7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 23, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Нойрмоглосон жолооч ба ослоор өнчирсөн орь залуухан АМЬДРАЛ

админ
2019 оны 7 сарын 29

Arslan.mn

“Жаахан л нойрмоглочихсон”...Энэ тайлбарын ард эхнэрээ алдсан идэр залуу эмнэлгийн орон дээр уйлж хэвтэнэ. Ээжийгээ алдсан наймхан настай бяцхан хүү эмээгийнхээ утсаар ээж рүүгээ залгаад “Утсаа авахгүй юм” гээд урам хугарч сууна. Ээж нь утсаа үүрд авахгүй, хүүдээ хэзээч хариу өгөхгүй гэдгийг бяцхан хүү мэдэрч байгаа ч үнэнтэй эвлэрэхийг хүсэхгүй байна. Охиноо алдсан настай ээж нь арайхан л өдөр хоногийг өнгөрүүлж сууна.

Өгсөж явтал өөдөөс гэнэт машин ороод ирсэн, үйлдэл хийж үнэхээр амжаагүй

“Охин минь далай үзнэ гэж дандаа ярьдаг байсан. Өвлөөс хойш ирэх зун л явъя гэж ярьж, төлөвлөсөн” хэмээгээд ээж нь үгээ дуусгалүй асгартал уйлчихлаа. Бурханы оронд одсон 29 настай бүсгүй нөхөр, хоёр хүү, найз нөхдийн хамт Хөвсгөл далай үзэхээр зорьж явжээ. Тэгтэл осол болж бүсгүй газар дээрээ нас барж, түүний нөхөр, найман настай хүү нь хүнд гэмтэл авчээ. Осол болох үед том хүү нь өөр автомашинд зорчиж явсан байна.

“Бид Мөрөнгийн төвөөс хүнсээ базаагаад Хатгал дээр нэг хоночихоод буцаж ирэх төлөвлөгөөтэй явсан. Хөвсгөлийн “50-100” цогцолборыг өнгөрөөд өгсүүр замаар зорчиж явтал гүвээ даваад цэнхэр автомашин уруудаж яваа нь харагдсан. Хүү маань болоод эхнэр маань унтчихсан явж байсан. Би жолоо бариад явж байлаа. Тэгсэн хүүе гэхийн завдалгүй нөгөө цэнхэр автомашин 20-30 метрийн дотор шууд өмнөөс ороод ирсэн. Үйлдэл хийх ямар ч боломж олгоогүй. Тухай үед би 60-70 км цагийн хурдтай явж байсан. Гэхдээ л дарж үнэхээр амжаагүй. Сүүлд нь хүн боддог юм байна. Ядаж зүүн тал руугаа дарчихгүй яав даа гэж харамсах л юм /уйлав.сур/.  Тэрүүхэн үедээ ухаан алдчихсан. Зүүдэлж байгаа юм шиг санагддаг юм билээ. Юу болоод байна, сая мөргөлдчихсөн үү, Арай үгүй байлгүй дээ. Зүүдэлсэн байлгүй дээ гээд л...Гэнэт ухаан ороод харсан чинь машины салон, дотор тал дэлбэрчихсэн юм шиг болчихсон. Хажуу тийшээ харсан чинь /уйлав.сур/ эхнэр минь амьсгал хураачихсан /хоолой нь зангираад хэсэг чимээгүй болов.сур/. Хүү маань хойно сууж явсан юм. Дээшээ харчихсан “Ааваа” гээд орилоод байсан” хэмээн ослоос амьд үлдсэн Ц.Отгонбаатар нулимс дуслуулан эр хүн гэсэндээ эргэж нулимсаа залгин байж, өвдөлт мэдэрмээр хүнд амьсгалан байж амьдралыг нь орвонгоор нь эргүүлсэн зам тээврийн ослын тухай ярив.

Ц.Отгонбаатарынх найм, арван насны хоёр хүүтэй. Энэ залуу гэр бүлийн хоёр үндэсний үйлдвэрлэл эрхлэгч аж. Гутлын үйлдвэрлэл эрхэлж чамгүй амжилттай ажиллаж байжээ. Гэргийнх нь ээж 20 гаруй жил гутлын үйлдвэрлэл эрхэлж амьдралаа залгуулж ирсэн бөгөөд сүүлийн хоёр жил үр хүүхэддээ ажил мэргэжлээ өвлүүлж үлдээхээр зааж, зөвлөжээ. Хүүхдүүд нь ч ажилдаа хайртай, дуртай урам зоригтой ажиллаж, ирээдүйд илүү сайхан мөрөөдөл тээж ёстой л хийж бүтээхийн хүслээр жигүүрлэж явсан нь саяхан. Тэгтэл гайтай ослын улмаас залуу бүсгүй дэврүүн мөрөөдлөө тээгээд холоо явчихаж. Ингээд л бүх зүйл хормын төдийд ор үндэсгүй болов. Талийгаач Б.Хулан маш дайчин нэгэн байжээ. Тэр хувиараа бизнес эрхлэхээс гадна СХД-ийн 1000 гаруй залууг манлайлан Залуучуудын холбооны гишүүнээр ажиллаж байсан, завгүй л гүйж явдаг нэгэн байсан аж.

