COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Нямсүрэн: Олон улсын хурлын үеэр Урологи-андрологийн бүх эмч дурангийн мэс заслыг хурлын зааланд шууд дамжуулж, сургалт явуулна

2017 оны 9 сарын 05
 

Энэ жил Урологи-андрологийн төвийн 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан ЭМЯ-ны Уралоги-Андрологийн мэргэжлийн зөвлөлийн дарга,  УНТЭ-ийн Уралоги-Андрологийн төвийн зөвлөх эмч, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн зөвлөх эмч, Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбооны тэргүүн Д.Нямсүрэн-тэй ярилцлаа.

-Юуны өмнө Урологи-андрологийн төвийн 60 жилийн ойн баярын мэнд хүргэе. Есдүгээр сарын 8-9-ий өдрүүдэд зохион байгуулагдах “Урологийн дурангийн мэс заслийн орчин үеийн чиг хандлага” олон улсын хурлаас манай улс ямар үр дүн хүлээж байгаа талаар ярилцлагаа эхлүүлье.

-Баярлалаа. Энэ жил Урологи-андрологийн төвийн 60 жилийн ойг тохиолдуулан “Урологийн дурангийн мэс заслийн орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын хурлыг зохион байгуулах гэж байна. Хурал маань хоёр өдөр үргэлжилнэ. Эхний өдөр  Урологийн эмчилгээнд нэвтэрч байгаа орчин үеийн дурангийн мэс заслыг гадны эмч нар хийж, Урологи-андрологийн бүх эмч нарт мэс заслын өрөөнөөс хурлын зааланд шууд дамжуулж сургалт явуулна. Хоёр дахь өдөр буюу 9 дүгээр сарын 9-ий өдөр Чингис хаан зочид буудлын хурлын танхимд БНСУ, БНХАУ, АНУ болон манай улсын эмч мэргэжилтнүүд өөрсдийнхөө сурсан мэдсэнээ эмч мэргэжилтэнүүдтэй солилцох, гадны эмч нараас шинэ технологийн талаар мэдээлэл авч хийж буй үйл ажиллагаандаа ашиглах, туршлага солилцох том боломж нээгдэж байна.

Энэ хурлын үеэр Урологи-андрологийн төв нь 60 жилийн хөгжлийн түүхэнд хийж буй үйл ажиллагаа, оношлогоо, мэс заслын хэмжээгээрээ сургалт, судалгааны ажлаараа  олон улсын түвшинд ихээхэн дөхөж очсон гэдгээ харуулах боломж олдож байна.

-Манайд Урологи-андрологийн төв байгуулагдаад нэг жараны хугацааг өнгөрүүллээ. Өнгөрсөн хугацаанд ?

Урологи-андрологийн төв буюу Урологийн тасаг нь 1957 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдаж байсан түүхтэй. Иргэдэд ойлгомжтойгоор тайлбарлавал Бөөр, давсаг болон түүнийг дагалдсан шээсний замын эрхтэнүүд нь Урологийн тусламж үйлчилгээнд орж, түрүү булчирхайн мэс засал, үрийн цэврүүний мэс засал, төмсөг, шодойны мэс заслууд болон үүнтэй хавсарсан эмчилгээнүүд Андрологийн тусламж үйлчилгээнд ордог юм. Мөн бэлгийн сулрал, эрэгтэйчүүдийн үргүйдэл зэрэг Андрологийн тусламж үйлчилгээг Урологийн тасаг эмчилнэ.

Урологи-андрологийн төв шинэ зохион байгуулалтанд ороод эмнэлгийн тусламжийг хүртээмжтэй болгохын тулд 21 аймгийг Урологи-андрологийн эмчээр хангах, сургалт семинар зохион байгуулах, Улаанбаатар хот дахь томоохон эмнэлгүүдийг Урологи-андрологийн эмчтэй, кабинеттай болгох зэрэг ажлуудыг хийх хэрэгтэй байна. Энэ чиглэлээр ЭМЯ болон Эрүүл мэндийн хөгжлийн төв бодлогоор дэмжих хэрэгтэй. Ингэснээр эмч нарын чадвар сайжирч, эмнэлгийн тусламж үйлчилгээ эзэндээ ойртож, өвчний хүндрэл багасна.

-Олон улсын хуралд хэдэн эмч мэргэжилтнүүд оролцох вэ?

