7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ардчилалд урам хугарсан, амьдралдаа сэтгэл хангалуун бус хүмүүс популизмыг дэмжих хандлагатай

админ
2019 оны 2 сарын 13

Arslan.mn

Энэ маргаантай асуулт. Популизмыг тайлбарласан нэгдсэн тодорхойлолт байхгүй. Популизмыг ихэнхдээ эрдэм мэдлэгтэй ард иргэд болон шударга бус элитүүдийн хоорондын улс төрийн тулаан гэж тодорхойлж болно. Зүүний ч барууны ч улстөрчид энэ үзэл суртлыг ашигладаг.

Популизмын талаар судалдаг алдарт эрдэмтэн Каз Муддегийн тодорхойлсноор “Популизм нь нийгмийг авилгач элит болон зөв хүмүүс гэсэн эсрэг тэсрэг хоёр туйлд хувааж буй үзэл суртал юм” гэжээ. Популистууд улс төрийг ард иргэдийн хүсэл тэмүүллийн илэрхийлэл гэж үздэг.

Хэдийгээр элитүүд болон энгийн хүмүүсийн ашиг сонирхол, үнэт зүйл адилхан ч гэсэн тэдний хамгийн гол ялгаа нь ёс суртахуун. Нэг талаас авилгал нөгөө талаас зөв хүмүүжил гэх хоёр төрлийн агуулга орж ирнэ.

ПОПУЛИЗМЫГ ХЭН ХИЙДЭГ ВЭ?

Популизм нь ардчилалтай адилхан настай. Ардчилал байгаа газарт популизм оршдог. Олон зуун жилийн өмнө Ромын Бүгд Найрамдах улсын цэрэг улс төрийн удирдагч Юлий Цезарь тус улсад анх популист нөлөөг авчирсан байна.

XIX зуунаас тодруулбал, 1860-аад оны үеэс тариачдыг дэмжин гарч ирсэн Оросын сэхээтнүүдээс популизмын төрөлхийн авьяас илэрчээ. XX зууны дунд үеэс Аргентинд болсон “Peronism”, АНУ-аас Египетэд дамжсан “McCarthyism”, 1950 онд Францад Пьер Пужадаар удирдуулсан “Poujadiste” зэрэг хөдөлгөөнийг популизмтай холбон тайлбарлах болсон юм.  

Харин XXI зуунд тэд дахин сэргэж тус үзэл суртал олон нийтийн анхаарлын төвд ороод байна.

Барууны популистуудад АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте, Унгарын ерөнхий сайд Виктор Орбан, Италийн ерөнхий сайд Маттео Сальвин нарыг нэрлэж болно. Харин Боливийн ерөнхийлөгч Эво Моралес, Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор болоод Венесуэлийн ерөнхийлөгч асан Уго Чавес нар зүүний популистуудад орно.

БҮХ ПОПУЛИСТ УЛСТӨРЧИД АДИЛХАН УУ?  

Улс төрчид ашиглаж байгаа популизмын арга барилаа тодорхойлох шаардлагагүй. Социалист, неолиберал, авторитар зэрэг улс төрийн дэглэм тухайн улс төрч ямар төрлийн популист болохыг хэлж өгдөг.

ТЭД АЛДАРТАЙ ЮУ?

Сүүлийн жилүүдэд эрх мэдлийг гартаа оруулахын тулд Энэтхэг, Мексик, Филиппин, Бразил, АНУ-д популизм эрчимтэй дэлгэрч байна. Европ тивд “Guardian”-ий хийсэн судалгаанаас үзэхэд сүүлийн 20 жилийн хугацаанд популист улстөрчдөд өгөх санал гурав дахин нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, хамгийн сүүлд болсон сонгуулийн дунджаас үзэхэд дөрвөн Европ иргэний нэг нь популист намд саналаа өгсөн байна. Үүнээс харахад популизм хэр их алдартай болж байгаа нь илэрхий.

1998-2018 онд Европ тивийн иргэдийн популистуудад өгсөн санал 

(Улс орнуудын хамгийн сүүлийн парламентийн сонгуульд үндэслэн 31 орны саналыг боловсруулан үр дүнг гаргажээ)

  • Улаан- Зүүний популист
  • Цагаан- Бусад популист
  • Хөх- Барууны популист

ЯАГААД ШИНЭ ПОПУЛИСТУУД ГАЗАР АВЧ БАЙНА ВЭ?

