COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 10, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Анна Каренина“ ба Монголын 2020 он

админ
2020 оны 1 сарын 27

Arslan.mn

Одоогоос 150 шахам жилийн өмнө Л.Толстой энэхүү романаа бичжээ. Туулж ирсэн энэ хугацаанд зохиолынх нь ч, зохиолчийнх нь ч алдар нэр түгэн цуурайтсаныг тоочин бичих ур чадал, ухаан билиг мөхөс надад даанч заяасангүй. 2020 он гарангуут энэхүү романыг нэг барьж аваад нэвт уншчихлаа. Энэ хооронд харин Драмын театрт энэ зохиолыг жүжиг болгон тавих гэж байгаа тухай мэдээг олж уншлаа. Жүжиг бэлтгэгдэж байгаа боловч тайзнаа гарах хараахан болоогүй аж. Тэрхүү жүжигт юуны тухай өгүүлж, юуг чухалчлан гаргах юм бол гэдгийг би тааварлаж байна. Таалгүй ч яах билээ. Цэвэр нандин хайр дурлал, бүсгүй хүний гоо үзэсгэлэн, өрөвч уужим сайхан сэтгэл гээд л цааш нь хөврүүлж болно.

Харин би энэ удаад хайр дурлал, гоо үзэсгэлэнгийн тухай биш монголын өнөөгийн нийгмийн хөгжлийн тухай зарим асуудлыг эмзэглэн өгүүлэхдээ “Анна Каренина” гэдэг зузаахан бамбайг өмнөө барьж авлаа. Над руу нисэн ирэх сум жаднууд энэхүү бамбайг хэрхэн дийлэх билээ, харин ч хугар тусан унах чимээ нь урьдчилан сонсогдчих шиг боллоо.

Л.Н.Толстойн “Анна Каренина” романыг хайр дурлалын сэдэвтэй гэцгээдэг боловч зохиогч нь тухайн үеийн Орос орны нийгмийн амьдралыг олон талаас нь дүрслэн гаргасан байдаг. Хүний эрх, анги давхаргын ялгаа, боловсрол, хөдөлмөрийг үнэлэх нийгмийн хандлага гэх мэт олон асуудлыг хөндөн бичсэн билээ. Энэ зохиолын гол баатруудын сэтгэл зүй, зөрчил, эвлэрэл зэргийг гайхалтай урнаар дүрсэлсэн байдаг.  

Л.Толстойн зохиолд өгүүлэх нь:

“... Энэ хэргийг зөвхөн нэр төр, ашиг сонирхлын зорилгоор эрхлэх болсон хүн олон байгааг Сергей Иванович харж байлаа. Нэг нэгнээсээ илүү гарах, олны анхаарлыг татахын тулд л хэвлэлүүд хэрэгтэй хэрэггүй зүйл олноор нийтэлнэ. Нийгэмд бүх нийтийн ийм өрнөлт гарч ирэхийн хамт бүтэлгүйтсэн, гоморхож гомдсон бүх этгээд, цэрэггүй жанжид, яамгүй сайд, сэтгүүлгүй сэтгүүлчид, гишүүдгүй нам, нөхөдгүй хэргэмтэн урагш цойлон гарч бусдаас илүү чанга хашгирах болсныг ч тэр харж байв.”