Бие засахдаа 3-4 хүнээр туслуулж байгаа би, хоёр хүүгээ, гэр орноо яаж авч явах вэ

“Эхнэр минь байхгүй болсон ч сувилагч нартай ярилцаж инээж өөрийгөө хуурч, өдөр хоногийг аргацааж байна. Осолд орсноос хойш 10 гаруй хоногийн хугацаанд сэтгэлээ барих гэж янз бүрээр үзээд л байна. Одоо яах вэ, хоёр хүүхэд минь дээрээс нь гэр орноо яаж авч явах вэ гээд л бодох юм. Хэзээ ч босох юм, мэдэхгүй. Эмч нар “Босно, хөдөл” л гэх юм. Чадлаараа хөдлөөд л байна. “Мэс засал амжилттай, сайн болсон, эмчилгээ дууссан. Одоо хөдөлгөөн сайн хий” гэж зөвлөж байгаа. Доод хоёр хөл маань мэдээтэй хэр нь ташаа мэдээгүй болохоор доошоо бүтэн мэдээгүй болсноос ялгаагүй болдог юм байна. Бие засахдаа хүртэл багадаа 3-4 хүн оролцуулж байна шүү дээ. Ингэхээр чинь би яаж амьдрах юм бэ, яаж хоёр хүүгээ авч явах юм бэ /уйлав.сур/.

Аавынхаа ийн ярихыг сонссон аравхан настай бор хүү нь “Аав дахиад л уйлчихлаа. Одоо даралт нь ихэсчихнэ дээ” хэмээгээд нусаа шудрав. Нээрэн залуугийн даралт хэлбэлзэж биеийн байдал муудсан тул эмч нар өрөөнд нь орууллаа.

Ослын улмаас Ц.Отгонбаатар хоёр хөлөндөө хүнд гэмтэл авч одоогоор босч чадахгүй, хэвтрийн байдалтай ГССҮТ-ийн яс үений гэмтлийн гуравдугаар тасагт эмчлүүлж байна. Түүний хоёр хөлөнд хиймэл чөмөг суулгах, бяцарсан хэсгийг хадаж тогтоох мэс засал хийжээ. Эмч, эмнэлгийн зүгээс хийх шаардлагатай эмчилгээ дууссан тул тэрбээр өнөөдөр /2019.07.29/ эмнэлгээс гарна. Эмч нар түүнийг хоёр хөл дээрээ дахин босно гэдгийг хэлжээ. Гэвч тэр “Хэзээ ч юм” хэмээн баахан хямарч буцаад “Босно доо” гээд итгэл тээнэ. Залуу хүн дээ, заавал босно оо.

Нөгөө автомашины жолооч “Жаахан нойрмоглосон” гэж хэлсэн

Arslan.mn

Элэг бүтэн амьдралыг “эвдэлсэн” энэ ослын тухай Тээврийн цагдаагийн албанаас тодруулвал 2019.07.14-ний өдрийн 17.57 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг “Эрхэлийн хөндий” гэх газар /сумын төвөөс баруун урагшаа 20км-т/ амины Honda Cross road маркийн  автомашины жолооч Х нь Toyota Prius О жолоочтой автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас зорчигч 29 настай, эмэгтэй Х нас барсан байна.

Талийгаач бүсгүйн үеэл эгч “Нөгөө автомашины жолооч “Жаахан нойрмоглосон” гэх л зүйл хэлсэн байна. Нарийн юмыг бид мэдэхгүй. Албаныхан шалгаж байгаа. Хэргийг үнэн мөнөөр шийдээсэй л гэж хүсэх байна” гэв.