Глобалчлал. Эдийн засгийн уналт. Цагаачдын давлагаа. Хөрөнгийн тэгш бус байдал. Энэ бүх асуудлыг шийдэж чадахгүй байна. Том дүр зургаар харвал дэлхийн хэмжээний дээрх томоохон асуудлууд нь популистууд засгийн эрхэнд гарч, хүрээгээ тэлэх шалтгаан болж байгаа юм.

Дэлхий дээр тэрбум хүний дөрөвний нэг нь шилжих хөдөлгөөн хийж байна. Улс төрийн элитүүд цагаачдын асуудлын шийдлийг олж чадахгүй уналтад орж байна. Дэлхийн хамгийн баян 26 хүний хөрөнгө 3.8 тэрбум ядуу хүний хөрөнгөтэй тэнцэж байна. Санхүүгийн элитүүдийн оффшор бүсэд хадгалж буй мөнгө 10 триллион фунт /12,888,500,000,000 ам.доллар/ хүрээд байна. Энэ бүх асуудлууд популизм дэлгэрч, тэдний гарт ороход нөлөөлж байна.

Үүнээс гадна эдийн засгийн хамааралгүй салбарууд ч бий. Тухайлбал, интернет болон шинэ технологи хүн бүрийн амьдралд нэвтэрснээс хойш тэгш бус байдал улам нэмэгдэж байгаа юм.

ПОПУЛИЗМ САЙН УУ, МУУ ЮУ?

Популизм сөрөг нөлөөг дагуулдаг. Ялангуяа Европын улс орнуудад энэ үзэл суртал эрчимтэй тархаж байна. Академийн олон улсын сүлжээний судлаачдын багийн үзсэнээр “Засгийн эрхэнд популистууд зонхилсон тохиолдолд либерал ардчиллыг сүйтгэх шалтгаан болдог. Нөгөө талаар популистууд мартагдсан асуудлыг сөхөж, иргэдийн саналыг цуглуулан эергээр нөлөөлөх боломжтой” гэжээ. 

ПОПУЛИЗМЫН ХЭВ ШИНЖҮҮД 

Популистууд эрх мэдэлтэй болохын тулд уран яруу илтгэлийг удаа дараа тавьдаг. Тэд ард түмний талд зогсоод тэмцэнэ гэж өөрсдийгөө тодорхойлно. Популистуудын юу хэлэх бус хэрхэн хэлж байгаа нь ач холбогдолтой.

Юта муж улсын “Brigham Young” их сургуулийн профессор Кирк Хаукинс хэлэхдээ “Популист улстөрчид энгийн нэг илтгэл тавьдаггүй. Тэд маш өргөн хүрээний уран яруу илтгэлийг дахин дахин тавьсаар л байдаг. Та ард түмний амьдралын сайн сайхны тухай дэвэргэн ярьж буй удирдагчийг харах болно. Энэ бол популизм” гэжээ. 

Жишээ нь:

  • “Дээрэнгүй элитүүдээс Францын ард түмнийг чөлөөлөх цаг боллоо” Марин Ле Пен
  • "Ард иргэд улс орныхоо удирдлагыг буцаан авахыг хүсэж байна. Тэд гэр бүл болоод өөрсдийн амьдралын хяналтыг буцаан авахыг хүсэж байна” Доналд Трамп
  • "Европын элитүүд уналтад орсон. Харин энэхүү уналтын илэрхийлэл нь Европын Хороо” Виктор Орбан

Популизмын онцлог нь, ажил хэрэг болохгүй байгаа асуудлыг өлгөн авч дэвэргэдэг. Аливаа зүйлийг байнга буруутгах нь тэдний арга хэрэгсэл. Популистууд хялбар шийдэл ярьж улс төр хийдэг. Харин эрх мэдэлд хүрснийхээ дараа амласнаа хэрэгжүүлж чадахгүй нэр хүнд нь унадаг байна.

ХЭН ПОПУЛИСТ УЛСТӨРЧДӨД САНАЛ ӨГДӨГ ВЭ?

Ардчилалд урам хугарсан, хувийн амьдралдаа сэтгэл хангалуун бус хүмүүс популизмыг дэмжигчидтэй салшгүй холбоотой. “Guardian” мэдээний агентлагт улс төрийн эрдэмтдийн боловсруулсан популизмын талаарх асуултад уншигчид доорх байдлаар хариулжээ.

