөрний мэс заслын болон Андрологийн чиглэлээр ажиллаж байгаа эмч нарын ур чадвар нэмэгдэж байна.

Энэ удаад мэс засалд орохоор хичнээн хүнийг бэлдсэн бэ?

Бөөр, давсагны хавдартай мэс засалд оруулахаар 18 хүн бэлдсэнээс 11 хүнд нь мэс засал хийнэ. Гадны эмч нар маань дурангаар хийх мэс заслын дараах өвдөлтийг бага байлгах арга техник, эмчилгээний арга барилд гарч буй шинэ зүйлүүдийг бидэнд зааж өгч байна. Манай улсын хувьд гадаад оронд нэг эмч сургахад багагүй зардал гардаг. Харин энэ байгууллагын эмч нар өөрсдөө ирж, хамтран мэс засал хийж, заавар зөвлөгөө өгч байгаа нь нэг талаар маш том боломж юм.

Манай улсад бөөр, шээсний замын өвчлөл хэр байдаг вэ?

Бөөр, шээсний замын хавдар нэмэгдэж байна. Энэ нь оношлогоо сайжирсан, иргэд эмчид хандах хандлага нь нэмэгдсэнтэй холбоотой. Өнгөрсөн онд манай төвийн эмч нар бөөрний хавдрын мэс заслыг 170 хүнд, давсагны хавдрын мэс заслыг 70 гаруй хүнд хийсэн. Мөн энэ төрлийн хавдрын өвчлөл нэмэгдсэн нь тамхины хэрэглээтэй шууд холбоотой. Тиймээс аль болох тамхинаас татгалзах нь зүйтэй.

ЖОЕЛ ДЕКАСТРО:  МОНГОЛД СУВИЛАГЧ, МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГЧ ЭМЧ НАР АЖЛАА МАШ САЙН МЭДДЭГ 

Arslan.mn

Жоел Декастро нь АНУ-ын Колумбын их сургуулийн Урологийн мэс заслын эмч бөгөөд Монголд хоёр дахь удаагаа ирж, Монгол эмч нартай туршлага солилцон, хавдартай өвчтнүүдэд үнэ төлбөргүй мэс заслыг хийж байна.

Юуны өмнө манай улсад хүрэлцэн ирж, үнэ төлбөргүй мэс засал хийж өвчнүүдэд амьдрал бэлэглэж байгаад баярлалаа.

Би АНУ-ын Колумбийн их сургуулийн эмнэлэгт Урологийн хавдрын мэс заслын эмчээр ажиллаж байна. Өнгөрсөн жил мөн 11 дүгээр сард ирж байсан. Энэ удаад УНТЭ-ийн Урологийн мэс заслын тасгийн хамт олны урилгаар хэвлийн дурангийн мэс заслыг хийхээр дахин хүрэлцэн ирж байгаадаа баяртай байна. Энэ удаа Урологийн мэс заслын эмч Скот Эгинортой хамт ирсэн. Дараа, дараагийн жилүүдэд өөр баг хамт олонтой ирэх байх.

Өнөөдөр хийсэн мэс заслынхаа талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

Дөнгөж сая бөөрний хавдартай хүний бөөрийг авч үлдэх зорилгоор, зөвхөн хавдарыг нь авах мэс засал хийлээ. Энэ төрлийн мэс заслыг Монгол эмч нар сайн хийдэг. Бид өөр өөрёдийн арга барилаар хийж байна. Бидний хувьд заахаас илүүтэй харилцан туршлагаа хуваалцах хамтарсан мэс заслууд хийгдэж байгаа гэж ойлгож болно.

Таны бодлоор манай Урологийн мэс засал өмнөх жилээс өөрчлөгдөж, шинэчилэгдсэн зүйл байна уу?