Харин Ц.Отгонбаатар “Би тэр хүнтэй уулзаагүй, чухам яагаад өмнөөс ороод ирснийг мэдэхгүй байгаа. Үнэхээр ойлгохгүй байна. Бид хоёрын урд хойно бараг машин байгаагүй шүү дээ. Гуравхан секунд тэсч хүлээж чадаагүй л юм байхдаа гэж дотроо бодож хэвтэнэ. Хурд, амралтгүй явна гэдэг л хүний алдаг юм шиг байна” хэмээн дахиад л хоолой зангируулсан.

Хүргэн хүү минь “эвдэрхий” хүн болж, хөгшин ээж нь хоёр зээгээ хөтлөөд үлдлээ

 

Охиноо “Сайн яваад, сайхан газар үзээд ирээрэй” хэмээн хацар дээр нь үнсээд үлдсэн настай ээж нь цурхиртал уйлаад л байна. Хоёр зээгээ хөтлөөд үлдсэн түүнд хорвоо дэндүү хатуу санагдаж байгаа нь илт. “Би хоёр сайхан цэцэг ургуулсан. Гэтэл нэг цэцгийг минь дахиад хэзээ ч эргэж ирэхгүйгээр таслаад хаячихлаа шүү дээ” хэмээх нь өр зүсэм.

Талийгаач охин нь гэр бүлийнхээ хамт долоодугаар сарын 11-нд Улаанбаатар хотоос гарч Хутаг-Өндөр суманд хадам аавындаа очиж хоёр хоночихоод далай үзэхээр цааш хөдөлжээ. Осол болохоос ердөө цагийн өмнө ээж рүүгээ яриад “Бид сайхан явна” гээд зургаа явуулжээ.  

“Бага хүү нь нэг машинд явж байсан учраас байхгүй болсныг нь мэдчихсэн хэр нь эргэлзээд “Ээж маань амьсгалахгүй байх шиг байсан. Гэхдээ унтаж байсан байх. Одоо эмнэлэгт байгаа юу” гээд л асуугаад байх юм. Ээжийнхээ утасны дугаарыг хайгаад залгаад л байна. Үгүй болсон гэдгийг нь мэдсэн хэр нь аавыгаа хөл дээрээ босохоор нь ээж дээрээ очно гэж ярьдаг. Бусад үед хэнтэй ч юу ч ярихгүй. Ам нээвэл ийм л зүйл яриад сууж байна. Маш их гүн цочролд орсон доо. Тархиндаа гэмтэл аваад тархины хаван нь буугаагүй байгаа.Ээжийгээ ирнэ гэсэн байнгын хүлээлттэй. Азаар том хүү нь өөр машинд явж байсан. Би хоёр сайхан охинтой. Хоёр сайхан цэцэгний минь нэгийг нь таслаад авчихлаа. Эгч нь хоёр нүдээ ширгэтэл, давстай нулимсандаа нүүрээ хорстол орилж байна /уйлав.сур/.

Алтан гартай эмч нар хоёр хүүгийн минь нэгийг аль чадлаараа босгоод ирлээ. Хойшид яахыг бид мэдэхгүй. Босно л гэсэн. Гэхдээ тодорхой хугацаа орно гэдгийг хэлсэн. Эмч нар маань хийх ёстой бүхий л зүйлсийг хийж өгсөнд талархлаа илэрхийлмээр байна. Зам тээврийн ослоос яаж сэргийлэх вэ. Олон ээж над шиг өр зүрхээ өмрүүлж даралтны эм, тайвшруулах эмээр амь зогоохыг бүү мэдрээсэй гэж хүсэхийн үүднээс жолооны ард сугаа залуучуудаас ээждээ нэг хоногийн хойно очсон ч хамаагүй бүү  яараарай л гэж хүсэх байна. Үнэ цэнэтэй амьдралаа хайрлаарай л гэж хүсье дээ.

Хүргэн охин хоёр минь залуучуудад үлгэр дуурайлал болсон зөв гэр бүл байлаа. Ийм сайхан гэр бүлийн амьдралыг хормын төдийд сэрэмж алдахад л эргүүлээд тавьчихлаа. Эгчид нь одоо амьдралын баяр баясал алга. Өглөө босоод л охиноо ирэхгүй шүү дээ гэх хүлээлт үхэн үхтэл минь сэтгэлд үлдлээ. Эцэг нь “эвдэрхий” хүн болчихлоо. Бослоо гэхэд хуучин шиг ажил хөдөлмөрөө эрхэлж, цовоо цолгиун явахгүй шүү дээ” гээд үгээ дуусгалгүй дахиад л уйлах нь даанч өрөвдөм.

