COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улс төр гэр бүл салалтын буруутан, хэтрүүлэг биш

2018 оны 12 сарын 10

УЛС ОРОН ХЯМАРСАН ЖИЛҮҮДЭД ГЭРЛЭЛТЭЭ ЦУЦЛУУЛАХ ХҮМҮҮСИЙН ТОО ЭРС НЭМЭГДДЭГ

Чи би, манай танайдаа тултлаа улстөржсөний бараан сүүдэр монгол гэр бүлийн бат бөх байдалд үлэмж нөлөөлөх болов. Өмнө нь гэр бүл салалтыг зөвхөн хосууд хоорондын таарамжгүй харилцаа, хууран мэхлэлт, гэр бүл төлөвлөлт муу, хүчирхийллээс үүдэлтэй гэж боддог байв.

Гэтэл сүүлийн үед энэ байдал өөрчлөгдөж, төрийн эрхэнд байгаа нөхдийн унхиагүй байдал, харалган шийдвэр, тулга тойрсон хэрүүл гэр бүл салалтад шууд болон шууд бусаар нөлөөлж, өнчирч үлдэх бяцхан үрсийн тоог нэмэгдүүлжээ. 

Статистикаас харвал жил ирэх тусам салж сарниж буй гэр бүлийн тоо нэмэгдсээр байна.

2001 онд 650 хос гэрлэлтээ цуцлуулсан бол үүнээс гурван жилийн дараа дээрх тоо мянгын босгыг давж, 2009 онд хоёр мянгаар хэмжигдэх болжээ. 2016 онд 4003 гэр бүл хоёр тийш болсон бол өнгөрсөн жил 3945 хос гэрлэлтээ цуцлуулсан юм.

Он оны статистикийг харвал улс орон хямарсан, ард олны амьдрал хэцүүдсэн жил болон түүний дараах онд гэрлэлтээ цуцлуулах хүмүүсийн тоо эрс нэмэгддэг байна. 

Энэ нийгмийн уг үндэс болсон гэр бүл яагаад ийм хэврэг болов, өдөр бүр арав гаруй хос гэрлэлтээ цуцлуулж буйн үндсэн шалтгаан юу вэ.

Мэдээж хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол, хэрүүл маргаан, хэт эрт гэрлэсэн, үүргээ гүйцэд ухамсарлаагүй, архидалт, гэр бүлээс гадуурх харилцаа, хүчирхийлэл, дарамт шахалт гээд олон шалтаг, шалтгаан нэрлэж болно. Гэхдээ дээр дурдсан бүхний уг үндэс нь юу юм бол гээд хайгаад үзвэл сонирхолтой, бас харамсалтай дүр зураг гарч ирж байна. 

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвөөс хийсэн судалгаагаар салсан хосуудын 47.3 хувь нь санхүүгийн бэрхшээлийн улмаас хоёр тийш болсон гэжээ.

Энэ бол нүцгэн тоо биш. Харин хосууд өөрийн гэсэн орох оронгүй, тодорхой ажилгүй, өрхийн орлого тогтвортой биш, өр зээлд баригдсан гээд өнөөгийн нийгэмд тулгардаг нийтлэг бэрхшээл гэр бүл бат бөх байх үндсийг алдагдуулжээ гэж дүгнэхэд болно.

Сүүлдээ улс төрийн үзэл баримтлал таараагүйгээс гэр бүлээ цуцлуулах нь нэмэгдлээ. Ялангуяа орон нутаг, алслагдмал суурингуудад. Ийнхүү гэр бүл салалт нийгмийн үзэгдэл болтлоо хавтгайрсны буруутан хэтийдсэн улстөржилт, түүнийг гардан гүйцэтгэгсэд, дагаж намирагсад. хэтрүүлэг биш. 