Энд ер нь манай өнөөдрийн, бүр яг хэлбэл 2020 оны улс төрийн амьдралын дүр зургийг яг хэвээр нь буулгачихсан байгаа юм биш үү. Ардчиллын анхдагч гэж өөрийгөө нэрлэж байгаад гоморхож гомдсон үгээ хэлдэг хэсэг хүн бий болжээ. Мөн тэдэндээ гомдож гоморхон бүтэлгүйтсэн, өөрөөр хэлбэл ардчиллыг тогтоох замаасаа зайлуулагдан хохирсон гэгддэг бас хэдэн хүн бий. Тэдгээрийн хэн хэнийх нь яриа зохиолч Д.Сэнгээгийн “Өвгөн партизаны яриа” шиг даацтай байж чаддаггүй л юм. Зөвхөн гоморхогчдын дуу хоолой болон цахиртаж сонсогдоно. Бас цэрэггүй жанжид олширлоо. Монголын ардын армийн бие бүрэлдхүүн ардчилал тогтохын өмнөхөн үеэс ихээхэн цомхорсон билээ. Тэр цагт армид алба хаагч нар, зэвсэг техникийн чанар, тэдгээрийн монгол мэргэжилтэн офицерууд тоо чанарын хувьд өнөөгөөс хавьгүй илүү байсан юм. Тэр ч байтугай бүрэлдхүүндээ тавдугаар армийг байгуулан төлөвшүүлж байлаа. Гэтэл түүнтэй харьцуулах юмгүй цомхон болсон цэргийн бүрэлдхүүнд хэчнээн ч генерал оногдох болов. Юм л бол генерал болчихсон, генерал болохыг мөрөөдсөн хурандаа нар дэгдэлзэж байдаг болчихож. Салааны захирагчийн улс төрийн орлогчоор дэслэгч цолтой ажиллаж байгаад халагдсан нөхөр өдгөө өөрийгөө хурандаа гээд өргөмжилчихсөн ч явж байна. Сэтгүүлгүй сэтгүүлчид гэдгийг хэн хүнгүй мэднэ. Сэтгүүлч гэдэг нэр нь сайхан байдаг юм байлгүй, сэтгүүлч болох гэж хэт дурласан сүгсэлзүүрүүд тасрахгүй юм. Гишүүдгүй нам ч жишээ таталтгүй бэлэн байж байна. МАН (хуучин нэрээр МАХН), МАН (шинэ нэрээр АН буюу Ардчилсан нам) гэдэг хоёр намын нэрийг мэдээд байгаа юм. Дээд шүүхэд бүртгэлтэй 30 гаруй намын ихэнхийнх нь нэрийг сонсоогүй шахам юм билээ.

Ийм замбараагүй болсон цаг үед ямар нэгэн хямдгүй албан тушаал, хэргэм цолыг өөртөө тохсон нөхөр чангаар хашгиран зогсож байгаа билээ. Буруу зөвийг ялгасан нь биш, бүдүүн дуугарсан нь зөв болчихдог цаг үед ийнхүү чангаар хашгирах нь “Хү” хамтлагийн нэгэн дууг санагдуулна. “Юу вэ, юу вэ, юу вэ?”. Юу юм бол доо, нээрээ. Юу ч биш л байгаад байна. 

“Анна Каренина” романы нэгэн гол дүр газрын эзэн Левин тариачидтайгаа чөлөөтэй ярилцдаг, заримдаа хамтран ажиллаж тэднийхээ итгэлийг хүлээж чаддаг нэгэн билээ. Оросын нэгэн уран сайхны кинонд элбэгдүүхэн ёрог даавуун цамцтай Толстой гүн өвс хадаж байгааг бодол зүүдэн дундуур зэрвэсхэн харуулаад өнгөрсөн байдаг нь тэр найруулагч чухам эндээс олсон санаа ч байж магадгүй л юм.  Левин бээр аж ахуйгаа хөтлөн явуулах, аж амьдралаа төвхнүүлэх тухай олонтаа эргэцүүлэн боддогийг зохиогч дүрсэлсэн байхаас нэг хэсгийг энд эшилье. Толстой өгүүлэх нь:

“Ажилчдыг аль болох хямд үнээр хөлслөх хэрэгтэй, тэгэхдээ урьдчилгаа өгч тэднийг эрхшээлдээ атгах нь илүү хямд ашигтай авч хэрэггүй зүйл гэдгийг Левин мэднэ. Тэжээл тарчиг цагаар тариачдад сүрэл худалдах нь хэдий өрөвдөлтэй авч болох л ажил. Харин буудал, архины мухлаг хэдий орлоготой боловч устгасан нь дээр гэж тэр бодно. Ой мод огтолсон тухайд аль болох хатуу шиг торгох нь зүйтэй, харин өвсөнд орж хашигдсан малаас торгууль авч хэрэггүй зүгээр л өгч явуулахад манаач нар гонсойж, айж эмээх нь сулрах боловч малыг тавьж явуулахаас өөр замгүй. Мөнгө хүүлэгчид сар бүр арван хувийн хүү төлдөг Петрт зээллэг олгож өрнөөс салгах нь зүйтэй, харин татвар төлдөггүй хойшлуулдаг тариачин эрчүүдийг уучилж боломгүй. Нугын өвсийг хадуулалгүй дэмий үрэгдүүлсэн захирагчийг зүгээр өнгөрөөж таарахгүй, харин зулзаган мод суулгасан 80 га газрыг бол хадаж болохгүй байсан. Ид ажлын үеэр эцэг нь үхээд гэр рүүгээ явчихсан ажилчныг хэдий өрөвдөлтэй боловч өөгшүүлж болшгүй, чухал цагт дэмий үрэгдүүлсэн хугацааны хөлсийг хямд л өгөхөөс өөр замгүй. Гэтэл юу ч хийж чадахаа өнгөрсөн хөгшин зарц нарт сардаа тэтгэмж өгөхгүй байж болохгүй.”

