COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 25, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Машинаа “хөл хорьсон“ МОНГОЛ

админ
2021 оны 4 сарын 27

Монгол Улсад дотоодын халдвар 1000-аас буурахгүй хагас сар боллоо. Бүх нийтээрээ “улаан” түвшинд шилжсэн хатуу хөл хорионы 14 хоногт 15 мянга гаруй халдвар бүртгэгдэж, 55 хүн нас барсан харамсалтай дүр зурагтайгаар дараагийнхаа хорионд шилжиж байна. Тиймдээ ч сайд, дарга нар хөл хорионы үр дүн ярихаас дөлж, хожимдож эхлүүлсэн вакцинжуулалтаа урдаа барьж буй.

Дэлхий нийтээрээ жил тойрон цар тахалтай тэмцэж байгаа нь туршлагажих, нэгдсэн ойлголттой болох хангалттай хугацаа. Гэвч  УОК цар тахалтай тэмцэх оновчтой бодлого гаргахаас илүү зөвхөн зохицуулалт дээрээ л хоёр жил иргэдийг чирэгдүүлж байна. Нэг талаас нь харвал цар тахалтай тэмцээд байгаа мэт боловч нөгөө талдаа шийдэмгий, үр дүнтэй бодлого хэрэгжүүлж чадсангүй өдий хүрлээ. Нэг ёсондоо бүх нийтийн эрүүл мэндийн төлөө хэмээн өдрийн орлого, хоногийн хоолоо умартсан иргэд, амсхийх чөлөөгүй ажиллаж байгаа төрийн албан хаагчдын тэвчээр, зүтгэлийн үнэ цэнийг унагаж төрд итгэх итгэл алдарч байна. Үүний ганцхан жишээ нь хатуу хөл хорионы үеэр хөдөлгөөнийг хязгаарлах QR код олголтын асуудал юм. Манай улс уг нь бүтэн жилийн турш тав дахь удаагаа хатуу хөл хорио тогтоож байна. Тэр болгонд ажлын үнэмлэх, QR кодоор ээлжлэн хангалттай туршилт хийсэн. Зөвхөн QR кодоор гэхэд хоёр дахь удаагаа зорчуулж байгаа хэрнээ зохицуулалт “тэг” заасан хэвээр.

Цар тахлын тархалтыг бууруулах утга учир нь бүх нийтийн хөдөлгөөнийг хязгаарлах. Улс орнууд ч иргэдийнхээ хөдөлгөөнийг хорьсноор халдварыг хумьж чадсан. Гэтэл манай улс иргэдийн хөдөлгөөнийг хорих биш зам дээрх автомашинтайгаа л тэмцсээр хамаг цаг хугацаа, хөрөнгө мөнгөө барлаа. Халдварын тоог биш 40 мянган автомашин зорчих нь гэж тоолсоор хязгаарлах учраа олохгүй сууна. Дээр нь иргэдийнхээ дархлааг унагаж эрүүл мэндийг нь улам доройтуулж бухимдуулж, төрийн “дайсан” болгож байна. Тэр дунд нийтийн эрүүл мэндийг хамгаалахад гол үүрэгтэй эрүүл мэндийн салбарыг хязгаарлаж, үйлчилгээг нь орхигдуулж ирсэн нь ойлгомжгүй. Аргаа барсандаа хөл хорионы үед эрүүл мэндийн салбарынхан хувийн автомашинаараа замын хөдөлгөөнд оролцох боломж бүрдүүлэх хүсэлтээ УОК болон холбогдох байгууллагуудад хүргүүлсэн тухай ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр өчигдөр хэллээ. Тэрбээр “Автомашинуудыг QR кодоор замын хөдөлгөөнд оролцуулж байгаатай холбоотойгоор эмч, эмнэлгийн ажилтнуудад хүндрэл гарч байгаа талаар гомдол их ирж байна. Эрүүл мэндийн яамны зүгээс энэ асуудлыг хэд хоногийн өмнөөс УОК болон холбогдох байгууллагуудад холбогдох дүрэм, журмыг сануулсан. Манай салбарынхныг хувийн машинаараа хөдөлгөөнд оролцуулах тухай саналаа холбогдох байгууллагуудад өгөөд байгаа.Эрүүл мэндийн сайдын автомашин хүртэл цагийн хязгаарлалтаар зорчиж байгаа гэдгийг хэлье. Мөн Эрүүл мэндийн дэд сайд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын автомашин дээр ч хөл хорионы үед зорчих QR код гараагүй байгаа. Бид замын хөдөлгөөнд оролцох цагийн хязгаар болон эмнэлгийн ажилчдыг хувийн автомашинаараа зорчих нөхцөл бололцоог хангах тал дээр хүсэлтүүдийг тавьсаар байгаа" гэсэн юм. Мөн амралтын өдрийн үдэш гаргасан шийдвэрээ маргааш өглөөнөөс нь дагаж мөрдүүлэх журам баталсан учраас систем гацах, шивэлт хийж амжаагүй шалтгаанаар зайлшгүй ажиллах, вакцинаа хийлгэх гэсэн иргэд нийтийн тээвэрт чихцэлдлээ. Зөвхөн өглөө, орой хоёр цагийн зайтай явж байгаа автобусанд амжиж суухын тулд буудал дээр урт дараалал үүсгэсэн нь халдвар тархах эрсдэлийг улам нэмэгдүүлсэн юм. Энэ мэтээр эмнэлгийн үйлчилгээ авах зэргээр өвчин зовлонтой иргэдийн эрхийг хөл хориогоор далимдуулж хөсөр хаялаа. 