Үнэндээ бидэнд МАН-ын бүлгийн даргаар хэн томилогдох, хэн нь хэнийгээ огцруулах нь тийм ч чухал биш. Албан тушаал тойрсон хэрүүл, бүлэглэл хоорондын тэмцэл тэдэнд өөрсдөд нь л хамаатай байх. Харин ард бидэнд тогтвортой хөгжил, тогтвортой бодлого, амьдрах таатай орчин л хэрэгтэй.

Гэвч төрийн толгойд сандайлсан энэ хэдэн нөхдөд ард олны зутруу амьдрал, хосуудын хэврэг харилцаа, өнчирч хоцорсон хүүхдүүдийн асуудал хамаагүй аятай, ёстой л орондоо орох завгүй хэмлэлдэн уралцаж сууна. Энэ хооронд монголчуудын ирээдүйдээ итгэх итгэл алдагдаж, амьдрал үгүйрэн доройтож, гэр бүлийн нандин харилцаа өдрөөс өдөрт тасарсаар байна.

• Гэр бүл салалт нийгмийн үзэгдэл болтлоо хавтгайрсны буруутан хэтийдсэн улстөржилт, түүнийг гардан гүйцэтгэгсэд, дагаж намирагсад.
• Уг нь ард бидэнд тогтвортой хөгжил, тогтвортой бодлого, амьдрах таатай орчин л хэрэгтэй. 
• Ямар ч улсын хөгжлийн бодлого гэр бүлийн сайн сайханд чиглэдэг.

Уг нь ямар ч улсын хөгжлийн бодлого гэр бүлийн сайн сайханд чиглэдэг. Гэтэл манай улсад байдал өдрөөс өдөрт дордсоор байгаа нь бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид гэр бүлийн бодлогыг үл тоож, ард иргэдээ хөсөр хаясны илрэл.

“Улстөрчид гэр бүлийн бодлогын талаар ерөөсөө анхаарахгүй байгаа нь асуудлыг улам хүндрүүлж байна. Манай улсын хүн ам, гэр бүлийн тоо жил ирэх тусам нэмэгдээд байдаг. Гэтэл үүнд чиглэсэн бодлого, шийдвэр огт алга. Уг нь аль ч нам засгийн эрхийг барьсан Монгол эх орон, монгол гэр бүлийн төлөө үзэл бодлоо нэгтгэх ёстой юм. Гэр бүлийн асуудалд намчирхах хандлага хэзээ ч байж болохгүй.

Барууны хөгжилтэй орнуудад гэр бүл яагаад аз жаргалтай байна вэ. Учир нь улс төрийн бүх нам гэр бүл сайн сайхан байх ёстой гэдэгт санал нэгддэг юм. Түүнээс бидэн шиг намчирхдаггүй. Яахав хэрэгжүүлэх арга зам нь өөр байж болно. Гэхдээ харилцан тохиролцож гаргасан бодлогоо ерөөсөө өөрчилдөггүй юм. Харамсалтай нь Монголын улстөрчид ийм байж чадсангүй” хэмээн гэр бүл судлаач, доктор Т.Намжил хэлсэн нь эрх баригчдад нэгийг бодуулах биз. 

Дахиад хэдэн тоон мэдээлэл сонирхуулъя. Дээр өгүүлсэн судалгаанд дурдсанаар өдгөө Монголд өрх толгойлсон 97.5 мянган иргэн байна. Тэдний 78.9 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд салсан хосуудын 97 хувь нь хүүхэдтэй. Мөн тэдний 42 хувь нь хоёроос дээш хүүхэдтэй байгаа аж.

Нэг ёсондоо гэр бүлүүд салахын хэрээр өрх толгойлсон иргэд, хагас өнчин хүүхдүүдийн арми өргөжин тэлсээр байна. Хоёул нийлж амьдралаа авч явахад ч хүнд болсон өнөөгийн нийгэмд ганц биеэрээ амьдралыг туулах гэж зүтгэж яваа 100 мянган хүн байна гэдэг юутай эмгэнэлтэй.

Түүнчлэн тэдний ард үлдэж хоцорсон, эцэг, эхийн аль нэгний хайр халамжаас гээгдсэн хүүхдүүд ирээдүйд ямар хүн болж төлөвших бол.