“Та хэр популист хүн бэ” гэх “Guardian” мэдээний агентлагийн асуулгад хариулж өөрийн үзэл суртлаа ЭНД дарж тодорхойлоорой. /Жич: Англи хэл дээр/

ПОПУЛИЗМЫН БАЛГААР УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ НҮҮРЛЭСЭН УЛС ОРНУУДЫН ЖИШЭЭ

Латин Америкийн орнуудын хувьд популизм гэдэг нийтлэг зүйл. 

1900 оны үед Аргентин улс дэлхийн хамгийн баян улсуудын тоонд багтаж байв. Харин 1990-ээд оноос бэлэнчлэх хүсэлтэй ард түмний хүчийг нь ашиглан улс төрд гарсан популистуудын балгаар хэд хэдэн удаа дефольт болж байсан. Аргентин улс бэлэн амлалт өгдөг популист улстөрчдөөрөө дэлхийд алдартай. Авлига хээл хахууль, улс төрийн үймээн самуунтай тул баян ядуугийн ялгаа ихтэй.

Аргентинд 1999-2002 оны хооронд таван ерөнхийлөгч солигдож байв.

Аргентинд 1999-2002 оны хооронд таван ерөнхийлөгч солигдож байв. Нийгэмд эмх замбараагүй байдал үүсч хулгай, дээрэм газар авсан юм.

Халамжийн бодлогыг баримталсаар дархлаагүй болсон улсаа сэргээхийн төлөө одоогийн ерөнхийлөгч Маурисио Макри нь зоригтой шинэчлэлүүдийг хийж эхлээд байна. Тэрбээр, зөвхөн улс төр, эдийн засгийн бус соёлын хувьсгал хийж байгаа юм.

Мөн популизмд толгойгоо мэдүүлэн улс төр болоод эдийн засгийн хямрал туйлдаа хүрсэн орнуудын хамгийн тод жишээ бол Венесуел.

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө тус улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болж байгааг өнгөрсөн сард зарласан. Тэрбээр, Николас Мадурог түрэмгийлэгч хэмээн нэрлээд, түүний социалист дэглэмийг нурааж, шилжилтийн засгийн газрыг байгуулна гэдгээ амлан гарч ирсэн.

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог ОХУ, Хятад тэргүүтэй улсууд, харин өөрийгөө түр ерөнхийлөгчөөр зарлаад буй Хуан Гуайдог АНУ тэргүүтэй барууны улс орнууд дэмжиж байна.

Улс төрийн үймээн самуун өрнөж байх зуур Венесуэлийн инфляцийн түвшин 2.7 сая орчим хувьд хүрсэн.

Улс төрийн үймээн самуун өрнөж байх зуур Венесуэлийн инфляцийн түвшин 2.7 сая орчим хувьд хүрсэн тухай тус улсын Үндэсний ассамблейн мэдээллээ. Сүүлийн таван жилийн хугацаанд гурван сая хүн Венесуэлийг орхисон бол дүрвэгсдийн тоо энэ оны эцэст таван саяд хүрэх төлөвтэй байна.

Энэ бүхэн Уго Чавесаас эхлэлтэй. Тэрбээр, 1998 онд төрийн эрхэнд гарсныхаа дараа иргэддээ хүч чадал, баялаг өгнө гэдгээ амлан попорч эхэлсэн.

Уго Чавес эдийн засгийн гол салбаруудыг нийгэмчилж, Төв банкны бие даасан байдлыг үгүй хийсэн. Гаднын хөрөнгө оруулалттай компаниудыг хөөж гарган дотоодын олон зуун хувийн хэвшлийг нийгэмчилсэн. Ингэснээр гадаад валютын хомсдолд орж, олон улсын зах зээлд түншлэгчгүй болж ганцаардсан. 

Эцэст нь нэг популист удирдагчийн дарангуйлал тогтож ардчилал нь устан үгүй болсон. Дарангуйлал тогтсон улс орнуудын түүхийг харвал хүний эрхийг дээдэлдэггүй, ерөнхийдөө либерал бус удирдагч сонгох нь яваандаа авторитар дэглэм рүү шилжих алхам болж байна. 

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600180
0 эможи

keyboard_arrow_up