QR олгох 15 мянган хүсэлт иржээ

Хөл хорионы үеэр замын хөдөлгөөнийг QR кодоор зохицуулж байгаатай холбоотойгоор  ажлын хэсгийнхэн мэдээлэл өглөө. Улсын онцгой комиссоос байгуулсан Ажлын хэсэг замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгож байгаа. Энэ зөвшөөрөл нь давтагдашгүй дугаар бүхий QR код бөгөөд албан байгууллагууд хүсэлтээ QR@gov.mn цахим хаягаар илгээж байгаа юм. Тодруулбал, хүсэлтийн хамт зөвшөөрөл авах үндэслэл, шалтгаан, хөдөлгөөнд оролцох хугацаа, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар ажилтан албан хаагчдын регистрийн дугаарыг илгээж буй. Иргэн, байгууллага системд бүртгэгдэж, олгосон зөвшөөрлийг www.smartcar.mn цахим хуудаснаас хэвлэн авч, тээврийн хэрэгслийн урд салхины шилний баруун доор жолоочийн харагдах байдалд нөлөөлөхгүйгээр байрлуулан, ажлын үнэмлэхээ үзүүлэн хөдөлгөөнд оролцоно гэдгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс мэдээлээд буй. Ажлын хэсгээс мэдээлэл өгөхдө "Шинэ цагийн зохицуулалт орж ирсэн нь зарим талаар үл ойлголцол гаргаж байх шиг байна. Одоогийн байдлаар QR@gov.mn хаягаар 15 мянга орчим хүсэлт ирсэн. Хүсэлтийг 08:00-21:00 цагийн хооронд авч байгаа. Ирсэн хүсэлтийг нягтлаад шаардлага хангасныг нь системд бүртгэж оруулах 24 хүний бүрэлдэхүүнтэй баг  ажиллаж байна. Мөн Эрүүл мэндийн салбарын 11 мянган тээврийн хэрэгслийг бүгдийг нь цагийн хязгаарлалтад оруулаагүй. Тухайн эрүүл мэндийн байгууллагын нэр дээрх автомашиныг хязгаарлалтад оруулахгүй. Харин хувь хүний эзэмшилд байгаа эрүүл мэндийн салбарын тээврийн хэрэгслийг цагийн зохицуулалтад оруулах зарчим барьсан. Гэвч энэ нь үл ойлголцол бий болгож байгаа учраас өнөөдрөөс эрүүл мэндийн салбарынханд зарим зохицуулалтыг хийнэ" гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.27 МЯГМАР № 84 (6561)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626044
0 эможи

keyboard_arrow_up