Энэхэн хэсэгт маш олон асуудлыг нэгтгэн өгүүлсэн байгаа нь харваас илт байгаа. Хөлслөн ажиллуулж байгаа хүндээ бага цалин өгч эрхшээлдээ оруулах арга замыг өнөөгийн Монгол улсын эдийн засагч Засгийн газар зөв хэмээн үзэж байна. Тэгвэл романы гол баатрын нэг тайж Левин буруу гэж үзэж байна. Тухайн цагийн ашгийг биш, хожмын ашгийг бодсондоо л Левин ийнхүү эргэцүүлж байгаа юм. Монголын өнөөгийн нүүр царайг дэн буудал, архины мухлаггүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Гэхдээ үүнийгээ гоё нэрлэнээ. Хотел, мотел, ресторан, паб гэхчлэнгээр нэрлэдэг мөнгөний хүүдий хойшдын хөгжилд нэг их хэрэггүй эд гэж зохиолын баатар өгүүлж байна. Гэтэл монголын засгийн газар хэрэгтэй гэж үзсээр л байгаа юм. Хэрэггүй гээд халчихаж чадах Засгийн газар одоо ч гарахгүй дээ. Тэгэхлээр бид доройтолд оржээ л гэсэн үг. Гэтэл жирийн иргэдэд үнэтэй ресторан биш жирийн гуанз хэрэгтэй байна. Ажилчдын гуанз, нийтийн гуанз гэх мэтийн хямд төсөрхөн газар хэрэгтэй байгааг анзаарч л байдаг байлгүй. 

Энэ мэтээр үг бүрийг хөөцөлдөөд яах билээ. Харин өр зээл, татвар төлөхөөс зайлсхийх тухай асуудлаар ганц нэгэн санааг сөдөж тавья. Өндөр хүүтэй зээл төлж байгаа Петрт бага хүүтэй зээл өгч өрнөөс нь салгах ёстой гэж байна. Түүнээс бус зээлийг өмнөөс нь төлье гэсэнгүй. Зээлийг цуцлах асуудал зээлдэгчийн мэдлийн ажил байх л даа. Яг ийм асуудал Монголын өнөөгийн нийгэмд өрнөж байна. Зээлтэй ахмад, зээлгүй ахмад гэж ялгаварлан гадуурхлаа гэхээс эхлээд л маргаан мэтгэлцээн бишгүйдээ гарч байна. Үүнд Засгийн газраас тодорхой шийдвэр гаргаж танилцуулахгүй дүлэгнэсээр бараг сар боллоо. Тэтгэврийн өрийг тэглэхтэй холбоотой асуудлаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын хэлсэн үг нь сайдын хувийн байр суурь уу, Засгийн газрын байр суурь уу гэдэг нь ч тодорхой биш байсаар өдий хүрэв. Татварын дарамт байгааг ажил олгогчид хааяа хааяа дурддаг боловч тууштайхан ярьж чаддаггүй. Багаахан татвар төлөгчийг дарамталдаг байтлаа гадаадын улаан луйварчны санаанд багтамгүй их татварыг чөлөөлөөд явуулчихдаг нь ямар хуульд нийцэж байгааг мэдэхгүй. Хуульгүй улс гэдэг нь л нотлогдоод байх шив. Тэгвэл “Анна Каренина” романд хуулийг хэрэгжүүлэн сахиж явсаар Анна бүсгүйн хувийн амьдрал мухардалд орж байгаа юм. Тиймэрхүү мухардлаас гарах нийгмийн гарц байгааг харуулах гэж л Л.Н.Толстой романыхаа наймдугаар бүлгийг бичсэн байх гэж би боддог юм. Өөр бусад зохиолч байсан бол бараг л долдугаар бүлгээр зохиолоо дуусгачих байсан болов уу. Гэхдээ Л.Толстой хууль ярьж туйлшраагүй билээ.