Гадны 10 гаруй зочид төлөөлөгч, эрдэмтэд оролцохоос гадна тус хурлыг сонирхож буй дотоодын хувийн хэвшлийн эмнэлгийн эмч, сувилагч нар оролцох бүрэн боломжтой

-Манай улсаас 40 гаруй Урологи-андрологийн эмч нар оролцоно. Мөн гадны 10 гаруй зочид төлөөлөгч, эрдэмтэд оролцохоос гадна тус хурлыг сонирхож буй дотоодын хувийн хэвшлийн эмнэлгийн эмч, сувилагч нар оролцох бүрэн боломжтой юм. Урьдчилсан байдлаар 100 гаруй мэргэжилтнүүд оролцоно гэж тооцоолсон. Мөн ойн арга хэмжээ учраас тусгай хөтөлбөрүүд болон баярын арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

-Манайд эрэгтэйчүүдийн буюу андрологийн эмч мэргэжилтнүүд хангалттай хэмжээнд байдаг уу?

-Хангалттай юу гэвэл үгүй. Өнөөдрийн байдлаар манай тасгийн 10-аад эмч болон хувийн хэвшлийн 10 орчим эмч нар л энэ чиглэлээр ажиллаж байна. Тиймээс цаашид Урологи-Андрологийн чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлагатай байгаа. ЭМЯ-ны бодлогод Урологи-андрологийн чиглэлийн мэргэжлийн кодууд багтсан байгаа. Энэ чиглэлээр арга хэмжээ авна гэж найдаж байна.

-Урологийн чиглэлийн анхны мэс засал хэдэн онд хийгдэж байсан бэ?

Манай эмч мэргэжилтнүүдийн хувьд бол шаардлагатай мэс заслуудыг хийх бүрэн чадвартай

-1930 оноос өмнө монголын агуу эрдэмтэд мааранба эмнэлгийн олон өвчтөнг эдгэрүүлж байсан түүх бий. 1930-аад онд Оросын болон үндэсний мэргэжилтнүүд гэмтсэн бөөр, төмсөгөнд мэс засал хийж, урологийн яаралтай тусламж үзүүлж байсан юм билээ. Ер нь 1957 онд Урологийн тусгай салбар нэгж байгуулагдаж МУ-ын хүний гавьяат эмч, Урологийн загалмайлсан эцэг Н.Лувсанбалдан гуай өөрийнхөө багийн хамтаар гэмтсэн бөөр, төмсөг болон шээсний сүвний мэс засал зэргийг хийснээр урологийн анхны үе шат, суурь тавигдсан бадаг. Бидний хувьд төсөв мөнгө муутай учраас өндөр шийдэл бүхий тоног төхөөрөмж авах боломж бага. Харин манай эмч мэргэжилтнүүдийн хувьд бол шаардлагатай мэс заслуудыг хийх бүрэн чадвартай.

-Өнгөрсөн 60 жилийн хугацаанд нийтдээ хэдэн мэс засал хийгдсэн бэ?

Урологийн салбар сүүлийн 20 жилийн хугацаанд маш эрчимтэй хөгжсөн гэж хэлж болно

-Жилдээ 1500 гаруй мэс засал  хийгдэж байна. Тэгээд бодохоор асар олон тоо гарна.  Манай эмч нар дэлхийн жишигт нийцсэн мэс заслыг хийж байна. Тухайлбал, дурангийн мэс засал, давсагны хорт хавдар болон нарийн бүдүүн гэдсээр давсагийг орлуулах эмчилгээ,  эцсийн шатандаа орсон бөөрний хавдрыг авах зэрэг хүнд мэс заслуудыг хийж байна. Мөн дурангаар шээлгүүр, бөөр, давсагны бүх чулуунуудыг эмчилж байна.

Ер нь Урологийн салбар сүүлийн 20 жилийн хугацаанд маш эрчимтэй хөгжсөн гэж хэлж болно. Сүүлийн 10 жилийн хугацаанд дурангийн мэс засал тэр дундаа бөөр, шээлгүүр, давсагны дуран хурдацтай нэвтэрсэн бөгөөд нийт хийгдэж байгаа мэс заслын 70-80 хувь нь дурангаар хийгдэж байна.

-Дурангийн мэс засал хурдацтай хөгжиж байгаа өнөө үед үүнийг дагаад шинэ техник технологи зайлшгүй хэрэгтэй байдаг байх. Энэ талаар....

-Мэдээж зайлшгүй шаардлагатай байдаг. Тухайлбал, шээлгүүрийн ихэнх мэс засал, давсагны хавдарын эхний шат, давсагны чулууг бүгдийг дурангаар хийж байна. Бөөрний чулуу, усжилтыг мэс заслаар эмчилж байна. Тиймээс дурангаар хийдэг эмчилгээ үйлчилгээг илүү боловсронгуй болгоход ирэх сарын 8-нд хийгдэх практик үйл ажиллагаа, 9-нд хийгдэх эрдэм шинжилгээний хурал нь чухал үүрэг, ач холбогдолтой юм.

