COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Урологи-Андрологийн салбарт гадныхан ОНЦ ДҮН тавилаа

2017 оны 9 сарын 11

Монгол улсад Урологийн салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулан “Урологийн дурангийн мэс заслын орчин үеийн чиг хандлага" сэдэвт Олон улсын хурал энэ сарын 8, 9-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Arslan.mn

Бөөрний мэс заслын эмч, мэргэжилтнүүд мэс заслын өрөөнөөс хагалгааг шууд дамжуулан олон улсын хуралд оролцогчдод үзүүлсэн нь олон хүний сонирхлыг татлаа.

Энэхүү үзүүлэх сургалтыг УНТЭ-ийн Урологи, Андрологийн төвийн дарга Д.Баян-Өндөр тайлбарлахдаа “Дэлгэцээр нээлттэй үзүүлж буй хагалгаа хэвлийн дурангаар бөөрийг бүхэлд нь авах болон бөөрийг нөхөн сэргээх мэс засал юм. Үүнийг бөөр, шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа амжилттай хийсэн баг хамт олон хийж байна. Хоёр өдөр үргэлжлэх хурлын үеэр дөрвөн мэс заслыг оролцогчдод нээлттэй үзүүлнэ. Үүний дараа хэвлийн арын зайгаар дурангаар нөхөн сэргээх болон бөөрний чулууг хатгалт дурангаар авах мэс заслыг тус тус хийнэ” гэв.

Arslan.mn
Сонирхуулахад, энэ үзүүлэх сургалт УНТЭ-ийн Урологи, Андрологийн төвийн 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан бөгөөд энэ нь эрдэм шинжилгээ, онол практикийн хурлаар үргэлжилсэн юм.  Тодруулбал, хоёр өдрийн турш бөөрний эмч нар урологийн эмчилгээнд нэвтэрч буй орчин үеийн “Бага хүрцэт” хэвлийн дурангийн мэс засал болон шинээр нэвтэрч буй техник технологийн талаар ярилцаж, туршлага солилцов.

Arslan.mn

Монголд анх удаа болсон олон улсын энэхүү хуралд урилгаар Солонгос, Хятад, Америкийн эрдэмтэн судлаачид, эмч мэргэжилтнүүд болон манай улсын 21 аймгийн бөөрний мэс заслын эмч, мэргэжилтэн зэрэг нийт 100 гаруй төлөөлөгч оролцлоо.


Хурлыг УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж нээсэн юм. Тэрбээр “Өнөөдөр Монгол улсад Урологийн салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурал, эмнэлзүйн сургалтыг хамтад нь зохион байгуулж буйгаарай онцлогтой. Солонгос, Америк, Хятад орноос зочид хүрэлцэн ирсэнд маш их баяртай байна. Манай эмнэлгийн зүгээс бөөрний мэс заслын тусламж үйлчилгээг Монгол улсын хэмжээнд бүх мэргэжилтнийг сургах, зөвлөгөө өгөх, сургалт арга зүйгээр хангах, цаашдын хөгжлийн бодлогыг тодорхойлж байгаа нь нэр төрийн хэрэг билээ. Америк, Хятадаас эмч, мэргэжилтэн жил болгон хүрэлцэн ирж, зөвлөгөө өгч хамтран ажилладагт хамт олныхоо өмнөөс талархаж явдгаа илэрхийлье. Цаашдаа эмнэлгийн захиргааны зүгээс бөөрний мэс заслын албыг хөгжүүлэхэд илүү их анхаарч, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн Монгол улсын хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг өндөрт хүргэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Arslan.mn
Дашрамд хэлэхэд, Урологийн тасгийг 1957 оны есдүгээр сарын 15-ны өдөр байгуулж, 2016 оноос Урологи-Андрологийн төв болгосон байна. Одоогоор 10 эмч, 17 сувилагч амбулаторын хэсэгт гурван эмчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Өнгөрсөн онд орон нутагт бөөрний мэс заслын чиглэлээр есөн эмч бэлтгэж, газар дээр нь мэс засал хийн, сургалт явуулж энэ төрлийн эмчилгээг орон нутагт нутагшуулжээ.

Ингэснээр орон нутгийн иргэд Улаанбаатар ирж цаг алдах шаардлагагүй болсон байна.

Arslan.mn
УНТЭ бөөрний мэс заслын чиглэлээр өнгөрсөн онд зайнаас чулуу бутлах эмчилгээний технологийг нэвтрүүлж, лазер эмчилгээнээс бусад нь бүрэн нутагшсаныг хуралд оролцогчид онцолж байлаа. Тодруулбал, Урологи-Андрологийн төвд “Бага хүрцэт” хэвлийн дурангаар мэс заслыг 2007 онд анх хийж, 2009 онд тоног төхөөрөмжөө авч, 2016 онд 38 хүнд мэс засал хийсэн байна.

Энэ ч утгаараа Урологийн салбар сүүлийн 20 жилийн хугацаанд маш эрчимтэй хөгжиж, тэр дундаа бөөр, шээлгүүр, давсагны дурангийн мэс засал хурдацтай нэвтэрчээ. Энэ ч үүднээс мэс заслын 70-80 хувийг нь дурангаар амжилттай хийж буйг эмч, мэргэжилтнүүд энэ үеэр онцолсон юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46837
1 эможи
keyboard_arrow_up