COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хойд Солонгосоос зугтаасан генералын хүү

2018 оны 11 сарын 20

Arslan.mn

Одоогоос жилийн өмнө Хойд Солонгосын цэрэг хоёр улсын хилийн өндөр хамгаалалттай бүсээр дамжин Сөүл рүү оргосон юм. Тухайн үед Хойд Солонгосын харуулууд оргосон цэргийн араас хөөж явахдаа  хоёр улсын 1953 онд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж, хилийн шугам давсныг НҮБ-ын цэргийн командлалаас мэдэгдэж олон улсад шуугиан тарьсан билээ. Тэгвэл хил давсан цэрэг Хойд Солонгосын цэргийн хошууч-генерал цолтой хүний хүү болохыг мэдэгдлээ. Японы “Sankei Shimbun” сонинд мэдээлснээр цэргийг У Чон Сон гэдэг ба өдгөө 25 настай. Японы тагнуулын албаныхан У Чон Соныг Хойд Солонгосын цэргийн хошууч-генерал цолтой хүний хүү болохыг олж мэджээ.

Тэрбээр сонинд өгсөн ярилцлагадаа “Хойд Солонгост өөрийнх нь насны залууст удирдагчдаа тэгтлээ үнэнч байхаа больсон. Ард түмнээ тэжээж чадахгүй, үе дамжсан улс төрийн системд хэн үнэнч байх юм” хэмээн ярьжээ. Мөн Хойд Солонгост байхдаа хүн амины хэрэг үйлдээд Сөүл рүү оргосон гэх мэдээллийг тэрбээр үгүйсгэсэн байна. У Чон Сон анхнаасаа эх орноосоо урваж, оргох зорилгогүй байсан аж. Тухайн өдөр найзуудтайгаа зарим шалтгааны улмаас маргаж, архи уусан байжээ. Ингээд харуулын байр руугаа автомашинтай буцаж явахдаа хилийн хяналтын цэгийг дайран гарснаар буцах замгүй болсон аж. Тэрбээр буцаж очвол цаазаар авхуулах тул нүдээ тас аниад тэр чигээрээ хурдлан давхижээ. Гэхдээ одоо тэрбээр оргосондоо харамсахгүй байна гэж ярьжээ. Түүнийг эмчилж байсан эмч И Кук Жоны мэдээлснээр оргодол цэрэг хэдийн Сөүлд байр сууриа олсон гэнэ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд ажилд орж, автомашин худалдаж авсан төдийгүй Хойд Солонгосын аялгаа өөрчилж амжжээ.

Ярилцлагад дурдсанаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн жил Хойд Солонгосыг газрын хөрснөөс арчина хэмээн мэдэгдэж байх үед “хэзээ мөдгүй дайн дэгдэж магадгүй нь” гэж бодож байсан аж. Гэтэл өдгөө Солонгосын хойгийн нөхцөл байдал 360 градус өөрчлөгдөөд буй. Мөн тэрбээр өөрийг нь зугтаж явахад араас нь буудсан нөхдөө уучилж, ойлгож буйгаа ярьсан байна. Хэрэв тэд тэр өдөр У Чон Сон руу гал нээгээгүй бол өөрсдөө хүнд шийтгэл хүлээх байсан гэнэ. Тэрбээр цээж болон хөлдөө олон сумны шархтай эмнэлэгт хүргэгдсэн юм. Эмч нар цэргийг хоёр удаа хагалгаанд оруулан зургаан сумыг авчээ. Түүний хагалгаа, эмчилгээний зардал 60 мянган ам.доллар орчим болсныг Өмнөд Солонгосын засгийн газар төлсөн байна.

Эмч нарын мэдэгдсэнээр түүний биед олон тооны шимэгч байсан нь эрүүл мэндийг нь доройтуулж байжээ. Өмнөд Солонгосын эмч И Кук Жон 20 жил ажиллахдаа анх удаа ийм олон шимэгч харлаа. Бид түүний биеэс гарган авсан хамгийн урт шимэгч 27 см байсан хэмээн мэдэгдэж байв. Хүмүүс бохирдсон хоол хүнс хэрэглэх, шавж хорхойд хатгуулснаас шимэгчээр халдварладаг аж. Хойд Солонгосын цэргийн хувьд ихэвчлэн өт хэлбэрийн хорхойгоор өвчилснөөс харвал бохирдсон хоол хүнсээр халдвар авсан байх өндөр магадлалтай гэнэ. Хойд Солонгост хүний өтгөнийг бордоо болгон ашиглах нь түгээмэл аж. Энэ нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнийг дутуу цэвэрлэж, гүйцэт болголгүй хэрэглэвэл шимэгчээр өвчлөх эрсдэлтэй. Хойд Солонгос нь ядуу орны тоонд багтдаг ч нэг хүнд ноогдох орлогын хэмжээгээр Бангладеш эсвэл Африкийн олон оронтой харьцуулахад иргэд нь илүү эрүүл байх боломжтой талаар Сөүлийн Кукмин Их сургуулийн профессор Андрей Ланков ярьжээ. Гэвч Хойд Солонгосын эрх баригчид зэвсэглэлд байдгаа зарцуулсаар ирсэн тул ард түмэн нь ядуурал, өлсгөлөнд нэрвэгдээд байв.

Энэ бол Хойд Солонгосоос урвасан олон зуун иргэн, цэргийн ганц жишээ билээ. Өнгөрсөн онд Хойд Солонгосоос нийт 15 хүн Өмнөд Солонгост дүрвэж ирсний дөрөв нь цэргийн алба хаагч байгаа юм.

Эх сурвалж: news.mn Б.Анхтуяа 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597309
1 эможи

keyboard_arrow_up