Юун хүн амаа өсгөх бодлого, юун хөгжил. Өөрсдийнхөө өнөө маргаашийг бодсон, сандал суудлын төлөөх улстөржилт чинь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна. 

“Хосууд эдийн засгийн шалтгаанаар тусдаа амьдрах нь салалтад хүргэх бас нэг хүчин зүйл. Тусдаа амьдарч буй хосууд маргалдах, гэр бүлийн хүчирхийлэл, дарамтад өртөх, харилцаа нь хөндийрч салах магадлал хэвийн хосуудынхаас хоёр дахин өндөр байдаг” хэмээн Нийгмийн бодлогын судалгааны хүрээлэнгийн судлаач С.Түмэндэлгэр хэлсэн юм.

Яаж ч бодсон гэр бүлд элдэв асуудал бага байх тусам үл ойлголцол бага гарч, хоорондын харилцаа эерэг болно. Энд хувийн үл ойлголцол, таарамжгүй харилцаанаас үүдсэн салалтыг огт яриагүй. Мэдээж ялих шалихгүй шалтгаанаар салдаг гэр бүл байдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө.

Харин эдийн засгийн гачигдлаас үүдэлтэй хэрүүл маргаан улам даамжирч, бүр хүндрэх шатандаа орсон нь жилд 400 хос салж буй баримтаас бэлхнээ харагдана. Улстөрчид ард олноо амар тайван амьдруулах үндсэн үүргээ хангалтгүй гэхэд дэндүү хангалтгүй биелүүлж буйг бид өдөр ирэх бүр “таньж мэдсээр” байна. 

“Одоо нийгмийн шат шатанд, ялангуяа хөдөө орон нутагт улстөржилт хэрээс хэтэрсэн. Энэ нь нийгмийн, гэр бүлийн байдалд сөргөөр нөлөөлж байна. “Энэ, тэр намын хүн” гэж харьцах нь улам гаарлаа. Миний бодлоор ойрын ирээдүйд монгол гэр бүлийн нөхцөл байдал төдийлэн сайжрахгүй.

Яагаад гэвэл нийгмийн орчинд сөрөг харилцаа ноёрхож байгаа учраас энэ нь хүний оюун санаанд нөлөөлөөд байна. Үүнийг арилгахад хамгийн багадаа 3-5 жил шаарддаг. Тэгэхээр өнөөгийн сөрөг үр дагаврууд 2020-иод оноос хойш нийгэмд илүү мэдрэгдэх болно” хэмээн Т.Намжил гуай сануулсныг анхаарахгүй өнгөрч боломгүй.

Бид улстөрчдийн хэрүүлийг өдөр бүр харж, хоёр талд хуваагдан хоорондоо хэрэлдээд байдаг. Гэтэл үүний цаана муу муухай бүхэн цэцэглэн соёолж, ирээдүйг маань харлуулсаар байгаа нь дэндүү харамсалтай.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
598009
3 эможи

ИРГЭН
2018-12-11 15:15
ГЭР БҮЛ САЛАЛТЫН БУРУУТАН НЬ МАНАН.МОНГОЛЧУУДЫГ ЯДУУ АЖИЛГҮЙ БАЙЛГАХ НЬ МАНАН-ГИЙН ГОЛ ТАКТИК.ТИЙМЭЭС ЗАДУУ ГЭР БҮЛҮҮД МАНАН-ГИЙН МАНАН-Д ЖИВЖ ГУТРАЛД ОРЖ АРХИ УУЖ СЭТГЭЛЭЭ ЗАСДАГ БОЛЖ УЛМААР ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛЦГООЖ БАЙГАА ЮМ ДАА.ХАРААЛ ИДСЭН МАНАН-Г НЭН ДАРИУ УСТГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.АРД ТҮМЭН ТЭМЦЭЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХ НЬ ЭХ ОРНОО ЦЭВЭРЛЭХ ГАНЦ ЗАМ.
keyboard_arrow_up