7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 13, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хуулийн салбар тоглоом биш гэдгийг улстөрчид хэзээ ойлгох юм бэ

админ
2019 оны 1 сарын 31

legal зурган илэрцүүд

Улс төрийн бужигнаантай зэрэгцэн хуулийн салбарт том лобби явчихлаа. Энэ бол Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өмгөөллийн тухай хуулийн төсөл юм. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн нь салбарынхны эгдүүцлийг ихэд хүргэж байгаа сурагтай. Анхнаасаа хуульчдын саналыг огт тусгаагүй энэ төсөл Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, 100 хувийн саналаар дэмжигдчихэв.

Ер нь манай УИХ-ын гишүүд өөрсдөдөө юмуу, нэг нэгэндээ зориулж хууль баталдаг болоод удаж байгаа. Эрх ашгаараа нэгдсэн эрхмүүд хүссэн хуулиа нүд ирмэхийн зуур баталж, өөрсдийн зорилгоо биелүүлдэг гэдгийг сая М.Энхболдыг огцруулснаар нотолсон. Харин ард түмний төлөө, тэдний эрх ашгийг хамгаалсан хууль батлахдаа тун ч хойрго л доо. Батлахгүй гэсэн хуулиа бүрэн эрхийнхээ хугацааг дуустал нь хав дарчихдаг талтай. Тэгсэн атлаа сандал ширээ, хууль эрх мэдлийг гартаа авах гэсэн худрагагүй явдлаа гүйцэлдүүлэхдээ гаргууд. Үүний тод жишээ бол Өмгөөллийн тухай хуулийн шинэчилсэн найруулга юм.

Өмгөөллийн тухай 2002 оны хуулийг хүчингүй болгож, өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн байдал зохицуулалтгүй болсон гэж зарим нэг хүн дуугардаг. Тиймээс энэ хуулийн зохицуулалтыг сайжруулах, боловсронгуй болгох зайлшгүй шаардлага тулгарсан гэх нь бий. Үүн шиг худлаа юм байхгүй. 

Өнөөдөр хуульчийн эрх зүйн байдал, эрх, үүрэгтэй холбоотой харилцаа, хуульчийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу Хуульчдын холбооны талаар Эрх зүйн байдлын тухай хуулиар  зохицуулагдаж ирсэн. Үүнийг нь салбарынхан бүгд мэднэ. Хууль хэрэгжиж эхэлснээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны стандартыг өндөрсгөж, үүнийг зөрчсөн хуульчид хариуцлага зайлшгүй хүлээлгэх тогтолцооны суурь тавигдсан талаар салбарынхан нь ам сайтай байдаг. Тэгээд ч Засгийн газрын оруулж ирсэн төсөл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 80-аад хувийг нь хуулчихсан байгаа юм. Жижүүрийн засвар төдий өөрчлөлтүүд оруулчихаад шинэчилсэн найруулга гэж нэрлэхийн учир юу вэ. Заавал том төсөл болгон боловсруулж, хөрөнгө мөнгө зарцуулж байхаар одоогийн хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийх маягаар зохицуулах боломж уг байлтай.

Өмгөөллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг санаачилсны гол зорилго нь Хуульчдын холбоог татан буулгахад чиглэж байгаа гэхэд хилсдэхгүй байх. Тодруулбал, хуульч, өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм батлах, түүнийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг чиг үүргийг Хуульчдын холбооноос Өмгөөлөгчдийн холбоонд шилжүүлэх гэж байна. Мөн хуульчийн шалгалт авах чиг үүргийг ч Хуульчдын холбооноос хасахаар санаархжээ.

Үнэн хэрэгтээ, Өмгөөлөгчдийн холбоог байгуулахаар далд санаа агуулж буй  Өмгөөллийн хууль өнөөдөр манай нийгэмд ямар ч хэрэгцээ шаардлага байхгүй. Яагаад гэвэл өмгөөлөгчийн хараат бус байдал, баталгаа алдагдана. Монгол Улсын хэмжээнд 2500 өмгөөлөгч байдаг. Гэтэл  тэднээс энэ хуулийн ач холбогдол, ашиг тусыг нь асуулгүйгээр шууд хүч түрэн оруулж ирж байгаа нь өмгөөлөгчдийн татвар хураамжид шунасан хэн нэгний явцуу ашиг сонирхол юм. Өмгөөллийн тухай хуулийн төслийн талаас илүү хувьд нь Өмгөөлөгчдийн холбооны шинэ бүтэц бий болгохоор байгаа аж. Хуульчдын холбоотой зэрэгцүүлэн ийм давхардсан бүтэц бий болсноор өмгөөлөгчдийн эрх зүйн байдал дээрдэнэ гэж үү. Харин ч бүр эдийн засгийн хувьд өмгөөлөгчид хоёр дахин их зардал төлөхөөр байгаа юм. Одоогийн Хуульчдын холбоо 37 ажилтантай, жилд 300 гаруй сая төгрөг зарцуулдаг гэнэ. Тэгэхээр дахиад ийм хэмжээний санхүүжилт шаардсан бүтэц бий болгох шаардлагатай юу гэдэг асуулт эндээс ургана. Өмгөөлөгчид сар бүр хоёр газар 20, 20 мянгын татвар төлөх хэрэгтэй болох нь. Ингэснээр одоогийн байдал дээрдэх нь юу  л бол. Зарим нь татвараа хоёр хуваачихъя гэж байна. Татвараа хоёр хуваалаа ч захиргааны зардал нь хоёр дахин өснө. Хоёр талд захиргааны зардалд жилд ойролцоогоор 600 сая төгрөг зарцуулахын зэрэгцээ тус тусдаа байрны түрээс, урсгал зардал төлөх болно. Ер нь бол 5500-хан гишүүнтэй Хуульчдын холбоог хоёр хуваах гээд байна. Ингэвэл хүч тарамдаж Хуульчдын холбоонд буй одоогийн чиг үүргүүд бүрэн хэрэгжиж чадахгүй. Эдийн засаг хүнд байгаа үед ийм дэмий зардал гаргахын оронд Хуульчдын холбоогоо бэхжүүлэх, хуульчдаа хөгжүүлэхэд анхаарч яагаад болохгүй гэж.