Левиний бодол дотор хөгшин зарц нарт тэтгэмж өгөхийг сайшаан зөвтгөсөн үг өгүүлбэр байгаа. Энэ бол түүний бодол. Нааш нь шилжүүлбэл манай улсын ч бодол. Улсын зарц хийсээр өтөл насанд золгосон хэдэн буурайдаа  ялгаатай тэтгэвэр олгосоор ирсэн. 1991-1994 оны орчимд хэт доогуур үнэлэмжээр тогтоолгосон тэтгэвэртэй хөгшдийн тэтгэврийн хэмжээг түүнээс хойш тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийнхтэй адилтган тэгшитгэж чадахгүй байсаар 2020 онтойгоо золголоо. Сая энэ хүмүүстээ сар бүр 30,000 төгрөг нэмж олгох шийд гарсан ч тэгшрэн очих хаа ч юм билээ, зөрүү хэвээрээ л байна. Ингэсээр байтал өнөө хэд нь ч үхэж дуусах бололтой. Тэгвэл Засгийн газрын санаа сая нэг амрах юм болов уу даа. Хожим хангалттай тэтгэвэр авна шүү дээ гэсэн бодолтойгоор залуу насныхаа хамаг хүч тэнхээг улстаа зориулан зарцуулж байгаа юм билээ.

Шинэ жилийн мэндчилгээний үеэр Ерөнхийлөгчийн барьсан сюрприз түүний сонгуулийн өмнөх амлалтын нэгээхэн хэсэг байсан нь ойлгомжтой. Одоо тэр талаар мэтгэлцэж байна. Энэ удаад зөвхөн тэтгэврийн зээлийг ярьж байгаа бөгөөд бусад төрлийн зээл, зээлийн хүүгийн тухай асуудал орхигдолгүй үлдэнэ гэж бодохгүй л байна. Сонгуульт хугацаа дуусах хараахан болоогүй байгаа болохоор амжвал ч амжих хугацаа байна гэж найдаж байгаа юм.

Өр, зээл, тэтгэврийн асуудал нь ганц нэгэн газрын эзний эргэцүүлж бодох асуудал биш, улс нийгмээрээ бодох ёстой хурц асуудал мөн болохыг 2020 оны эхээр “Анна Каренина” сануулж өглөө. Энэ тухайд драмын театрт тавих жүжигт л лав гаргаж чадахгүй. Нийтээр мэдээд байдаг мөртөө шийдэж чаддаггүй иймэрхүү бугласан асуудлыг идээ бээртэй нь шахах цаг үе ойртож байгааг л сануулаад байх шиг байна. Хэн хүнээс чанга хашгирагчид цагаа олж төрсөөр байна. Тэд мэдээж “Анна Каренина”-г уншаагүй. Зүгээр энгийн жишээ хэлбэл, өнөөдөр алдаршаад байгаа нэр төртэй зохиолч, яруу найрагчдын лавтайяа 90 хувь нь энэ сонгодог романыг уншаагүй байгаа. Уншаагүй байтлаа хүнээс сонссон ганц хоёр өгүүлбэрээ өөрөө уншаад эргэцүүлж тунгаасан юм шиг цэцэрхүү янзаар хэлчихдэг л хүмүүс. Бөхчүүд, дуучдыг ч бас хамруулж болно. Тиймэрхүү чанга хашгирагчдын дуунд Засгийн газар нь дөжирчихөөд байна уу, эсвэл хашгичаа дууных нь үелзэл давтамжаас хулчийж нугдайгаад байна уу, дүлий дүмбэ оргисоор л байх юм. Тэгээд ч мэргэжлийн чадваргүй Засгийн газар ажиллаж чаддаггүй юм байна. “Анна Каренина” романы дотор тайж нарын сонгуулийн үеэр ямар нэгэн асуудлыг шийдэхгүй атлаа албан тушаалын төлөө өрсөлдсөөр л байдаг.

 

 

Я.БААТАР

 

2020. 01. 24.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612995
0 эможи

Зочин
2020-01-27 23:41
Зочин
2020-01-27 11:40
keyboard_arrow_up