Өнгөрсөн жилтэй харьцуулахад Монголын урологийн эмч нарын ур чадвар сайжирсан байна. Харин энэ жил дурангийн мэс засал шинээр эмчилгээнд нэвтэрсэн байна. Урологийн мэс заслыг Монголч эмч нар өөрсдөө бүрэн хийдэг болсон байна. Тоног төхөөрөмжийн хувьд АНУ-тай ижил түвшинд очсон байна. Харин зарим нэг утасны хэрэглээ бага байна. Эмч, сувилагч нарын үйлчилгээ, чадвар дэлхийн жишигт хүрсэн санагдлаа. Ялангуяа сувилагч нар ажлаа маш сайн мэддэг, хийдэг юм байна.

Урологийн салбарт дурангийн мэс засал хөгжиж эхэлж байгаа учраас нарийн дурангийн багаж, төхөөрөмж байхгүй байна. Харин дөнгөж эхэлж байгаа гэхэд эмч, мэргэжилтнүүдийн чадвар сайн байгаад их баяртай байна. Бидний хувьд ч гэсэн сурах зүйл байлаа.

Arslan.mn

Бөөрний хорт хавдар үүсэх шалтгаан нь юу вэ? Бусад улс оронтой харьцуулахад өвчлөл хэр байна вэ?

Хавдар үүсгэх гол хүчин зүйл нь тамхи татах, хоол хүнсний зохисгүй хэрэглээ, агаарын бохирдол байна. Энэтхэгт хийсэн судалгаагаар шинэ Дэли хотод агаарын бохирдол маш өндөр учраас тамхи татдаггүй хүн өдөрт 30 ширхэг тамхи татсантай жил хэмжээний хордож байна гэж гарсан. Магадгүй энэ нь бөөр, шээсний замын өвчлөлийг нэмэгдүүлж байж болох юм.

Монголд өвчилсөн хавдаруудыг харахад ихэнх нь эрт үедээ оношлогдсон нь харагдаж байна. Энэ нь эрт илрүүлгийн оношлогоо, эмчилгээ сайжирсантай холбоотой байх.

СКОТ ЭГНЭР : БИДНИЙ ХУВЬД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ ӨӨРСДӨӨ АВЧИРСАН

Arslan.mn

кот Эгнэр нь АНУ-ын Чикагогийн эмнэлэгт Урологийн мэс заслын эмчээр ажилладаг бөгөөд сүүлийн 10 жил тасралтгүй лекц уншиж, дадлагажуулах ажлуудыг хийж байна. Монголд анх удаагаа ирж мэс засал хийж байна.

Олон улсын Урологийн сайн дурын байгууллагын талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

Олон улсын Урологийн сайн дурын байгууллага нь АНУ-ын Юта мужид байрладаг. АНУ-ын бүх Урологийн эмч нар тус байгууллагын гишүүн байдаг. Тус байгууллагын гишүүдээс бусад улс орнууд ямар төрлийн мэс засал хийх шаардлагатай байгаагаас хамааран жилдээ 1-2 эмч урьж, хамтарсан мэс засал хийн, туршлага солилцон зөвөлгөө өгдөг. Энэ удаад Монголд зөвхөн хавдрын төрлийн мэс засал тэр дундаа бөөр, давсаг, түрүү булчирхайн хавдартай өвчтөнүүдэд мэс засал хийхээр ирсэн.

Мэс засалд орох өвчтнүүдээ хэрхэн сонгож байна вэ?

УНТЭ-ийн Урологи-Андрологийн төв бөөр, давсагны хавдартай яаралтай мэс засалд орох өвтнүүдийг бэлдэж өгсөн. Монгол эмч нарыг түлхүү оролцуулах, шинэ арга барилд суралцуулах буюу жижиг зүслэгтэй дурангийн аргаар бөөр авах, бөөр аваад зогсохгүй хэсэгчилэн тайрах зэрэг нээлттэй мэс засалд хамтран орж байна. Бидний хувьд шаардлагатай тоног төхөөрөмжөө өөрсдөө авчирч, заримыг нь тусламжаар өгч байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
49804
3 эможи
keyboard_arrow_up