Хэрэв Өмгөөллийн тухай хуулийг баталвал хуулийн давхардсан асуудал үүсэхээс гадна шинэ, залуу өмгөөлөгчдийн зах зээлийг хаах эрсдэлтэй. Шинээр гарч ирсэн өмгөөлөгчдийг “Та туршлагагүй байна, туршлагатай болчихоод өмгөөлөгчийн эрхээ ав” гэх нь байна шүү дээ. Хуульчийн шалгалтаа өгчихсөн хүмүүст ийм маягаар өмгөөлөгчийн эрхийг нь нээж өгөхгүй байхыг үгүйсгэхгүй. Бодит байдал дээр эрх зүйн байдал сайжирна гэж харагдахгүй байгаа.   

Хуульчдын холбоо байгуулагдснаар салбартаа олон дэвшлийг авчирсан гэдэгтэй өмгөөлөгчид, хуульчид санал нэг байдаг. Жишээлбэл, хуульч болох хүмүүсийг анхнаас бэлтгэх, дадлагажуулах, хэрхэн шалгаруулж авах зэргийг энэ холбоо хариуцдаг.  Тиймдээ ч сүүлийн гурван удаагийн хуульчийн шалгалтыг амжилттай зохион байгуулсан байдаг. Статистикаас харахад, 2016 онд анх удаа бие даан хуульчийн шалгалтыг зохион байгуулж, тус шалгалтад нийт 1325 эрх зүйч хамрагдсанаас 154 нь тэнцэж хуульчийн зөвшөөрлөө авчээ. Дараа жил нь уг шалгалтад 1083 эрх зүйч хамрагдсанаас 229 нь шалгалтад тэнцэж хуульчийн тангаргаа өргөсөн байна. Харин өнгөрсөн 2018 оны хуульчийн шалгалтад 1143 эрх зүйч хамрагдаж 240 эрх зүйч хуульч болох шаардлагыг хангажээ. Энд нэг зүйлийг онцлоход, Хуульчдын холбоогоор магадлан итгэмжлэгдээгүй сургуулийг төгссөн хүн хуульчийн шалгалтад орох эрхгүй гэсэн хуультай. Олон жилийн судалгааны үр дүнд тулгуурлан боловсруулсан Хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлага болон Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх журмыг Хуульчдын холбооны зөвлөл 2017 онд баталсан байна. Ингэснээр хууль зүйн сургуулиуд илүү сайжрах, шинэчлэгдэх суурь тавигдсан юм. Нэгэнт хуульч болчихсон хүмүүсийг мэргэжлийн өндөр төвшинд, хариуцлагатай ажиллах нөхцөлийг бий болгох чиг үүргийнхээ хүрээнд Хуульчдын холбоо давтан сургалтыг байнга явуулдаг. Бас шүүх эрх мэдлийн хараат бус, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой бүрэн эрхийг тус холбоо хэрэгжүүлдэг. Тухайлбал, Хуульчдын холбоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэг гишүүнд нэр дэвшүүлдэг. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах, хуульчдаас шүүгчдийг шилж олох чиг үүрэгтэй. Тэгэхээр бүх хуульчдын төлөөлөл Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд орно гэдэг бол уг зөвлөл дурдсан зорилгоороо ажиллахад тустай. Бас хуульчдын сайн дурын оролцоонд тулгуурлаж, төлбөрийн чадваргүй иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж, боловсронгуй болгох ажил хийдэг.

Энэ мэтчилэн Хуульчдын холбооны үйл ажиллагаа нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдэг байна. Энэ бол дэлхийн жишиг юм. Гэтэл хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах байгууллага буюу Хуульчдын холбоог бэхжүүлж чадахгүй бол хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх эрх, хууль дээдлэх зарчим хэрэгжиж чадахгүй байх нөхцөлийг Өмгөөллийн хуулиар бий болгох гэж байгаа нь харамсалтай. Энэ тал дээр ч өмгөөлөгч, хуульчид дуу хоолойгоо нэгтгэж, байр сууриа илэрхийлж эхэлсэн байна лээ. Тэд “Олон хэлбэрийн холбоод байх нь хуульчдийн хүч саринах аюултай.  Өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тодорхойлохын зэрэгцээ Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн бүлэг заалт болгон зохицуулах нь илүү зохимжтой, илүү хүчтэй гэж үзэж байна” гэв.

Тиймээс л өмгөөлөгч, хуульчдын хүсэл сонирхолыг үл тоон Өмгөөллийн хуулийг зүтгүүлж буй нь хэний эрх ашгийг хамгаалах гэж байна вэ. Хүн бүр өмгөөлүүлэх эрхтэй. Гэтэл энэ хуулийг шинэчилж байгаа нэрийдлээр өөх ч биш, булчирхай ч биш болгох нь чухам хэнд ашигтай юм бэ. Хуулийн салбар тоглоом биш гэдгийг улстөрчид хэзээ ойлгох юм бэ.

Эх сурвалж: 24tsag.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599886
0 эможи

keyboard_arrow_up