Жолооч нар ядраад байвал түр ч гэсэн амсхийгээд хөдөлдөг байгаасай

Залуу гэр бүл маш гоё ур хийцтэй гутал үйлдвэрлэж, үйлдвэрлэлээ өргөжүүлж гадаад зах зээлд нийлүүлэхээр зэхэж байжээ. Үеэл дүү нар нь БНСУ-д ажиллаж, амьдардаг тул үүнийг давуу тал болгон арьсан бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд нийлүүлэх зэрэг алс хэтийн том зорилго, хүсэл тэмүүлэлтэй залуусыг нойрмоглосон жолооч нэг л өглөө мөрөөдөлтэй нь хамт “дэвсэлчихжээ”. Даанч харамсалтай юм.

Эхнэрээ алдсан залуу, охиноо алдсан ээж ч хэн нэгнээр өрөвдүүлэх гэж, нөгөө талтай “арсалдах” гэж хэвлэлд хандсангүй. Зөвхөн түмэн олонд сэрэмжлүүлэхсэн, нэгхэн хором анхаарал алдсан ослын ард нэг “амьдрал” бүхэлдээ сүйрдэг гэдгийг ойлгуулахсан гэхээс ярилцлага өгөхийг зөвшөөрсөн юм.

Талийгаач бүсгүйн үеэл эгч “Монголчууд минь, хүүхдүүд минь жолооны ард суухдаа үргэлж биендээ хүндэтгэлтэй хандаж, эргэж хэзээч ирэхгүй ганцхан хором мөчийн төлөө болгоомжтой яваарай л гэж хэлье. Зам муу гэхээс илүүтэй хувь хүний ухамсар чухал байна. Амралт зугаалгын улиралд маш их дэврүүн сэтгэлээр замд гардаг. Ингэж явахдаа унтаж амрахаа битгий мартаасай. Түр ч гэсэн амсхийгээд хөдөлдөг байгаасай. Манайханд хичнээн том гарз тохиож байна. Нөгөө талынханд ч хэцүү байгаа. Холын замд ядарсан бол багахан ч унтчихсан бол..../уйлав.сур/. “Яараад яахав дээ” гэдэг маш сайхан уриалга яваад байгаа. Үүнийг анхаараад толгойдоо нэг юм үлдээгээсэй л гэж хүсч байна даа” хэмээсэн юм.

Жилд 500 хүн ослоор хорвоог орхиж ар гэр нь амьдын хагацал тээн үлддэг

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлстийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал “Нэг зам тээврийн ослын ард хичнээн хүн хагацал зовлон үздэг вэ гэдгийг эндээс харж болно. Энэ байдлаар жилд 500 хүн хорвооог орхиж ард нь маш олон хүн амьдын хагацал тээн үлдэж байна. Тиймээс хүн бүр зам тээврийн осол гаргахгүй байхад анхаарал хандуулж, хөдөө орон нутгийн замд аюулгүй байдлаа хангаж явахыг анхааруулмаар байна” гэдгийг онцолж байна.

Ц.Отгонбаатарын гэр бүлд тохиолдсон зам тээврийн осол зөвхөн нэг л жишээ. Гэтэл жилд 500 хүн зам тээврийн ослоор хорвоог орхидог гэхээр хичнээн ээж, хичнээн хань, хэдэн үр хагацал үзэж, зовлон дундуур туучдаг бол...Ихэнх осол хурд хэтрүүлсэн үйлдэл, урсгал сөрсөн яаруу сэтгэлээс үүдэж байгааг албаныхан анхааруулсаар байгаа.

 

Яваад л байвал хүрээд л очих газар хойно яаараад яахав дээ. 

 

Г.Сүрэн

Эх сурвалж: SHUUD.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
30
ouch an post
confuse an post
1
angry an post
606174
31 эможи

.Ингэж амарч сураачээ?хүмүүсээ?
2019-08-01 23:22
Нойр их хүрээд зүүрмэглэх гээд байвал замаа бүрэн чөлөөлөөд чадвал замаас бүүр гараад 20 минут унтахад л дахиад 2-3 цаг цовоо сэргэлэн машин барьж давхих боломж гардаг ш дээ?
хо
2019-07-30 18:35
чанаргүй зам чанаргүй хөдөлгөөний зохион байгуулалт авилгалд ялзарсан дээрэнгүй замын цагдаагаас айсан айдсаас болж хүний амь хэдэн зуугаараа үрэгдсээр дуусах нь дэ
Зочин
2019-07-30 04:07
nuguu talaas ji bas survaljlafa av lda. zalhuu ym be
Зочин
2019-07-29 14:28
үнэхээр гунигтай
keyboard_arrow_up