Өнөөдрийн байдлаар манай улсад лазерийн дуран, бөөрний уян дуран зэрэг шинэ технологийн дурангууд зайлшгүй хэрэгтэй байгаа. Ингэснээр өвчтөн болон энэ чиглэлээр ажиллаж буй мэргэжилтний хувьд нэгэн дэвшил болох юм. Мөн энд дурьдах зайлшгүй нэгэн зүйл бол өнөөдрийн байдлаар Урологийн тасагт 10-аадхан эмч өглөө 08:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл ажиллаж байна. Тэгэхлээр орон тооны асуудал дээр эмнэлгийн захиргаа болон холбогдох албаны хүмүүс анхаарал хандуулах шаардлагатай. Нөгөө талаар илүү цагаар ажилласан эмч мэргжилтнүүд биеийн байдлаасаа болж  цаг найргүй ажиллаж, Хөдөлмөр хамгаалалын хуулийг дагаж мөрдөх боломжгүй учраас ямар нэгэн алдаа гаргалаа гэхэд эмнэлгийн байгууллага бус тухайн эмч хариуцна. Тиймээс хүний нөөцийн болон нийгмийн асуудлыг шийдэх нь нэн чухал байна. Эцэст нь эмч хохироод, ард нь ар гэр, үр хүүхэд нь хохирох ёсгүй шүү дээ.

-Урологийн чиглэлийн өвчлөл аль насныханд илүү тохиолдож байна вэ?

-Өнөөдрийн байдлаар иргэдийн дунд бөөр чулуужих, бөөрний архаг үрэвслийн цочмог хүндрэл,  идээт үрэвсэл, бөөр, давсагны хавдар, түрүү булчирхайн хоргүй томрол, жирэмслэлттэй холбоотой бөөр, шээсний замын хавдраар өвчлөх явдал их байна. Энэ нь ихэвчлэн 20-60 насныханд түлхүү тохиолдож байна. Урологийн эмч нар эрхтэн хамгаалах мэс заслыг нээлттэй болон дурангийн мэс заслаар эмчилж тодорхой амжилтанд хүрч байна.

-Бөөрний чулуу үүсэх шалтгаан юу байна вэ?

Хүний биеийн 75 хувь уснаас бүрддэг шүү дээ. Биед байх ёстой усны хэмжээ багасах нь чулуужилт үүсэхэд нөлөөлнө.

-Маш олон төрлийн шалтгаантай. Эхний шалтгаан бол тухайн хүний биед байгаа эрдэс бодис, химийн элементүүдийн цусанд байх ёстой хэвийн тоо хэмжээ их байх явдал юм. Бөөрний үрэвсэлт өвчин, бамбай булчирхай, дотоод шүүрлийн булчирхайн өвчин, элэгний өвчлөлийн улмаас ийм өөрчлөлт гарах нь бий. Дээрх элементүүд шээсээр дамжин гарахдаа бөөрөнд чулуу үүсгэнэ.

Хоёрдугаарт, усны хэрэглээ нөлөөлнө. Хүний биеийн 75 хувь уснаас бүрддэг шүү дээ. Биед байх ёстой усны хэмжээ багасах нь чулуужилт үүсэхэд нөлөөлнө. Хөлс ихээр урсгадаг, халуун чийгтэй орчинд  ажил хөдөлмөр эрхэлдэг болон удаан хугацаагаар ус хэрэглэхгүй байх, хэрэглэж байгаа усны чанар муу байх зэрэг нь бөөрний чулуу үүсэхэд нөлөөлж байна. Тиймээс хүн бүр эрүүл мэнддээ байнгын анхаарал хандуулах шаардлагатай. Тухайлбал, өдөрт 2 литр буюу түүнээс дээш цай шингэн уух хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

Ярилцлсанд баярлалаа. Ирэх хуралд нь амжилт хүсье.

Баярлалаа. Энэ дашрамд Урологийн 60 жилийн ойг тохиолдуулан нийт Урологийн тасгийн эмч мэргэжилтнүүд болон орон нутгийн эмч нартаа ойн баярын мэндийг хүргэе. Санасан хүсэл тань сэтгэлчлэн бүтэх болтугай. Эрүүл энхийг хүсэе.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46671
0 эможи
keyboard_arrow_up